info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-02-11

Дугаар 54

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шийдвэрлэх тухай

 

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэнг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 705 тоот танхимд нээлттэй хийв.

Тус хуралдаанаар “Б” итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л-ийн өргөдлөөр, ... шүүхийн шүүгч З.Т-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг, гишүүн Д.Мягмарцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа:

Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Мягмарцэрэн би ... шүүхийн шүүгч З.Т-д холбогдох сахилгын хэргийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан.

“Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л өргөдөлдөө: Нийслэлийн ... шүүхийн шүүгч З.Т нь Ж.Э-ийн нэхэмжлэлтэй “Б” ХХК-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ ёс зүйн дараах зөрчлүүдийг гаргасан тул шалгуулахаар хандаж байна” гээд

1.“...Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлд компанийн хэлбэрийг тодорхойлсон. Хувьцаат компани /ХК/-ийн 270 ширхэг хувьцаа хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/-д хөрвөх эсэхтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт зориуд компанийн хэлбэрийг олон удаа ХК гэж бичих газар ХХК гэж бичин төөрөгдүүлж, хариуцагчийн бичгээр өгсөн тайлбарыг хураангуйлж бичихдээ өгүүлбэрийн утга, агуулгыг алдагдуулж, илтэд санаатай техникийн алдаанууд гаргаж хэн ч уншаад ойлгогдохооргүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дэх заалт, Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 4.1 дэх заалтыг тус тус зөрчсөн”,

2.“Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаан дээр бодит байдлаас зөрүүтэй, хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолгүй тайлбар хийхэд хариуцагчийн зүгээс няцаахаар хууль, холбогдох журмын заалтын хүрээнд тайлбар хийхэд “битгий хуулийн заалт, журам, дүрэм яриад бай” гэж хуулиар олгогдсон хариуцагчийн эрхийг боогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дэх заалт, Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.1 дэх заалтыг тус тус зөрчсөн”,

3.“Нэхэмжлэгчийн шаардлага гаргаж байгаа асуудлыг Санхүүгийн зохицуулах хороо Шүүхээс гадуур өмнө нь шийдвэрлэсэн, энэ талаар хариуцагчийн зүгээс бичгээр мөн шүүх хуралдаан дээр тайлбар гаргаад байхад түүнийг авч хэлцэлгүй иргэний маргаан болгох гэж хэрэг маргааныг шийдвэрлэлгүй 365 хоног сунжруулсан, нэхэмжлэгч 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэл нь хавтаст хэрэгт мөн хувь нь хариуцагчид байхад шүүхийн шийдвэрт 2021 оны 01 дүгээр 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан мэтээр санаатай гуйвуулж бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1, 71.2 дахь заалтыг зөрчсөн үйлдлээ хаацайлах оролдлого хийсэн”,

4.“2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4-т заасан хугацаанд гаргаж өгөөгүй тул 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бичгээр хүсэлт гаргахад мөн гаргаж өгөөгүй, олон удаа солигдсон туслахуудтай ярьж, уулзаж явсаар арай гэж 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14:16 цагт шийдвэрээ ав гэж шүүгчийн туслах утасдсаны дагуу явж очиход шийдвэр мөн гараагүй байсан. Шийдвэр шүүгч дээр байгаа, гарын үсэг зурагдаагүй, хэзээ гарахыг мэдэхгүй байна гэсэн хариу өгсөн тул Тамгын газрын хэлтсийн даргатай нь уулзаж, тухайн өдрийн оройн 19 цаг хүртэл хүлээж байж шийдвэрээ авсан. Ийм байдлаар бүтэн жилийн турш шүүхэд тайлбар гаргах гэж, шүүх хуралдаанд оролцох гэж, шийдвэр авах гэж цар тахлын эрсдэлтэй энэ цаг үед УБ-Налайхын хооронд маш олон удаа явуулж, чирэгдүүлсэн. Ийм байдлаар шүүхийн байгууллагад зохиомол ачаалал бий болгосон нь шүүхэд итгэх итгэлийг бүрэн алдагдуулсан ба нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргахын тулд хийсэн энэ үйлдлээрээ Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.1 болон 4.1 дэх заалтыг тус тус зөрчсөн” гэжээ.

   Өргөдөл гаргагч Р.Л-ийн гаргасан “...илтэд санаатай техникийн алдаанууд гаргаж хэн ч уншаад ойлгогдохооргүй болгосон...” гэсэн үндэслэлийн тухайд шүүгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг хуульд нийцээгүй буюу бичиг, техникийн алдаатай байвал давж заалдах шатны шүүхийн магадлалаар засагдах хуулийн зохицуулалттай.

