info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-02-24

Дугаар 85

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан Шүүхийн сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн саналыг гишүүн С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хорооны гишүүн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: Өргөдөл гаргагчаас шүүгч Д.М нь “Э А С Э Ж Э” ХХК-ийн тамга, тэмдгийг хууль бусаар авч, миний эзэмшдэг бусад компанийг шилжүүлж өгөхийг шаардаж, сүрдүүлсэн, хүсэл зоригоо тулган хэлцэлд гарын үсэг зуруулсан гэж тайлбарлаж байх боловч шүүгч Д.М нь “Э А С Э Ж Э” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг, уг байгууллагатай гэрээ хэлцэл хийсэн гэх байдал тогтоогдохгүй байна. Тодруулбал, “Э А С Э Ж Э” ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаанд хувьцаа эзэмшигчээр Д.М бүртгэгдээгүй байх бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаар Хувьцаа үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээ нь иргэн М.Б, С.Б нарын хооронд байгуулагдаж, нотариатаар гэрчлэгдсэн байна.

Иймд “Э А С Э Ж Э” ХХК-тай шүүгч Д.М холбоотой байсан гэх байдал тогтоогдохгүй байна. Энэ нь түүний албан тушаалтны 2018,2019 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээр давхар нотлогдоно.   

Түүнчлэн, өргөдөл гаргагчаас манай компанийг сүүлийн жилүүдэд шүүхээр шийдвэрлүүлсэн нэхэмжлэл бүрийн цаана Д.М оролцож, ашигтай шийдвэр гаргуулсан гэж тайлбарласан боловч тэрээр 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “... ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдсэн Б.Б, Б.Т нарын нэхэмжлэлтэй С.Бд холбогдох иргэний хэргийн шүүгчид нөлөөлсөн, өөр хэрэгт нөлөөлсөн тухай мэдэхгүй” гэж мэдүүлсэн. 

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэж буй Б.Б, Б.Т нарын нэхэмжлэлтэй С.Б-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэж буй шүүгч Б.М-ыг гэрчээр асуухад шүүгч Д.М-ыг танихгүй, биечлэн уулзаж байгаагүй, ажил хэргийн холбоогүй, нөлөөлсөн зүйл байхгүй болон нотлох баримтаас  компакт диск, яриаг сийрүүлж бичсэн бичгийг хассан тухай ...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШЗ2019/13596 дугаар шүүгчийн захирамж хүчин төгөлдөр хэмээн  мэдүүлсэн байна. Мөн шүүгч Д.М-аас тус хэрэгт 2019 оны 10 дугаар сарын 15, 17-ны өдөр дээрх Самсунг маркийн гар утсанд байсан ярианы бичлэгтэй холбогдуулан тайлбар бичгээр гаргасан байх ба тухайн хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар нөлөөлсөн агуулгатай зүйл бичигдээгүй байх тул уг тайлбарыг бусад шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон гэж үзэхгүй.

Иймд шүүгч Д.М нь бусад шүүгч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлсөн болон С.Бийн хувь эзэмшдэг хуулийн этгээдийн хувьцааг эзэмшдэг болох нь тогтоогдохгүй байх тул Монголын хуульчдын холбооны шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн 2014 оны оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/08 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмээр хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. 

Дээр дурдсан үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулав.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.М тайлбартаа: Гомдол гаргагч нь гомдлынхоо үндэслэлийг өөрөө нотолж, батлах үүрэгтэй учир түүний гаргасан гомдлыг няцаах шаардлагагүй гэж үзэж байна. Гомдол гаргагч гаргасан гомдлоо нотолж чадахгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцах тооцох үндэслэлтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6, 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэгт зааснаар 2017 онд нууцаар хийсэн бичлэг нь нотлох чадваргүй баримт тул үүнд тайлбар гаргах шаардлагагүй гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд иргэн С.Б-ийн гомдлыг Сахилгын хороо хянан хэлэлцэж сахилгын хэрэг үүсгэх эсэхийг Иргэний хуулийн 60 дугаар зүйлд Иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэж байхаар заасан тул Сахилгын хороо нь хүч хэрэглэн хийсэн хэлцэл хийлгэсэн гэсэн гомдлыг үндэслэн шүүгчид сахилгын хэрэг үүсгэх эсэх асуудлыг хэлэлцэх нь Иргэний хуулийн дээрх зүйл заалтыг ноцтой зөрчихөд хүргэх юм.

