info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-03-10

Дугаар 110

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                   

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн О.Номуулин, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяаг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 705 тоот танхимд нээлттэй хийв.

Тус хуралдаанаар өмгөөлөгч Д.Г-ын өргөдлөөр, ... шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч Ж.Б, Ц.А нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг, гишүүн Д.Ариунтуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Илтгэгч гишүүн Д.Ариунтуяа Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа:

Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяа би, ... шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч Ж.Б, Ц.А нарт холбогдох сахилгын холбогдох сахилгын хэргийг хянаад

Нэг.Гомдол гаргагч:

Үндэслэл: Эрүүгийн "...” тоот хэргийн шүүгдэгч С.Б-т холбогдох хэргийн шүүх хурал 2020 оны 6 сарын 25-ны өдрийн 9 цагт товлогдсонд хохирогчийн өмгөөлөгч Д.Г миний бие, насанд хүрээгүй хохирогч Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч ...аймгийн Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Төвийн ажилтан Б бид нар оролцож, шүүх хурал хуульд заасны дагуу эхэлж явагдаж байсан. Уг шүүх хуралдааныг даргалсан шүүгч Д.А, шүүгч Ж.Б, шүүгч Ц.А нарын бүрэлдэхүүн нь хуульд захирагдах шударга ёсны зарчим болон шүүгчийн ёс зүйг санаатай зөрчиж, шүүхийн бие даасан хараат бус байх, хэний ч нөлөөнд автахгүй байх гэсэн үндсэн зарчмыг зөрчсөн хэмээн дараах гомдлыг гаргаж байна.

Хэргийн онцлог:

1.Насанд хүрээгүй хүүхэд Б.Б- нь ...аймагт өөрийн бие муутай эмээгийн хамт амьдарч байхад нь түүний ээжийнх нь төрсөн дүү нагац ах С.Б нь бие муутай босож чадахгүй эмээгийнхээ өвөрт хэвтэж байхад нь, үеэл дүү нарынхаа хамт шөнө унтаж байхад нь нийт 3 удаа ууж согтуурсан үедээ 2017 оны 12 сараас 2018 оны 4 сар хүртэлх хугацаанд хүчирхийлсэн байдаг. Уг хууль бус үйлдлийн улмаас Б.Б нь жирэмсэлж, 2018 оны 12-р сарын 22-нд хүү Е-ыг 15 нас 5 сартайдаа төрүүлсэн. Одоо хүүхэд нь эрүүл саруул өсөж бойжиж байгаа. Хохирогч Б.Б нь уг хэргийн улмаас ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангиас хичээлээ хаяж, одоо ажил сургуульгүй нэгэн болсон.

2.Хохирогчийн ээж Б- нь ... хотод СӨХ-д орцын жижүүр хийдэг, бага цалинтай, 1,2x3 метрийг харьцах шатны доодох хонгилд амьдардаг, боловсрол багатай, ядарсан нэгэн өрх толгойлсон 5 хүүхэдтэй бүсгүй.

3.Хэрэг болсон энэ нөхцөл байдалд хохирогч Б-гийн, шүүгдэгч С.Б-ын ээж, ах дүүс нь төрсөн ах дүүс тул зөвхөн Б-ын эрүүгийн хариуцлагыг ямар ч хамаагүй хууль бус аргаар хөнгөрүүлж, ял шийтгэлгүй авч үлдэх ганц зорилготой. Үүнийхээ төлөө насанд хүрээгүй хохирогч Б.Б-г мэдүүлгээсээ буцах, өөр хэн нэгнээс хүүхэдтэй болсон гэж хэлүүлэхийн тулд ах дүүсээрээ нийлж, айлган сүрдүүлж, занал хийнэ, ятгах зэрэг хууль бус үйлдэл явуулж байгаа нь нэгэнт ил болсон. Энэ бүгдийн цаана шүүгдэгчийн өмгөөлөгч Б.О голлох үүрэгтэй оролцож, хохирогчийг аль болохоор өмгөөлөгч авхуулахгүй байх талаар ах дүүсээр нь дамжуулж, байнга ятгуулж шахаж шаардах болсон.

Гомдлын үндэслэл:

Хохирогчийн өмгөөлөгч миний бие ээж С.Б-ын хүсэлтээр хохирогчийн өмгөөлөгчөөр ажиллахаар болж, Эрдэнэтэд очиход өмгөөлөгч О нь хэргийг хэрэгсэхгүй болгох тал дээр хамтарч ажиллах санал тавьсныг өмгөөлөгч миний бие хүлээж аваагүй. Ингэснээр маргааш нь хуралдах байсан хуралдаан шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр, хурал давхацсан гэсэн шалтгаанаар хойшилж, 2020 оны 6-р сарын 25-ны 9 цагт товлогдсон. Ингээд өмгөөлөгч миний бие 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр сонгуулиа өгчхөөд орой вагонд насанд хүрээгүй хохирогч Б.Б-тай хамт сууж, ... өглөө 07 цагт очин, 9 цагт шүүх хуралдаан эхлүүлсэн.

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч С.Б нь мэдүүлэгтээ “Би энэ хэргийг огт хийгээгүй, намайг гүтгэж байна, хүүхдийн эцэг нь өөр хоёр хүний аль нэг нь байгаа, би мэднэ” гэж хавтаст хэрэгт хэн ч огт мэдүүлээгүй зүйл ярьсан. Үүнээс болж хохирогч нь айж хямарч, таагүй байдалд хүрсэн тул өмгөөлөгчийн хувьд тайвшруулж, улмаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн “С.Б нь хохирогчийг хүчиндээгүй, зүгээр л харилцан тохирч бэлгийн ажилд орсон байна” гэсэн утгатай зүйл ярьсныг нь хууль зүйн үүднээс тайлбарлаж, үйлчлүүлэгчдээ бичгээр ойлгуулж байх явцад гэнэт өмгөөлөгч Д.О нь маш ууртайгаар босож ирэн хүүхдэд үг зааж өглөө хэмээн өмгөөлөгч над руу дайрч, улмаар миний бичиж байсан бичгийг булааж авсан. Энэ үед нь шүүх бүрэлдэхүүнд шүүх хуралдааны дэг зөрчсөн, шүүгдэгчийн өмгөөлөгчид хуульд заасны дагуу арга хэмжээ авах тухай хүсэлт гаргахад эсрэгээр хохирогчийн өмгөөлөгч намайг буруутган, намайг чимээгүй байхыг шаардаж, миний бичиж хохирогчтой харьцаж байсан баримтыг хураан авч, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хангалттай үндэслэл байсаар байтал хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай шүүхийн тогтоол гаргасан.

Шүүх бүрэлдэхүүний энэ үйлдэл нь:

 1.Яллах дүгнэлт, хавтаст хэрэгт огт авагдаагүй, өмгөөлөгч миний өмгөөллийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой, үйлчлүүлэгчтэй харьцаж байсан баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож хууль зөрчсөн.

2.Шүүгдэгчийн өмгөөлөгчийн илт хууль бус ёс зүйгүй үйлдлийг хуулиар олгогдсон эрхийнх нь дагуу таслан зогсоохын оронд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан өмгөөлөгч намайг буруутган, талууд эрх тэгш үндсэн дээр мэтгэлцэх зарчмыг алдагдуулж, ...аймагт олон жил өмгөөлөгч хийсэн хуулийн байгууллагуудын дунд нэр хүнд бүхий ...Аймгийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Д.О-ийн нөлөөнд автаж хууль зөрчсөн.

3.Шүүх нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд захирагдах, шударга ёсны зарчим, хүнийг энэрэнгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх, эрх тэгш байх зэрэг гол гол зарчмуудыг санаатайгаар зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан хэмээн үзэж, хохирогчийн өмгөөлөгч би гомдол гаргаж байна.

Иймд хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч миний гомдлыг хууль ёсны дагуу шалган, зөрчил гаргасан шүүгч нарт хуульд заасан арга хэмжээ авч, шийдвэрлэж өгнө үү гэжээ

Хоёр. Ерөнхий шүүгч Д.А, шүүгч Ц.А, Ж.Б нарын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гаргасан тайлбарууд нь тусдаа боловч утга ижил тайлбарыг  Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлжээ. Тайлбарт:

“......аймгийн прокурорын газраас эрүүгийн ... дугаартай хэргийн яллагдагч С.Б-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай 14 настай Б.Б-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн 2017 оны 12 сараас 2018 оны 8 сарын хооронд 3 удаа хүчиндэж жирэмсэн болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг шүүх 2020 оны 06 сарын 25-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүнд томилогдон орсон бөгөөд шүүх бүрэлдэхүүн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж прокурорт буцаасан байна.

