МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-02-14
Дугаар 64
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал, ажиглагчаар өргөдөл /гомдол/ гаргагч Г.Н- нарыг оролцуулан Шүүхийн сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв. Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн саналыг гишүүн Д.Ариунтуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч, өмгөөлөгч Г.Н- гомдолдоо: Өмгөөлөгч миний бие мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар гомдол гаргаж байна.
...шүүхэд Н.Б-гийн нэхэмжлэлтэй, Г.Э-т холбогдох хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэхээр шүүх хуралдааныг даргалж байсан шүүгч Ж.Л нь шүүх хуралдааныг эхлүүлж бүтэн хэлэлцүүлэг явуулсны дараа шүүхийн шийдвэр гаргахгүйгээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд заасан үндэслэлээр “нэхэмжлэгчид нэхэмжлэлээ өөрчлөх боломжийг хангаж байна” гэж хэлээд шүүх хуралдааныг хойшлуулсан. Уг захирамжийг бичгийн хэлбэрээр буулгахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хойшлуулж өөрчлөн ... дугаартай захирамж гаргасан нь шүүгч хүнд байх ёсгүй, зохисгүй үйлдэл юм.
Өмгөөлөгчийн зүгээс захирамжид гомдол гаргаснаар тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаартай тогтоолоор уг ... дугаартай захирамжийг хүчингүй болгосон.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3, 91.1.4-т зааснаар шүүгч Ж.Л-гээс татгалзсан. Гэтэл тус шүүхийн шүүгч Э.А нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаартай захирамж, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ... дугаартай захирамжаар шүүгч Ж.Л-гээс татгалзсан татгалзлыг удаа дараа хүлээн аваагүй.
Иймд шүүгч Ж.Л-, Э.А нар нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлийн 2.3.1, 3.2 дугаар зүйлийн 3.2.1, 3.3 дугаар зүйлийн 3.3.2, 3.3.6-д заасныг зөрчсөн, хууль болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг зөрчсөн гэж үзэж байх тул тэдэнд хариуцлага тооцож өгнө үү гэжээ.
...шүүхийн шүүгч Ж.Л хариу тайлбартаа: 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч “...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах боломжоор хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлт гаргасан тул уг хүсэлттэй холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг шийдвэрлэх нь тэдний эрхийг хангах, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх үндэс болдог. Хүсэлтийг зөвхөн шүүх хуралдаанаас өмнө гаргах талаар хатуу зохицуулалтыг хуульд тусгаагүй. Шүүх хуралдааны өмнө болон шүүх хуралдааны үед, нотлох баримт шинжлэн судалсантай холбоотойгоор талуудаас нэмэлт тайлбар, хүсэлт гаргах боломжтой бөгшөөд түүнийг шийдвэрлэх журмыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 105, 112, 38 дугаар зүйлд тус тус тусгасан. Иймд миний бие ёс зүйн дүрмийн хэм хэмжээг зөрчсөн, зүй бус үйлдэл, эс үйлдэхүйг гаргаагүй гэж үзэж байна гэжээ.
...шүүхийн шүүгч Э.А хариу тайлбартаа: Тус шүүхэд ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д зааснаар шүүгчээс татгалзсан хэргийн оролцогчдын татгалзлыг шийдвэрлэж байсан ба ерөнхий шүүгчийн хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн гэжээ.
Сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяа 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: ...2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.15-д “сахилгын хорооны гишүүний гуравны хоёр нь бүрдсэнээр түүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно” гэж заасан.
Шүүхийн сахилгын хороо 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдаж, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус хорооны дарга сонгогдон, улсын бүртгэлд бүртгэгдсэн тул сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө.
...Өргөдөл гаргагч өмгөөлөгч Г.Н-гийн гаргасан гомдлын дагуу тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэгийг шалгахад бичлэгийн 2 дугаар хэсгийн 2 минут 42 секундээс 3 минут 54 секундэд шүүгч Ж.Л нь шүүгчийн захирамжийг уншиж сонсгосон байх ба бичлэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 123-д заасны дагуу хойшлуулж байна гэж тайлбарлан хэлж байгаа нь тус шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ... дугаартай захирамжтай утга нэг байна.
Тодруулбал, гомдол гаргагчийн “захирамжийн үндэслэх хэсгийг тайлбарлахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, нэхэмжлэгчид нэхэмжлэлээ өөрчлөх боломжоор хангаж байна гэж уншсан, мөн захирамжаа бичгийн хэлбэрт буулгахдаа хойшлуулах үндэслэлээ өөрчлөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан гэж өөрчилж гаргасан” гэх гомдол тогтоогдоогүй, түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу дүрсний бичлэгийг шалгахад “нотлох баримтаа бүрдүүлж ир, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж ир гэж чиглэл өгсөн” гэх гомдол тогтоогдоогүй болно.
Түүнчлэн Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм”-ийн 1.4.2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасан бөгөөд гомдол гаргагчийн “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн ...заалтуудыг зөрчиж нэхэмжлэгчийн талд давуу байдал үүсгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, шүүх хуралдааныг хойшлуулсан” гэх гомдлыг ёс зүйн зөрчил гэж тодорхойлох боломжгүй, Шүүхийн сахилгын хороонд хуулиар шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, дүгнэлт өгөх эрх хэмжээг олгоогүй байна.