Үүнээс гадна Сахилгын хорооны шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх эцэслэн хянах эрхтэй учир Иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх эрх зүйн маргаанд үнэлэлт дүгнэлт хийх хууль бус нөхцөлийг Сахилгын хороо өөрөө ноцтой зөрчихөд хүрэх учир сахилгын хэрэг үүсгэх үндэслэлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

С.Б өргөдөлдөө “...Б.Б нь 2016оны 8 дугаар сарын 09-ний өдөр өөрийгөө өмгөөлөгч гэж танилцуулж, шүүхтэй холбоотой асуудлыг чинь мэднэ, тусалж чадна миний ард шүүгч байгаа гэж итгүүлж эд хөрөнгийг минь залилсан. Би “Э А С Э Ж Э” ХХК-ийг худалдан авахаар болсон, гэрээг Б.Б нь Д.Маар боловсруулсан, хамтдаа компанийн 30 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Компанийн тамга тэмдгийг хууль бусаар авч, миний эзэмших бусад компанийг шилжүүлж өгөхийг шаардаж сүрдүүлсэн, гадаадын хөрөнгө оруулагч нараа алдахгүйн тулд аргагүй байдалд орж, гэрээнд гарын үсэг зурж, эд хөрөнгөө шилжүүлэн өгөхөд хүргэсэн. Д.М-ын дарамталж байсныг бичлэг хийж баримтжуулсан. ...Компанийн нэрийг барьж 2018 онд хууль бусаар олборлосон, ...шүүхээр шийдвэрлүүлсэн нэхэмжлэл бүрийн цааны Д.М оролцон өөртөө ашигтай шийдвэр гаргуулж байсан...” гэх агуулга дурджээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай” ... дугаартай гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр А талыг төлөөлж “Э А С Ж Э” ХХК-ийн нийт хувьцааны 70 хувийн хувьцаа эзэмшигч, тус компанийн гүйцэтгэх захирал С.Б, Б талыг төлөөлж “Э А С Ж Э” ХХК-ийн нийт хувьцааны 30 хувийг эзэмшигч иргэн Б.Б нар байгуулсан байх бөгөөд уг гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн байна.

Б.Б, Б.Т нар нь С.Б-д холбогдуулан “Э А С Э Ж Э” ХХК-ийн 10.000 ширхэг хувьцааг буцаан шилжүүлэн өгч улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах, хамтран ажиллах болон зээлийн гэрээний үүрэгт 258,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, хариуцагч нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг гэрээгээр шилжүүлэн өгсөн “Г “ ХХК-ийн хувьцааны 75.11 хувийг буцаан шилжүүлэхийг даалгах, Б.Б нь “Э А С Э Ж Э” ХХК-ийн 30 хувийн хувьцааг шаардах эрхгүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан байна.

...дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар дээрх иргэний хэргийг хянан хэлэлцээд ... дугаартай шийдвэр гаргасан, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 261 дугаартай магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь тогтоогдож байна.  

Дээр дурдсан Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээнд шүүгч Д.М оролцоогүй, гэрээнд гарын үсэг зураагүй байна.

Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “...гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах эрхтэй” гэж заасан.

С.Б нь “...гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах...” сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Д.М айлган сүрдүүлж, дарамталж, аргагүй байдалд оруулсан гэж тодорхойлжээ.

Шүүгч Д.М хүч хэрэглэж, С.Б, Б.Б нарын хооронд гэрээ байгуулсан гэх С.Б-ийн сөрөг нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх бөгөөд энэхүү асуудлаар сахилгын хороо дүгнэлт хийх эрхгүй болно. 

