info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-06-03

Дугаар 75

Улаанбаатар хот

 

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, өргөдөл гаргагч Т.Э, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч  Н.Баярбаатар, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатарт холбогдох “Сахилгын  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай” саналыг   хянан  хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүний 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2025/0057 дугаар саналд: Дээрх өргөдлөөр нэр бүхий шүүгчид холбогдуулан сахилгын хэргийн шалгах ажиллагаа явуулахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Өргөдлийн үндэслэлд дурдагдсан, шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй хэргийн тухайд: Өргөдөл гаргагч Т.Э гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон зөрчилд холбогдож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж, 2024/ЗШ/*** дугаар шийтгэврээр холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар 16 цагийн албадан сургалтад хамруулж, 8 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Уг шийтгэвэрт холбогдогч гомдол гаргаж, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд “Т.Э-т холбогдох зөрчлийн хэргийн талаар” 2025/ДШМЗ/** дугаар магадлалаар дээрх 683 дугаар шийтгэврийг хүчингүй болгож шийдвэрлэн, 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1/52 тоот албан бичгээр Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Өргөдөл гаргагч Т.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн, мөн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүчиндэх гэмт хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан байна. 

Тус эрүүгийн 2430000000*** дугаартай хэргийг Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүгдэгч Т.Э дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон 2024/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн гомдлыг Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хянан хэлэлцэж, 2025/ДШМ/** дугаар магадлалаар  2024/ШЦТ/*** шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Улмаар шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдол Улсын Дээд шүүхэд хянагдаж байна.

   Өргөдөлд дурдсан сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлийн тухайд:

   Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд заасан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчилд холбогдсон Т.Э-ын зөрчлийн хэргийг шүүхэд ирүүлжээ.

   Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгч Н.Баярбаатарын даргалан явуулсан 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн зөрчлийн хэргийг хянан хэлэлцсэн хуралдаанд товын дагуу зөрчилд холбогдогч болон хяналтын прокурор биечлэн оролцсон байх бөгөөд шүүх хуралдааны үед даргалагчаас өмгөөлөгчтэй оролцох эсэх талаар асуухад зөрчилд холбогдогч Т.Э “өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн байна.

   Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт “шүүгч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан байх бөгөөд хуульд хуралдаан товлох, товыг мэдэгдэх хугацааны талаар нарийвчлан зохицуулаагүй байх тул “тов танилцуулан тэр дороо шүүх хурал хийсэн” гэх өргөдлийн үндэслэлээр холбогдох шүүгчийн зөрчил гаргасан гэж дүгнэхгүй.

Тус зөрчлийн хэрэгт прокурорын гаргасан дүгнэлтэд “... Зөрчлийн тухай хуулийн 5.4. дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 20 цагийн албадан сургалтад хамруулж, 20 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах саналтай байна...” гэсэн байх бөгөөд шүүгч 2024/ЗШ/*** дугаар “Шийтгэл оногдуулах тухай” шийтгэврээр Т.Э-т 16 цагийн албадан сургалтад хамруулж, 8 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, тус шийдвэрийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар гүйцэтгэхээр даалгаж, шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ЗШ/*** дугаартай шийтгэврийг 2024 оны 09 дугаар сарын 06-ны өдөр прокурор, 09 дүгээр сарын 09-ны өдөр Цагдаагийн газрын албан хаагч Н.О нар гардаж авсан тухай тэмдэглэгдсэн “Шийтгэвэр танилцуулсан, гардуулсан /хүргүүлсэн/ баримт” тус зөрчлийн хэрэгт авагдсан байна.

Холбогдох хууль болон Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Аргачлал загвар батлах тухай” 53 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд зааснаас үзэхэд шүүхээс гарсан эрхийн актыг хүргүүлэх, мэдэгдэх болон холбогдох бусад ажиллагааг зохион байгуулах нь шүүхийн Тамгын газрын үүрэгт хамаарна.

