МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-03-02
Дугаар 91
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
...шүүхийн Ерөнхий шүүгч Д.У-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналд:
“... Шүүхийн шийдвэрийг танилцуулах, гардуулах гэсэн дээрх шийдвэр гарах үед мөрдөгдөж байсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дах хэсэгт “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна.” гэж, 119.4 дэх хэсэгт “Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна.” гэж, 119.5 дах хэсэгт “Хэргийг зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ” гэж тус тус зохицуулжээ.
...шүүхийн шүүгч Д.У-т дээрх хуульд заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гараагүй буюу хэргийг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэснээс хойш өргөдөл гаргагч Д.Т-2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргах хүртэл хугацаанд 10 сар 10 хоног шүүхийн шийдвэрийг албажуулан гаргаагүй байна гэж дүгнэхээр байна.
Гэвч Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй”, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 167 дугаар зарлигийн хавсралтаар батлагдсан Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.17-д “Шүүгчид холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, зөрчил гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй“ гэж тус тус зааснаар шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул түүнд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр танилцуулж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Гомдол гаргагч Д.Т ирүүлсэн гомдолдоо шүүхийн шийдвэрийг албан ёсоор бичгээр гаргуулж авах, шүүгчид зохих арга хэмжээг авч өгөхийг хүссэн байна.
...шүүхийн Ерөнхий шүүгч Д.У- нь А.Ө-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг анхан шатны журмаар 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэж ... дугаар шийдвэрээр шийдвэрлэжээ.
Гомдол гаргагчийн гомдол, холбогдогч шүүгчийн тайлбараар ...шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар шийдвэрийг бичгээр хуульд заасан хугацаанд нь буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.3, 119.4, 119.5-д заасан хугацааны дотор гаргаагүй, хэргийн оролцогчдод гардуулаагүй, хүргүүлээгүй зөрчил гаргасан болох нь нотлогдож байна.
Сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчид гардуулсан, хүргүүлсэн тухай баримтаар[1] шүүгч Д.У- нь А.Ө-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн ... дугаартай шийдвэрийг 2020.07.02, 2020.07.24, 2020.07.27-ны өдрүүдэд хэргийн оролцогчдод гардуулсан байгаагаар хуанлийн бүтэн нэг жилийн дараа шийдвэр бичигдсэн болох нь тогтоогдож байгаа болно.
Шүүгч Д.У- нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь ... хууль дээдлэх, үнэнч шударга байх, ... үүрэгт ажилдаа хариуцлагатай хандах, ...мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ”, 3.3 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэж заасныг тус тус зөрчсөн, шүүгчийн ёс зүйн зөрчил гаргасан, шүүхийн шийдвэрийг гаргаж гардуулж, хүргүүлэлгүй нэг жилийн хугацаа өнгөрүүлсэн ноцтой алдаа зөрчил гаргасан байна гэж бүрэлдэхүүн үзлээ.
Гэсэн хэдий боловч Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй”, Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.17-д “Шүүгчид холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, зөрчил гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй“ гэж тус тус зааснаар шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул түүнд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ...шүүхийн Ерөнхий шүүгч Д.У-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд оролцогч шүүгч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Б.СУГАР
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Ц.ДАВХАРБАЯР
[1] Сахилгын хэргийн 59 дэх тал.