МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-02-10
Дугаар 47
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Б.Сугар, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал, сахилгын хэргийн оролцогч ... шүүхийн шүүгч Д.Э-т нарыг оролцуулан Шүүхийн сахилгын хорооны хуралдааны танхимд хийв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг илтгэгч гишүүн Г.Цагаанцоожийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн Б.Ү- Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан өргөдөлдөө: “...нэхэмжлэлийг анх 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан, шүүгч Дэ.Э уг хэргийг 2 жилийн дараа анхлан шийдсэн, ...удаа дараагийн үндэслэлтэй хүсэлтүүдийг хангахгүй орхисон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан... уг хэрэг дахин Дэ.Э шүүгчид хуваарилагдсан ...тул шалган тогтоож, арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.
Шүүгч Д.Э хариу тайлбартаа: “...С.А, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ү-гийн нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас нийтдээ 25 удаа хүсэлт гаргасныг тухай бүрд нь шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшилж байсан. Улмаар хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр эцэслэн шийдвэрлэсэн, нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасны дагуу ... шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд давж заалдах, хяналтын шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан тохиолдолд шийдвэр гаргасан шүүгчид системээс гараар хуваарилахаар заасан, энэ журмын дагуу уг хэрэг надад хуваарилагдсан. Ингээд тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 00195 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. Нэхэмжлэгч хяналтын гомдол гаргасан тул хэргийг УДШ-д хүргүүлсэн” гэжээ.
Илтгэгч гишүүн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “Монгол Улсын шүүхийн тухай /2012/ хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгчийг болон бүрэлдэхүүнээр шийдвэрлэх хэрэгт оролцох шүүгчийг томилох, дарааллыг тогтоох асуудал нь тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний бүрэн эрхэд хамаарч байна. ... шүүхийн шүүгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн зөвлөгөөнөөр баталсан “Шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч болон шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэх хэрэгт оролцох шүүгчийг томилох дарааллыг тогтоох, шүүхэд нэхэмжлэл, гомдол, хүсэлт, хэрэг хүлээн авах, шүүгчид хуваарилах журам”-ын 5.2.1-т “давж заалдах, хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан тохиолдолд хэргийг урьд нь шийдвэр гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн даргалагчид системээс гараар хуваарилах”-аар зохицуулжээ.
Б.Ү-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг дээрх журмын дагуу шүүгч Дэ.Э-т дахин хуваарилагдсан байх тул энэ нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй.
Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “...шүүх нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн байна. ..газар эзэмшигчийн лавлагааг ... дүүргийн газрын албанаас гаргуулах хүсэлт гаргасан, шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзсан...хүсэлт хангагдаагүй тохиолдолд газрыг өвлөгдөх хөрөнгө мөн эсэх талаар дүгнэх боломжгүй. ...нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч тодорхойлно гэснийг нэхэмжлэгч тодорхойлно гэснийг нэхэмжлэгч зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй” гэсэн үндэслэлийг магадлалд дурджээ. /шүүхийн шийдвэрийн цахим сан/
Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй гэж заасан.
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага туршлагатай холбоотой алдаа бөгөөд ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхгүй” гэж дүгнэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Б.Ү 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан гомдол гаргасныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн ... тоот албан бичгээр тус гомдлыг Шүүхийн ёс зүйн хороонд шилжүүлжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчил гаргасан талаар гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Өргөдөл /гомдол/ гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Шүүгч тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ”, мөн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасан байна.
Монгол Улсын шүүхийн тухай /2012/ хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгчийг болон бүрэлдэхүүнээр шийдвэрлэх хэрэгт оролцох шүүгчийг томилох, дарааллыг тогтоох асуудал нь тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний бүрэн эрхэд хамаарна” гэж заасны дагуу ... шүүхийн шүүгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн зөвлөгөөнөөр баталсан “Шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч болон шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэх хэрэгт оролцох шүүгчийг томилох дарааллыг тогтоох, шүүхэд нэхэмжлэл, гомдол, хүсэлт, хэрэг хүлээн авах, шүүгчид хуваарилах журам”-ын 5.2.1-т “давж заалдах, хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан тохиолдолд хэргийг урьд нь шийдвэр гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн даргалагчид системээс гараар хуваарилна /хавтаст хэргийн 27 дахь/ гэж зохицуулсан байна.
Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан, мөн хэргийг урьд нь анхан шатны шатны журмаар шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн даргалагчид буцаасан нь шүүгчийн ёс зүйн зөрчилд хамаарахгүй гэж дүгнэсэн Сахилгын хорооны гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал үндэслэлтэй байна гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, шүүгч Д.Э-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8-д зааснаар 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Б.СУГАР