info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-02-22

Дугаар 75

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал, ажиглагчаар гомдол гаргагч Х.Б нарыг оролцуулан Шүүхийн сахилгын хорооны хуралдааны танхимд хийв.

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн саналыг гишүүн Б.Сугарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хорооны гишүүн Б.Сугарын Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: ...шүүхийн шүүгч С.О-, ...шүүхийн шүүгч Д.Р- нарт холбогдох сахилгын хэргийг хүлээн авч хянаад доорх дүгнэлтийг гаргаж байна. Үүнд:

1. Иргэн Х.Б- 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бичгээр гаргасан гомдолдоо: “...урьдчилсан хэлэлцүүлэг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагт товлогдон зарлагдсан боловч хурал товлосон цагаасаа хойш 2 цаг 20 минут хүлээгдэн байж эхэлсэн. ...намайг эргэлзээтэй баримтаар гэмтэн болгож яллах гээд улайрч байгаа нь хилсдүүлж буй хэрэг билээ. Ер нь хавтаст хэргийн материалуудтай анхааралтай танилцаад үзвэл ямар ч эрүүл ухаантай  хүн миний гэм буруугүй гэдгийг ойлгоно. Харин тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд ажиллаж буй хүмүүс хэт нэг талд үйлчлээд байгаа учраас надад гэм буруу тохогдоод байгаа юм. Шүүхийн ёс зүйн хороо шударга ёсыг сахин хамгаалж, хууль зүйгээ хүндэтгэж, төрөө дээдэлнэ гэдэгт найдаж байна гэжээ.

2. Гомдол гаргагч нь 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр бичгээр гаргасан гомдолдоо: ...Д.Р- шүүгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтыг ноцтой зөрчсөн асуудлыг хэлэлцэн, зохих ёсны хариуцлага тооцож өгнө үү гэжээ.

3. ...шүүхийн шүүгч С.О- хариу тайлбартаа: Тус шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар Х.Б-, Г.Э- нарт холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Х.Б-ын өмгөөлөгч О.А-ын хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр товлож, хурлын бэлтгэл ажиллагааг хангахыг шүүгчийн туслахад даалгасан. Тухайн үед үйлчилж байсан Шүүхийн захиргааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.7-д “шүүгчийн туслах нь шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуульчилсан. Мөн албан тушаалын тодорхойлолтоор шүүгчийн туслах нь хэргийн оролцогч нарт шүүх хуралдааныг товыг урьдчилж мэдэгдэх, шүүх хуралдааны бэлтгэл ажиллагааг зохион байгуулж, шүүх хуралдааныг товлосон цагт зохион байгуулахаар заасны дагуу хурлын бэлтгэл ажиллагааг хангах үүрэгтэй. Шүүгч товлосон шүүх хуралдааныг танхим байхгүй, ирц бүрдээгүй гэдгээр хэлэлцэхгүйгээр хойшлуулах боломжгүй тул хурлын танхим суларсан даруйд хуралдааныг явуулсан болно.

Шүүгч Д.Р-ын шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэрэг хянагдах үед шүүгч М.П-ийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2/1584 дугаартай тоотын дагуу Хууль зүйн туслалцааны төвд хандан шүүгдэгч Г.Э-т өмгөөлөгч томилуулснаар, өмгөөлөгч П.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон. Уг өмгөөлөгчийг шүүгдэгч өөрөө татгалзан гаргаагүй байхад шүүгч хөндлөнгөөс оролцож өмгөөлөгчийг солиулах эрх байхгүй. Мөн шүүгч миний бие өмгөөлөгчтэй ямар нэг харилцаа үүсгээгүй, утсаар яриагүй бөгөөд шүүх хуралдааныг хойшлуулахгүй үүднээс шүүгчийн туслахаар дамжуулан, хуралдаанд оролц гэсэн шаардлага тавиулсан.

Хэргийг прокурорт буцаалгах тухай өмгөөлөгч болох яллагдагч Х.Б- нарын хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12-т зааснаар хэлэлцэхгүй орхиж, хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд шилжүүлж, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хурлаар хэлэлцсэн боловч хавтаст хэрэгт Г.Э-, Х.Б- нарыг харилцан зодолдож, бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн атлаа Г.Э-ыг хохирогчоор тогтоож байцаагаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлийг зөрчсөн байсан учир хэргийг прокурорт буцаасан. Дээрх захирамжид эсэргүүцэл бичээгүй учир шүүгч миний бие 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хэргийг эмхэтгэлийг шалгаж, гарын үсгээ зурсан. Хэргийн эмхэтгэлийг шалгаснаар шүүгчийн ажиллагаа дуусах бөгөөд шүүгчийн туслах ерөнхий шүүгчийн тоотоор хэргийг прокурорт Г.Э-, Х.Б- нарын хамт хүргүүлэх үүрэгтэй.

