МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-02-11
Дугаар 55
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Х.Хашбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан Шүүхийн Сахилгын хорооны хуралдааны танхимд хийв.
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн саналыг гишүүн Б.Сугарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хорооны гишүүн Б.Сугар 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “...Гомдол гаргагч гаргасан гомдолдоо 3 зөрчлийг тухайлан дурдаж, гомдлоо гаргасан байх тул тэдгээр 3 зөрчил гэж үзсэн гомдол тус бүрээр нь дүгнэж үзэхэд:
- Хариуцагч тал болох М ТӨҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-тай нь тус шүүхийн ажилтнаар дамжуулан хэргийг хянан шийдвэрлэж буй шүүгчид авлига өгсөн байж болзошгүй гэх гомдлын тухайд:
Шүүхийн сахилгын хороо нь гэмт хэрэг тухайлбал авлига, албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгах, гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг тогтоох эрх хэмжээгүй, хуулиар гэмт хэрэг, зөрчлийг мөрдөн шалгах байгууллага нь тусдаа өөр байгууллага байдаг.
Хэрэв шүүгчийг авлига авсан гэм буруутай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа бол энэ талаарх гомдлоо шийдвэрлэх эрх бүхий байгууллагад нь хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.
Шүүхийн сахилгын хороонд авлига авсан эсэхийг мөрдөн шалгаж тогтоох бүрэн эрх олгогдоогүй, харьяаллын бус асуудал болно.
Харин тухайн өдөр ...шүүхийн архив бичиг хэргийн эрхлэгч Д.А- нь тус шүүхийн байрны 2 давхарт 205А тоотод ажил үүргээ гүйцэтгэдэг ба А.Э- гэдэг хүнтэй уулзсан, түүний цүнх болон тортой зүйлийг шүүх хуралдаан дуустал өрөөндөө байлгаж, буцаан өгсөн болох талаараа тайлбараа ирүүлсэн байна. Мөн уг хоёр хүн уулзсан болох нь бүртгэлийн дэвтрээр батлагдаж нотлогдож байгаа болно.
Иймд шүүгч З.Т- нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.1.2-т “Шүүгч хэргийн оролцогч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдтэй хувийн харилцаа тогтоох, шууд болон шууд бусаар тусламж авах, хувьдаа ашиг олох,... зэрэг хууль бус хангамж эдлэх зэргээр албан тушаалын нэр хүндийг ашиглан ямар нэгэн давуу байдал бий болгохыг хориглоно”, мөн дүрмийн 4.5.1-д “Шүүгч албан үүргээ биелүүлсэн болон биелүүлээгүйн төлөө өөрөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдээр дамжуулан бусдаас төлбөр, бэлэг, зээл, өв хөрөнгө, хандив, үйлчилгээ, урамшуулал, бусад үнэ бүхий зүйл авахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
- Иргэн Б.Э- миний зүгээс албан ёсоор хандаж “эд хөрөнгийн хөрөнгийн үнэлгээний газар”-аар ямар нэг үнэлгээ хийлгэх тухай нэг ч үг дурдаагүй, хүсэлт гаргаагүй байхад иргэн Б.Э- миний огт мэдэхгүй Хөрөнгийн үнэлгээний “А-” ХХК-ийн үнэлгээчин П.Болормаа гэгч хүн гэнэт тодорхойгүй нөхцөлөөр гаргаж ирэн иргэн Б.Э- миний нэхэмжилж буй зохиогчийн “эх гар бичмэл”-үүдэд үнэлгээ хийлгэнэ хэмээн зааж оруулсан явдал хардлага төрүүлж байна. Түүнчлэн ...үнэлгээчин П.Б-г 2020 оны 02-р сарын 21-ний өдрийн дотор “шинжээчийн дүгнэлт”-ээ ... хугацааг мэдсээр байж санаатайгаар хэтрүүлэн дураар аашилж 2020 оны 05-р сарын 07-ны байдлаар шүүхэд ирүүлээгүй, шүүх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зориуд санаатайгаар саад учруулж ... хугацаандаа өгөхгүй байгаа “Шинжээчийн дүгнэлт”-ийг нь хуульд заасан журмын дагуу шаардан авч хэрэгт оруулж өгөөч гэсэн хүсэлтийг үл хэрэгсэн байгаад гомдолтой байна” гэж мөн гомдлынхоо үндэслэл болгон дурджээ.
Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянах, хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээгүй бөгөөд тус хорооны харьяалан шийдвэрлэх, эрхлэх асуудлын хүрээнд хамааралгүй.
Тиймээс уг захирамжийн талаар Шүүхийн сахилгын хороо үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна.
Нэхэмжлэгч Б.Э- нь ...шүүхэд 2019.12.19-ний өдөр шинжээч томилуулах хүсэлт гаргаж байсан талаарх баримт сахилгын хэрэгт мөн авагдсан байгааг дурдах нь зүйтэй.
- Гомдол гаргагчаас “шүүгч 3. Т- нь өөрийн гаргасан 2020.01.02., дугаар ... тоот захирамжаа “...шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамж” гэсэн Төрийн сүлдэт албан хуудас дээр гаргаж тус шүүхийн “Ерөнхий шүүгч” уг захирамжийг гаргасан мэт ойлгуулах үйлдэл хийн шүүгчийн ёс зүйг зөрчин иргэн Б.Э- намайг төөрөгдүүлж, шүүгчийн энэ зохисгүй үйлдлээс болж иргэн Б.Э- би уг захирамжийг гаргасан шүүгчийн талаар илт буруу ойлголт авч, энэхүү захирамж нь Шүүхийн Ерөнхий шүүгч гаргасан захирамж тул иргэн би дахиад Ерөнхий шүүгчид гомдол гаргах боломжгүй хэмээн эндүүрэлд хүрсэндээ гомдолтой байна.” гэжээ.
...шүүхийн шүүгчийн “Хүсэлт шийдвэрлэж, шинжээч томилон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” ... дугаар захирамжийг хянасан тус шүүхийн 2020.05.07-ны өдрийн ... дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг Ерөнхий шүүгчийн захирамж гэсэн бланк дээр хэвлэсэн болохыг дурдаж энэ нь техникийн шинжтэй алдаа гэж дүгнэсэн болох нь уг тогтоолоор тогтоогдож байна.
Шүүгчийн захирамжийг хэвлэхдээ Ерөнхий шүүгчийн захирамж гэсэн бланк дээр хэвлэн гаргасныг ёс зүйн болон сахилгын зөрчил гэж тодорхойлох боломжгүй, энэ талаар шүүх мөн дүгнэсэн байгаа болохыг дурдах нь зүйтэй.
Энэ Ерөнхий шүүгчийн захирамж гэх буруу бланк дээр шүүгч захирамжаа хэвлэн гаргаснаас шалтгаалж нэхэмжлэгчийн захирамжид гомдол гаргах эрх зөрчигдөөгүй, түүний гомдлын дагуу захирамжийг хянасан, шүүхээс нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг эдлүүлсэн байна.
Иймд ...шүүхийн шүүгч З.Т-өд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав, гэжээ.
Шүүгч З.Т- тайлбартаа: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6,-д заасан үндэслэлээр нотлох баримт бүрдүүлүүлэх тохиолдолд шүүх хэргийн оролцогчийн сонгосон этгээдийг бус Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан /тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тусгай зөвшөөрөлтэй, ашиг сонирхлын зөрчилгүй гэх мэт/ нөхцөлийг судлан үзэж, харшлах шалтгаангүй этгээдийг шинжээчээр томилж, эрх, үүргийг танилцуулах ажиллагаа хийгддэг.
