МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-02-10
Дугаар 49
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шийдвэрлэх тухай
Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоожийг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 705 тоот танхимд нээлттэй хийв.
Тус хуралдаанаар “П” ХХК-ний гүйцэтгэх захирал Э.Б-н өргөдлөөр, ... шүүхийн шүүгч Н.Б-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг, гишүүн Г.Цагаанцоожийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн Г.Цагаанцоожийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-д:
Шүүхийн сахилгын хорооны гишүүн Г.Цагаанцоож би, шүүгч Н.Б-д холбогдох сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулаад дараах санал гаргаж байна.
"П" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Б нь Шүүхийн ёс зүйн хороонд 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан өргөдөлдөө, "...шүүгч Н.Б-гийн гаргасан шийдвэр, давж заалдах гомдлыг хүлээн авахаас, мөн хугацаа сэргээхээс татгалзсан захирамжуудын үндэслэл, дүгнэлтээс үзвэл Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3. дугаар зүйлийн 1-т заасныг зөрчиж, илт нэг талыг барьсан, нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхээ эдлэхэд үндэслэлгүйгээр саад учруулсан тул шийдвэрлэж өгнө үү" гэжээ.
Холбогдох шүүгч тайлбартаа "...Б.Б-д холбогдуулан гаргасан "П" ХХК-ийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, нэхэмжлэгчийн төлөөлөгчид эрх үүргийг тайлбарлан өгч, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. 2020 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн 01871 дүгээр шийдвэрээр хэргийг шийдвэрлэсэн ба шийдвэр 7 хоногийн дотор бичгээр үйлдэгдэж гарсан. ...нэхэмжлэгчийн төлөөлөгч 2020 оны 12 дугаар сарын 01-ний дотор шийдвэр гардаж авахаар ирээгүй, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон хэдий ч шүүхийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоогүй, хэвийн явагдаж байсан тул 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дотор ирж авах үүргээ биелүүлээгүй. Тус шүүхийн шүүгчдийн тогтоолоор баталсан Нэхэмжлэл, гомдол, хүсэлт хуваарилах журмаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гарсан гомдол, мөн гомдол гаргах хугацааг сэргээх хүсэлтийг тухайн хэргийг шийдвэрлэсэн шүүгч хүлээн авч шийдвэрлэнэ гэж заасан. Энэ журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээх хүсэлтийг хүлээн авч шүүгчийн захирамжаар хангахгүй орхихдоо гардаж авах үүргээ биелүүлэхэд нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдэг нотлохгүй байна гэж үзсэн. Хэргийг болон дээрх хүсэлтийг шийдвэрлэхдээ ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчөөгүй гэжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх ба Сахилгын хороо байгуулагдсан бол Шүүхийн ёс зүйн хороо, Захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааныг Сахилгын хороонд шилжүүлэхээр заасан.
Өргөдөл гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2012/ 32 дугаар зүйлийн 32.2, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-т "шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй" гэж заасан ба дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгч нь хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанарыг хүндэтгэх, хууль дээдлэх, үнэнч шударга байх, аливаа асуудалд бодитой, төвийг сахисан байр сууринаас хандах, хараат бус байх, үүрэгт ажилдаа хариуцлагатай хандах, нууцыг задруулахгүй байх, мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ... шүүхийн шүүгч Н.Б- нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч "П" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд ... дүгээр шийдвэр гаргажээ.
Дээрх шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гардан авч, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр давж заалдах гомдол гаргасан, шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5558 дугаар захирамжаар гомдлыг хүлээн авахаас татгалзжээ. Ингэхдээ "...хэргийн оролцогч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 21, шийдвэр бэлэн болсноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардаж авснаар гомдол гаргах эрхээ хэрэгжүүлнэ, нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор шүүхэд ирж шийдвэрээ гардаж аваагүй, ийнхүү аваагүйд хүндэтгэн үзэх нөхцөл баримтаар тогтоогдоогүй байна гэсэн үндэслэл дурджээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлт гаргахдаа Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181, 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дүгээр тогтоолуудыг хавсарган ирүүлжээ /ligalenfo.mn/. Шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 05605 дугаар захирамжаар уг хүсэлтийг хангахаас татгалзахдаа "...гардаж авах үүргээ биелүүлэхэд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдэг нь бүрэн хангалттай тогтоогдохгүй байна, ...тогтоолын хавсралтаар баталсан хязгаарлалт тогтоохгүй байгууллагын жагсаалтад шүүхийн байгууллага хамрагдаж, хэвийн ажиллаж байсан..." гэсэн үндэслэл зааж, захирамжид гомдол гаргах эрхгүй гэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т Монгол Улсын иргэн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл ууг эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ...шүүхийн шийдвэрийг давж заалдах...эрхтэй гэж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 16 дугаар зүйлийн 16.1-д шүүгч нь хүний эрхийг хуулийн хүрээнд дээдлэх хамгаалах үндсэн үүрэгтэй байхыг хуульчилсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцсон, энэ тохиолдолд тэрээр шийдвэр хүчинтэй болсноос хойш 21 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй. Гэвч тэрээр энэхүү хугацаанд бус харин 2020 оны 12 дугаар 01-ний өдөр гардаж аваад 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр давж заалдах гомдол гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзжээ. Үүний дараа нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлт гаргасан байна.