Гэтэл шүүгчийн туслах Б.Долгорсүрэн нь дээрх хэргийг явуулаагүй болохыг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр мэдэж, мэдсэн даруй хэргийг прокурорт явуулсан. Шүүгчийн туслах Б.Д нь хэрэг маргааныг хугацаанд нь явуулаагүй, ажлаа дур мэдэн хаяж явсан зөрчилдөө сахилгын арга хэмжээ авагдаж, ажлаас халагдсан болно.

Прокуророос хэрэг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд буцаж ирсэн бөгөөд шүүгдэгч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр товлосон боловч Ковид-19 цар тахлын хөл хориотой холбоотойгоор Г.Э-ын өмгөөлөгч Э.Х Засгийн газрын ордонд болсон “Хүний эрх хамгаалагчдын уулзалт” зөвлөгөөнд урилгаар оролцох болсон, шүүгдэгч Х.Б- Шүүхийн ёс зүйн хорооны хуралд оролцох болсон, Г.Э-ын өмгөөлөгч өмгөөлөгч Э.Х Ковид-19 вирусийн халдвар авсан, шүүгдэгч Г.Э-ын хамт амьдардаг дүү Э.Г нь Ковид-19 вирусийн халдвараар өвдсөн зэрэг шалтгааныг шүүх хуралдаанаар хэлэлцэж, хүсэлт хүлээн авснаар шүүх хуралдаан хойшлуулж шийдвэрлэсэн тул Г.Э-т арга хэмжээ аваагүй, дараа дараагийн шүүх хуралдааны товыг оролцогч нарын саналыг авч товлож байсан ба 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйл, 34.14 дүгээр зүйлийн 1-д “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан. Шүүгч миний бие хэрэгт авагдсан нотлох баримтууд нь дээрх хуулийн 16.1-д заасан үндэслэл журмын дагуу авагдсан эсэх, нотлох баримтаар тооцох эсэхийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, шинжлэн судалсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн бөгөөд дээрх баримтууд нь хууль зөрчиж авсан үндэслэл тогтоогдоогүй, прокурор мөрдөгчид хариуцлага тооцдог субъект би биш юм.

Шүүх хуралдаан даргалагч нь тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэрэгт хамааралгүй зүйл ярьсан тохиолдолд түүнийг зогсоох арга хэмжээ авах үүрэгтэй. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруутай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй байхаар хуульчилсны дагуу Х.Б-од шаардлага тавьсан. Шүүх хуралдаануудад оролцогч нарын эрхийг бүрэн эдлүүлсэн.

Шүүгч би хэн нэгнээс хахууль аваагүй, давуу байдал бий болгоогүй бөгөөд хэргийн оролцогчтой хувийн харилцаа үүсгээгүй болно. Тухайн үед 3 шүүхийн дунд 5 шүүх хуралдааны танхимтай байсан ба танхимын хүрэлцээ муутай, ердийн хурлуудаас бусад хурлууд нь хуралдаан дуусахыг хүлээж, аль суларсан танхимд нь ордгоос бид хурлаа цагтаа оруулах боломжгүй байдал одоо хүртэл үргэлжилж байгааг тэмдэглэхийг хүсэж байна гэжээ.

4. ...шүүхийн шүүгч Д.Р- хариу тайлбартаа: ...Гомдол гаргагч Х.Б- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтыг ноцтой зөрчсөн асуудлыг хэлэлцэн, зохих ёсны хариуцлага тооцож өгнө үү гэсэн байна. Шүүгч Д.Р- нь над дээр ... дугаартай эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Эрүүгийн хэргийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, программаар хуваарилагдан шүүгч надад ирсэн.

2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт хэлэлцэх шүүх хуралдаан товлож, улсын яллагч Э.Х шүүх хуралдаан давхардсан, яллагдагч нар өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан гэх үндэслэлээр хойшлуулсан. 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх тухай захирамж гаргаж, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдааныг хуулийн хугацаанд товлосон.

Улмаар 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанд Х.Б шинжээч эмч оролцуулах тухай хүсэлт гаргасныг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан. 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд шинжээч эмч ээлжийн амралт авсан тухай албан бичиг ирснээр Х.Б нь шинжээч эмч оролцуулах тухай хүсэлтээсээ татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Шүүх хуралдаанаар 747 дугаартай шийтгэх тогтоол гарч, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Х.Б-Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1079 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Тухайн үед шүүгч миний бие ...шүүхэд томилолтоор ажиллаж байсан бөгөөд томилолтын хугацаа 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дууссан ба томилолтын хугацаанд уг эрүүгийн хэрэг давж заалдах шатны шүүхээс ирээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.9-д зааснаар ...анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу, дүрсний бичлэг зөрүүтэй бол ...шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор хуульчилсан. Өөрөөр хэлбэл хуульд заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь ёс зүйн зөрчилд тооцогдохгүй юм.

