info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-02-08

Дугаар 36

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг Сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Б.Сугар, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан Шүүхийн сахилгын хорооны хуралдааны танхимд хийж, ...шүүгч Б.У, Г.А, Д.Ц, Х.Э, Г.Ц нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг илтгэгч гишүүн Ц.Давхарбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр 2022 оны 01 дүгээр сарын сарын 27-ны өдрийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “Гомдлыг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Шүүхийн ёс зүйн хороонд /хуучнаар/ ирүүлсэн байх ба 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаар 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэхээр байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ 32 дугаар зүйлийн 32.2-т “Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр” заасан ба Монгол улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ” гэж заасан.

Өргөдөлд, ... шүүгч Б.У, Г.А, Д.Ц, Х.Э, Г.Ц нар нь хэргийг шийдвэрлэхдээ талуудын хүсэл зориг, хэргийн нөхцөл байдлыг үл харгалзан, өөрөө асуулт асууж, түүндээ өөрөө хариулт өгөх байдлаар илт нэг талд ажилласан, гомдолдоо дурдаагүй, мэтгэлцээгүй асуудлыг өөрөө сайн дураараа дэвшүүлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн хэдий ч нотлох баримт дээр үнэлэлт, дүгнэлт өгөх замаар хэргийг шийдвэрлэсэн, шүүх эрх мэдлийг шударгаар хэрэгжүүлээгүй, хараат бус, төвийг сахисан байр сууринаас, хэргийн оролцогчдод эрх тэгш хандах зарчим баримтлах, бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3, 3.2, 3.3-т заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэжээ.

1/ Өмгөөлөгч Н.Ц нь Шүүхийн ёс зүйн хороонд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нэмэлт тайлбар өгөхдөө, шүүх хуралдааны бичлэгийн 25.16 минутаас 27:30 дахь минутад тэмдэглэгдсэн хэсгийг тэмдэглэлд буулган ирүүлснийг, шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгийн тухайн хэсэгтэй харьцуулан тэмдэглэлд буулгаж харьцуулахад агуулга ижил байна.

Тус шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Л.О-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцсэн байх ба уг гомдолд: “...Хуучин дүрэмд ерөнхий менежерийн орон тоо болон хийх ажлын чиг үүрэг тусгагдсан тул нэхэмжлэгч урьд эрхэлж байсан ерөнхий менежерийн ажилдаа эгүүлэн томилогдох бүрэн үндэслэлтэй бөгөөд шинэ дүрмийг хүлээн зөвшөөрөхгүй байх бүрэн үндэслэлтэй юм...анхан шатны шүүхийн 2017 оны ... ... тоот захирамж гарсан өдөр ... ажилд эгүүлэн орохыг мэдэгдсэн мэдэгдлээ зөрчин ...урьд эрхэлж байсан албан тушаал ... тохирохгүй хөдөлмөрийн гэрээ байгуулах хууль бус санал, хууль бус тушаал тавьсан нь баримтаар тогтоогдсоныг шүүх хуульд заасны дагуу үнэлээгүй, буруу үнэлж, буруу хуулийг хэрэглэн шийдвэр гаргасан...” гэжээ. 

Иймд дээрх ...2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны явцад шүүх бүрэлдэхүүн, шүүгч нар нь нэхэмжлэгч, хариуцагч нараас ямар албан тушаалд ажиллуулна гэж эгүүлэн авахаар тохирч эвлэрснийг асуусан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу шүүх хуралдааны даргалагч болон шүүгч нь хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол, хэргийн талаар асууж тодруулах эрхтэй, үүний хүрээнд асуулт асуусан шүүгчийг хууль зөрчсөн, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхгүй.

2/ Гомдолд, ... шүүгч нар нь хяналтын шатны гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг дүгнээгүй, харин нотлох баримт дээр үнэлэлт, дүгнэлт өгөх замаар хэргийг шийдвэрлэсэн гэжээ.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д, “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус, бусад аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно” гэж заасны дагуу шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд үнэлэлт дүгнэлт өгсөн хууль хэрэглээг ёс зүйн зөрчил гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасан тул Шүүхийн сахилгын хороо нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шийдвэрлэсэн хэргийн үндэслэлд үнэлэлт дүгнэлт өгөх, шийдвэрийн үндэслэлтэй холбоотойгоор шүүгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж хариуцлага тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.

Тиймээс гомдолд дурдсан шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон хууль хэрэглээтэй холбоотой үйл ажиллагаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй...” гэж илтгэгч гишүүн дүгнэжээ.

... шүүгч Б.У, Г.А, Д.Ц, Х.Э, Г.Ц нар нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр Шүүхийн сахилгын хороонд гаргасан хариу тайлбартаа: “... Н.Ц нь гомдолдоо ... шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ... шийдвэр, ... шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2227 магадлал, ... 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ... тогтоолтой, Л.О-ийн нэхэмжлэлтэй М ХХК-д холбогдох нийт 139 713 214 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийн талаар бичсэн байна.

 ...2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ... тогтоолоос үзвэл Л.О нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 45 000 000 төгрөг, 2017 оны ээлжийн амралтын олговорт 1 556 552 төгрөг, ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 42 000 000 төгрөг, борлуулалтын урамшуулал 44 156 662 төгрөг, ажлын гүйцэтгэлийн урамшуулал 7 000 000 төгрөг, нийт 139 713 214 төгрөгийг М ХХК-с шаарджээ.

Анхан шатны шүүх М ХХК-с ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 408 032 төгрөг, ээлжийн амралтын олговорт 1 251 321 төгрөг, нийт 8 659 353 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж хэвээр үлдээсэн байна.

