info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-01-26

Дугаар 15

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох  саналыг

хүлээн авч, сахилгын хэргийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай

 

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхмэнд нарыг оролцуулан Сахилгын хорооны хуралдааны 705 тоот танхимд хийв.

Тус хуралдаанаар иргэн Ш.Ж-, Д.А- нарын гомдолтой, .шүүгч О.Од холбогдох сахилгын хэргийг, гишүүн Д.Ариунтуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн Д.Ариунтуяа Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа:

Иргэн Ш.Ж-, Д.А- нарын гомдол, .шүүгч О.Оийн хариу тайлбар болон Сахилгын хэрэгт цугларсан “М т” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, .шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 0941 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж, .шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01533 дугаар “Захиргааны хэрэг үүсгэх тухай” захирамж, .шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2724 дугаар “Гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай” захирамж, .2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 0289 дүгээр шийдвэр, Гуравдагч этгээд Ш.Ж-, Д.А- нараас тайлбар авсан тухай тэмдэглэл, 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ /Ш.Ж-, Г.М- нарын “Баянзүрх дүүргийн 20-р хороо, Баян дөхөм, 21-3 тоот 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 250.000.000 /хоёр зуун тавин сая/ төгрөгөөр худалдах тухай, 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ /Ш.Ж-, Г.М- нарын “Баянзүрх дүүргийн 20-р хороо, Баян дөхөм, 21-3 тоот 128 м.кв, хувийн орон сууцыг 50.000.000 /тавин сая/ төгрөгөөр худалдах тухай/, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайханы гаргасан хүсэлт, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Ш.Ж-тай утсаар ярьсан тэмдэглэл”, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Д.А-тай утсаар ярьсан тэмдэглэл” 1 хуудас, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ /Г.М-, “М т” ХХК нарын “Баянзүрх дүүргийн 20-р хороо, Баян дөхөм, 21-3 тоот 128 м.кв, хувийн орон сууцыг 50.000.000 /тавин сая/ төгрөгөөр худалдах тухай/, Иргэн Г.М-гийн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албан гаргасан “Өмчлөх эрхээс татгалзах тухай” хүсэлт, Иргэн Ш.Ж-, Д.А- нарын “М т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А-т гаргасан хүсэлт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Газар өмчлөх эрхийг дуусгавар болсонд тооцох тухай” захирамж, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар зэрэг баримтуудыг дурдаад,

...“М т” ХХК нь тухайн газрыг эзэмших эрхгүй (цаашилбал ашиглах эрхгүй бөгөөд өнөөдрийг хүртэл хууль бус үйл ажиллагаа явуулсаар л ажиллуулсаар л байна.) буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд атал дахин шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2018 оны 10 дугаар сарын 09-нд 128/Ш32019Я355 дугаартай .шүүгчийн захирамж, мөн 2019 оны 11 сарын 07-нд 715 дугаартай Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн тогтоол гаргаж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг....” гэсэн гомдлын тухайд:

Гомдол /өргөдөл/ гаргагч Д.А-, Ш.Ж- нарын гомдолд дурдсан үндэслэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”,  мөн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12-т “Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчиж “шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэж тодорхойлон бусдын хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан агуулгаар шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх замаар өөрсдийн эрх ашиг, хүсэл сонирхлоо хангуулах зорилго агуулж байсан байна гэдэг нь уг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан дээрх нөхцөл байдлыг судалж үзээд Захиргааны хэрэг үүсгэж байж нэхэмжлэлд дурдсан асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзсэний үндсэн дээр 2019 оны 03 дугаар сарын 06- ны өдөр 128/Ш32019/1533 дугаар захиргааны хэрэг үүсгэх тухай захирамж гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа...гэх гомдлын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш долоо хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана.” гэсэн заалтыг үндэслэн шүүгч О.О захиргааны хэрэг үүсгэн захирамж гаргасныг буруутгах үндэслэлгүй бөгөөд  хэн нэгэн этгээд, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, О.О шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж, шүүгчийг дарамталж, илт үндэслэлгүй захирамж гаргахад хүргэсэн эсэхийг шалгаж өгнө үү гэх гомдол нь сахилгын хэрэгт цугларсан холбогдох баримтуудаар тогтоогдоогүй болно.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 151 дүгээр захирамжаар .шүүгч О.Од сахилгын хэрэг үүсгэсэн үндэслэл сахилгын хэрэгт цугларсан баримтуудаар үгүйсгэгдэж байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна” гэжээ.

.шүүгч О.О нь тайлбартаа:   

“Шүүгч О.О миний тухайд иргэн Д.А болон Ш.Ж- гэдэг иргэнтэй ямар нэгэн байдлаар биечлэн уулзсан, харилцсан, эсвэл утсаар болон олон нийтийн сүлжээ ашиглан харилцсан тохиолдол байхгүй юм. Иймд ямар нэгэн байдлаар загнаж зандарсан, гутаан доромжилсон, хүнлэг бус хэрцгий хандсан зан харилцааны доголдол гаргасан удаа байхгүй.

