info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-03-03

Дугаар 98

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал, холбогдогч шүүгч Л.О-/цахимаар/ нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн Г.Цагаанцоожийн илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хорооны гишүүн Г.Цагаанцоож 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх ба өргөдөлд дурдсан үйл баримт буюу ерөнхий шүүгч Л.О-хэргийн оролцогчтой утсаар ярьсан гэх асуудал 2020 оны 10 дугаар сард болсон байна. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2012/ 32 дугаар зүйлийн 32.2, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ гэж тодорхойлсон. Иймд шүүгч хууль болон дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн эсэхийг тодорхойлох учиртай. Шүүгч Б.М-гийн хянан шийдвэрлэж буй захиргааны хэргийн талаар хариуцагч тал болох ... сумын Засаг даргын орлогч Х.О ерөнхий шүүгч Л.О-тай утсаар ярьсан, тэрээр уг хэргийн талаар тодруулбал, нэхэмжлэлд дурдсан дулааны станцыг орон нутгийн өмчид бүртгэж болох эсэх талаар асуусан, шүүгч “...тогтоолынхоо хэрэгжилтийг хангаж ажиллахад болохгүй зүйл байхгүй” гэж хариулснаа тайлбарт дурдсан ба  харин утсаар ярьснаа бичлэг хийсэн нь хууль бус гэж үзэж, гомдол гаргажээ. Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийж дамжуулах, тараахыг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 13.8 дугаар зүйлд заасан, Х.Отгонжаргал нь бичлэгийг олон нийтэд тараасан, бусдад дамжуулсан гэх байдал тогтоогдоогүй гэж үзэн прокурор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, харин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр шилжүүлсэн, цагдаагийн байгууллага шалгаад зөрчлийн шинжгүй гэж хүлээн авахаас татгалзсан тогтоол гаргасан нь хүчинтэй байна.

Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогч нь холбогдох шүүгчтэй нэхэмжлэлд дурдсан асуудлаар утсаар ярьсан нь тогтоогдож байгаа  ба харин дууны бичлэг хийснийг гэмт хэрэг болон зөрчил гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.1 дүгээр зүйлд шүүгчийн бие даасан, хараат бус байдлыг хадгалах, 3.2 дугаар зүйлд шүүгч нь хэргийн оролцогчтой хэрхэн харилцахыг тус тус зохицуулсан. Дүрмийн 3.2 дах заалтын агуулга нь тухайн хэрэг маргааныг  шийдвэрлэж буй шүүгчид хамааралтай бол 3.1 дүгээр зүйлийн 3-т “шүүгч нь бусад шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэжээ. Хариуцагч тал утсаар ярьсан хэдий ч холбогдох шүүгч  нь уг маргааныг шийдвэрлэж буй шүүгч Б.М-д энэ талаар ярьсан, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон гэх байдал тогтоогдоогүй, шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй тул энэхүү зөрчлийг гаргасан гэж үзэхгүй. Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч П.Б-нь “...ерөнхий шүүгч нь аймаг, сумын удирдлагад зөвлөгөө өгч байгаа юм чинь шүүгч нартаа яаж нөлөөлөх нь тодорхой” гэсэн үндэслэлээр тус шүүхийн бүх шүүгчээс татгалзсан, шүүгчдийн зөвлөгөөнөөр хүсэлтийг хүлээн авч, хэргийг өөр шүүхэд шилжүүлжээ.

Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгч нь хэргийн оролцогчдын зүгээс шүүгчийг татгалзахад хүргэх нөхцөл байдлыг өөрийн үг яриа, үйлдлээр бий болгохоос урьдчилан сэргийлж зайлсхийнэ. Ерөнхий шүүгч Л.О-нь хариуцагч талтай  нэхэмжлэлд дурдсан асуудлаар утсаар ярьсан, энэ нь нэхэмжлэгчийн зүгээс  бүх шүүгчдийг татгалзан гаргах үндэслэл болсон  байна. Иймд шүүгч нь дүрмийн 3.3 дугаар зүйлийн 2-т заасан зөрчлийг гаргасан гэж үзэв. Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан. Утсаар ярьсан 2020 оны 10 дугаар сард холбогдох шүүгч ёс зүйн зөрчил гаргасан гэж тооцвол сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байна. Иймд шүүгч Л.О-т үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв гэжээ.