Нэхэмжлэгч Б.Э- "...өөрийн эцэг Ш.Б-ийн бүтээсэн бүтээлүүд оюуны өмч болох..., гар бичмэл эх хувь тус бүр ямар үнэлгээтэй эсэх...” талаар хүсэлт гаргасан. Үүнээс гадна Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1290 дугаар магадлалд "...нэхэмжлэлд дурдсан зохиол бүтээлүүд үрэгдсэн эсэх, хэвлэн нийтлэгдсэн бүтээлээс эх хувь үрэгдсэн хэсгийг сэргээх боломжтой эсэхийг ялгаж салгаж дүгнээгүй...нэхэмжлэгчид учирсан гэх гэм хорын хохирлын хэр хэмжээ ...тодорхой бус..." гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байсан.
Иймд нэхэмжлэгчийн хүсэлт нь тусгай мэдлэг шаардсан утга зохиол, тооцоололтой холбоотой байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар хангаж, шинжээчээр Оюуны өмчийн газар, Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээдийг томилж, шинжээчид нэхэмжлэгч Б.Э-ын хүсэлтэд заасан асуултаас гадна шүүгч тодруулбал зохих ажиллагааг хийх эрх, үүргийн дагуу асуулт нэмэлтээр тавьсан.
Шүүх шинжээчээр П.Б-г томилохдоо, тусгай зөвшөөрөл олгодог эрх бүхий байгууллага болох Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институттэй холбогдож тусгай зөвшөөрөлтэй этгээдүүдийн талаарх мэдээлэл хариуцсан хүнээс mof.gov.mn хаяг авч, хэд хэдэн этгээдийг сонгон туслахаараа холбогдуулсан. Тэд шинжээчийн зардал төлөх асуудлаас шалтгаалан татгалзсан хариу өгч байсан. Шинжээч нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр шинжилгээ хийх үүрэгтэй ч шинжээчийн зардлаа төлүүлэх- эрхтэй. Энэ нь хууль, шүүхийн өмнө хэн ч давуу эрх эдлэхгүй, эрх тэгш байх зарчим юм. Өөрөөр хэлбэл, шүүх хэн нэгнийг эрхээр нь хангахын тулд нөгөө этгээдийн эрхийг зөрчиж давуу байдал олгож болохгүй.
Иймд шүүх шинжээчийн зардлыг төлүүлэхгүйгээр дүгнэлтийг хүчээр авах боломжгүй тул шүүгчийн туслах байсан Д.А-г үүссэн нөхцөл байдал болон шинжээчийн зардлыг хэрхэн хуваарилан шийдвэрлэж болох талаар нэхэмжлэгч Б.Э-ад танилцуулахад “...шинжээчийн зардлыг төлнө гэсэн тайлбарыг амаар өгч” зөвшөөрсөн байсан. Энэ талаар шүүгчийн туслах Д.А надад танилцуулсан тул хэрэгт ашиг сонирхлын зөрчилгүй, шинжээчийн дүгнэлт гаргахаар зөвшөөрсөн, хөрөнгийн үнэлгээ гаргах зөвшөөрөлтэй, өмнө нь шинжээчээр томилж байгаагүй П.Б-г шинжээчээр томилсон. Энэ нь өөрийн болон бусдын ямар нэг ашиг сонирхлоор хандаж бус хэргийн оролцогч нарт чирэгдэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай явуулах үүднээс хуулийн дагуу хийсэн ажиллагаа.
2. Шинжээч П.Б нь шинжээчийн дүгнэлтийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхийн тогтоосон хугацаанд гаргах боломжгүй байгаа талаар мэдэгдэж байсан тул шүүх захирамжийн биелэлтийг шаардах боломжгүй байсан.
Учир нь: Шинжээч нь дэлхий нийтээр тархаад байгаа цар тахал болох СО\/ID-19 шалтгаалан Монгол улсад онц байдал зарлан хөл хорио тогтоосны улмаас орон нутаг руу явах, баримт байгаа хүмүүстэй уулзах боломжгүй байгаа талаар шүүгчийн туслахтай утсаар холбогдон удаа дараа мэдэгдэж, албан бичгийг 2020 оны 3, 4 дүгээр сард ирүүлж байсан.
