info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-02-24

Дугаар 84

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн  сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шүүхийн Ерөнхий шүүгч Ц.С-, шүүгч Ч.О-, С.С-нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналд: “... Өргөдөл гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2012/ 32 дугаар зүйлийн 32.2,   Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1-т “шүүгч нь хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанарыг хүндэтгэх, хууль дээдлэх, үнэнч шударга байх, аливаа асуудалд бодитой, төвийг сахисан байр сууринаас хандах, хараат бус байх, үүрэгт ажилдаа хариуцлагатай хандах, нууцыг задруулахгүй байх, мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ” гэжээ. Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтээр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх арга хэмжээ авсан, мөн шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэхээр гүйцэтгэх хуудас бичсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагаа байна. Шүүгч хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсныг шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан зарчмыг зөрчсөн гэж үзэхгүй.  Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй тул захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхийг заасан нь шүүгчийн мэргэжил, ур чадвартай  холбоотой тул сахилгын зөрчилд хамаарахгүй. Хариуцагч М.Өын “...шүүгч О-ыг татгалзах гаргах” хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.4-т зааснаар тухайн шүүхийн Ерөнхий шүүгч Ц.С-  хянан шийдвэрлэж, хүсэлтийг хангахаас татгалзсан үндэслэлийг захирамжид тодорхой тусгасан байна. Сахилгын хороо шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянах, дүгнэлт өгөх  эрхгүй болно. Дурдсан үндэслэлээр шүүгч Ц.С-, Ч.О-, С.С- нарт үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.   

ҮНДЭСЛЭХ НЬ:

... шүүхийн шүүгч Ч.О-, С.С-нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн захирамж гаргасантайн холбогдуулан, Ерөнхий шүүгч Ц.С-д холбогдуулан шүүгчийг татгалзсан татгалзал шийдвэрлэж мөн захирамж гаргасантайн холбогдуулан Баянхонгор аймгийн Монгол ардын намын хороо 2021.02.23-ны өдрийн 7 тоот албан бичгээр гомдол гаргажээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгч Ч.О- 2020.10.23-ны өдөр “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” ... дугаар захирамж гаргаж захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж,

С.С-2020.10.26-ны өдөр “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” ...  дүгээр захирамж гаргаж захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж тус тус шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн шүүгч О-аас татгалзах хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.4-т зааснаар тухайн шүүхийн Ерөнхий шүүгч Ц.С- хянан шийдвэрлэж, хүсэлтийг хангахаас татгалзаж “Шүүгчийн татгалзал шийдвэрлэх тухай” ... дугаар захирамжийг гаргасан байх ба уг захирамж гаргах болсон хууль зүйн үндэслэлээ тус захирамжид тодорхой тусгасан байна.  

Эдгээр захирамжуудыг гаргахдаа шүүгчид хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэсэн шийдвэрлэсэн байх ба Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй байсан эсэхэд дүгнэлт хийж хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээгүй.

 Дээрх захирамжуудыг гаргасан цаг хугацаа нь 2020.10.23, 26-ны өдрүүдэд хамаарч байх бөгөөд энэ цаг үед Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүгчийн ёс зүйн дүрэм, Шүүхийн ёс зүйн хорооны дүрмүүд хүчин төгөлдөр үйлчилж байжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хууль 2021.03.01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж дагаж мөрдөгдөж эхэлсэн ба эл өдрийг хүртэл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүгчийн ёс зүйн дүрэм, Шүүхийн ёс зүйн хорооны дүрмүүд шүүгчийн ёс зүй сахилга хариуцлагатай холбоотой харилцаанд үйлчилж байсан байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн[1] 32 дугаар зүйлийн 32.2-т Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж тус тус заажээ.

Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “Шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ”,

2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж зааснаас үзэхэд нэр бүхий гурван шүүгчид холбогдуулан гаргасан гомдол нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой буюу захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх, шүүгчийн татгалзал шийдвэрлэх тухай захирамжуудтай холбогдуулж гаргасан гомдол байх бөгөөд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж захирамж гаргасан эдгээр үйл баримтууд нь шүүгчийн ёс зүйн зөрчилд хамаарахгүй.

Тодруулбал тухайн үед буюу 2020.10.23, 26-ны өдөр үйлчилж байсан хууль тогтоомжийн зохицуулалтаар захирамж гаргасан үйл баримтыг шүүгчийн ёс зүйн болон сахилгын зөрчил гэж үзэх, тодорхойлох боломжгүй юм.

Иймд илтгэгч гишүүний ... шүүхийн Ерөнхий шүүгч Ц.С-, шүүгч Ч.О-, С.С-нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.... шүүхийн Ерөнхий шүүгч Ц.С-, шүүгч Ч.О-, С.С-нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

2.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд оролцогч шүүгч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

 ДАРГАЛАГЧ                                               Б.СУГАР

            ГИШҮҮН                                                       Д.АРИУНТУЯА

                                                                                       Д.МЯГМАРЦЭРЭН

 

[1] 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон.