info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-02-11

Дугаар 53

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

...шүүхийн шүүгч Э.А-, Б.Х-, Ж.Л- нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд:

“”Б” ХХК-ийн захирал Б.Б- нь Шүүхийн ёс зүйн хороонд 2021.01.13-ны өдөр гаргасан өргөдөлдөө “...тус дүүргийн шүүхэд хянагдаж байгаа “Сант” сургуулийн үндсэн нэхэмжлэлтэй манай компанийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12194 дүгээр захирамжаар ИХШХШТХуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг үндэслэн түдгэлзүүлсэн. Энэхүү захирамжид нэхэмжлэгч тал гомдол гаргасан, тус шүүхийн Ерөнхий шүүгч Э.А-, шүүгч Ж.Л-, Б.Х- нар 2020.10.16-ны өдрийн хуралдаанаар гомдлыг хэлэлцээд захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Э.А- шүүгчээс татгалзсан байхад тэрээр нөгөө 2 шүүгчтэй шүүх танхимд 10 гаруй минут байсны дараа хэргийн оролцогчдыг шүүх танхимд оруулаад дахин татгалзлыг шийднэ гээд оролцогчдыг гаргасан нь шүүгч нар Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1-т заасныг зөрчсөн гэж үзэж байгаа тул шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгч Э.А- тайлбартаа “...захирамжийг нэхэмжлэгч нарын гомдлын дагуу шүүгч Ж.Л-, Б.Х- нарын бүрэлдэхүүнтэй хянаад 2020 оны 10 дугаар сарын16-ны өдрийн тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлгүй талаар дүгнэж, хуульд заасан эрх хэмжээний дотор шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ бүрэлдэхүүний 2 шүүгчид хөндлөнгөөс нь нөлөөлсөн үйлдэл гаргаагүй, ёс зүйн зөрчил гаргаагүй” гэжээ.

Шүүгч Ж.Л-, Б.Х- нар тайлбартаа: “...”Б” ХХК-ийн төлөөлөгч Б.Б-ийн шүүгч Э.А-эс татгалзах хүсэлтийг бүрэлдэхүүний бусад шүүгчид хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж шийдвэрлэсэн ба ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Сант сургууль нь “Б” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шаардсан үндсэн нэхэмжлэл гаргасан, ...шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 184/Ш32020/12194 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ.

Дээрх захирамжид гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд ... дугаар тогтоолоор шүүгчийн дээрх захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба Сахилгын хороо энэхүү тогтоолын хууль зүйн үндэслэлийг хянах, дүгнэх эрхгүй болно.

Харин уг гомдлыг хэлэлцэх явцад шүүгчээс татгалзан гарах тухай хариуцагчийн хүсэлтийг шийдвэрлэхдээ шүүх бүрэлдэхүүн шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх нь тус хорооны хянан шийдвэрлэх маргаанд хамаарна.

Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

Өргөдөл гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2012/ 32 дугаар зүйлийн 32.2, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.1 дүгээр зүйлийн 3-т “Шүүгч нь бусад шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглоно”, 3.3 дугаар зүйлийн 1-т “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавих үүрэгтэй”, 2-т “хэргийн оролцогчдын зүгээс шүүгчийг татгалзахад хүргэх нөхцөл байдлыг өөрийн үг яриа, үйлдлээр бий болгохоос урьдчилан сэргийлж, зайлсхийнэ” гэж тус тус заасан.

Өргөдөл гаргагч нь “...шүүгч нар дүрмийн дээрх заалтыг зөрчсөн, ...шүүгч Э.А- хэргийн оролцогчдыг шүүх танхимаас гаргасны дараа бусад шүүгчтэй 10 минут байсны дараа хэргийн оролцогчдыг танхимд оруулсны дараа татгалзлыг шийднэ гээд оролцогчдыг гаргасан...” гэх үндэслэлийг өргөдөл дурджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д зааснаар шүүгчийн захирамжид энэ хуулийн 170.1 -д заасны дагуу гаргасан гомдлыг 14 хоногийн дотор тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж тогтоол гаргана.