Тухайн эрүүгийн хэрэгт 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны тэмдэглэл болон 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаан хойшлуулсан тэмдэглэлүүд хоорондоо солигдож хавтаст хэрэгт үдэгдсэн байснаар давж заалдах шатны шүүх хүчингүй болгох үндэслэл болсон.

Сүүлд уг эрүүгийн хэрэг ...шүүхийн шүүгч С.О-т хуваарилагдсан болно.

Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн та бүхэн Шүүгчийн ёс зүйн хороонд гаргасан Х.Б-ын гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж, гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. ...шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Х.Б-, Г.Э- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай” 52 дугаартай тэмдэглэлээр Х.Б-, Г.Э- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан мөн өдрийн 10 цаг 35 минутад эхэлж, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан болох нь нотлогдож байна.

Мөн шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 58 дугаартай “Х.Б-, Г.Э- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай” тэмдэглэлээр шүүх хуралдаан мөн өдрийн 10 цаг 00 минутад эхэлж, 10 цаг 30 минутад дууссан болох нь тогтоогдож байна.

Гомдол гаргагч шүүх хуралдааныг цагтаа эхлээгүй гэсэн гомдол дээрх шүүх хуралдааны тэмдэглэл, талуудын тайлбараар батлагдаж байна. Гэсэн хэдий боловч шүүх хуралдаан товлосон цагтаа эхлээгүй нь шүүгчийн гэм буруутай, хууль бус санаатай үйлдэл, үйл ажиллагаа, эс үйлдэхүйгээс үл шалтгаалсан болох нь холбогдох шүүгчийн тайлбар, дээрх 2 шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар оролцож хуралдааны тэмдэглэл хөтөлсөн Г.Э-ийн тайлбар, гомдлоор тус тус нотлогдож байна.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд ажиллаж буй хүмүүс хэт нэг талд үйлчлээд байгаа учраас надад гэм буруу тохогдоод байгаа юм гэх гомдол нь баримтаар нотлогдож, тогтоогдохгүй байна. Гомдол гаргагч нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гомдол, хүсэлт гаргаж байсан байх ба эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шийдвэрлэжээ.

...шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/502 дугаартай шийтгэх тогтоолоор Х.Б-од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн болох нь бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа болно. Шүүх, шүүгч нэг талд үйлчилсэн, гэм бурууг тохох гэсэн гэх гомдлын үндэслэл, үйл баримт тогтоогдохгүй байх төдийгүй түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

...шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Д.Р даргалж, ... дугаар шийтгэх тогтоол гарчээ. Уг шийтгэх тогтоолыг Х.Б нь эс зөвшөөрч Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байх ба гомдлыг хянан хэлэлцээд 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ДШМ/1079 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн 747 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүх хуралдааны тэмдэглэлүүд, шүүхийн шийдвэртэй илт зөрүүтэй гэж үзэж, уг алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл зөрүүтэй байсан болох нь давж заалдах шатны шүүхийн магадлал, шүүгч Д.Р-ын тайлбараар тогтоогдож байна.

Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасан тул шүүх хуралдааны тэмдэглэлийг сольж хэрэгт үдсэн гэх энэ асуудлыг шүүгчийн ёс зүйн болон сахилгын зөрчил гэж үзэх үндэслэлгүй юм.

Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан журмын дагуу шүүгчид холбогдуулан гаргасан өргөдөл, мэдээллийг хянан шалгах эрх хэмжээтэй байгууллага бөгөөд шүүгчийн туслах буюу шүүхийн захиргааны ажилтны үйлдлийг хянан шалгах чиг үүрэг хүлээгээгүй болно.

Иймд гомдол гаргагчийн гомдолдоо дурдаж буй шүүгчийн туслах Б.Долгорсүрэнгийн үйлдэлд хариуцлага тооцуулахыг хүссэн гомдол нь тус хорооны харьяалан шийдвэрлэх асуудлын хүрээнд хамаарахгүй, хуульд заасан эрх хэмжээний асуудал биш байна.

Хэрэв шүүгчийн туслахыг үүрэгт ажилдаа хайнга хандсан гэж үзэж байгаа бол энэ тухай гомдлоо харьяалах эрх бүхий байгууллага, албан тушаалтанд нь хандах эрх нээлттэй.