Өмгөөлөгч С.Г нь гаргасан гомдолдоо “шүүх бүрэлдэхүүн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байхад шүүгдэгчийн өмгөөлөгчийн нөлөөнд автаж хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцаасан” гэж үзсэн байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ “хохирогч Б.Б-г манай хамаатан болох н.Г, н.М нар хүчиндэхийг би сонсож байсан” гэж мэдүүлсэн. Насанд хүрээгүй хохирогч Б.Б мэдүүлэхдээ "манай хамаатны Г М нар намайг хүчиндээгүй, хүүхдийн эцэг Б.Б мөн” гэж мэдүүлсэн боловч шүүх хуралдааны явцад хохирогчийн өмгөөлөгч, насанд хүрээгүй хохирогч нарын бичгээр харилцсан баримтад С /Г/ гэгч нь хохирогчийг хүчиндсэн эсэхийг асуухад “1 удаа” гэж хариулт бичсэн байсан. Эцэг тогтоолгох ДНХ-ийн шинжээчийн дүгнэлтэд эцэг байх магадлал 99.9 хувь, эсхүл эцэг байх магадлал “??” хувь байх тул эцэг байх боломжгүй гэж тодорхой тогтоогддог байхад хавтаст хэрэгт авагдсан дүгнэлтэд тодорхой хувь тогтоогоогүй “боломжтой” гэсэн ерөнхий байдлаар дүгнэсэн байна.

Дээрх баримтуудыг дүгнэж үзвэл хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, насанд хүрээгүй хохирогч Б.Б-г эцэг эх нь байхгүй, хараа хяналтгүй, анхаарал халамж тавих хүнгүй байдлыг далимдуулж түүний хамаатны залуучууд болох Б.Б-, н.Г, н.М нар бэлгийн харьцаанд орж байсан байж болзошгүй үндэслэл тогтоогдсон тул хэргийн бодит байдлыг тогтоох, насанд хүрээгүй хохирогчоос төрсөн хүүхдийн эцэг хэн болохыг тогтоолгохоор хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзсэн болно.

Б.Б-т холбогдох хэргийг шийдвэрлэхэд шүүгч, шүүх бүрэлдэхүүн аливаа байдлаар бусдын нөлөөнд автаж, бусдыг ялгаварлан гадуурхсан байдал гаргаагүй бөгөөд хэргийн бодит байдал, насанд хүрээгүй хохирогчид учирсан хохирол, хор уршгийг бүрэн тогтоож, хохирогчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан болно.

 Шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О нь “хохирогчийн өмгөөлөгч С.Г нь насанд хүрээгүй хохирогчид хэлэх үгийг нь бичгээр зааж өгөөд байна" гэж тэдний харилцаж байсан цаасыг булаан авч хэрэгт хавсаргуулахыг хүссэн.   Шүүх хуралдаан даргалагчаас өмгөөлөгч нарыг тайван байж, хуралдааны дэг сахихыг анхааруулаад уг цаасыг хэрэгт хавсаргасан болно.”гэжээ.

Гурав. Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шүүгч нарын тайлбар, хэргийн оролцогч шүүгч Д.А, Ц.А нараас авсан тайлбар, шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийн хуулбар, ... шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШТ/37 дугаар тогтоолын хуулбар, шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар, “хохирогчийн өмгөөлөгч С.Г-ын  насанд хүрээгүй хохирогчид хэлэх үгийг нь бичгээр зааж өгөөд байна" гэж хэрэгт хавсаргасан тэдний харилцаж байсан цаасны хуулбар зэрэг баримтууд цугларсан болно.

Дөрөв. 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болж, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27, 28, 29 30 дугаар зүйлд шүүгчийн хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр заажээ.

