info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-02-08

Дугаар 33

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Х.Хашбаатар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, нарийн бичгийн дарга Ч.Энхмэнд нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

...шүүхийн шүүгч Д.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгч Д.М- тайлбартаа: “... Шүүгч Д.М- би Н.А-ийн Д.П-д холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Улмаар шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.3-т "Энэ хуулийн 125.2-т заасан үндэслэлээр хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх явцад эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дахин явуулж болно", 132 дугаар зүйлийн 132.1-д "Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авна" гэж тус тус заасан үүргийнхээ хүрээнд, тухайн хэргийн нөхцөл байдлыг харгалзаж, Н.А-, Д.П- нарт эвлэрэх нөхцөл бололцоог олгож, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 183/Ш32019/02005 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаатай түдгэлзүүлэхдээ, тус хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргасан урьдчилсан арга хэмжээ авуулах тухай хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.5-д заасныг баримтлан хариуцагч Д.П-гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204023075 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Б.Доржийн гудамж, 30/3 дугаар байрны 15 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, захиран зарцуулахыг хориглох урьдчилсан арга хэмжээг авсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан урьдчилсан арга хэмжээ нь зохигчдын хүсэлтээр авагддаг бөгөөд дээрх эрхийн акт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарахгүй тул шүүхийн зүгээс шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх үүрэггүй, энэ талаар тусгайлан хуулиар зохицуулаагүй, харин хүсэлт гаргасан тал уг захирамжийг эрх бүхий байгууллагад хүргэх эрх нь нээлттэй байсан юм.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжид хэргийн зохигчид гомдол гаргаагүй бөгөөд түдгэлзүүлснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах хүртэл хугацаанд уг иргэний хэрэгт ямар нэгэн ажиллагаа хийгддэггүй байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-д "Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээ дараах нөхцөлд дуусгавар болсонд тооцно", 130.2.2-д "гэрлэлт цуцлах, тэжээн тэтгэхтэй холбогдсон хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсан" гэж зааснаар дээрх урьдчилсан арга хэмжээ авагдсан шүүгчийн захирамжийн үйлчлэл шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөр дуусгавар болсон байна.

Иймд шүүгч би дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хууль болон дүрэмд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг гаргаагүй тул Н.А-ийн гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж өгнө үү...” гэжээ.

Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд:

“Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч Д.П-гийн  гэр бүлийн дундын эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг шүүгч хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар захирамжаар  Д.П-гийн  өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... дүүргийн 2 дугаар хороо, Б.Д-ийн гудамж, 30/3 дугаар байрны 15 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, захиран зарцуулахыг хориглож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар захирамжийг гарсан өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлэхээр шийдвэрлэжээ.

Түүнчлэн ... дүүргийн шүүх 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаар шийдвэрээр зохигчийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг, дундын өмчөөс ногдох хэсгийг гаргуулах асуудлыг шийдвэрлэсэн ба ингэхдээ “...Д.П- нь Хан-уул дүүрэг дэх үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Н.А-тэй харилцан тохиролцон худалдаж, Баянзүрх дүүрэг дэх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан нь тогтоогдохгүй байна,... хамтран амьдарсан хугацаанд бий болсон ... дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 1-5 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг хамтран амьдрах дундын эд хөрөнгө гэж тодорхойлж, түүнээс ногдох хэсгээ гаргуулахаар шаардсаныг буруутгах боломжгүй, ...уг орон сууцны  үнээс ногдох хэсэг 103,322,634 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, харин Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Б.Д-ийн гудамж, 30/3 дугаар байрны 15 тоот хаягт байрлах орон сууцыг Д.П-гийн өмчлөлд үлдээх нь зүйтэй” гэж үзжээ. Давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүх шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээсэн байна.

Гомдол гаргагч нь шүүгчийн туслах н.Н-д холбогдуулан гаргасан гомдолдоо шүүхийн шийдвэрийг баталгаажуулах захирамжийг шүүгчийн туслах шийдвэр гүйцэтгэх газар руу хүргүүлэх үүрэгтэй атал тухайн үед ажиллаж байсан Д.М- шүүгчийн туслах н.Н нь хуульд заасны дагуу шүүгчийн захирамжийг шийдвэр гүйцэтгэх байгууллага руу хүргүүлээгүй, хуульд заасны дагуу ажил үүргээ биелүүлээгүй гэсэн байна.

 Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан журмын дагуу шүүгчид холбогдуулан гаргасан өргөдөл, мэдээллийг хянан шалгах эрх хэмжээтэй байгууллага бөгөөд шүүгчийн туслах буюу шүүхийн захиргааны ажилтны үйлдлийг хянах, шалгах чиг үүрэг хүлээгээгүй болно.

Хэрэв шүүгчийн туслахыг үүрэгт ажилдаа хайнга хандсан, хуульд заасан ажил үүргээ биелүүлээгүй гэж үзэж  байгаа бол энэ тухай гомдлоо харьяалан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд нь хандаж гаргах эрх нь нээлттэй байна.

Иймд ...шүүхийн шүүгч Д.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Н.А-ийн ...шүүхийн шүүгч Д.М-д холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Шүүгч Д.М- нь нэхэмжлэгч Н.А-ийн нэхэмжлэлтэй Д.П-д холбогдох иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 183/Ш32019/02005 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаатай түдгэлзүүлэхдээ, тус хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргасан урьдчилсан арга хэмжээ авуулах тухай хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.5-д заасныг баримтлан хариуцагч Д.П-гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204023075 дугаарт бүртгэлтэй, ... дүүргийн 2 дугаар хороо, Б.Д-ийн гудамж, 30/3 дугаар байрны 15 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, захиран зарцуулахыг хориглох урьдчилсан арга хэмжээг авсан байна.

Дээрх ... дугаартай шүүгчийн захирамжийг шүүгч Д.М-  нь хуулийн хугацаанд гаргаж албажуулсан болох нь сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар цугларсан баримтаар тогтоогджээ.

Харин шүүгчийн туслах н.Н шүүгчийн захирамжийг шийдвэр гүйцэтгэх газар руу хүргүүлэх талаарх хуулиар хүлээсэн шүүгчийн туслахын чиг үүргээ зохих зохих ёсоор биелүүлээгүйгээс гомдол гаргагч Н.А-ийн эрх ашиг нь хохирч, гомдол гаргах шалтгаан болсон талаар өргөдөлдөө тодорхойлон бичжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2-т "Шүүгчийн туслах энэ хуулийн 185.1-д заасан шүүгчийн захирамж гарснаас хойш 7 хоногийн дотор уг захирамж, шүүхийн шийдвэр, шаардлагатай бусад материалыг хавсарган шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлнэ." гэж заасан ба шүүгчийн туслах нь хуульд заасан чиг үүргээ биелүүлээгүй нь сахилгын хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байх бөгөөд энэхүү зөрчлийг шүүгч Н.М-д хамаатуулан буруутгах  үндэслэлгүй гэж дүгнэж, илтгэгч гишүүн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь  үндэслэлтэй байна гэж бүрэлдэхүүн үзлээ.

2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан.

Монгол Улсын шүүхийн тухай хууль дагаж мөрдөхөөс өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүгчийг эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан ба энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ” гэж заасан ба Н.А-ийн өргөдөлд дурдсан үндэслэл нь үүнд хамаарахгүй юм.

Иймд илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1....шүүхийн шүүгч Д.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ                                          Д.АРИУНТУЯА

      ГИШҮҮН                                                 Х.ХАШБААТАР

                                                                          С.ЭНХТӨР