Шинжээч П.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан талаар албан бичгээр мэдэгдсэн ба зардлаа шаардсан баримтыг ирүүлсэн. Энэ талаар нэхэмжлэгч Б.Э-ад мэдэгдэхэд зардал төлөхгүй гэсэн тайлбарыг өгсөн гэж шүүгчийн туслах танилцуулсан. Шүүгч би энэ талаар тус шүүхийн тамгын газарт мэдэгдсэн. Гэвч шүүхэд шинжээчийн зардлыг шийдвэрлэх төсөв байхгүй, сард өгсөн 120.000 төгрөгийг буцаан татсан, 6 сараас мөнгө орж ирэх эсэхийг мэдэхгүй, орж ирсэн ч сард 120.000 төгрөгийн санхүүжилт өгөх байх гэсэн тайлбар өгсөн. Энэ талаар шинжээч П.Б-д шүүгчийн туслах амаар, шүүхийн тамгын газар албан бичгээр мэдэгдсэн.
Шүүгч шинжээчийн зардлыг төлөлгүйгээр дүгнэлтийг албадан авах эрхгүй ч шүүн таслах ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах үүднээс шинжээчээс дүгнэлт шаардахыг тус шүүхийн тамгын газарт мэдэгдэж байсан.
Харин шинжээч П.Б нь үүссэн нөхцөл байдлыг ойлгож дүгнэлтээ 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн.
Иймд шүүгч би бусдын нөлөөнд автаж биш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн, түргэн шуурхай явуулахад оршиж байсныг зохигчдын хэн хэн нь ойлгох байх гэж бодож байна.
Одоо уг хэрэг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр шилжин ирж ажиллаж байгаа шүүгч Т.Б-д 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу хуваарилагдсан.
Мөн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор нэхэмжлэгч Б.Э- тус шүүхийн бүх шүүгчдээс татгалзсаныг хүлээн авч, Ерөнхий шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 11- ний өдрийн 558 дугаар захирамжаар хэргийг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
3. Нэхэмжлэгч Б.Э-ын хүсэлтийг шийдвэрлэсэн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ... дугаар захирамжтай холбоотой асуудлаар гомдол /шинжээч томилсон, шүүгчийн захирамж Ерөнхий шүүгчийн захирамжийн хэвлэмэл бланк дээр гарсан талаар/ гаргасныг шүүх бүрэлдэхүүн хангахаас татгалзаж, техник ажиллагаатай холбоотой асуудал болохыг үндэслэх хэсэгт дүгнэсэн. Гэхдээ энэ захирамж нь Б.Э-ад хуулбар хэлбэрээр байгааг анхаарч үзнэ үү.
4. Тус шүүхийн 2 давхарт шүүгч нараас гадна тамгын газрын ажилчид суудаг. 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр болсон Гомдол хэлэлцэх иргэний шүүх, хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Э- гэх хүнтэй шүүгч би уулзаагүй.
Харин гомдлыг дагуу хэн уулзсан талаар тодруулахад архив бичиг хэргийн эрхлэгч Д.А- уулзсан байсан. Тэд тухайн үед ямар зорилгоор уулзсан талаар мэдэхгүй тул бичсэн тайлбарыг нь авч хүргүүлсэн.
Харин тус шүүхийн шүүгч нар болон шүүгч би архив бичиг хэргийн эрхлэгч Д.А-аар дамжуулан н.Э- гэх хүнээс ямар нэг авлига, хээл хахуулын зүйл аваагүй ба ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн зүйл байхгүй.
Энэ асуудлыг Авлигатай тэмцэх газар Б.Э-ын гаргасан гомдлын дагуу шалгаад хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн.
Шүүх, Шүүгч шүүн таслах ажиллагаагаа хараат бусаар явуулдаг тул хэн, хаана гомдол гаргасан нь хэрэг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй. Сэрдэх эрх хэнд ч байж болох ч нотлох баримт, үндэслэлгүйгээр гүтгэж болохгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдлийг Сахилгын хорооны гишүүн Б.Сугар 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад, мөн оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 67 дугаар захирамжаар ...шүүхийн шүүгч З.Т-өд сахилгын хэрэг үүсгэсэн байна.