Шүүгч Л.О-гаргасан тайлбартаа “...П.Б-ы нэхэмжлэл 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр шүүгч Б.М-д хуваарилагдсан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа надтай огт хамааралгүй. 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр намайг эмнэлэгт хэвтэж байхад ...аймгийн Засаг даргын Тамгын дарга Ө.С залгаж, ... сумын дулааны станцыг орон нутгийн өмчид авах тухай тогтоол гарсан боловч өмнө нь хувьчлалаар авсан компани шүүхэд нэхэмжлэл гаргасан юм байна. Нэр бүхий иргэд уг хөрөнгийг орон нутгийн өмчид бүртгэхийг шаардаж суулт зарлаж ажил хийлгэхгүй байгаа талаар сумын удирдлагууд ярилаа, мөн иргэд аж ахуйн нэгжүүдэд дулаан тавих шаардлагатай гээд  ...дулааны станцыг орон нутгийн өмчид бүртгэж болох эсэх талаар асуусан. Би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа, гэхдээ дулааны станцыг орон нутгийн өмчид авах тухай тогтоолыг шүүхийн зүгээс биелэлтийг нь түдгэлзүүлсэн болон уг тогтоолыг хүчингүй болгосон асуудал байхгүй тул сумын удирдлага гаргасан тогтоолынхоо хэрэгжилтийг хангаж ажиллах боломжтой, харин уг захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд уг тогтоолыг хэрхэх, ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй гэдгийг хэлсэн. Үүний дараа Ө.Сувдаа дахин залгаад таны хэлсэн зүйлийг сумын Засаг даргын орлогчид хэлэхэд ойлгохгүй байна. Иймд тухайн шүүгчтэй нь уулзуулж болох уу гэж асуусан.  Хариуд нь хэргийн оролцогч шүүгчтэй ганцаарчлан уулзах боломжгүй, ...тухайн шүүгч уулзах эсэхээ шийднэ гээд яриа дууссан. Дараа 7 хоногийн 1 дэх өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үл таних дугаараас засаг даргын орлогч Х.Отгонжаргал байна,...Б.М- шүүгчтэй уулзахаар ирсэн боловч хот руу чөлөө аваад явсан байна,  ... дулааны станцыг орон нутгийн өмчид бүртгэж болох уу гэж асуусан, би Сувдаад хэлснээ яриад тогтоолынхоо хэрэгжилтийг хангаж ажиллахад болохгүй зүйл байхгүй гэж хариу утсаар хэлсэн. ....Х.О нь бусадтай ярихдаа хууль бусаар бичлэг хийсэн талаар цагдаагийн байгууллага шалгаж, Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээсэн...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн П.Б-ы 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан өргөдлийг Шүүхийн сахилгын хорооны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар зөвлөгөөний тогтоолоор баталсан “Сахилгын хэрэг, өргөдөл, мэдээлэл, гомдол, санал, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон сахилгын хэрэг хянан шийдвэрлэх гишүүн, бүрэлдэхүүнийг томилох журам”-ийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Шүүхийн сахилгын хорооны гишүүн Г.Цагаанцоож хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 129 дүгээр захирамжаар ...аймаг дахь ... шүүхийн Ерөнхий шүүгч Л.О-т холбогдуулан сахилгын хэрэг үүсгэж, шалгах ажиллагаа явуулжээ.

            Шүүгч Л.О-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг  үндэслэлтэй гэж үзэв.

            Өргөдөлд “...шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг шийдвэрлэж буй шүүгчид хөндлөнгөөс нөлөөлж, зөвлөгөө өгч, шүүгчтэй очиж уулз гэсэн...” гэх үндэслэлийг дурджээ.

 

П.Б-с хариуцагч ...аймгийн ... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан тус хурлын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг ...аймаг дахь ... шүүхийн шүүгч Б.М- 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Нэхэмжлэгч П.Б-ны тус шүүхийн бүх шүүгчдийг татгалзан гаргах хүсэлтийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хүлээн авч, дээрх хэргийг адил шатны өөр шүүхэд Ерөнхий шүүгчийн захирамжаар шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Улмаар тус шүүхийн Ерөнхий шүүгчийн мөн өдрийн 22 дугаар захирамжаар хэргийг Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 9 дүгээр шийдвэрээр шийдвэрлэсэн байна.