Иймээс Шүүхийн тамгын газар 2024/ЗШ/*** дугаар шийдвэрийг холбогдогчид гардуулах ажиллагааг хийлгэхээр тухайн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж буй Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан хаагчид хүлээлгэн өгсөн болох нь сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн “1.Энэ хуульд заасны дагуу хүн, хуулийн этгээдэд хүргүүлэх шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, бусад баримт бичгийг шүүх, прокурор, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар, эсхүл цахимаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулна.” гэсэнд нийцэж байна.

Шийдвэр гардуулах ажиллагааг шүүхээс хуульд заасны дагуу явуулсан байх атал түүнийг хүлээн авсан Цагдаагийн байгууллага холбогдох ажиллагааг хийгээгүй байна гэж үзэхээр байх бөгөөд энэхүү үйл баримтаар шүүгчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

Зөрчилд оногдуулсан шийтгэврийн тодорхойлох хэсэгт “... 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 03 цаг 40 минутаас 11 цаг 30 минут хүртэлх саатуулагдсан хугацааг 1 хоногоор тооцож баривчлах шийтгэл эдлүүлэх хугацаанд оруулан тооцно...” гэсэн байх боловч шүүх хуралдааны дуу дүрсний бичлэг, бичгээр гарсан шүүх хуралдааны тэмдэглэлд энэ тухай дурдагдаагүй, холбогдох шүүгчийн хариу тайлбараас үзэхэд техникийн шинжтэй алдаа байна гэж дүгнэхээр байна.

Холбогдох хууль тогтоомжид зааснаар шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан бол түүнийг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно.

Тухайн алдаанаас хамаарч зөрчилд холбогдогчийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээргүй байх бөгөөд зөрчлийн шийтгэвэрт гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд шийтгэврийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Ийнхүү хуулийн дагуу эрх олгосон этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьсан үйл баримт нь шүүгчид сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болохгүй.

Холбогдох хуульд зааснаар “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу шүүгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд хүрээнд хэргийг шийдвэрлэдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлийг зохицуулсан байх бөгөөд мөн зүйлийн 3-т “Яллагдагч өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах, эсхүл түүний амь нас, эрүүл мэндэд аюул учирч болох үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа бол прокурорын гаргасан саналыг үндэслэн шүүх яллагдагчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэжээ.

Дээрх үндэслэлээр яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай Мөрдөгчийн харьяалах хяналтын прокурорт гаргасан 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн тогтоол, хяналтын прокурорын мөн өдрийн 10 дугаар саналтай Т.Э-т холбогдох эрүүгийн 24300000000*** дугаартай хэрэг шүүхэд тухайн өдрийн 18 цаг 40 минутад ирж, холбогдох шүүгчид хуваарилагдсан болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.30 дахь хэсэгт “шөнийн цаг" гэж тухайн өдрийн 22.00 цагаас дараа өдрийн 06.00 цаг хүртэлх хугацааг”, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.5 дахь заалт, 31.5 дугаар зүйлд заасан асуудлыг хянан шийдвэрлэх ажиллагааг хуанлийн өдөр бүр шөнийн цагаас бусад цагт тасралтгүй хэрэгжүүлнэ” гэж заасан байх бөгөөд шүүх 24 цагийн дотор асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчид мэдэгдэхээр хуульчилсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулах ба хүсэлт гаргасан тохиолдолд яллагдагчийг оролцуулна гэж заасан байх бөгөөд яллагдагч хууль ёсны өмгөөлөгч аваагүй байх тул яллагдагчийг шүүхийн хэлэлцүүлэгт биечлэн оролцуулж мөн түүний өмгөөлүүлэх эрхийг хангаж томилогдсон өмгөөлөгчөөр Сүхбаатар аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Д.З-г оролцуулсан нь хуульд нийцсэн.