Гишүүн Б.Сугар сахилгын хэрэг үүсгэсний дараа шалгах ажиллагаа явуулж, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ...шүүхийн шүүгч З.Т-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь үндэслэлтэй байна.
Сахилгын хэрэгт ...шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай гомдол хэлэлцэх тогтоол, хуралдааны тэмдэглэл, 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн ... дугаар хүсэлт шийдвэрлэж, шинжээч томилон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаартай хэрэг шилжүүлэх Ерөнхий шүүгчийн захирамж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 1290 дугаар магадлал, нэхэмжлэгч Б.Э-ын шинжээч томилуулах тухай хүсэлт, үнэлгээний “А-” ХХК-ийн 4 удаагийн хүсэлт, Налайх дүүргийн Тамгын
газрын архив, бичиг хэргийн эрхлэгч Д.А-ийн тайлбар зэрэг нотлох баримтууд авагдсан байна.
Гомдолд дурдагдсан шүүхийн ажилтнаар дамжуулан хэргийг хянан шийдвэрлэж буй шүүгч авлига авсан байж болзошгүй гэх асуудлыг мөрдөн шалгаж, тогтоох, шийдвэрлэх бүрэн эрх хуулиар Шүүхийн сахилгын хороонд олгогдоогүй байна.
Шүүгч 3. Т-ийг авлига авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа бол энэ тухай гомдлоо шалгах эрх бүхий хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх эрх нээлттэй байгааг дурдъя.
Өргөдөлд дурдсан “миний огт мэдэхгүй хөрөнгийн үнэлгээний “А-” ХХК-ийн үнэлгээчин П.Б-г шүүх шинжээчээр томилон дүгнэлт гаргуулсан” гэх асуудлын тухайд шүүгч “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилсон бөгөөд заавал түүний хүссэн газраар шинжээч томилно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй ба энэ хуулийн заалтыг шүүгч зөрчсөн гэж үзэхгүй.
Шүүгч З.Т-ийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ... дугаар захирамжид гаргасан гомдлыг ...шүүх хянан хэлэлцээд 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар тогтоолоор захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Шүүхийн сахилгын хороонд шинжээч томилсон шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянах, өөрчлөх, хүчингүй болгох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй бөгөөд тус хорооны харьяалан шийдвэрлэх, эрхлэх асуудлын хүрээнд хамаарахгүй болно.
Шүүгчийн захирамжийг хэвлэхдээ Ерөнхий шүүгчийн захирамж гэсэн хэвлэмэл хуудсан дээр хэвлэн гаргасныг ёс зүйн болон сахилгын зөрчил гэж тодорхойлох боломжгүй, энэ талаар шүүх мөн дүгнэсэн байгаа болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгч захирамжаа эхлээд ерөнхий шүүгчийн захирамжийн хэвлэмэл хуудсан дээр гаргаснаас шалтгаалж, нэхэмжлэгчийн уг захирамжид гомдол гаргах эрх зөрчигдөөгүй, шүүх гомдлыг хүлээн авч хуулийн дагуу хянан шийдвэрлэсэн байна.
Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргах эрх зүйн актын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэж энэ хуулийн 115, 116 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж зааснаар зохицуулсан ажиллагааг хийсэн нь шүүгчийн сахилгын зөрчилд тооцогдохгүй байна.
Өргөдөлд дурдсан дээрх үйл баримт нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн /цаашид “сахилгын зөрчил” гэх/ шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна.” гэсэнд хамаарахгүй байна.
Шүүгч З.Т- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэхдээ зөрчил гаргасан, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-т заасан зарчмыг зөрчсөн болох нь сахилгын хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдоогүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.6, 112.8 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүн Б.Сугарын 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ...шүүхийн шүүгч З.Т-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг Сахилгын хорооны гишүүн болон өргөдөл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Э.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН Х.ХАШБААТАР
О.НОМУУЛИН