“...Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаан дээр бодит байдлаас зөрүүтэй, хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолгүй тайлбар хийхэд хариуцагчийн зүгээс няцаахаар хууль, холбогдох журмын заалтын хүрээнд тайлбар хийхэд “битгий хуулийн заалт, журам, дүрэм яриад бай” гэж хуулиар олгогдсон хариуцагчийн эрхийг боогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан...” гэх үндэслэлийн тухайд тухайн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд “Б” ХХК-д Ж.Э нь 270 ширхэг хувьцаанд хувь эзэмших бүрэн эрхтэй тухай шүүх хурлыг материалд А.Ж нь 57-9236 ... ХХК буюу шинээр сольсон нэрээр ... ХХК үнэт цаасны компанид Ж.Э хамтран эзэмшигч болохыг тодруулсан албан бичиг гаргуулж нотлох баримтад хавсаргах”, “Б Д С Ү” ХК-ийг хамтран хариуцагчаар татах” хүсэлт тус тус гаргасан байх бөгөөд шүүгч тус өдрийн шүүх хуралдаанаар хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байна.

“...Нэхэмжлэгч 2020.10.06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэл нь хавтаст хэрэгт мөн хувь нь хариуцагчид байхад шүүхийн шийдвэрт 2021.01.27-ны өдөр нэхэмжлэл гаргасан мэтээр санаатай гуйвуулж бичсэн...” нь гэх үндэслэлийн хувьд хэрэгт авагдсан ... шүүхийн хэргийн хөдөлгөөний бүртгэлийн системийн А.Жгийн нэхэмжлэлтэй “Б” ХК, “Б Д С Ү” ХК-д холбогдох нэхэмжлэлийг хүлээн авсан баримтын хуулбарт 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 09:13:24 цагт нэхэмжлэлийг хүлээн авснаар бүртгэгдсэн байна. /хавтаст хэргийн 12 дугаар нүүрт/

   Мөн “...хэрэг маргааныг шийдвэрлэлгүй 365 хоног сунжруулсан...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1, 71.2 дахь заалтыг зөрчсөн үйлдлээ хаацайлах оролдлого хийсэн” гэх тухайд шүүгч тайлбар болон холбогдох нотлох баримтуудыг ирүүлсэн байна. 

Хэрэгт авагдсан баримтаас шүүгч З.Т нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар  зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэл нотлогдохгүй байх тул холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна.

Шүүгч З.Т Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбараас:

Тус шүүхийн ерөнхий шүүгч З.Т би нэхэмжлэгч А.Ж хариуцагч "Б" ХХК-д холбогдох "Б" ХК-ийн 270 ширхэг хувьцаа эзэмшигч Ж.Э болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн нь нэхэмжлэлийг хүлээн авсан шүүхийн дардас, тэмдгээр нотлогдох болно.

... Шүүх хуралдаан даргалагч нь шүүх хуралдааны танхимд хуралдааныг удирдах, дэг сахиулах эрх, үүрэгтэй.

Иймд зохигчдын мэтгэлцээнийг нэхэмжлэлийн хүрээнд чиглүүлэх, хуульд заасан эрхийг тайлбарлан өгч сонголт хийх боломжоор хангасан зэрэг үйл баримт шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдох болно.

... Шүүх 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 300 дугаар шүүхийн шийдвэрийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч "Б" ХХК-ийн төлөөлөгч Р.Лид гардуулсан нь үнэн.

Гэхдээ шүүгч шүүхийн шийдвэр гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 7 хоног хэтрүүлсэн.

Учир нь: тус шүүх нь иргэний хэргийн 2 туслах, 2 нарийн бичигтэй. 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэл хугацаанд шүүхийн туслах, нарийн бичгийн дарга нар Дэлхий нийтэд тархаад байгаа Со71с1-19 өвчнөөр өвчилсөн.

Иймд шүүгчийн туслах М.А, А.С, нарийн бичгийн дарга Б.Ц нар ажлаа хийх боломжгүй байсан.

Мөн шүүгч би туслах, нарийн бичиг нартай ойрын хавьтал болсон учир гэртээ тусгаарлаж, ажиглалтад байх болсноо шинжилгээний хариугаар нотолж байна.

Үүнээс гадна шүүгч би 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл мөн өвчнөөр өвдөж, эмнэлэгт эмчлүүлсэн, хуульд заасан ээлжийн амралтаа үргэлжлүүлэн эдэлсэн.

Уг нь энэ талаар "Б" ХХК-ийн төлөөлөгч Р.Л мэдэж байгаа ч гомдсон байна.

Хариуцагч "Б" ХХК-ийн гаргасан гомдлын дагуу шүүхийн шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хянаж байгаа.

Иймд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаж байгаа эсэхэд тайлбар өгөх, шүүхийн шийдвэрийг тайлбарлах боломжгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хорооны гишүүний ... шүүхийн шүүгч З.Т-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг бүрэлдэхүүн хянаад, илтгэгч гишүүний саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Өргөдөл гаргагч Р.Л-ийн “...илтэд санаатай техникийн алдаанууд гаргаж хэн ч уншаад ойлгогдохооргүй болгосон...” гэснийг анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг хуульд нийцээгүй буюу бичиг, техникийн алдаатай байвал давж заалдах шатны шүүхийн магадлалаар засагдах хуулийн зохицуулалттай гэж илтгэгч гишүүн дүгнэсэн нь үндэслэлтэй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлийг зохицуулсан ба шүүхийн шийдвэр дэх техникийн алдааг Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах гэж заасанд хамаарах ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлгүй байна.