Уг гомдлыг хянан шийдвэрлэх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Б.Б- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр шүүгч Э.А-ийг татгалзан гарах хүсэлт гаргасныг тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т “татгалзан гарах тухай хүсэлт гарвал шүүх хэргийн оролцогчийн санал түүнчлэн татгалзан гаргагдаж байгаа этгээд хүсвэл түүний тайлбарыг сонсоно”, 92.4-т “татгалзан гарах тухай асуудлыг хүлээн авах эсэхийг шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж, тогтоол гаргаж шийдвэрлэнэ”, 92.5-д “шүүгчийг татгалзан гарах тухай асуудлыг үндэслэлтэй эсэхийг түүнийг байлцуулахгүйгээр шүүх бүрэлдэхүүний бусад шүүгчид шийдвэрлэнэ. Санал тэнцвэл татгалзан гаргасанд тооцно” гэж тус тус заасан.

Дээрх шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт хариуцагчийн төлөөлөгчийн татгалзалд нэхэмжлэгч тайлбар хийсний дараа 11 минут 10 секундэд шүүгч Э.А-, Ж.Л-, Б.Х- нар танхимд үлдэж, оролцогчид гарна. 15 минут 15 секундэд оролцогчид танхимд орж ирнэ, үүний дараа шүүгч Э.А- татгалзлыг бүрэлдэхүүн шийдвэрлэнэ гээд танхимаас гарсны дараа хэргийн оролцогчид танхимаас гарна, 36 минутад оролцогчийг танхимд оруулж татгалзлыг танилцуулж байгаа нь бичигджээ.

Хэргийн оролцогчид эхний удаа шүүх танхимаас гарахад татгалзан гаргагдаж байгаа шүүгч шүүх танхимд үлдсэн боловч хэргийн оролцогчид энэ талаар хэрхэн тайлбарласан нь тодорхой бус байна.

Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасан.

Шүүгчийг татгалзан гарах хүсэлтийг шийдвэрлэхдээ шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчдыг танхимаас 2 удаа гаргасан нь шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа байх тул ёс зүйн зөрчилд хамаарахгүй.

Иймд нэр бүхий шүүгч нарт үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

“Б” ХХК-ийн захирал Б.Б-ийн ...шүүхийн шүүгч Э.А-, Б.Х-, Ж.Л- нарт холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 109 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

“Б” ХХК-ийн захирал Б.Б- өргөдөлдөө: “......шүүхийн ерөнхий шүүгч Э.А-, шүүгч Ж.Л-, Б.Х- нар нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлийн 1-т заасан “шүүгч зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ”, 3.1 дүгээр зүйлийн 3-т заасан “шүүгч бусад шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглоно”, 3.3 дугаар зүйлийн 1-д заасан “шүүгч хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавих үүрэгтэй”, 2-т “хэргийн оролцогчдын зүгээс шүүгчийг татгалзахад хүргэх нөхцөл байдлыг өөрийн үг яриа, үйлдлээр бий болгохоос урьдчилан сэргийлж, зайлсхийнэ” гэсэн заалтуудыг зөрчиж түдгэлзүүлсэн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн” гэжээ.

2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27, 28, 29, 30 дугаар зүйлд шүүгчийн хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Шүүгчийн ёс зүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэх”-ээр заажээ.

Сант сургуулийн нэхэмжлэлтэй “Б” ХХК-д холбогдох иргэний хэргийг ...шүүх 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар Сант сургуулийн үндсэн нэхэмжлэлтэй “Б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж ... дугаартай шүүгчийн захирамж гаргасан.

Дээрх захирамжид гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 184/ШТ2020/00286 дугаар тогтоолоор шүүгчийн дээрх захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь дээр дурдсан Шүүгчийн эрх байдлын тухай хууль болон Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан зөрчилд хамаарахгүй байна.

Харин “...шүүгч Э.А- хэргийн оролцогчдыг шүүх танхимаас гаргасны дараа бусад шүүгчтэй 10 минут байсны дараа хэргийн оролцогчдыг танхимд оруулсны дараа татгалзлыг шийднэ гээд оролцогчдыг гаргасан...” гэх гомдлын үндэслэл нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээр тогтоогджээ.

Иймд ...шүүхийн ерөнхий шүүгч Э.А-, шүүгч Ж.Л-, Б.Х- нар нь Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлийн 1-т заасан “Шүүгч зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ” гэснийг зөрчсөн байна гэж бүрэлдэхүүн үзлээ.

Гэхдээ Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж зааснаар шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1....шүүхийн шүүгч Э.А-, Б.Х-, Ж.Л- нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

  ДАРГАЛАГЧ                                              Д.АРИУНТУЯА

  ГИШҮҮН                                                     Ц.ДАВХАРБАЯР

О.НОМУУЛИН