info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-02-21

Дугаар 71

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн О.Номуулин, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, шүүгч Ч.Д-, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

...шүүхийн шүүгч Ч.Д-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгч Ч.Д- тайлбартаа: “...Шүүгч Ч.Д- гаргасан тайлбартаа: “М-’ ХХК-ийн нэхэмжлэлтэй “М-” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр болж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн.. өмгөөлөгч Э.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ө, Ё.Г, М.О, хариуцагчийн өмгөөлөгч Н.Ц нар оролцсон. Тус шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.А нь “М-” ХХК-ийн захирал Н.-ийн бэртэл илаарших явц удаан байгаа төдийгүй давтан шинжилгээгээр уушгинд хий хуралдсан, доргилтын улмаас элгэнд эмгэг үүссэн болохыг тогтоогдсон тул цаашид нарийвчилсан онош тодруулж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийлгэхийг зөвлөсөн эмч, эмнэлгийн дүгнэлтийн дагуу БНСУ-д эмчилгээнд явахаар болоод байна. Ийнхүү эмчилгээ хийлгэхэд асарч сувилах болон орчуулагчаар дамжуулан харилцах шаардлагын улмаас уг хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа, түүний охин Э.А би БНСУ-руу зорчихоор болоод байна.  Нэхэмжлэгч “М-” ХХК-ийг төлөөлөн оролцож буй төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй болж буй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох хүсэлтэй зэрэг шалтгааны улмаас энэ удаад хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүслээ хэмээн үзэж нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно” гэж заасны дагуу татан авах хүсэлтээ үүгээр гаргаж байгааг шийдвэрлүүлэх, улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгож өгнө үү гэх хүсэлтийг гаргасан. Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг баримтлан хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ татан авах тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасны дагуу нэхэмжлэлээ татан авахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарч, уг захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно гэж заасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ татан авах тухай хүсэлтийг хүлээн авч батлах боломжгүй гэж үзсэн. Мөн “М- ХХК нь хоёр гишүүнтэй болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон учир итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон шүүх хуралдаанд оролцох боломжтой зэрэг байдлыг харгалзан нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж шүүх хуралдааныг хойшлуулах нь зүйтэй гэж үзэж шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны танхимд тухайн хэргийн оролцогч буюу нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ө, Ё.Га, М.О, хариуцагчийн өмгөөлөгч Н.Ц нарт бүгдэд нь шүүгчийн захирамжийн үндэслэх хэсгийг тайлбарлан танилцуулсан болно. Иймд тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/Ш32019/09009 дугаартай шүүгчийн захирамжийг өөрчлөн гаргасан зүйл байхгүй болно. 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182/Ш32019/04874 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-ийн Хаан банкны ..., Худалдаа хөгжийн банкны ..., Голомт банкны ..., Төрийн банкны ..., Хасбанкны ..., Капитрон банкны ... тоот данснуудыг нэхэмжлэлийн үнийн дүн болох 1.320.000.000 төгрөгийн хэмжээгээр дансны зарлагын гүйлгээг зогсоож шийдвэрлэсэн. Уг захирамжийг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1477 дугаар албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “...Шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг гарсан өдрөөс нь эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлнэ...” гэж заажээ. Иймд шүүгчийн захирамж гарсан өдрөөсөө эхлэн биелэгдэх учиртай гэж ойлгоно. Харин энэ захирамжид гомдол гарч, тухайн шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн захирамжийг хүчингүй болгож, өөрчилбөл энэ талаар шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад нэн даруй мэдэгдэнэ. Тус шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182/Ш32019/04874 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг ...шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШТ2019/00254 тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 182/Ш32019/05330 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч тал 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182/Ш32019/04874 дугаартай шүүгчийн захирамжид гомдол гаргасан байх тул гомдлыг хянан хэлэлцэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ. 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагчийн өмгөөлөгч Н.Цогтын гомдолд дурдсан хариуцагчийг дорд үзэж, илт үл тоомсорлосон өнгө аясаар харьцсан зүйлгүй болох нь тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааны дүрс, болон дууны бичлэг зэргээр харагдах болно. Шүүгч миний бие зөвхөн хуульд захирагдан, шүүгчийн ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч Н.Цогтын гомдолд дурдсанаар удаа дараа “М-” ХХК-ийн эрх ашиг сонирхлыг хөндсөөр ирсэн, үнэнч шударга байх зарчмыг зөрчсөн, хариуцагчийг дорд үзэж, илт үл тоомсорлосон өнгө аясаар харьцсан, шүүх эрх мэдлийг төвийг сахиж хэрэгжүүлээгүй, зохисгүй байдал гаргасан зүйлгүй бөгөөд ёс суртахуунгүй авирлан шүүгчийн нэр хүндийг унаган хуульд харш үйлдэл гаргаагүй болно...” гэжээ.

Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд:

“...шүүхийн шүүгч Ч.Д- нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлж, хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд, дээрх хуулийн заалтуудын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хангах эсэх талаар захирамж гаргажээ. Хүсэлт хянан шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж, нэмэлт тайлбар нотлох баримт, гомдол хянан шийдвэрлэхтэй холбоотойгоор шүүх хуралдааны хойшлуулах зэрэг ажиллагаа нь шүүгчийг сахилгын хэрэг үйлдсэнд       тооцож хариуцлага оногдуулах үндэслэл болохгүй. Тодруулбал, нэхэмжлэгч дараа дахин нэхэмжлэл гаргах гэдэг үндэслэлээр нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргасан нь агуулгын хувьд хуульд нийцэхгүй байгаа гэх үндэслэлээр шүүгч хүсэлтийг хангахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй гэх байдал тогтоогдохгүй байна. Түүнчлэн шүүгч гаргасан захирамжаа өөрчилсөн гэх байдал сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад цугларсан хурлын тэмдэглэл, бичлэг /нотлох баримтын шаардлага хангагдахгүй/, захирамжийн хувиудад тусгагдаагүй байна. Шүүх хуралдааныг хойшлуулсан нь хэргийн оролцогчийн хүсэлт, түүнтэй холбоотой тайлбар, шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байна. Мөн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээтэй холбоотой захирамжийг гарсан өдөр нь биелүүлэхээр хуульд зохицуулсан байгаа зэрэг нь хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шүүгчийн гүйцэтгэх ажиллагаа байна. Иймээс шүүгч Монголын хуульчдын холбооны шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн 2014 оны оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/08 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмээр хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулав” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өмгөөлөгч Н.Ц-ын ...шүүхийн шүүгч Ч.Д-д холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Шүүгч Ч.Д- нь “М-” ХКХ-ийн нэхэмжлэлтэй “М-” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШЗ2019/09009 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлээ татан авах тухай хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байна.

2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ “...мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох хүсэлтэй зэрэг шалтгааны улмаас энэ удаад хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүслээ хэмээн үзэж нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно” гэж заасны дагуу татан авах хүсэлтээ үүгээр гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү. ...бид эмчилгээ дууссаны дараа эл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг дахин гаргах болно” ...гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна”, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч дахин нэхэмжлэл гаргах хүсэл зоригоо илэрхийлж нэхэмжлэлээ татан авч байгаа нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүгчээс нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авч байгаатай холбогдуулан үүсэх үр дагаврыг тайлбарлан өгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэдгийг нэхэмжлэгч тал бүрэн ойлгож хүсэлтийг гаргаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.   

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж буй хүсэлтийг хүлээн авах эсэх нь шүүгчийн хуульд заасан бүрэн эрхийн асуудал тул хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

 Мөн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШЗ2019/04874 дүгээр шүүгчийн захирамжаар хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж “М” ХХК-ийн Хаан банкны ..., Худалдаа хөгжийн банкны ..., Голомт банкны ..., Төрийн банкны ..., Хасбанкны ..., Капитрон банкны ... тоот данснуудыг нэхэмжлэлийн үнийн дүн болох 1.320.000.000 төгрөгийн хэмжээгээр дансны зарлагын гүйлгээг зогсоож, шүүгчийн захирамжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэсэн.

Дээрх шүүгчийн захирамжийг Нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг “Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараах арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй”, 69 дүгээр зүйлийн 69.1.3-т “хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох”, 70  дугаар зүйлийн 70.1 дэх хэсэг “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг гарсан өдрөөс нь эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлнэ” гэж тус тус заасантай нийцэж байгаа бөгөөд шүүгч Ч.Д- нь хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Шүүгчийн дээрх ажиллагаа нь өргөдөл гаргах үед мөрдөж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг зөрчөөгүй нь тогтоогдож байна.

Иймд илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ...шүүхийн шүүгч Ч.Д-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

      ДАРГАЛАГЧ                                          Д.АРИУНТУЯА

      ГИШҮҮН                                                 О.НОМУУЛИН

                                                                                                Д.ЭРДЭНЭЧУЛУУН