... шүүхийн Ерөнхий шүүгч Д.А нь ... шүүхийн 2020 оны 06 сарын 25-ны өдрийн 09 цагт  ...аймгийн прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт  хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч С.Б-т холбогдох хэргийн шүүх хуралдааныг даргалан шүүгч Ц.А, Ж.Б- нарын бүрэлдэхүүнтэй хийжээ.

Гомдол гаргагч өмгөөлөгч Д.Г нь  гаргасан гомдолд: “...1-рт яллах дүгнэлт, хавтаст хэрэгт огт авагдаагүй, өмгөөлөгч миний өмгөөллийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой, үйлчлүүлэгчтэй харьцаж байсан баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож хууль зөрчсөн.

2-рт шүүгдэгчийн өмгөөлөгчийн илт хууль бус ёс зүйгүй үйлдлийг хуулиар олгогдсон эрхийнх нь дагуу таслан зогсоохын оронд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан өмгөөлөгч намайг буруутган, талууд эрх тэгш үндсэн дээр мэтгэлцэх зарчмыг алдагдуулж, ...аймагт олон жил өмгөөлөгч хийсэн хуулийн байгууллагуудын дунд нэр хүнд бүхий ...Аймгийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Д.О-ийн нөлөөнд автаж хууль зөрчсөн.

3-рт шүүх нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд захирагдах, шударга ёсны зарчим, хүнийг энэрэнгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх, эрх тэгш байх зэрэг гол гол зарчмуудыг санаатайгаар зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан” гэсэн агуулгатай байна.

Гомдол гаргагч Д.Г-ын яллах дүгнэлт, хавтаст хэрэгт огт авагдаагүй, үйлчлүүлэгчтэй харьцаж байсан баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож хууль зөрчсөн гэх өргөдлийн тухайд шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн тогтоол гаргахдаа ямар баримтыг үндэслэх нь шүүгчийн хараат бус, бүрэн эрхэд хамаарна гэж үзлээ.

Мөн түүнчлэн хэргийн оролцогч талуудыг  ялгаварлан гадуурхсан, бусдын нөлөөнд автаж, тэгш бус хандаж зарчим алдагдуулсан талаарх гомдол тогтоогдоогүй.

Харин сахилгын хэрэгт цугларсан баримтуудыг хянан үзэхэд уг шүүх хуралдааны даргалагч Ерөнхий шүүгч Д.А нь шүүх хуралдааны дэг, журмыг сахиулах үүргээ хангалттай гүйцэтгээгүй /энэ үйл явц нь шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийн 1-р хэсгийн 47.00 минутаас 48.05 минут хүртэлх хугацаанд үргэлжилсэн байгаа болно/, шүүх хуралдааны тэмдэглэлд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоод буй өмгөөлөгч Д.Г-аас авсан бичгийн талаар огт дурдаагүй, тэмдэглэлийг хянаагүй байх тул  Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-ийн “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэснийг, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 15.9 дүгээр зүйлийн 1-ийн “Шүүгч нь хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд оролцогчоос хянан шийдвэрлэх ажиллагааны хэм хэмжээ, шүүх хуралдааны дэг, журмыг сахихыг шаардана.” гэснийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2-ийн “Шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хэлэлцэж байгаа хэргийн дугаар, шүүгдэгчийн биеийн байцаалт, шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана.” гэснийг тус тус зөрчсөн нь шүүгчийн тайлбар болон цугларсан баримтуудаар нотлогдож байна.

Шүүгч Ц.А, Ж.Б нар нь бүрэлдэхүүний шүүгчийн хувьд шүүх хуралдааны дэг сахих холбогдох дүрмийн заалтыг хэрэгжүүлээгүй болох нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-ийн “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэснийг, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 15.9 дүгээр зүйлийн 1-ийн “Шүүгч нь хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд оролцогчоос хянан шийдвэрлэх ажиллагааны хэм хэмжээ, шүүх хуралдааны дэг, журмыг сахихыг шаардана.” гэснийг тус тус зөрчсөн  болох нь холбогдох баримтуудаар тогтоогдож байна.

