МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-03-11
Дугаар 115
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, гомдол гаргагч “С с” ХХК-ийн захирал О.С, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
... шүүхийн Ерөнхий шүүгч Д.У-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гишүүний саналд:
“... 1. Нэхэмжлэгч тал шинжээч томилуулах хүсэлт гаргасан, шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаар захирамжаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн ба шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хугацаа сунгажээ.
2. Нэхэмжлэгч 2019 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа нэмэгдүүлсэн, хариуцагч 2019 оны 02 дугаар сарын 02-ны сөрөг нэхэмжлэл гаргасан тул үүнтэй холбоотой ажиллагаа явуулсан, мөн зохигчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг шийдвэрлэсэн байна.
3. Шүүгчийн 2019 оны 6 дүгээр сарын 14-ний өдрийн захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, тодорхой шалтгааны улмаас өөр шинжээч дахин томилсон, шалтгаан арилсан тул сэргээсэн, хариуцагч сөрөг шаардлагаа өөрчилсөн байна. Шинжээч шинжилгээ хийхээс удаа дараа татгалзсантай холбоотойгоор өөр шинжээч томилж энэ үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2021 оны 11 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаагаар түдгэлзжээ.
4. Түдгэлзүүлсэн шалтгаан арилсан үндэслэлээр шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн боловч зохигчийн хүсэлтээр шүүх хуралдаан дахин хойшилсон байна.
5. Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар шуурхай арга хэмжээ авахаар шийдвэрлэж 2022 оны 01 дугаар сарын 03-ны өдөр ..., 2022 оны 01 дугаар сарын 14-ний өдөр ... дүгээр тогтоол гаргасан ба шүүгч 2020, 2021 онуудад хуваарийн ээлжийн амралт эдэлжээ.
Дүгнэлт:
1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
“С с” ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өргөдөл гаргасан боловч дурдсан хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх ба хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулахаар заасан байна.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах эрхтэй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т зааснаар шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх ба 105 дугаар зүйлийн 105.1-т шинэ нотлох баримт бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ гэжээ.
Шүүгч хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг тухай бүр хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж байсан, гагцхүү томилогдсон шинжээч шинжилгээ хийлгэхээс удаа дараа татгалзсан, энэ үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж байсан тул “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сунжруулж 1 жил 3 сарын хугацаа өнгөрөөсөн, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан” гэх гомдолд шүүгчийг буруутгах боломжгүй, шүүгч хуульд заасан хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэх үзэх үндэслэлгүй.
Түүнчлэн сахилгын хороо нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх, хянах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл гомдлыг хэрхэн шийдвэрлүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зохицуулсан, зохигчийн гаргасан гомдлын дагуу шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар тухайн шүүх шийдвэрлэж байжээ.
3. Шүүгч хуульд заасан татгалзан гарах үндэслэл байвал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах бөгөөд аливаа этгээд нөлөөлөхөөр оролдсон тохиолдолд шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаас бусад тохиолдолд бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг нээлттэй явуулах бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн асан Д.Д-О гэх хүн хариуцагчийн хамаарал бүхий этгээд гэж үзэх, тэрээр шүүх хуралдаанд сонирхогч этгээдийн байр сууринаас байнга оролцож, шүүгчид нөлөөлсөн гэх байдал тогтоогдоогүй, шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй байна.
Дээр дурдсанаар өргөдөлд дурдсан асуудал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бөгөөд шүүгч хуульд заасан хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй байна.
Иймд шүүгч Д.У-т үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Гомдол гаргагч “С с” ХХК-аас шүүгч Д.У-т холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сунжруулж байна, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн асан Д.Д-О гэх хүн хариуцагчийн хамаарал бүхий этгээд шүүгчид нөлөөлж байна гэх утга агуулгатай гомдол гаргасан байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн асан Д.Д-О гэх хүн хариуцагчийн хамаарал бүхий этгээд шүүгчид нөлөөлж байна, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс хууль бусаар нөлөөлж байна, өөрийн эрх мэдэл, хүрээллээрээ хэрэгт нөлөөлөх, авлига хээл хахуулийг өөгшүүлэгч нэгэн гэж үзэж байгаа[1] бол энэ нь тус Шүүхийн сахилгын хорооны хянан шийдвэрлэх асуудал биш, харьяаллын бус асуудал юм. Харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн асан Д.Д-О-той холбоотой дээрх асуудлаа харьяалан шийдвэрлэх эрх бүхий хууль хяналтын байгууллагад нь хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. Шүүгчид нөлөөлдөг, авлига хээл хахуулийг өөгшүүлж байгаа талаарх өргөдөл гомдлоо харьяалан шийдвэрлэх хууль хяналтын байгууллагад гаргах эрх нь нээлттэй байна.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа урт удаан хугацаанд үргэлжилж, олон сар, жилээр сунжирч байгаа гэх үйл баримт нь илэрхий тодорхой байна. Гэхдээ энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа урт удаан хугацаанд сунжран үргэлжилсэн гэх үйл баримтыг зөвхөн шүүгчийн гэм буруутай, санаатай хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас бий болсон гэж дүгнэх боломж сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Учир нь шүүгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан талаарх баримтууд болох шүүхээс гарч байсан эрхийн актуудаар, хэргийн оролцогчдын хүсэлтээр, мөн эрх бүхий шинжээчдийн удаа дараагийн хариу үйлдэл, үйл ажиллагаанаас шууд шалтгаалж байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй байна.
Энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах эрхтэй, шүүгч хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг тухай бүр хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж байсан, гагцхүү томилогдсон шинжээч шинжилгээ хийлгэхээс удаа дараа татгалзсан, энэ үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж байсан тул шүүгчийг буруутгах боломжгүй, шүүгч хуульд заасан хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна гэж бүрэлдэхүүн үзэв.
Иймд илтгэгч гишүүний ...шүүхийн Ерөнхий шүүгч Д.У-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа Шүүхийн сахилгын хороонд хамааралгүй асуудал болохыг гомдол гаргагчид мөн мэдэгдэх нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ...шүүхийн Ерөнхий шүүгч Д.У-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, гомдол гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Б.СУГАР
ГИШҮҮН Х.ХАШБААТАР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН
[1] Гомдол гаргагч “Сор секьюрити” ХХК удаа дараагийн гомдолдоо буюу 2020.01.17-ны өдрийн гомдол, 2022.03.01-ний өдрийн нэмэлт гомдолдоо тодорхой үйл баримтыг тайлбарлан дурдаж байгаа болно.