МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-02-24
Дугаар 88
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
... шүүхийн Ерөнхий шүүгч С.Г-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналд:
“... ... шүүхийн Ерөнхий шүүгч С.Г- нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлж, хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд иргэн Б.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан байна.
Энэ нь шүүгчийг сахилгын хэрэг үйлдсэнд тооцож, хариуцлага оногдуулах үндэслэл болохгүй. Учир нь шүүгч С.Г- нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь Монголын хуульчдын холбооны шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн 2014 оны оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/08 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмээр хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ба нөгөөтэйгөөр хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.
Дээр дурдсан үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулав. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Гомдол гаргагч иргэн Б.Б-ийн гомдлын агуулга нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 2020.12.31-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” ... дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн, уг захирамжийг хянан үзэж дахин хэлэлцэхийг хүссэн утгатай байна.
Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг дахин хянан үзэх, өөрчлөх, хүчингүй болгох эрх хэмжээ Шүүхийн сахилгын хороонд хуулиар олгогдоогүй, харьяалан шийдвэрлэх эрх хэмжээний бус буюу харьяаллын бус асуудал байгаа болохыг тухайлан тайлбарлах нь зүйтэй байна.
Учир нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа тохиолдолд энэхүү гомдлыг хэнд хандаж гаргах болон уг гомдлыг хэрхэн яаж шийдвэрлэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нарийвчлан тусгайлан зохицуулж өгч хуульчилжээ.
Тухайлбал тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал” шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчлан заасан байх бөгөөд шүүгч захирамждаа шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн гэж үзсэн болохоо тодорхой тайлбарлаж, зөрчлөө арилгаж шүүхэд хандах боломжтой болохыг ойлгомжтой тодорхой тайлбарлаж үндэслэлээ захирамждаа дурдсан байна.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн ... 65.1.1-65.1.8 дахь хэсэг...д заасан ... шүүгчийн захирамж...д гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж хуульчлан зааж өгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан дээрх захирамжийг эс зөвшөөрвөл тухайн шатны шүүхэд буюу хэнд гомдол гаргаж шийдвэрлүүлэх ёстой болохыг хуульчлан зохицуулж өгсөн байна.
Мөн шүүгч С.Г- нь 2020.12.31-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” ... дугаар захирамждаа энэ захирамжийг эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхтэй болохыг нь нэхэмжлэгчид тухайлан тайлбарлаж гомдол гаргах эрхийг нь хуулийн дагуу олгосон байх бөгөөд шүүгч энэхүү захирамжийг гаргахдаа хуулийн илэрхий тодорхой заалтыг илтэд зөрчсөн зүйл байхгүй байх тул энэ захирамжийг гаргасантайн холбогдуулан сахилгын болон ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй болно.
Иймд илтгэгч гишүүний ... шүүхийн Ерөнхий шүүгч С.Г-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ... шүүхийн Ерөнхий шүүгч С.Г-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд оролцогч шүүгч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Б.СУГАР
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Д.МЯГМАРЦЭРЭН