МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-02-09
Дугаар 41
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
...шүүхийн шүүгч Ц.Ц-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд:
...шүүхийн шүүгч Ц.Ц-ын гэр бүлийн гишүүн болох өөрийн нөхрийн өмчлөлийн эд хөрөнгийг мэдүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй хайхрамжгүй хандсан үйлдэл нь Монгол Улсын Хуульчдын холбооны шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/08 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүгч нь өөрийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үнэн зөв мэдүүлнэ” гэснийг зөрчсөн байх тул сахилгын хэрэг гэж дүгнэв. Гэвч Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй”, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 167 дугаар зарлигийн хавсралтаар баталсан Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.17-д “Шүүгчид холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, зөрчил гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй” гэж тус тус зааснаар шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдөр дууссан байх тул түүнд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулав” гэжээ.
Шүүгч Ц.Ц- тайлбартаа:
...аймаг, ...суманд байршилтай 450м.кв талбайтай зоорийн барилга 2006 онд нөхөр А.Л-ийн өмчлөлд бүртгэгдсэн байсан боловч гэр бүл болсноос хойш уг зоорийг гэр бүлээрээ бодитойгоор эзэмшээгүй, ашиглаагүй, захиран зарцуулаагүй учраас миний бие ийм хөрөнгө байдаг гэдгийг огт мэдээгүй юм. Авлигатай тэмцэх газарт дуудагдаж, уг зоорийг мэдүүлээгүй байна гэдгийг мэдсэн даруй нөхөр А.Л-ээс асууж тодруулахад “...аймагт хувийн бизнес эрхэлж байхдаа аж ахуйн үйл ажиллагаанд хэрэг болох байх гэсэн үүднээс хүнээс өрөндөө авч байсан, авсан цагаасаа хойш огт ашиглаагүй, ашиглалтын шаардлага хангахгүй зоорь, барьцаанд тавих гэхээр банк авдаггүй, худалдан борлуулах гэхээр хүн ч сонирхож авдаггүй байсан учраас хэлээхээ мартсан байна” гэж тайлбарласан.
...Шүүгч хүний хувьд гэр бүлийн гишүүнийхээ хөрөнгийг үнэн зөв мэдүүлээгүй буруугаа миний бие ухамсарлан ойлгож байгаа ба ийнхүү мэдүүлээгүй, мэдээгүй байсан дээр дурдсан нөхцөл байдал, зөрчил илэрсэн цаг хугацаа зэргийг харгалзан үзэж надад холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Авлигатай тэмцэх газраас ...шүүхийн шүүгч Ц.Ц-д холбогдуулан өргөдөл гаргасныг Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 75 дугаар захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
Шүүгч Ц.Ц- нь 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт нөхөр А.Л-ийн өмчлөлийн ...аймгийн ...суманд байршилтай 450 м кв зоорийн барилгыг мэдүүлээгүй нь сахилгын хэрэгт авагдсан баримт болон шүүгчийн өөрийнх нь тайлбараар тогтоогджээ.
Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27, 28, 29, 30 дугаар зүйлд шүүгчийн хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр заажээ.
Шүүгч Ц.Ц- нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Шүүгч нь Авлигын эсрэг хууль болон нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй”-г, Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Шүүгч нь өөрийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үнэн зөв мэдүүлнэ гэснийг зөрчсөн нь тогтоогдсон тул ёс зүйн зөрчил гаргасан гэж үзнэ.
Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж зааснаар шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1....шүүхийн шүүгч Ц.Ц-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
Г.ЦАГААНЦООЖ