Түүнчлэн С.Б нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг нотолно гэж шүүгч Д.М-тай ярьсан ярианы бичлэгийг буулгасан компакт диск, яриаг сийрүүлж бичсэн бичгийн баримтыг гаргаж өгснийг ...дүүргийн шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ... дугаартай захирамжаар  нотлох баримтаас хассан байна. 

С.Б өргөдөл /гомдол/-д дурдсан асуудлаа нотлохоор шүүхэд өгсөн өөрийнхөө Самсунг маркийн гар утсанд байсан ярианы бичлэгийг буулгасан зөөврийн санах ой, түүнд бичигдсэн яриаг бичсэн тэмдэглэлийг Сахилгын хороонд баримтаар гаргаж өгсөн байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт ”Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж, 38.9 дэх хэсэгт “...хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах...” гэж;

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ“, 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт “...хуулиар зөвшөөрөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй” гэж;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “..хянан хэлэлцэж, тухайн нотлох баримтыг нотлох баримтад тооцохгүй байх эсэхийг шийдвэрлэнэ. “ гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “... нотлох баримтын заримыг нотлох баримтаар тооцохгүй байх...” мөн хэсгийн 2.2-т “бүрэлд нь нь, эсхүл зарим хэсгийг нотлох баримтаар тооцохгүй байх” гэж тус тус заасан байх тул Шүүхийн сахилгын хороо уг бичлэгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй юм.

Түүнчлэн дууны /ярианы/ бичлэг хийгдсэн хугацааг С.Б 2017 оны 06, 07 дугаар сар гэж, гэрч Б.Б 2017 оны 05 дугаар сар гэж, шүүгч Д.М 2017 он гэж өөр өөрөөр тайлбарлажээ.

Иймд энэхүү баримт Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.10 дахь хэсэгт “Нотлох баримтыг хууль бус аргаар олж авсан, гаргасан, цуглуулсан бол нотлох баримтад тооцохгүй  бөгөөд Сахилгын хорооны шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж зааснаар шийдвэрийн үндэслэл болохгүй. 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10/781 дүгээр албан бичгээр “Э А С Э Ж Э” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2010-2020 оны дэлгэрэнгүй лавлагаанд хувьцаа эзэмшигчээр Д.М бүртгэгдээгүй, албан тушаалтны 2018, 2019 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт энэ талаар тусгагдаагүй тул тус компанийн хувьцаа эзэмшдэг гэх гомдол тогтоогдоогүй байна. 

С.Б 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “......дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдсэн Б.Б, Б.Т нарын нэхэмжлэлтэй С.Б-д холбогдох иргэний хэргийн шүүгчид бол нөлөөлсөн ...”, харин өөр хэрэгт нөлөөлсөн тухай мэдэхгүй” гэж, уг хэргийг шийдвэрлэсэн шүүгч Б.Мөнхбаяр нь “...шүүгч Д.М-ыг танихгүй, биечлэн уулзаж байгаагүй, ажил хэргийн холбоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд нөлөөлсөн зүйл байхгүй...” гэж тус тус мэдүүлсэн байх ба шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй байна.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбогдуулан шүүгч Д.М 2019 оны 10 дугаар сарын 15, 17-ны өдөр шүүхэд 2 удаа бичгээр тайлбар гаргасан байх ба үүнд тухайн хэргийг хэрхэн шийдвэрлэх агуулга тусгагдаагүй байна. Иймд уг тайлбарыг бусад шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн, оролцсон гэж үзэх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл шүүгч Д.М нь гомдол гаргагч С.Б, иргэн Б.Б нарын хоорондох маргааныг хянан шийдвэрлэж буй шүүгч Б.Мөнхбаярын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн, шүүгчийн хараат бус байдалд халдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Өргөдөл /гомдол/-д дурдсан үйл баримт нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулиас өмнө байх тул уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дүгээр зүйлд зааснаар Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм хэрэглэгдэнэ.

Шүүгч Д.М нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэх байдал сахилгын хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдоогүй тул түүнд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.3, 112.6, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.... Ерөнхий шүүгч Д.М-т холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                                Д.ЭРДЭНЭЧУЛУУН

                              ГИШҮҮД                                                 Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                                       Г.ЦАГААНЦООЖ