Харин шүүгчийн дээрх захирамжид өмгөөлөгч гомдол гаргаснаар ...шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ... дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргаж болно” гэж заасан ба дээрх шүүгчийн захирамжийн тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан нь үндэслэлгүй гэж үзэв.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлээр нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэх ажиллагааг зохицуулсан бөгөөд хэргийн оролцогч талууд шаардлага болон татгалзлаа, нотлох баримтуудаа өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг заасан, тэдний хүсэлтээр зарим тохиолдолд шүүх нотлох баримт бүрдүүлэхээр заасан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэхэд шинээр нотлох баримт шаардлагатай бол энэ талаар хэргийн оролцогч нараас хүсэлт гаргаагүй бол шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд холбогдох нотлох баримтуудыг нэг удаа шүүх хуралдаан хойшлуулахаар хуульд зохицуулсан. Шүүх хуульд заасан дээрх эрх хэмжээний хүрээнд захирамж гаргахдаа хэрэг маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай ямар нотлох баримтыг гаргуулах, бүрдүүлэх талаар тодорхой заагаагүй нь шүүхийн шийдвэр буюу эрхийн акт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна” гэж дүгнэжээ.
Мөн тухайн шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Э.А нь шүүгчээс татгалзсан татгалзлыг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаартай захирамж, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ... дугаартай захирамж гаргахдаа хуульд заасан чиг үүрэг, эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн байна гэж үзэв.
Иймд ...шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ, Ж.Л- нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүнийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 119 дугаартай “Сахилгын хэрэг үүсгэх тухай” захирамжийг хүчингүй болгож, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хорооны гишүүн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Монголын Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны сахилгын шинжээчийн 4/171 дүгээр албан бичгээр Шүүхийн ёс зүйн хороонд шилжүүлсэн өмгөөлөгч Г.Н-гийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн гомдол болон түүний 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан нэмэлт тайлбарыг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад, мөн оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11924 дугаартай захирамжаар ...шүүхийн шүүгч Ж.Л-, Э.А нарт сахилгын хэрэг үүсгэжээ
Гишүүн Д.Ариунтуяа 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ...шүүхийн шүүгч Ж.Л-, Э.А нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь үндэслэлтэй байна.
Тус сахилгын хэрэгт ...шүүхийн шүүгч Ж.Л-, Э.А нарын тайлбар, Сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 155 дугаартай захирамжийн дагуу гаргуулсан ...шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШЗ2020/11826 дугаартай захирамжтай, Г.Б-гийн нэхэмжлэлтэй, Н.Э-т холбогдох иргэний хэргийг хэлэлцсэн шүүх хуралдааны тэмдэглэл, дуу, дүрсний бичлэгийн хуулбарууд нотлох баримтаар авагдсан байна.
Өргөдөлд ...шүүхийн шүүгч Ж.Л-г 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Н.Б-гийн нэхэмжлэлтэй, Г.Э-т холбогдох хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэхээр шүүх хуралдааны хэлэлцүүлэг явуулсны дараа шүүхийн шийдвэр гаргахгүйгээр шүүх хуралдааныг хойшлуулсан захирамж гаргахдаа өөрчилсөн нь шүүгч хүнд байх ёсгүй, зохисгүй үйлдэл гаргасан гэсэн гэж өргөдөлд дурдсан нь баримтуудаар тогтоогдохгүй байна.
Шүүгч Ж.Л- мөн өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан захирамж гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг баримталсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон дуу, дүрсний бичлэгээр нотлогдож байна. Тухайн шүүгч захирамжийг өөрчилсөн гэх үйл баримт хэрэгт цугларсан дээрх баримтуудаар нотлогдсонгүй гэж үзнэ.
Харин гомдол гаргагч Г.Н- нь шүүгч Ж.Л-гээс татгалзах тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгч Э.А нь ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаандаа шийдвэрлэжээ. ...шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 184/ЕШ2020/02181 дугаартай болон 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ЕШ2020/02305 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжуудаар “шүүгч Ж.Л-г татгалзан гаргах тухай” хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Г.Н- нарын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д заасан ерөнхий шүүгчийн бүрэн эрхэнд хамаарч байна.
Өөрөөр хэлбэл, шүүгч Ж.Л-, Э.А нар хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргажээ. Шүүхийн сахилгын хороо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шийдвэрийн үндэслэлд үнэлэлт дүгнэлт өгөх, гаргасан шийдвэртэй нь холбоотойгоор шүүгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Шүүгч нарын үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан өргөдөл /гомдол/-д дурдсан үйл баримтууд нь тухайн үед мөрдөгдөж байсан Шүүгчийн ёс зүйн 2.3, 3.2, 3.3 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн сахилгын зөрчил гаргаагүй байна гэж бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяагийн ...шүүхийн шүүгч Ж.Л-, Э.А нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2, 112.6, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ...шүүхийн шүүгч Ж.Л-, Э.А нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ГИШҮҮН Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮД Д.МЯГМАРЦЭРЭН
С.ЭНХТӨР