МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-02-09
Дугаар 39
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Б.Сугар, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан Шүүхийн сахилгын хорооны хуралдааны танхимд хийв. Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн саналыг гишүүн С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хорооны гишүүн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “... шүүгч Н.Д-д холбогдуулан Ц.М- 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гаргасан өргөдлийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч танилцахад 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-иас өмнө болсон үйл баримттай холбоотой байх тул мөн хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсгийн 104.1.1-т “энэ хуулийн 55 дугаар зүйлд заасан зөрчилд хамаарахгүй бол;” гэх үндэслэлээр сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах захирамж гаргах боломжгүй тул сахилгын хэрэг үүсгэсэн болно. Учир нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ...” гэж заасан.
Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 104 дүгээр зүйлийн 104.2 дах хэсэгт заасны дагуу сахилгын хэрэг үүсгээгүй байхад өргөдөл мэдээлэлтэй холбоотой ажиллагаа явуулах талаар хуульд заагаагүй байна. Иймээс мөн хуулийн 105 дугаар зүйлд зааснаар сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, 106 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийж, өргөдөлд бичсэн үйл баримт нь сахилгын хэрэг мөн эсэх талаар дүгнэж, үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг бичив.
Шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж, хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, шийдвэрийг танилцуулж, бичгээр үйлдэж, улмаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг өөрөө ирж гардаж аваагүй тул шүүхээс хүргүүлэх ажиллагаа хийгджээ. ...шүүхийн шүүгч Н.Д- Монголын Хуульчдын холбооны шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн 2014 оны оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/08 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмээр хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулав.” гэжээ.
Шүүгч Н.Д- тайлбартаа: “Иргэн Ц.М-гаас ... дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Тус дүүргийн Засаг даргын “Газар чөлөөлөх тухай” захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулж уг захирамжийн дагуу дүүргийн газрын албаны явуулсан ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах, надад учирсан хохирол болох 12918000 төгрөгийг ... дүүргийн засаг дарга болон дүүргийн газрын албанаас хувь тэнцүүлэн гаргуулах” тухай нэхэмжлэлийг Шүүгч Ц.М-, С.Т- нарын бүрэлдэхүүнтэй 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хэлэлцээд ... дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 сарын 25-ны өдрийн 0504 дүгээр магадлалаар хэвээр үлдээсэн ба Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүхийн 2019 оны 12 сарын 02-ны өдрийн 140 дүгээр тогтоолоор Ц.М-гийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан тус шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээснээр дээр дурдсан анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Миний бие иргэн Ц.М-гийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн хуульд захирагдан шийдвэрээ гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Авлигын эсрэг хууль болон шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг огт зөрчөөгүй болно.
Тус захиргааны хэргийг шүүгч миний бие даргалж, Шүүгч Ц.М-, С.Т- нарын бүрэлдэхүүнтэйгээр 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хэлэлцээд ... дугаар шийдвэрээр хэргийг шийдвэрлэн уг шийдвэрээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108.3- д заасан хугацаанд буюу 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурж бэлэн болгосон.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т “шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч...энэ хуулийн 108.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг гардан авна” гэж зааснаар нэхэмжлэгч Ц.М-д 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шүүхийн шийдвэрээ гардаж авахыг мэдэгдсэн боловч өөрөө хүрэлцэн ирж гардаж аваагүй. Түүнээс хойш буюу 2019 оны 6 сарын 14-нд, 7 сарын 16-нд тус тус утсаар ярьсан боловч шүүхэд ирж гардаж аваагүй тул 2019 оны 7 сарын 16-ны өдрийн 1/5118 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн гэрийн хаягаар нь шуудангаар хүргүүлсэн ба энэ хугацаанаас өмнө буюу 2019 оны 5 сарын 30- нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байсан.
Үүнээс үзвэл иргэн Ц.М-гийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ хуульд заасан хугацаанд нь гаргасан, энд хууль зөрчсөн зүйл байхгүй бөгөөд харин нэхэмжлэгч нь өөрөө албаар шийдвэрээ гардаж авах үүргээ биелүүлэхгүй, ирж авахгүй хууль зөрчиж байсан нь тодорхой тогтоогдож байна. Нөгөө талаар Ц.М-гийн гомдол нь хууль болон Шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан, гомдол гаргах болон гомдолд сахилгын хэрэг үүсгэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгааг харгалзаж үзэхийг хүсэж байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.М-гаас гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдлийг Сахилгын хорооны гишүүн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад, мөн оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 72 дугаар захирамжаар ... шүүхийн шүүгч Н.Д-д холбогдуулан сахилгын хэрэг үүсгэсэн байна.
Сахилгын хорооны гишүүн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Д-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь үндэслэлтэй байна.
Тус сахилгын хэрэгт ... дүүргийн Засаг даргад холбогдох Ц.М-гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гаргасан захирамж, түүний дагуу явуулсан үйл ажиллагааг хүчингүй болгуулж, хохирол гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ... шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар шийдвэр, тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, дуу, дүрс бичлэгийн хуулбар, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 0504 дугаар магадлал, хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 531 дүгээр шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хангахгүй орхисон, хяналтын шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 140 дугаар шүүхийн тогтоол, шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шийдвэрийг өөрөө ирж гардаж аваагүйтэй холбоотойгоор нэхэмжлэгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг хүргүүлсэн 2019 оны 7 сарын 16-ны өдрийн 1/5118 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн гэрийн хаягаар нь шуудангаар хүргүүлсэн баримт, шүүхийн шийдвэрийг 15 дахь хоног дээр нь ирж ав гэж хэлсэн талаар бичигдсэн бичлэг зэрэг нотлох баримтууд авагдсан байна.
Шүүгч шүүхийн шийдвэр, түүнийг гаргах талаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дах хэсгийн 106.3.14-т “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл уг шийдвэрийг хэвээр үлдээнэ” гэж, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дах хэсгийн 123.2.1-т “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.
Түүнчлэн, шүүхийн шийдвэрийг танилцуулах, шийдвэр хүчинтэй болох болон шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шийдвэрийг өөрөө ирж гардан авах, ирээгүй тохиолдолд хүргүүлэх журмыг мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3, 108.4, 108.6, 108.7 дах хэсгээр тус тус зохицуулсан ажиллагааг хийсэн нь шүүгчийн сахилгын зөрчилд тооцогдохгүй.
Өргөдөлд дурдсан дээрх үйл баримт нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн /цаашид “сахилгын зөрчил” гэх/ шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна.” гэсэнд хамаарахгүй байна.
Шүүгч Н.Д- нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан заалтыг хэрэгжүүлэхдээ зөрчил гаргасан болох нь сахилгын хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдоогүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2,112.6, 112.8 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ... шүүхийн шүүгч Н.Д-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
- Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
- Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН Б.СУГАР
Ц.ДАВХАРБАЯР