Гэхдээ нэр бүхий шүүгч нарын гаргасан зөрчил нь Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-ын “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.” гэж заасанд  хамаарч байх тул  Сахилгын хорооны гишүүний  2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаар захирамжаар ... шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч Ц.А, Ж.Б нарт үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзээд уг сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хорооны гишүүн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаар захирамжаар ... шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч Ж.Б, Ц.А нарт сахилгын хэрэг үүсгэж, шалгах ажиллагаа явуулан, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг бүрэлдэхүүн хянаад, саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

1. Шүүх хуралдааны даргалагч, Ерөнхий шүүгч Д.А нь шүүх хуралдааны дэг, журмыг сахиулах үүргээ хангалттай гүйцэтгээгүй /энэ үйл явц нь шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийн 1-р хэсгийн 47.00 минутаас 48.05 минут хүртэлх хугацаанд үргэлжилж байна/, шүүх хуралдааны тэмдэглэлд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоод буй өмгөөлөгч Д.Г-аас авсан бичгийн талаар огт дурдаагүй, тэмдэглэлийг хянаагүй байх тул  Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-ийн “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэснийг, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 15.9 дүгээр зүйлийн 1-ийн “Шүүгч нь хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд оролцогчоос хянан шийдвэрлэх ажиллагааны хэм хэмжээ, шүүх хуралдааны дэг, журмыг сахихыг шаардана.” гэснийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2-ийн “Шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хэлэлцэж байгаа хэргийн дугаар, шүүгдэгчийн биеийн байцаалт, шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана” гэснийг тус тус зөрчсөн нь шүүгчийн тайлбар болон цугларсан баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

2. Харин шүүгч Ц.А, Ж.Б нар нь бүрэлдэхүүн шүүгчийн хувьд шүүх хуралдааны дэг сахих холбогдох дүрмийн заалтыг хэрэгжүүлээгүй болох нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-ийн “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэснийг, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 15.9 дүгээр зүйлийн 1-ийн “Шүүгч нь хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд оролцогчоос хянан шийдвэрлэх ажиллагааны хэм хэмжээ, шүүх хуралдааны дэг, журмыг сахихыг шаардана.” гэснийг тус тус зөрчсөн  болох нь холбогдох баримтуудаар тогтоогдож байна гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 2-т “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны дэгийг сахиулах арга хэмжээ авч оролцогчид эрх, үүргийг нь тайлбарлана” гэж, мөн хуулийн 34.20 дугаар зүйлийн 5-д “Шүүх хуралдаанд оролцогч, шүүх хуралдааны танхимд байгаа бусад хүн шүүх хуралдаан даргалагчийн хуралдааны дэг сахиулах шийдвэрт захирагдана” гэж зааснаар шүүх хуралдааны дэг сахиулах эрх, үүрэг нь шүүх хуралдаан даргалагчид хамаарагдаж байх тул илтгэгч гишүүний бүрэлдэхүүнд оролцсон шүүгчдийг “шүүх хуралдааны дэг сахиулаагүй” гэсэн үндэслэлээр буруутгах нь хуульд нийцэхгүй.  

 Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шинжлэн судлахад гомдол гаргагчийн хэргийн оролцогч талуудыг  ялгаварлан гадуурхсан, бусдын нөлөөнд автаж, тэгш бус хандаж зарчим алдагдуулсан талаарх гомдол тогтоогдоогүй байна гэж үзсэн илтгэгч гишүүний дүгнэлт зөв байна.

3. Сахилгын хэрэгт, 33-36 тал, 47-49 дэх тал, 65-75 дах тал, 85-90 дэх талд нотлох баримтын шаардлага хангагдаагүй баримт авагдсан байх ба эдгээрийг сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал, мөн тогтоолд нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

4. Гомдолд дурдагдсан үйл баримт нь 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны үйл явцтай холбогдож байгаа нь  Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-ын “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасанд  хамаарч байна.

Сахилгын хорооны гишүүний  2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаар захирамжаар ... шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч Ц.А, Ж.Б нарт үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэг, 112.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяагийн ... шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч Ж.Б, Ц.А нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, хэргийг бүхэлд нь нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                              Ц.ДАВХАРБАЯР

 ГИШҮҮН                                                 О.НОМУУЛИН

                                                                                       Х.ХАШБААТАР