Гомдолд а/ Хэрэг үүсгэсэн захирамжийг хүчингүй болгож өгнө үү, б/ шинжээч томилсон захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Хамгийн гол шаардлага нь үүнд төвлөрч байна. Шүүхийн ёс зүйн хороо нь шүүгчийн ёс зүйн зөрчлийг хянан шалгах үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгох өөрчлөх боломжгүй. Иймд энэ талаарх гомдлоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрх нь одоо ч нээлттэй байгаа гэж үзэж байна. Түүнээс биш Ёс зүйн хороо “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод зөв байна, буруу байна” гэх зэргээр дүгнэх, шийдвэрлэх боломжгүй юм.

Шүүгч миний тухайд иргэн Д.Аг гуравдагч этгээдээр татсан шүүгчийн захирамжийг гаргасан бөгөөд ингэснээр Монгол Улсын Үндсэн хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “төрийн байгууллагад өргөдөл, гомдлоо гаргах, шийдвэрлүүлэх” мөн “шударга шүүхэд шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах” гэх мэт эрхийг нь нээж өгсөн гэж ойлгож байгаа. Нэгэнт гуравдагч этгээдээр оролцож байгаа тул шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч байгаа бол гомдлоо хуульд заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргаад шийдвэрлүүлэх боломжтой юм.

Шүүгч миний тухайд өмнө нь энэхүү асуудлыг шийдвэрлэж байсан удаа үгүй. Анх удаа энэ хэргийг шийдвэрлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа, ямар нэгэн шийдвэр гараагүй болно. МТ /нийтэд түгсэн нэрээр/ гэдэг компанийн тухайд анх удаа шүүхэд энэ асуудлаар хэрэг үүсгээд Нийслэлийн Засаг даргатай маргалдаж байгаа гэж ойлгож байна. Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэн, байгууллага, аж ахуйн нэгж бүгд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах, улмаар шийдүүлэх тэгш эрхтэй. “Иргэн Ж- А нарын асуудлыг шийдсэн учраас чиний асуудлыг шийдэхгүй” гэж хэлэх, ялгаварлан гадуурхах эрх надад байхгүй.

Иргэн А болон МТ гэдэг 2 өөр субъектийн асуудал яригдаж байгаа, МТ гэдэг компанийн тухайд ч гэсэн Монгол Улсын хуулийн этгээд тул хуулиар олгогдсон эрхээ эдлээд шүүхэд хандсан, нэхэмжлэл гаргасан байх гэж ойлгож байна.

Энэхүү гомдол нь ёс зүй гэхээсээ илүүтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой, шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсний үндсэн дээр, түүнийг хүчингүй болгуулах агуулгатай гаргасан гомдол байна. Иймд гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэж өгнө үү.

Хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дундуур, хэргийн нэг оролцогч нь ийнхүү олон байгууллагад хандаад байгаа нь ямар нэг дам байдлаар шүүгчид нөлөөлөх оролдлого байх вий гэж санаа зовниж байна. Энэ тухай өмнө нь тус шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байсан. Мөн АТГ-т хандсан байсан. Учир нь тэндээс албан бичгээр “Шинжээч томилох тухай” шүүгчийн захирамжийн хувийг шүүхээс гаргуулж авсан байсан. Энэ тухай шүүгч би хэзээ хойно мэдсэн. Шинжээч томилох тухай шүүгчийн захирамж, эсвэл хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүх нь хүчингүй болгох өөрчлөх эрхтэй. Гэтэл хэрэг шийдвэрлэгдээгүй байхад ийнхүү олон төрлийн байгууллагуудад хандаад байгаа нь Ёс зүйн зөрчилтэй, ёс зүйгүй шүүгчид гомдсон гэхээсээ илүүтэй шүүгчид дарамт шахалт үзүүлэх арга хэлбэр нь болж хувираад байгааг Ёс зүйн хороо анхаарахыг хүсье.” гэжээ.

Шүүхийн сахилгын хороонд шүүгч О.О 2022 оны 01 сарын 05-ны өдөр ирүүлсэн тайлбартаа:

“Тус шүүхийн шүүгч О.О миний бие “М-т” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “...газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгахаас татгалзсан хариу хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн аваад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар “нэхэмжлэлд заасан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа” гэх үндэслэлээр 2019 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 128/Ш32019/0941 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Үүний дараа 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “М-т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжпэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулахаас татгалзсан хариуг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан шийдвэр гаргахыг даалгах” гэсэн нэхэмжпэлийг гаргасан байсан. Ингэж нэхэмжпэл гаргахдаа нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өмнө нь .2018 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 128/ш32018/0289 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Ш.Ж-, П.А нарын Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/488 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжийн “М т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Энэ асуудлаар Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0408 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 395 дугаар тогтоол гарсан. Гэхдээ 50м гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзээд сунгасан захирамжийг хүчингүй болгосон боловч анх газар эзэмшүүлсэн захирамж хэвээр үлдсэн гэж бичсэн байсан.

Нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагад дурдагдсан дээрх нөхцөл байдлыг судалж үзээд Захиргааны хэрэг үүсгэж байж нэхэмжпэлд дурдсан асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзсэний үндсэн дээр 2019 оны 03 дугаар сарын 06- ны өдөр 128/Ш32019/1533 дугаар захиргааны хэрэг үүсгэх тухай захирамж гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 08- ны өдөр 128/Ш32020/2724 дугаар захирамжаар Гуравдагч этгээдээр Ш.Ж-, Д.А нарыг хэргийн оролцогчоор татаж оруулсан.

Үүний дараа 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “М т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөм, 21-3 тоот хаягт байршилтай 128 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт худалдаж авсан тул гуравдагч этгээдийг сольж өгнө үү гэсэн хүсэлтийг 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, үл хөдлөх эд, хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, худалдах худалдан авах гэрээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, мөнгө шилжүүлсэн баримт зэргийг ирүүлсэн үүний дагуу шүүхээс Ш.Ж-, Д.А нарыг дуудаж энэ талаар асуухад газар болон түүн дээр баригдсан байшингаа худалдсан минь үнэн одоо энэ хэрэгт гуравдагч этгээдээр цааш оролцохгүй гэдгээ тайлбарласан. Дээрх тайлбаруудын дагуу шүүгчийн туслах Г.Эрдэнэбаатар нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гуравдагч этгээд Ш.Ж-тай 99018762 дугаарын утсаар холбогдоход “...Наад маргаан дээр чинь 2 хүн гуравдагч этгээдээр оролцож байгаа. Миний хувьд газар, барилга, өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн тул цаашид уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцохгүй” гэж тайлбарласан. Харин Д.А-тай ... дугаарын утсаар холбогдоход “...Өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн нь үнэн боловч барилгын хаалга нь миний газарт буюу манай хашаанд байрлаж байгаа тул уг хэрэгт гуравдагч этгээдээр цаашид оролцоно ... шүүх өөрөө мэдээд шийднэ биз” гэх тайлбар өгснийг шүүгчийн туслах тэмдэглэл үйлдэж, баримтжуулсан байна.

Мөн шүүхээс Д.А-гийн хаалга маргаан бүхий газарт орсон эсэх талаар тайлбар нотлох баримт гаргуулахаар албан бичиг явуулсан боловч энэ талаар баримт хариуцагчаас ирүүлээгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Д.А-, Ш.Ж- нарын “М т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А-т гаргасан “хохирлын нөхөн төлбөрт 200,0 сая төгрөгийг авсан тул гомдолгүй гэдгээ илэрхийлсэн бичиг”-ийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

... Шүүхээс 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 10:00 цагт хийнэ гэдгийг хэлж товыг мэдэгдсэн боловч, тус өдөр товлогдсон шүүх хуралдаанд хэргийн оролцогчид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 3641 дүгээр шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-т заасан үндэслэлээр хойшлуулж, 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 14:00 цагт шүүх хуралдааныг товлож, шүүгчийн туслах хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товыг дахин мэдэгдсэн байна. Гэвч 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дахин ирээгүй тул 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцаах тухай” шүүгчийн 3857 дугаар захирамж гаргаж, нэхэмжлэлийг буцаасан.

Гомдол гаргасан иргэн Ш.Ж-, Д.А- нар нь гомдолдоо “...хэн нэгэн этгээд, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, О.О шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж, шүүгчийг дарамталж, илт үндэслэлгүй захирамж гаргахад хүргэсэн эсэхийг шалгаж өгнө үү. Учир нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдүүд нэхэмжлэл гаргасан...” гэсэн байна.

Надад хэн нэгэн хүн нөлөөлсөн дарамт үзүүлсэн зүйл байхгүй. Нэхэмжлэл хүлээн авсан шүүгч нь тухайн нэхэмжлэлийг хараад нэхэмжлэл гаргах эрхтэй, эрхгүй этгээд гэж урьдчилсан дүгнэлт хийх боломжгүй. Харин захиргааны хэрэг үүсгэж, холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байж нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг мэдэх боломжтой. Иймээс Ш.Ж-, Д.А- нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхийн ёс зүйн хороонд 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн иргэн Ш.Ж-, Д.А- нарын гомдлыг Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албанаас .шүүгч О.Од гардуулан, шүүгч нь 2020 оны 4 дүгээр сарын 27-нд тайлбар ирүүлжээ.

