info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-02-08

Дугаар 35

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Х.Хашбаатар, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал, ажиглагчаар гомдол гаргагч Ш.Б- нарыг оролцуулан Шүүхийн сахилгын хорооны хуралдааны танхимд хийв.

Иргэн Ш.Б-аас гаргасан гомдлын дагуу шүүгч Т.Г-д Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 83 дугаар сахилгын хэрэг үүсгэсэн захирамжтай, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн Ш.Б- гомдолдоо: “...Би 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Т.Д-ээс 8.800.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус дүүргийн шүүгч Т.Г- даргалж шийдвэрлэхдээ зээлийн гэрээ дуусангуут Т.Д-бид харилцан тохиролцож гэрээг бичгээр баталгаажуулсаар байтал авч үзэхгүй илт хариуцагчийн талд шийдвэр гаргаж 3.395.000 төгрөгөөр намайг хохироосон.

Хариуцагч этгээд шүүхийн шийдвэрийг заасан хугацаанд хэрэгжүүлээгүй тул албадан гаргуулах хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан юм. Шүүгч Т.Г- шүүхийн шийдвэртээ Төмөрцогтыг гэх овгийг Цогтын болгож өөрчлөн гаргасан тул хариуцагчийн данс хөрөнгөнөөс хохирлыг гаргуулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг дахин гаргуулж ир гэж буцаасан. Энэ үед Т.Г- нь амралттай байгаа шалтгаанаар утсаа авахгүй байсан тул тамгын газрын даргад нь хандаж байж Улаанбаатар хотод амарч байгаа хүн дээр засгийн унаа явуулж зардал чирэгдэл гарган байж шүүхийн шийдвэрийг нь засуулсан болно. Тэтгэврийн насны намайг эд хөрөнгө цаг хугацаагаар хохироосон Т.Г- шүүгчид маш их гомдолтой байна.” гэжээ.

Шүүгч Т.Г- тайлбартаа:       “Ш.Б-ы нэхэмжлэлтэй Т.Д-т

холбогдох 8.800.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, ...2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1192 дугаар шийдвэрээр хариуцагч Т.Д-гээс 5,405,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Б-д олгож, нэхэмжлэлээс 3,395,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Тухайн шийдвэрт зохигчийн хэн аль нь гомдол гаргаагүй тул ...шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Уг шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч гаргасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 8637 дугаар захирамжаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна. Иймд тухайн шийдвэрийг Ш.Б-ыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх бөгөөд илт хариуцагчийн талд шийдвэр гаргасан гэсэн утга бүхий гомдол үндэслэлгүй байна.

Дээрх шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэг болон тогтоох хэсэгт хариуцагч Т-ын Д-ийн эцэг /эх/-ийн нэр болох Төмөрцогтын нэрийг Цогт гэж бичин техникийн алдаа гаргасан байсан нь үнэн. Миний бие 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд ээлжийн амралттай байсан ба 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Н.Х утсаар "Б- гэж хүн ирээд шүүхийн шийдвэр дээр хариуцагчийн овгийг буруу бичсэн байна, үүний улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах боломжгүй болоод байна, олон дахин явах боломжгүй, засаж өг гээд уурлаад байна яах вэ гэж" ярьсан. Энэ асуудлыг шүүхэд хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлнэ гэдгийг хэлсэн. Харин Ш.Б- нь ийм боломжгүй, өөрсдөө буруу бичиж төвөг удлаа, надад хүсэлт бичиж яваад байх тийм зав алга гээд уурлаад байна гэдэг асуудлыг ярьсан.

Үг, үсгийн алдаа буюу техникийн алдаа гарсан шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй бол хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсэгт заасныг үндэслэн тухайн шүүгч шийдвэрээ тайлбарлах замаар тухайн алдааг залруулах боломжтой байдаг. Миний бие тухайн үед ээлжийн амралттай байснаас иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад нэхэмжлэгчийг цаг алдуулахгүй, мөн хэргийн оролцогч болох нэхэмжлэгч Ш.Б-, хариуцагч Т.Д-нар шүүх хуралдаанд оролцож хэнээс, хэдэн төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байгааг шүүхийн шийдвэрийн агуулгыг танилцуулахад сонсож мэдсэн /хариуцагч нь Төмөрцогтын Д-үү, эсвэл Цогтын Д-оролцсон уу гэдгийг/ гэж үзэн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр би өөрөө шүүх дээр хувийн унаагаараа очиж хэргийн материал болон программ руу орж шийдвэрээ үзээд алдааг засаж өгсөн. Миний бие шүүхийн шийдвэрээр шийдвэрлээгүй асуудлыг нэмж оруулаагүй, тоон мэдээллийг засварлаагүй, хэрэгт авагдаагүй, хэлэлцэгдээгүй баримтыг оруулж шүүхийн шийдвэрийн утга санааг өөрчлөөгүй болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шүүхийн шийдвэрийг засуулаад ир гэдэг байдлаар буцаах үндэслэлгүй бөгөөд хуульд заасан бүрдүүлбэл зохих материалыг хүлээн авч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх эсэх асуудлыг тогтоол гаргаж шийдвэрлэдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан "гүйцэтгэх баримт бичиг"-ийн шаардлагыг хангаагүй тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гарган гүйцэтгэх баримт бичиг олгосон шүүхэд буцаахаар хуульд зохицуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт "гүйцэтгэх баримт бичиг"-т ямар баримтууд хамаарах болохыг заасан ба үүнд шүүхийн шийдвэр орохгүй. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэрийг шаардлага хангахгүй байна гэж үзэх, хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй. Харин шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхэд үг, үсэг, тоон мэдээлэл буюу техникийн алдаа болон бусад үндэслэлээр шүүхийн шийдвэрийн зарим заалтыг хэрхэн биелүүлэх нь ойлгомжгүй, тодорхойгүй нөхцөл байдал үүсвэл тайлбар авах байдлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагддаг.

