info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-02-10

Дугаар 44

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн О.Номуулин, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

...шүүхийн шүүгч Д.У-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгч Д.У- нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.3-т заасан 14 хоногийн хугацаанд тайлбараа ирүүлээгүй байна.

Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд:

“...шүүхийн шүүгч Д.У-т хуульд заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гаргаагүй буюу хэргийг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэснээс хойш 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр бичгээр үйлдэж “Иргэн 2014” системд оруулж, мөн сарын 25-ны өдрийн шүүхийн шийдвэр /магадлал, тогтоол, шийтгэвэр/-ийг хэргийн оролцогчид гардуулсан, хүргүүлсэн баримтын хуулбарыг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа тул Монголын Хуульчдын холбооны шүүгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/08 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавих үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн сахилгын хэрэг гэж дүгнэв.

Гэвч Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй”, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 167 дугаар зарлигийн хавсралтаар баталсан Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.17-д “Шүүгчид холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, зөрчил гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй” гэж тус тус зааснаар шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул түүнд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулав” гэжээ.

          ҮНДЭСЛЭХ нь:

З-ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Б-ийн ...шүүхийн шүүгч Д.У-т холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 111 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж заасан. 

Шүүгч Д.У- нь З-ХХК-ийн нэхэмжлэлтэй Ю-ХХК-д холбогдох иргэний хэргийг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэснээс хойш шийдвэрийг 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр бичгээр үйлдэж “Иргэн 2014” системд оруулсан, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчид гардуулсан нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болж, Монгол Улсын шүүхийн тухай хууль 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27, 28, 29, 30 дугаар зүйлд шүүгчийн хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Шүүгч Д.У- нь Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн нь тогтоогдож байна.

Гэхдээ Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж зааснаар шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүн С.Энхтөрийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч ...шүүхийн шүүгч Д.У-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Д.АРИУНТУЯА

ГИШҮҮН                                                        О.НОМУУЛИН

                                                                          Д.ЭРДЭНЭЧУЛУУН