info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-01-27

Дугаар 18

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шийдвэрлэх тухай

                                   

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхмэнд нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 705 тоот танхимд хийв.

Тус хуралдаанаар иргэн Н.С гийн гомдлоор, .. шүүгч А.М-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг, гишүүн Г.Цагаанцоожийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн Г.Цагаанцоож Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа:

“Н.С нь Шүүхийн ёс зүйн хороонд 2020.07.06-ний өдөр гаргасан өргөдөлдөө "...шүүгч А.М- нь ...Т.А хяналтын гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэсэн албан бичгийг хүргүүлсэн, ...хугацаа сэргээлгэх хүсэлтийг шүүгч н.Э хянаж эрхийн акт гаргаагүй байхад шүүгч А.М- хүсэлтийг өөрөө дахин авч амралтын өдөр хяналтын гомдлыг хүлээн авч УДШ-д хүргүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн. ...нэг үйл баримт дээр 2 өөр байр суурийг 3 хоногийн дотор гаргаж эргэлзээ бүхий байдалтай шийдвэрлэсэн, ёс зүйгүй байдал гаргаж өөр шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байхыг зөрчсөн" гэжээ.

Холбогдох шүүгч өргөдөлд гаргасан тайлбартаа "...гуравдагч этгээд Н.С, түүний өмгөөлөгч Т.У магадлалыг 2020.06.12-ний өдөр гардаж авсан байсан, намайг ерөнхий шүүгчийг орлож байхад нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.А хяналтын гомдол ирүүлсэн, ингэхдээ гомдол гаргах хугацааг буруу тооцон хүлээн авахаас татгалзсаныг залруулан хэргийг УДШ-д хүргүүлсэн..." гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, .шүүгч А.М-ын 2020.06.30-ний өдрийн 2701 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ат хариу өгөхдөө "...магадлалыг 2020.06.12-ны өдөр гардаж авсан, хяналтын гомдол гаргах хугацаа 2020.06.25-ны өдөр дууссан тул гомдлыг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй" гэжээ.

Үүний дараа 2020.07.03-ны өдрийн 2744 дүгээр албан бичгээр "...2020.06.01, 2020.06.05-ны өдөр нь бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр байсан тул хяналтын гомдлыг хугацаандаа гаргасан гэж үзэж, гомдлыг хүлээн авч, УДШ-д хүргүүлэх үндэслэлтэй байна гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 173 дугаар зүйлийн 173.4 дэх зохицуулалтаар хяналтын гомдлыг хүлээн авахдаа анхан шатны шүүх хугацааг тооцох бөгөөд энэ тухай шүүгч захирамж гаргана.

Шүүгч нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзах, мөн хүлээн авахдаа захирамж гаргаагүйгээс гадна хяналтын гомдол гаргах хугацааг буруу тооцсон байна. Тухайлбал, магадлалыг 2020.06.12-ны өдөр гардан авсан гэсэн атлаа 2020.06.01, 2020.06.05-ны өдөр амралтын өдөр байсан гэжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хууль дагаж мөрдөхөөс өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2012/ 32 дугаар зүйлийн 32.2, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй" гэжээ.

Шүүгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасантай нийцээгүй боловч энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа байх тул ёс зүйн зөрчилд хамаарахгүй.

Иймд А.М-д үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

.шүүгч А.М- тайлбартаа:

"...нэхэмжлэгч тал магадлалыг 2020 оны 06 сарын 12-ны өдөр гардаж авсан байна. Шүүгч А.М- би Ерөнхий шүүгчийг орлон ажиллаж байхад 2020 оны 06 сарын 26-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А хяналтын гомдол ирүүлсэн. Хяналтын гомдол гаргах хугацааг буруу тооцон хүлээн авахаас татгалзсаныг залруулан Улсын дээд шүүхэд хэргийг хүргүүлсэн. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлт ирүүлснийг тус шүүхийн 2020 оны 07 сарын 03-ны өдрийн 9007 тоот шүүгчийн захирамжаар “...хяналтын журмаар гаргасан гомдол хугацаандаа байх тул..." гэх үндэслэлээр хугацаа сэргээлгэх хүсэлтийг хангахаас татгалзсан. Иймд Н.Сгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхийн ёс зүйн хороонд 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн Н.Сгийн гомдлыг Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албанаас .шүүгч А.М-д гардуулан, шүүгч нь 2020 оны 8 дугаар сарын 6-нд тайлбар ирүүлжээ.