Өргөдөлд “...Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаан дээр бодит байдлаас зөрүүтэй, хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолгүй тайлбар хийхэд хариуцагчийн зүгээс няцаахаар хууль, холбогдох журмын заалтын хүрээнд тайлбар хийхэд “битгий хуулийн заалт, журам, дүрэм яриад бай” гэж хуулиар олгогдсон хариуцагчийн эрхийг боогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан...” гэсэн байх ба анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар ямар нэг зүйл тусгагдаагүй, сахилгын хорооны хуралдаанд шүүгч нь “нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбарыг шүүх хуралдааны явцад яриулж сонссон, эрхийг нь хаасан зүйл байхгүй” гэж тайлбарласнаар үгүйсгэгдэнэ.  

“...Нэхэмжлэгч 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэл нь хавтаст хэрэгт мөн хувь нь хариуцагчид байхад шүүхийн шийдвэрт 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан мэтээр санаатай гуйвуулж бичсэн ...” гэх боловч сахилгын хэрэг дэх нэхэмжлэлийн хуулбар нь 2021 оны 01 дүгээр сарын 25 гэж огноолсон, мөн ... шүүхийн хэргийн хөдөлгөөний бүртгэлийн системийн хуулбарт, шүүгч З.Т-д хуваарилагдсан А.Ж-ийн “Б” ХК, “Б Д С Ү” ХК-д холбогдох гэж бичигдсэн нэхэмжлэлийг хүлээн авсан огноог 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 09:13:24 цаг гэж тэмдэглэгдсэн байгаагаар нотлогдохгүй байна.

Харин өргөдөлд, “... ... дүүргийн ...-р хороо, ... тоотод оршин суух Ж-ийн Э-ийн нэхэмжлэлтэй Б ХХК-д холбогдох...” гэж бичжээ. ... шүүхэд А.Ж-ийн нэхэмжлэлтэй “Б” ХХК, “Б Д С Ү” ХК-д холбогдох нэхэмжлэл ирснийг хүлээн авч, хэргийг  шүүгч З.Т шийдвэрлэсэн байгаагаар 2 өөр хэрэг мэт харагдах боловч өргөдөлд “шүүгч ...-ийн гаргасан зөрчлүүд  Ж-ийн Э-ийн нэхэмжлэлтэй Б ХХК-д холбогдох хэргийн материал, хэргийн хянан шийдвэрлэсэн Налайх дүүргийн шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн болон 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрээр нотлогдоно” гэснийг тулгаж үзвэл, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ... шүүхийн шүүгчийн ... дугаар захирамжаар А.Ж-ийн нэхэмжлэлтэй “Б” ХХК, “Б Д С Ү” ХК-д холбогдох шүүх хуралдааныг хойшлуулсан болох нь, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, мөн А.Ж-ийн нэхэмжлэлтэй “Б” ХХК, “Б Д С Ү” ХК-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн ... дугаар шийдвэр хэрэгт авагдсан байна. Эдгээр баримтад “Б” ХХК-ийг ХК гэж бичсэн нь тогтоогдсонгүй. Түүнчлэн, Ж-ийн Э-гийн нэхэмжлэлтэй хэрэг тухайн шүүхээр шийдвэрлэгдээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн “...хэрэг маргааныг шийдвэрлэлгүй 365 хоног сунжруулсан... гэж өргөдөлд дурдсаныг гишүүн шалгаж, энэ талаар шүүгчийн тайлбар болон холбогдох нотлох баримтуудыг дүгнэж, шүүх хуралдаан хуульд заасан үндэслэлээр хойшилсон нь хууль зөрчөөгүй гэж дүгнэснийг үндэслэлтэй гэж үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн хүн, албан тушаалтан, хуулийн этгээд холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэхээр Сахилгын хороонд өргөдөл, мэдээлэл гаргана”, 103.2-т “Өргөдөл, мэдээллийг итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан бол төлөөлөх эрх олгосон баримт бичиг болон итгэмжлэлийг хавсаргана” гэж заажээ.

Өргөдөл, “Б” ХХК гэсэн бланкаар бичигдээд, эцэст нь “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л гэж гарын үсэг зурсан боловч түүнд сахилгын хороонд өргөдөл гаргах эрхийг олгосон итгэмжлэл эрх бүхий этгээдээс олгогдоогүй байгаа нь өргөдөл мэдээлэл гаргасан этгээд нь тодорхойгүй гэж үзэх үндэслэлтэй байна.    

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэг, 112.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, хэргийг бүхэлд нь нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      Ц.ДАВХАРБАЯР

     ГИШҮҮН                                      Д.АРИУНТУЯА

                                                  С.ЭНХТӨР