Шүүгч миний бие дээрх хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй, мөн ёс зүйн зөрчил гаргаагүй гэж үзэж байна. Иймд Ш.Б-ы гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж өгнө үү.” гэжээ.

Гишүүн Ц.Давхарбаяр 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 192 дугаар шийдвэрийн удиртгал хэсэгт хариуцагч Т.Д-ийг Ц.Д-гэж бичсэн нь шүүгч Т.Г-гийн тайлбар болон бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2-т, “Удиртгал хэсэгт шийдвэрийг хэзээ, хаана ямар шүүх гаргаж байгаа, шүүх бүрэлдэхүүн болон шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн оролцогч болон шүүх хуралдааны оролцогчдыг нэрлэн заана” гэж заасан. Шүүгчийн дээрх үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн энэхүү заалтыг зөрчсөн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн шүүгчид хориглосон заалтын 50.1.23 дэх “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэсэн заалтын агуулгад хамаарахаар байна.

Гэхдээ тухайн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дах заалт нь хуулийн илт тодорхой заалтын ноцтой зөрчсөн, эсхүл удаа дараа зөрчсөн бол хариуцлага тооцохоор заасан ба шүүгч Т.Г-гийн шүүхийн шийдвэрт хэргийн оролцогчийн овгийг алдаж бичсэн үг, үсгийн алдаа буюу техникийн алдааг ноцтой гэж үзэх боломжгүй, мөн удаа дараа гэх байдал тогтоогдохгүй байна.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1192 дугаар шийдвэрээр Ш.Б-ы нэхэмжлэлтэй Т.Д-т холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлдүүлэгч Ш.Б-, зээлдэгч Т.Д-нар гарын үсгээ зурж “Зээлийн гэрээний тодотгол” гэх баримтаар, зээлийн гэрээний хугацааг сунгаж, сар бүр төлөх төлбөрийн хэмжээ, мөн гэрээний хугацаа хэзээ дуусгавар болох талаар тохиролцсоноос өөр эвлэрсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байсан тул гомдлын “... бид харилцан тохиролцож гэрээг бичгээр баталгаажуулсаар байтал авч үзэлгүй илт хариуцагчийн талд шийдвэр гаргасан..” гэх байдал тогтоогдсонгүй. Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар иргэний хэргийг шийдвэрлэснийг сахилгын зөрчилд хамааруулах үндэслэлгүй болно.

Уг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 192 дугаар шийдвэрийг дээрх үндэслэл зэргээр эс зөвшөөрвөл хэргийн оролцогчид давах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрх хуулиар олгогдсон байдаг. Гэтэл сахилгын хэрэгт авагдсан, шүүхийн шийдвэр /магадлал, тогтоол, шийтгэвэр/-ийг хэргийн оролцогчид гардуулсан, хүргүүлсэн тухай Баримт №11-д 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр оролцогчид шийдвэрийг гардан авч, дараагийн шатанд гомдол гаргаагүй, шийдвэр хүчин төгөлдөр болсон байгаа нь тус шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд Сахилгын хорооны гишүүний 33 дугаар захирамжаар үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэв." гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

... шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 01192 дугаар шийдвэрээр хариуцагч Т овогт Ц-ын Д-ээс 5.405.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б овогт Ш-ийн Б-д олгох, нэхэмжлэлээс 3.395.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Ш.Б-д гардуулахаар хүргүүлсэн нь ... шүүхийн шийдвэр хүргүүлсэн баримт №11-ээр нотлогдож байгаа ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

Ш.Б- шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 08637 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангасан. Уг захирамжийг үндэслэн бичигдсэн гүйцэтгэх хуудаст төлбөр төлөгч Төмөрцогтын Д-гэхийг Цогтын Д-гэж бичигдсэн байна.

Шүүхийн шийдвэрт “Цогтын Дг” гэснийг “Төмөрцогтын Дг” гэж бичсэн нь алдаатай болсон, уг алдаагаа залруулсан нь шүүгч Т.Г-гийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан тайлбар болон бусад нотлох баримтаар нотлогдож байна.

... шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1192 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 08637 дугаар захирамж гаргахдаа “Цогтын Д” гэснийг “Төмөрцогтын Д” гэж алдааг залруулсан нь хавтаст хэрэг авагдсан баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэрт төлбөр төлөгчийн овог зөрүүтэй бичигдсэнээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан хугацаандаа хийгдээгүй гэх үндэслэл тогтоогдоогүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар ... дүүргийн 223 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Д.М тайлбар гаргажээ.

Шүүхийн шийдвэрт төлбөр төлөгчийн овгийг буруу бичсэн нь техникийн шинжтэй алдаа тул Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг шүүгч зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Сахилгын хорооны гишүүний Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Г-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.8 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн авч, шүүгч Т.Г-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Магадлалын хувийг хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
  3. Хэргийн оролцогч болон илтгэгч гишүүн магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ              Д.ЭРДЭНЭЧУЛУУН

ГИШҮҮН              Х.ХАШБААТАР

                                Г.ЦАГААНЦООЖ