Шүүхийн сахилгын хорооноос .шүүгч А.М-д холбогдуулан, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр сахилгын хэрэг үүсгэж, шалгах ажиллагааг явуулан холбогдох баримтуудыг хэрэгт авсан байна.

Өргөдөлд, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Аийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргасан нэг үйл баримтад хугацаа хэтрүүлсэн эсэх талаар 2 өөр байр суурь гаргасан гэх үндэслэлээр ёс зүйн зөрчил гаргасан гэж гомдол гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д “Давж заалдах шатны шүүхийн магадлалд ... зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно”, мөн 167.6-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167.5-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах ба хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ, мөн хуулийн 173 дугаар зүйлийн 173.4-д “Хяналтын журмаар гомдол гаргахад энэ хуулийн 167.5, 173.3-т заасныг  хангаагүй бол анхан шатны шүүх гомдлыг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай шүүгч захирамж гаргана” гэж зохицуулснаар, зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх хүлээн авч, гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн эсэхийг хянан, хэрэв уг хугацааг хэтрүүлсэн бол хүлээн авахгүй захирамж гаргахаар байх ба шүүгч А.М- нь  2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2701 дугаар албан бичиг, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2744 дугаар албан бичгээр тус тус хариу өгсөн нь тус зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхээр байх тул энэ талаар илтгэгч шүүгчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгч А.М- нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2744 дугаар албан бичгийг өмнөх алдаатай албан бичгээ залруулахаар гаргасан нь тус албан бичгийн “...хяналтын гомдолд хүлээн авахаас татгалзсан тухай тус шүүхийн 2020 оны 06 сарын 03-ны өдрийн 2701 тоот албан бичгээр хариу өгсөн...” гэх агуулгаар, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Аийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Хяналтын журмаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай” хүсэлтийг .шүүхийн 2020 оны 07 сарын 03-ны өдрийн 9007 дугаар шүүгчийн захирамжаар “...хяналтын журмаар гаргасан гомдол хугацаандаа байх тул..." гэх үндэслэлээр хугацаа сэргээлгэх хүсэлтийг хангахаас татгалзсан гэх тайлбараар тус тус тогтоогдож байх тул гомдолд дурдсан өөр шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн шүүгч А.М- нь эхний албан бичигт хяналтын гомдлыг хүлээн авахаас татгалзсан үндэслэлээ “...нэхэмжлэгч тал уг шийдвэрийг 2020.06.12-ны өдөр гаргаж авсан байна” гэсэн атлаа “...14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь уг үүргээ биелүүлээгүй байна гэж, улмаар “...хяналтын гомдол гаргах хугацаа 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөр дуусгавар болсон байх тул...” гэсэн нь агуулгын хувьд зөрчилтэй  байх ба энэхүү алдаатай хариугаа залруулсан гэх дараагийн албан бичигтээ хяналтын гомдлыг хугацаандаа гаргасан гэж үзэж хяналтын гомдлыг хүлээн авсан үндэслэлдээ “2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр, 2020 оны 06 сарын 05-ны өдөр нь ... бүх нийтээрээ амрах баярын өдөр байсан тул” гэж магадлалыг гардаж авсан хугацаанаас өмнөх хугацааг хамааруулсан байгаа нь  шүүгчийг, хуулийн хугацаа тоолох зохицуулалт болон хяналтын гомдол хүлээн авах талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэдлэг, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа гаргасан гэж үзэхээр байна.

Гомдлыг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Шүүхийн ёс зүйн хороонд /хуучнаар/ ирүүлсэн байх ба 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаар 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэнэ.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ 32 дугаар зүйлийн 32.2-т “Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр” заасан ба Монгол улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасан тул шүүгчийн гаргасан алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй гэх үндэслэлээр шүүгч А.М-д холбогдуулж үүсгэсэн сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох санал ирүүлсэн нь үндэслэл бүхий байна.

Иймд Сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд, илтгэгч гишүүний ирүүлсэн сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэг, 112.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, хэргийг бүхэлд нь нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                          Ц.ДАВХАРБАЯР

ГИШҮҮН                                           Д.АРИУНТУЯА

                         С.ЭНХТӨР