info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-02-21

Дугаар 70

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

...шүүхийн шүүгч Р.Б-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд:

“... ... шүүхийн шүүгч Р.Б- нь худалдан борлуулсан хөрөнгийн үнэ, өөрийн өмчлөлийн эд зүйлийг мэдүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй хайхрамжгүй хандсан үйлдэл нь Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүгч нь өөрийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үнэн зөв мэдүүлнэ” гэснийг зөрчсөн байх тул сахилгын хэрэг гэж дүгнэв.

Гэвч Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын зөрчил ногдуулж болохгүй”, Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.17-д “Шүүгчид холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, зөрчил гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй” гэж тус тус зааснаар шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдөр дууссан буюу шүүгчтэй холбоотой мэдээлэл Шүүхийн ёс зүйн хороо /хуучнаар/-д ирэх үед хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсан байх тул түүнд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулав” гэжээ.

Шүүгч Р.Б- тайлбартаа: “Миний бие 2015 онд ... маркын автомашиныг цалингийн зээлээр худалдан авч мөнгөний хэрэгцээ гарсны улмаас 2018 оны 4 дүгээр сард бусдад 11 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан болно. 2019 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тухай тээврийн хэрэгслийг “худалдсан” гэсэн тайлбарыг хийж хасалт хийж хаасан юм. Ингэхдээ мэдүүлгийнхээ орлого хэсэгт борлуулсан үнийн дүнгээ мэдүүлэлгүй орхисон болохыг Авлигатай тэмцэх газраас ярьж тодруулахад мэдсэн юм. Болсон үйл явдал нь энэ тул өөр тайлбар байхгүй болно. ... машины хувьд найзууд болох Б.З, Д.А, Э.Б, А.П, О.М бид ярилцан аяллын машинтай болох зорилгоор эвдэрхий ... автомашиныг хүн тус бүр 300 000 төгрөг гарган    2 000 000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед миний бие бичиг баримттай явсан учир дээрх автомашины гэрчилгээ миний нэр дээр гарсан юм. Энэхүү автомашин нь зөвхөн миний өмч биш бөгөөд дээрх нэр бүхий хүмүүсийн хөрөнгө оруулалт байгаа тул Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй болно. Өөрөөр хэлбэл хөрөнгө орлогын мэдүүлгийн тээврийн хэрэгсэл хэсэгт зөвхөн өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг мэдүүлэх ёстой гэж үзсэн болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Авлигатай тэмцэх газраас ...шүүхийн шүүгч Р:Б-т холбогдуулан өргөдөл гаргасныг Шүүхийн ёс зүйн хороо /хуучнаар/-ны 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 67 дугаар тогтоолоор холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэсэнтэй холбогдуулан Сахилгын хорооны гишүүн шалгах ажиллагаа явуулжээ.

Шүүгч Р.Б- нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан болон худалдан авсан тээврийн хэрэгслийг 2019 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй нь сахилгын хэрэгт авагдсан баримт болон шүүгчийн тайлбараар тогтоогджээ.

Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо  байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27, 28, 29, 30 дугаар зүйлд шүүгчийн хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Шүүгч Р.Б- нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Шүүгч нь Авлигын эсрэг хууль болон нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгө орлогын  мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй”-г, Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Шүүгч нь өөрийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үнэн зөв мэдүүлнэ” гэж заасныг зөрчсөн нь тогтоогдсон ёс зүйн зөрчил гаргасан гэж үзнэ.

Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж зааснаар сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иймд илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, шүүгчид холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1....шүүхийн шүүгч Р:Б-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.АРИУНТУЯА

ГИШҮҮН                                                        Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                        Г.ЦАГААНЦООЖ