Шүүгч Л.О-нь дээрх хэргийг хянан шийдвэрлэх явцад буюу 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тухайн хэргийн хариуцагч тал болох ...аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.С-ай, 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ... сумын Засаг даргын орлогч Х.О-тай тус тус утсаар ярьсан болон Х.О нь утсаар бичлэг хийсэн үйл баримтыг сахилгын хэргийн оролцогч үгүйсгээгүй.

Тухайлбал, шүүгч Л.О-аас “...Х.От нь утсаар ярьсан яриагаа зөвшөөрөлгүйгээр дууны бичлэг болгож, хувийн болон бусад зорилгоор ашигласан” гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан боловч ...аймгийн прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 7 дугаар прокурорын тогтоолоор гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан нь хэрэгт авагджээ.

Улмаар тус аймгийн цагдаагийн байгууллага уг асуудлыг шалгаад 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх ба энэ тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ. Цагдаагийн байгууллагаас Х.О, П.С нарыг гэрчээр байцааж, мэдүүлэг авсан, мөн Х.О-ын эзэмшлийн гар утсанд үзлэг хийхэд тэрээр Л.О-тай 1 минут, 5 секунд ярьсан бичлэг хийгдсэн талаар тус гомдлын дагуу явуулсан ажиллагааны тэмдэглэлд тусгагджээ.

Хэдийгээр шүүгч Л.О-нь хэргийн оролцогчтой 2020 оны 10 дугаар сард утсаар холбогдон ярьсан гэх үйл баримт тогтоогдож байх боловч уг маргааныг шийдвэрлэж буй шүүгч Б.М-д энэ талаар ярьсан эсэх, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон гэх байдал тогтоогдоогүй, шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй тул энэхүү үйлдлийг нь сахилгын зөрчилд тооцохгүй гэж илтгэгч гишүүн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд бичсэнийг буруутгахгүй.

Өргөдөлд дурдсан утсаар ярьсан гэх үйл баримт нь 2020 оны 10 дугаар сард болсон байх тул 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх юм. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ” гэж тодорхойлсон.

Иймээс нэхэмжлэгч П.Б-аас “...ерөнхий шүүгч нь аймаг, сумын удирдлагад зөвлөгөө өгч байгаа юм чинь шүүгч нартаа яаж нөлөөлөх нь тодорхой” гэсэн үндэслэлээр тус шүүхийн бүх шүүгчээс татгалзсан, шүүгчдийн зөвлөгөөнөөр хүсэлтийг хүлээн авч, хэргийг өөр шүүхэд шилжүүлснээс үзвэл Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 2-т “Хэргийн оролцогчдын зүгээс шүүгчийг татгалзахад хүргэх нөхцөл байдлыг өөрийн үг яриа, үйлдлээр бий болгохоос урьдчилан сэргийлж зайлсхийнэ” гэж заасныг шүүгч Л.О-зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.1 дүгээр зүйлийн 1-т “Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгчийн өөр бусад ажлаас ямагт илүү чухал гэдгийг ухамсарлаж, түүний эрхлэх бусад үйл ажиллагаа, хувийн амьдрал нь мэргэжлийн үүрэгтэй нь зөрчилдөх нөхцөл байдал бий болгохоос зайлсхийнэ” гэж заасан. Шүүгч Л.О-нь бусад шүүгчийн хянан шийдвэрлэж байгаа хэргийн оролцогчтой хувийн байдлаар харилцаж, зөвлөгөө өгсөн нь шүүгчийн бие даасан, хараат бус байдлыг хадгалах зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, шүүгч Л.О-ын бусадтай харилцсан хувийн харилцаа нь түүний мэргэжлийн үүрэгтэй зөрчилдөх гэх нөхцөл байдал бий болсон байх тул сахилгын зөрчил гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

Гэвч Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан. Шүүгч Л.О-нь дээрх сахилгын зөрчлийг 2020 оны 10 дугаар сард гаргасан гэж тооцвол сахилгын шийтгэл ногдуулах хугацаа 2021 оны 4 дүгээр сард өнгөрсөн байна. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ...аймаг дахь ... шүүхийн Ерөнхий шүүгч Л.О-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ                                                С.ЭНХТӨР

                        ГИШҮҮД                                                        Ц.ДАВХАРБАЯР

                                                                                               Х.ХАШБААТАР