Уг хүсэлтэд хавсаргасан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 181 дүгээр тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгажээ.
Гамшиг, аюулын сөрөг үр дагаврыг урьдчилан тооцож, хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, хүрээлэн буй орчин, дэд бүтэц, нийгэм-эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа нэгдмэл удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалтын цогц арга хэмжээг "бэлэн байдал" гэж Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.24-т тодорхойлсон. Энэхүү хуульд зааснаар бүх нийтийн бэлэн байдлын үед засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлж хөл хорио тогтоосон тул нэхэмжлэгч шийдвэрээ хуульд заасан хугацаанд гардаж аваагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхээр байна.
Гэтэл шүүгч "...энэ үед шүүхийн байгууллага ажиллаж байсан" гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлтийг хангахаас татгалзсан нь учир дутагдалтай болжээ. Тодруулбал, шүүгч хэргийн оролцогчийн үндсэн эрх болох давж заалдах эрхийг хязгаарлах, гаргасан гомдолд хайхрамжгүй хандах эрхгүй тул шүүгчийн ёс зүйн дүрмийн дээр дурдсан заалтыг зөрчсөн, сахилгын зөрчил гаргасан гэж үзнэ.
Харин Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т ес зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан.
Өргөдөл гаргагч нь Шүүхийн ёс зүйн хороонд 2020 оны 12 дугаар сарын 09-ний 24-ний өдөр гомдол гаргасан байх тул энэ өдрөөс хугацааг тооцвол сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байна.
Иймд шүүгч Н.Б-д үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв гэжээ.
Шүүгч Н.Б-гээс Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбарын агуулгаас:
Шүүхийн сахилгын хороонд 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн тайлбарт, миний бие Шүүхийн ёс зүйн хороонд 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүргүүлсэн тайлбараа дэмжиж байгаа гэжээ. Тус тайлбарт, ... Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон бөгөөд уг тогтоолд шүүхийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоогүй, шүүхийн үйл ажиллагаа хэвийн явагдаж баисан ба нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөвлөгч нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд шүүхэд өөрөө хүрэлцэн ирж шийдвэрээ гардаж авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй байж шүүхийн шийдвэрийг 7 хоногийн дотор гаргах үүргээ биелүүлээгүйгээс шийдвэрээ гардаж авч чадаагүй гэдгийг харгалзан үзсэнгүй гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны вдрийн ... дугаартай шүүхийн шиидвэрийн хувийг хариуцагч тал 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гардаж авсан болох нь шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчдод гардуулсан, хүргүүлсэн тухай баримтаар нотлогдож байгаа болно.
... ... шүүхэд нэхэмжлэл, гомдол, хүсэлт хуваарилах тухай тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаартай тогтоолоор баталсан хуваарийн дагуу буюу уг журмын 3.3-т зааснаар "Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гарсан гомдлыг тухайн хэргийг шийдвэрлэсэн шүүгч, шүүгчийн туслах хүлээн авах ба гомдол гаргах хугацааг сэргээлгэх хусэлтийг хэргийг хянан шийдвэрлэсэн тухайн шүүгч авна" гэж журамласан тогтоолын дагуу шүүгч миний бие "П" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-гийн тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаар шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсныг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжаар "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т зааснаар "шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна, 119.4-т шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба ийнхүү гардаж авснаар тэрээр шийдвэрт гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой. Хэргийн оролцогч нь хуульд заасан энэхүү үүргээ биелүүлснээр эрхээ хэрэгжүүлэх боломжийг үүсгэх зарчмын дагуу гомдол гаргах хугацааг энэ журмаар тоолох учиртай ба шүүх хуралдаанд оролцсон талаас аль нэг этгээд шийдвэрийг авсан бол гардан авсан өдрөөс, хэд, хэдэн этгээд авсан бол эхний хүн гардан авсан өдрөөс гомдол гаргах хугацааг тооцдог болно.
Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь дээр дурдсан хуулийн хугацаа тодруулбал 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүчинтэй болсон шүүхийн шийдвэрийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш 14 хоногийн хугацааны дотор буюу 2020 зны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дотор шүүхэд хүрэлцэн гардаж аваагүйд шүухийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэх үйл баримт тогтоогдохгүй, ийнхүү гардаж авах үүргээ биелүүлэхэд нь "хүндэтгэн үзэх шалтгаан"-тай байсан гэдэг нь бүрэн хангалттай нотлогдохгүй байна" гэх үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг сэргээх хүсэлтийг хангахаас татгалзсан ... гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хорооны гишүүний ... шүүхийн шүүгч Н.Б-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг бүрэлдэхүүн хянаад, гишүүний саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Өргөдөлд, "...шүүгч Н.Б-гийн гаргасан шийдвэр, давж заалдах гомдлыг хүлээн авахаас, мөн хугацаа сэргээхээс татгалзсан захирамжуудын үндэслэл, дүгнэлтээс үзвэл Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3. дугаар зүйлийн 1-т заасныг зөрчиж, илт нэг талыг барьсан, нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхээ эдлэхэд үндэслэлгүйгээр саад учруулсан тул шийдвэрлэж өгнө үү" гэжээ.
Бүх нийтээр Ковид-19 цар тахлаас урдчилан сэргийлэх арга хэмжээг иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллага үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шийлжүүлсэн үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 116 дугаар тогтоолын 2-р хавсралтын “Иргэний хэргийн хөдөлгөөний түр аргачлал”-ын 6 дугаар зүйлийн 6.1.-д “шийдвэр, захирамжийг шуудангаар хүргүүлэх, 6.1.1 дэх хэсэгт “тогтоол, магадлал, шийдвэрийг хэргийн оролцогчид шуудангаар хүргүүлснээр гардуулсан тооцох гэж зохицуулж Монгол Улсын Үндсэн хуульд заасан “... иргэн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ...шүүхийн шийдвэрийг давж заалдах...эрхтэй ...” гэсэн баталгаатай эдлэх эрхийг нь хангахаар зохицуулжээ.
Илтгэгч гишүүний саналд, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т Монгол Улсын иргэн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ...шүүхийн шийдвэрийг давж заалдах...эрхтэй гэж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 16 дугаар зүйлийн 16.1-д шүүгч нь хүний эрхийг хуулийн хүрээнд дээдлэх хамгаалах үндсэн үүрэгтэй байхыг хуульчилсан гэж дүгнэсэн.
Мөн гамшиг, аюулын сөрөг үр дагаврыг урьдчилан тооцож, хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, хүрээлэн буй орчин, дэд бүтэц, нийгэм-эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа нэгдмэл удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалтын цогц арга хэмжээг "бэлэн байдал" гэж Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.24-т тодорхойлсон. Энэхүү хуульд зааснаар бүх нийтийн бэлэн байдлын үед засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлж хөл хорио тогтоосон тул нэхэмжлэгч шийдвэрээ хуульд заасан хугацаанд гардаж аваагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэсэн ньзөв болжээ.
Шүүгч "...энэ үед шүүхийн байгууллага ажиллаж байсан" гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлтийг хангахаас татгалзсан нь учир дутагдалтай болсон талаар санал бичсэнийг буруутгахгүй. Шүүгч хэргийн оролцогчийн үндсэн эрх болох давж заалдах эрхийг хязгаарлах, гомдлыг хүлээн авахдаа хайхрамжгүй хандах эрхгүй тул шүүгчийг ёс зүйн дүрмийн дээр дурдсан заалтыг зөрчсөн, сахилгын зөрчил гаргасан гэж үзнэ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Өргөдлийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Шүүхийн ёс зүйн хороонд /хуучнаар/ ирүүлэхдээ, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны шийдвэр, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гаргасан давах гомдол, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн захирамж зэрэг үйл баримттай холбогдуулсан байх тул 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаар 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэнэ.
Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан байна.
Иймээс илтгэгч гишүүний сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох санал үндэслэл бүхий байх тул хүлээн авч, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэг, 112.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, хэргийг бүхэлд нь нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ДАВХАРБАЯР
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
С.ЭНХТӨР