Гомдол гаргагчаас гомдолдоо дурдаж буй 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны бичлэг хадгалагдаж үлдээгүй болох нь ...шүүхийн Тамгын газрын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 53 тоот албан бичгээр тогтоогдож байгаа болно.

Иймд ...шүүхийн шүүгч С.О-, ...шүүхийн шүүгч Д.Р- нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Х.Б-  өргөдөлдөө “...шүүгч  С.О- урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 09 цаг 00 минутад товлосон боловч 2 цаг 20 минут хүлээлгэж байж эхэлсэн, нэг талд үйлчилсэн, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүхэлд нь хянуулах” гэсэн бол шүүгч Д.Ренчинхоролыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтыг ноцтой зөрчсөн” гэх агуулга дурджээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, шүүгч С.О- нь Х.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 09 цаг 00 минутад “В” танхимд явуулахаар тогтоосон байна. Гэвч тус танхимд эхэлсэн байсан өөр шүүх хуралдаан нь дуусаагүйгээс өргөдөлд дурдсан шүүх хуралдаан товлосон цагаас хоцорч 10 цаг 35 минутад эхэлсэн нь холбогдох шүүгч болон шүүгчийн туслах Б.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э, прокурор Н.Т, өмгөөлөгч П.Э-нарын тайлбараар тогтоогдож байна.

Иймд шүүгчийн буруутай үйлдлээс шүүх хуралдаан цагтаа эхлээгүй гэх байдал тогтоогдохгүй гэж үзэхээр байна.

 Мөн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан тогтоосон дэгийн дагуу явагдсан, шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн нь тэмдэглэлд тусгагдсанаас гадна, дуу, дүрсний бичлэгээр нотлогдох тул “...шүүх хуралдааны үеэр шүүгч С.О-  миний мэтгэлцэх эрхийг эдлүүлэхгүй, хорьж байсан” гэх гомдол үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгч хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. Шүүгч хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрхэн үнэлсэн, шүүгдэгч гэм буруутай эсэх талаар Сахилгын хороо дүгнэлт хийх боломжгүй, энэ нь сахилгын зөрчилд хамаарахгүй болно.     

Өргөдөл /гомдол/ гаргагчийн “...авлига нэхэх зохион байгуулалттай ажиллагаа явуулсан” гэсэн нь мэдээллийн шинжтэй бөгөөд  энэ талаарх гомдлоо эрх бүхий байгууллагад гаргаж шалгуулах эрх нь нээлттэй байна.

Х.Б-д холбогдох эрүүгийн хэргийг өмнө нь ...шүүхийн шүүгч Д.Р 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 747 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн байх ба  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ДШМ/1079 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэл хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг уг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхээр заасан.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй гэж заасан.

Давж заалдах шатны шүүх 747 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлийг  дурдсан, энэ нь шүүгчийн мэргэжил, ур, чадвартай холбоотой тул ёс зүйн зөрчилд хамаарахгүй.

Дурдсан үндэслэлээр шүүгч С.О, Д.Р нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй бүрэлдэхүүн үзлээ.

Х.Б өргөдөлдөө “...шүүгчийн туслах Б.Д нь хэрэг хөөн хэлэлцэх хугацааг санаатайгаар дуусгах зорилгоор хэргийг удаан хугацаагаар дарж, прокурорт шилжүүлээгүй, дарсан...” гэжээ.

Шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 172 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаажээ.

Шүүгчийн туслах Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 4 дүгээр зүйлийн 4.2.3-т “шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн бол шүүгчийн туслах Баримт №9-г үйлдэж, хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийн хамт шүүхийн бичиг хүргэгчид хүлээлгэн өгнө” гэж зааснаар албан бичгээр хэргийг прокурорт хүргүүлэх үүрэгтэй байсан. Гэвч шүүгчийн туслах үүргээ биелүүлээгүй, хэргийн хөдөлгөөний аргачлалын дагуу ажиллаагүй болох нь тогтоогдсон,  Баянзүрх, Сүхбаатар, ...шүүхийн Тамгын газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/130 дугаар “...хэргийг хуулийн хугацаанд явуулалгүй дарж, ноцтой алдаа гаргасан” гэх үндэслэлээр түүнийг ажлаас халсныг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн Х.Б нь тухайн хэргийн прокурор, мөрдөгч, өмгөөлөгч нарын ажлын хариуцлагын талаарх гомдлоо холбогдох эрх бүхий байгууллагад гаргах эрх нь нээлттэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.7, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ...шүүхийн шүүгч С.О, ...шүүхийн шүүгч Д.Р нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, тэдэнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                         Д.ЭРДЭНЭЧУЛУУН  

ГИШҮҮД                                         Ц.ДАВХАРБАЯР

                                                        Г.ЦАГААНЦООЖ