info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-03-10

Дугаар 107

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн  сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шүүхийн Ерөнхий шүүгч Ц.О-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналд:

“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.11 дүгээр зүйлийн 2. Өсвөр насны яллагдагч, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй яллагдагчид энэ хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, эсхүл урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, дахин гэмт хэрэг үйлдсэн бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахыг хориглоно.” гэсэн зохицуулалттай байх бөгөөд  дээрх хуулийн 14.9 дүгээр заалтыг хэрэглэхдээ хүндэтгэн үзэх шалтгааныг нягталж шалгах, бүрэн дүүрэн дүгнээгүй гэж үзэхээр байна. Тухайлбал: ... аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 02 дугаар сарын 43/01-577 дугаартай албан бичгээр ирүүлсэн ... аймаг дахь сум дундын шүүхийн байранд 2020 оны 06 дугаар сарын 06 -ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хооронд нэвтэрсэн иргэдийн бүртгэлээс ... регистртэй С.Н-Э нэвтэрч бүртгүүлж байсан эсэхийг шүүж үзэхэд:

2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 14.58 цаг, минутад, 

2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 09.30-09.48 цаг, минутад,

2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 17.02-17.26 цаг, минутад,

2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 10.15-11.05 цаг, минутад,

2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 17.24-18.00 цаг, минутад,

2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 15.40-16.00 цаг, минутад,

2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 11.07-12.10 цаг, минутад,

2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 14.20-15.50 цаг, минутад,

2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 11.32 цаг, минутад,

2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10.55-11.22  цаг, минутад тус тус орж гарсан тэмдэглэгээ  байх ба Төв аймаг дахь сум дундын шүүхийн байранд С.Н-Э-өдөр бүр очиж бүртгүүлж байсан гэх асуудал тогтоогдоогүй  бөгөөд  харин тодорхой хугацаанд  тогтмол очиж байсан нь  оргон зайлсхийх  шинжийг агуулаагүй  байна.

2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлгээс С.Н-Э хэвтэн эмчлүүлсэнтэй холбоотой баримтууд, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 16 дугаартай Амгалан амаржих газраас ирүүлсэн С.Н өвчний түүхийн хуулбар зэргээс харахад С.Н-Э нь жирэмсний улмаас эмнэлгийн тусламж авах,эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмчийн хяналтад байх шаардлага байсан гэх гомдол гаргагч Д.Э-ийн гомдол үндэслэлтэй  байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлд Шүүгчид хориглох зүйл, 28 дугаар зүйлд Шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт, 29 дүгээр зүйлд Шүүгчийн ашиг сонирхлын зөрчил, 30 дугаар зүйлд Шүүгч түүний гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг тодорхойлсон бол хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр заажээ. Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Шүүгч энэхүү дүрмийг зөрчсөн бол Шүүгчийн  эрх зүйн байдлын тухай хуульд заасан сахилгын хариуцлага хүлээнэ”, 2-т “Зөрчилд сахилгын шийтгэл оногдуулахдаа зөрчлийн шинж байдал, шүүх болон шүүгчийн нэр хүндэд учруулсан хор уршиг, үр дагавар зэргийг харгалзан үзнэ” гэж заасан. 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн  Монгол улсын  Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйл 1. Шүүгч нь хүний эрх, эрх чөлөөг, эрхэм чанарыг хүндэтгэх, хууль дээдлэх, үнэнч шударга байх, аливаа асуудалд бодитой, төвийг  сахисан байр сууринаас хандах, хараат бус байх, үүрэгт ажилдаа хариуцлагатай хандах, нууцыг задруулахгүй байх, мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ. 3.2 дугаар зүйлийн 1. Шүүгч нь хэргийн оролцогчдод эрх тэгш, төвийг сахисан, хүнлэг ёсоор хандаж, хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэхүйц харилцааны соёлыг эзэмшсэн байна. 3.3 дугаар зүйлийн 1. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй . гэсэн заалтыг  тус тус зөрчсөн байх тул ...шүүхийн Ерөнхий шүүгч Ц.О-д сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. 5. Уг дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 1. Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гарснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан байх тул шүүгч Ц.О- холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Өмгөөлөгч Д.Э-ээс ...шүүхийн Ерөнхий шүүгч Ц.О-д холбогдуулан, С.Н хууль зөрчин өдөр тутам, аймаг хотын хооронд явуулж залхаан цээрлүүлсэн, хууль бусаар цагдан хорьж эрүүл мэндэд нь хохирол учруулж, хэвийн төрөх боломжийг үгүй болгож хүүхдээ дутуу төрүүлэхэд хүргэсэн, мөн нярайн амь нас, эрүүл мэндэд нь хохирол учруулж, хэвийн төрөх боломжийг үгүй болгож хүүхдээ дутуу төрүүлэхэд хүргэсэн, мөн нярайн амь нас, эрүүл мэндэд нь тус дэм болох хуулийн боломжийг санаатай ашиглаагүйгээс эрүүл мэндийг нь хохироож болохуйц байдалд хүргэсэн зэрэг байдлыг шалгаж хариуцлага тооцож өгөхийг хүссэн утга агуулгатай гомдол гаргажээ.

1. Сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар, ... аймаг дахь сум дундын шүүхийн байранд С.Н-Э нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 14.58 цаг, минутад, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 09.30-09.48 цаг, минутад, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 17.02-17.26 цаг, минутад, 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 10.15-11.05 цаг, минутад, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 17.24-18.00 цаг, минутад, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 15.40-16.00 цаг, минутад, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 11.07-12.10 цаг, минутад, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 14.20-15.50 цаг, минутад, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 11.32 цаг, минутад, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10.55-11.22 цаг, минутад тус тус орж гарсан тэмдэглэгээгээр шүүгч нь С.Н-Э-ийг өдөр тутам, аймаг хотын хооронд явуулж залхаан цээрлүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 ... аймаг дахь сум дундын шүүхийн байранд С.Н-Э-өдөр бүр бус  харин тодорхой хугацаанд тогтмол очиж байсан нь оргон зайлсхийх шинжийг агуулаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болохыг тухайлан дурдах нь зүйтэй байна.

2. ...шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч С.Н-Э нь “дутуу төрөхийг завдаж буй” гэсэн оноштой эмнэлэгт хэвтэж байгаа гэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх тодорхойлолтыг өгсөн боловч нотлох баримтууд нь хангалтгүй, түүний эрүүл мэндийн байдал нь шүүх хуралдаанд ирэх боломжгүй хэмжээний нөхцөл байдалтай байсан эсэх тодорхойгүй байна гэж үзэж шүүгдэгчийг шүүн таслах ажиллагаа хэвийн, тасралтгүй явагдахад саад учруулж байна гэж түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тухайн өдрийн “Шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” ... дугаар тогтоолоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлгээс С.Н-Э-хэвтэн эмчлүүлсэнтэй холбоотой баримт, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 16 дугаартай Амгалан амаржих газраас ирүүлсэн С.Н-Э-ийн өвчний түүхийн хуулбар зэрэг баримтаар тухайн тогтоол гарах үед С.Н-Э-нь жирэмсэн байсан, улмаар эмнэлгийн тусламж авах, эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмчийн хяналтад байх шаардлага байсан гэж дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй, өргөдөл гаргагч Д.Э-ийн гомдол үндэслэл бүхий байна гэж үзэв.

Иймд ...шүүхийн Ерөнхий шүүгч Ц.О- нь Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйл 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буюу шүүгч нь хүний эрх, эрх чөлөөг, эрхэм чанарыг хүндэтгэх, аливаа асуудалд бодитой, үүрэгт ажилдаа хариуцлагатай хандах зарчмуудыг, мөн түүнчлэн хэргийн оролцогчдод хүнлэг ёсоор хандана гэж заасан шүүгч хүний дагаж мөрдвөл зохих ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн  зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна.

Шүүгч Ц.О- нь Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчиж ёс зүйн зөрчил гаргасан байх боловч мөн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гарснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж зааснаар шүүгч Ц.О-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох илтгэгч гишүүний саналыг хүлээн авч сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ...шүүхийн Ерөнхий шүүгч Ц.О-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд оролцогч шүүгч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                               Б.СУГАР

            ГИШҮҮН                                                       Д.АРИУНТУЯА

                                                                                   Ц.ДАВХАРБАЯР