... шүүх шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, ажилтан 9 сар ажилгүй байсан хугацааны олговор 45 000 000 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж Л.О-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

... шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ... шийдвэр, ...  шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ... магадлалтай хэргийг хянасан үндэслэлийг ...2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ... тогтоолд тодорхой заасан байна.

Гомдолд “... шүүгчид хараат бусаар ажиллах үүргээ биелүүлээгүй, ...гадны нөлөөнд автаж хэргийг шийдвэрлэсэн...” гэх зэргээр заасан нь үндэслэлгүй болно”  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өмгөөлөгч Н.Ц ...нэр бүхий шүүгч нарт холбогдуулан 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гомдол гаргасныг Шүүхийн ёс зүйн хороо хүлээн аваад Шүүхийн ёс зүйн хорооны гишүүний 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 164 дүгээр захирамжаар даалгасны дагуу гомдлыг шүүгч нарт гардуулсан байх бөгөөд шүүгч нар 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хариу тайлбар ирүүлсэн байна.

Шүүхийн ёс зүйн хорооны гомдол шийдвэрлэх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хийж, 219 дүгээр тогтоолоор “...өмгөөлөгч Н.Ц-оос шинээр гаргаж өгсөн баримтыг шүүх хуралдааны тэмдэглэл, референт И.Буманбаярын шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгт хийсэн тэмдэглэлтэй харьцуулан дэлгэрэнгүй тэмдэглэл хөтлөх шаардлагатай гэж үзээд хуралдааныг хойшлуулж шийдвэрлэснийг Шүүхийн сахилгын хороо  2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан,  2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өргөдөл, мэдээлэл, гишүүдэд хуваарилагдсанаар Сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр хүлээн авч хянаад “өмнөх ажиллагаа явуулж байсан Шүүхийн ёс зүйн хорооны 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 219 дүгээр тогтоолоор нэмэлт ажиллагаа хийхээр тогтоосон байх тул ...шүүгч Б.У, Г.А, Д.Ц, Х.Э, Г.Ц нарт  холбогдуулж, сахилгын хэрэг үүсгэх нь зүйтэй гэж үзээд Сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 43 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэж шийдвэрлэжээ.

Сахилгын хэрэг үүсгэн, гомдолд дурдсан үйл баримтыг шалгах ажиллагаа явуулж, ... 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгт тэмдэглэл хийж, хэрэгт цугласан бусад баримтуудтай харьцуулж үзээд нэр дурдсан шүүгч нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан байна.

 Өмгөөлөгч Н.Ц нь Шүүхийн ёс зүйн хороонд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нэмэлт тайлбар өгөхдөө, шүүх хуралдааны бичлэгийн 25.16 минутаас 27:30 дахь минутад тэмдэглэгдсэн хэсгийг тэмдэглэлд буулган ирүүлснийг, шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгийн тухайн хэсэгтэй харьцуулан тэмдэглэлд буулгаж харьцуулахад агуулга ижил байгаа талаар илтгэгч холбогдох нотлох баримтаар тогтоогдсон байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Л.О-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “...Хуучин дүрэмд ерөнхий менежерийн орон тоо болон хийх ажлын чиг үүрэг тусгагдсан тул нэхэмжлэгч урьд эрхэлж байсан ерөнхий менежерийн ажилдаа эгүүлэн томилогдох бүрэн үндэслэлтэй бөгөөд шинэ дүрмийг хүлээн зөвшөөрөхгүй байх бүрэн үндэслэлтэй юм...анхан шатны шүүхийн 2017 оны ... ... тоот захирамж гарсан өдөр ... ажилд эгүүлэн орохыг мэдэгдсэн мэдэгдлээ зөрчин ...урьд эрхэлж байсан албан тушаал ... тохирохгүй хөдөлмөрийн гэрээ байгуулах хууль бус санал, хууль бус тушаал тавьсан нь баримтаар тогтоогдсоныг шүүх хуульд заасны дагуу үнэлээгүй, буруу үнэлж, буруу хуулийг хэрэглэн шийдвэр гаргасан...” гэжээ. 

Иймд дээрх ...2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны явцад шүүх бүрэлдэхүүн, шүүгч нар нь нэхэмжлэгч, хариуцагч нараас ямар албан тушаалд ажиллуулна гэж эгүүлэн авахаар тохирч эвлэрснийг асуусан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу шүүх хуралдааны даргалагч болон шүүгч нь хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол, хэргийн талаар асууж тодруулах эрхтэй, үүний хүрээнд асуулт асуусан шүүгчийг хууль зөрчсөн, ёс зүйн зөрчил  гэж үзэхгүй гэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.

Илтгэгч гишүүн Ц.Давхарбаярын сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал нь өмгөөлөгч Н.Ц-ын гомдол болон Шүүхийн ёс зүйн хорооны 2019 оны тогтоолд  дурдсан нөхцөл байдлуудыг тодруулсан, хэргийн оролцогчдын тайлбар болон нотлох баримтуудыг сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх хуульд заасан шаардлагыг хангасан байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч нэр бүхий шүүгч нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

            Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан бол Шүүхийн ёс зүй хороо, Захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааныг Сахилгын хороонд шилжүүлнэ” гэж заасан тул  2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэж, харин сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө.

Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан, хуучин Шүүхийн ёс зүйн хороонд ирсэн өргөдөл, мэдээлэл 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сахилгын хорооны зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу сугалаагаар гишүүдэд хуваарилагдсан тул мөн өдрөөс хугацааг тооцож сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ...шүүгч Б.У, Г.А, Д.Ц, Х.Э, Г.Ц нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8-д зааснаар 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                        ДАРГАЛАГЧ                                                            Х.ХАШБААТАР

                                 ГИШҮҮД                                                                 Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                                                  Б.СУГАР