МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-01-26
Дугаар 11
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн С.Энхтөр, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхмэнд, сахилгын хэргийн оролцогч ... шүүхийн шүүгч Д.Д нарыг оролцуулан Шүүхийн сахилгын хорооны хуралдааны танхимд хийв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг илтгэгч гишүүн Г.Цагаанцоожийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хорооны гишүүн Г.Цагаанцоож 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа:
1.Б.Б Шүүхийн ёс зүйн хороонд 2020.02.13-ны өдөр гаргасан өргөдөлдөө: “...2019.12.05-ны өдөр баривчлагдан, үргэлжлүүлээд цагдан хоригдож байгаа, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг нэг ч удаа танилцуулаагүй, цаг хугацаанд нь танилцуулаагүй учраас гомдол гаргах эрхийг хязгаарласан, гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр хэлэлцээгүй нь ...хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн” гэжээ.
2.Шүүгч Д.Д хариу тайлбартаа “...2020.02.27-ны өдөр прокурорын саналыг үндэслэн хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагч Б.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж, энэ тухайг холбогдох этгээдэд мэдэгдэхийг эрх бүхий этгээдэд даалгасан, мөрдөгч цагдан хорих байрны захиргаанд хүргүүлдэг тул хүний эрхийг зөрчсөн үйлдэл гаргаагүй” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ... шүүхийн шүүгчийн 2020.02.27-ны өдрийн ... дугаар захирамжаар яллагдагч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 1 сарын хугацаагаар сунгаж, энэ талаар ахлах мөрдөгчид даалгаж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2.-т “хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгана гэж заасан ба шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 1 сараар сунгахдаа “...яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан гэсэн прокурорын санал үндэслэлтэй” гэсэн дүгнэлтийг захирамжид дурджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 10.1.-т яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргаснаас хойш 2 цагийн дотор яллагдагчийг цагдан хорьсон талаар түүний гэр бүлийн арван найман насанд хүрсэн гишүүн, эсхүл өмгөөлөгчид мэдэгдэхээр заасан ба захирамжийн 3, 4 дэх заалтад яллагдагч Б.Б-г цагдан хорьсон талаар түүний гэр бүл арван найман насанд хүрсэн гишүүн эсхүл өмгөөлөгчид мэдэгдэхийг мөрдөгчид даалгасан, мөн гомдол гаргах эрхийг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгч яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгасан нь сахилгын зөрчилд хамаарахгүй бөгөөд Сахилгын хороо шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянах, дүгнэлт өгөх эрхгүй болно.
Монгол Улсын шүүхийн тухай хууль дагаж мөрдөхөөс өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2012/ 32 дугаар зүйлийн 32.2, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан ба энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ” гэжээ.
Нэр бүхий шүүгч нь дээрх ёс зүйн дүрмийн ямар заалтыг, эсхүл хуульд тусгайлан ёс зүйн зөрчил байхаар заасан ямар зөрчил гаргасан талаар өргөдөлд дурдаагүй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т зааснаар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах ба Б.Б-гийн өргөдлийн үндэслэл хуулийн 50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан зөрчлийн алинд ч хамаарахгүй байх тул үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Б нь 2020 оны 02 дугаарын 13-ны өдөр Шүүхийн ёс зүйн хороонд / хуучнаар / гомдол гаргасныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн 2021 оны 12 сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад ... шүүхийн шүүгч Д.Д-д сахилгын хэрэг үүсгэж шийдвэрлэжээ.
Сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулаад 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүгч Д.Д-д үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргасан байна.
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 10.1.-т яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргаснаас хойш 2 цагийн дотор яллагдагчийг цагдан хорьсон талаар түүний гэр бүлийн арван найман насанд хүрсэн гишүүн, эсхүл өмгөөлөгчид мэдэгдэхээр заасан ба захирамжийн 3, 4 дэх заалтад яллагдагч Б.Б-г цагдан хорьсон талаар түүний гэр бүл арван найман насанд хүрсэн гишүүн эсхүл өмгөөлөгчид мэдэгдэхийг мөрдөгчид даалгасан, Шүүгч яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгасан нь сахилгын зөрчилд хамаарахгүй бөгөөд Сахилгын хороо шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянах, дүгнэлт өгөх эрхгүй болно” гэсэн нь үндэслэлтэй болжээ..
Сахилгын хэргийн оролцогч Д.Д ... дүүргийн сахилгын хэргийн оролцогчийн Сахилгын хорооны хуралдаанд гаргасан тайлбар болон Шүүхийн сахилгын хороонд 2022 оны 01 дүгэр сарын 11-ний өдөр гаргасан тайлбар, бусад холбогдох материалд шинжлэн судлахад ... шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ... дүгээр захирамжаар яллагдагч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 1 сарын хугацаагаар сунгаж, энэ талаар хуульд заасны дагуу мэдэгдэхийг ахлах мөрдөгчид даалгаж, мөн гомдол гаргах эрхийг дурдаж шийдвэрлэсэн нь сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. /сахилгын хэргийн 7-9 дэх тал/
... шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Цагдан хорих цаслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” ... дүгээр захирамжийн тодорхойлох хэсэгт хяналтын прокурор Х.Е яллагдагч Б.Б-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлүүдээр цагдан хорих хугацааг сунгуулах санал гаргасныг үндэслэлтэй гэж үзэж шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сарын хугацаагаар сунгасан байна.
Шүүх тухайн захирамжийг хэрэгт холбогдсон этгээдэд хүргүүлэх үүргийг хуулиар хүлээлгээгүй байна.
Иймд ... шүүхийн шүүгч Д.Д-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны гишүүн Г.Цагаанцоожоос гаргасныг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, шүүгч Д.Д-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8-д зааснаар 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
С.ЭНХТӨР