Шүүхийн сахилгын хорооноос шүүгч О.Од холбогдуулан, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр сахилгын хэрэг үүсгэж, шалгах ажиллагааг явуулан холбогдох баримтуудыг хэрэгт авсан байна.

Өргөдөлд, 2018 онд Ш.Ж-, Д.А- бид нар М т ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүхээс шийдвэрлэж шийдвэр, магадлал, тогтоол гаргасны дараа М т ХХК нь дахин шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2019 оны 10 сард Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байхад 2019 оны 12 дугаар сарын 10-нд шүүгч О.О нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авч, 128/ШЗ2019/9096 дугаартай захирамж гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.6-д заасныг зөрчсөн хариуцлага тооцно уу, захирамжийг хүчингүй болгуулна уу, О.О шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж, шүүгчийг дарамтад, илт үндэслэлгүй захирамж гаргахад хүргэсэн эсэхийг шалгаж өгнө үү гэж гомдол гаргажээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаар шүүгч О.О нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШЗ2019/1533 дугаар захирамжаар М-т ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн байх ба гомдолд дурдсан 2019 оны 12 дугаар сарын 10-ны  өдрийн 128/ШЗ2019/9096 дугаартай захирамжаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

Дээрх захиргааны хэргүүдийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг тодруулахад:

- Ш.Ж-, Д.А- нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухайд[1]:

Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/488 дугаар “газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжийг М т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах агуулгатай.

- М-т ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухайд[2]:

Анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 354 дугаартай захирамжаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2011 оны 116 дугаар захирамжаар эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгасан. Түүний дараа Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/448 дугаар захирамжаар эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгасан.

Иргэн Ш.Ж-, Д.А- нар нэхэмжлэлтэй дээрх захиргааны хэргийн 2018 оны шүүхийн шийдвэрээр 50м гэсэн шаардлага хангаагүй гэж үзээд Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/488 дугаар захирамжийг хүчингүй болгосон боловч анх газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн захирамж хэвээр үлдсэн юм. Тиймээс Нийслэлийн Засаг даргын 2019.01.03-ны өдрийн 03/14 тоот албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан хариуг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү гэх агуулгатай.

Дээрхээс дүгнэвэл, нэг газрын эзэмших, ашиглах эрхийн талаар Ш.Ж-, Д.А- нар нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/488 дугаар захирамжтай холбоотойгоор, харин М-т ХХК-ийн хувьд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03/14 дугаартай хариутай холбоотойгоор тус тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагаа өөр өөр тул урд шүүхээр шийдвэрлэгдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Нийслэлийн Засаг даргын захирамж, хариу нь М-т ХХК-тай холбоотой шийдвэр байх тул шүүгч захиргааны хэрэг үүсгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.16 дахь заалтыг зөрчөөгүй байна.

М-т ХХК-ийн өмнө ирүүлсэн нэхэмжлэлийг шүүгч нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШЗ2019/0941 дугаар захирамжаар нэхэмжлэлд заасан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэх үндэслэлээр Нэхэмжлэлийг хүлээн авахаар татгалзаж шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дээр дурдсан агуулгаар ялгааг нь тодруулан 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасныг шүүгч захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ. Шүүгч ийнхүү захиргааны хэрэг үүсгэж, улмаар тус хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой  128/ШЗ2019/9096 дугаар захирамж гаргасан зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу мөн хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл хэрэг үүсгэх захирамж гаргах...”, 56 дугаар зүйл, 5 дугаар зүйлийн 5.2-т “шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах...” гэсэн хуулийн зохицуулалтуудын хүрээнд шийдвэр гаргажээ.

Гомдолд дурдсан шүүгч албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж, дарамтлан илт үндэслэлгүй захирамж гаргахад хүргэсэн гэх үйл баримт тогтоогдохгүй, энэ талаар илтгэгч шүүгчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Гомдлыг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Шүүхийн ёс зүйн хороонд /хуучнаар/ ирүүлсэн байх ба 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаар 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэнэ.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ 32 дугаар зүйлийн 32.2-т “Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр” заасан ба Монгол улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасан.

Дээр дурдсанаар, гомдолд дурдсан шүүгчийн үйл ажиллагаатай холбоотой үйл баримтуудад шүүгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгч О.Од холбогдуулж үүсгэсэн сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох санал ирүүлсэн нь үндэслэл бүхий байна.

Иймд Сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд, илтгэгч гишүүний ирүүлсэн сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэг, 112.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. .шүүгч О.Од холбогдох сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, хэргийг бүхэлд нь нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                          Ц.ДАВХАРБАЯР

ГИШҮҮН                                          Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                        Г.ЦАГААНЦООЖ

 

[1] ... шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 128/ШШ2018/0289 дугаар шийдвэрээс

[2] М т ХХК-иас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 02 сарын 25-ны өдөр гаргасан нэхэмжлэлээс