   Иймд шүүгч Н.Баярбаатар хяналтын прокуророос ирүүлсэн саналыг хуулийн хугацаанд холбогдох хуулийн заалтын хүрээнд шийдвэрлэсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

   Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, түүнийг сунгах зайлшгүй шаардлага, нөхцөл байдал, үндэслэл байгаа талаарх саналыг хэрэг шалгах ажиллагаанд хяналт тавьж буй прокурор шүүхэд гаргах бөгөөд шүүх хөндлөнгийн байр сууринаас яллах, цагаатгах  аль нэг талыг  барилгүйгээр, хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлдэг.

Ийнхүү үнэлэхдээ яллагдагч болон хяналтын прокурорын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналыг сонсож, хэрэгт авагдсан баримтын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан шийдвэрлэж, 2024/ЦХШЗ/** дүгээр “Яллагдагчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” захирамж гаргасан, захирамжийн үндэслэлээ тайлбарласан болох нь хэлэлцүүлгийн хуралдааны бичлэгээр тогтоогдож байна.

Түүнчлэн уг захирамжид гомдол, эсэргүүцэл гаргаагүй бөгөөд улмаар 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/*** дугаар “Яллагдагчийг шүүхэд шүүхэд шилжүүлэх тухай” шүүгчийн захирамжаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Дээрхийг нэгтгэн дүгнэхэд Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гараагүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.  

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч  Н.Баярбаатар тайлбартаа:  “… Миний бие Монгол Улсын шүүхийн тухай 50 дугаар зүйлд заасан зөрчлийг гаргаагүй тул дараах тайлбарыг гаргаж байна. Тус аймгийн цагдаагийн газраас Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан зөрчилд холбогдсон Т.Э-т холбогдох 2430000*** дугаартай зөрчлийн хэргийг ЭХБХНС-д шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон хэрэг хуваарилах журмын дагуу 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр надад хуваарилагдаж ирсэн.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүгч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд зөрчлийн хэрэгтэй уншиж танилцаад шийдвэрлэх боломжтой гэж үзээд тухайн өдөр тэр даруй шүүх хуралдааныг хийсэн.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт “шүүгчийн шийтгэврийг уншиж сонсгосноос хойш ажлын 5 өдрийн дотор бичгээр үйлдэж, оролцогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж өгнө” гэж заасан бөгөөд хуулийн дагуу 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр уг шийтгэвэр ёсчлогдож хэргийн оролцогч нарт хүргэгдсэн байна.

Монгол Улсын шүүхийн үйл ажиллагаа нь хууль, холбогдох дүрэм, журам, аргачлалын хүрээнд явагддаг ба шүүхийн шийдвэрийг гардуулах, хүргүүлэх ажиллагаа нь шүүхийн Тамгын газрын зохион байгуулалттай холбоотой юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 53 дугаартай тогтоолоор баталсан Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалаар шүүхийн шийдвэрийг гардуулах, хүргүүлэх ажиллагааг нарийвчлан зохицуулсан хийгээд тус аргачлалын 3.14 дүгээр зүйлийн 3.14.1-д "шүүгчийн туслах шийтгэх, цагаатгах тогтоолыг прокурор оролцогчид хүргэхдээ энэ тухай системд бүртгэж баримт №12 үйлдэж гарын үсэг тайллын хамт зуруулж хэрэгт хавсаргана",

3.14.2-т "...шүүгчийн туслах ...хавтаст хэрэгт мэдүүлсэн хаягаар хүргүүлэхээр бичиг хүргэгчид баримт №12-н хамт өгнө...",

3.14.3-т "бичиг хүргэгч шийтгэх, цагаатгах тогтоолыг бүртгэл №27-д бүртгэж, прокурор оролцогчид хүлээлгэн өгч, шүүгчийн туслахад баримт №12-н хамт өгнө" гэж тодорхойлсон байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмыг удирдлага болгоно” гэж хуульчилсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу хүн, хуулийн этгээдэд хүргүүлэх шүүх, ... шийдвэр, бусад баримт бичгийг шүүх байгууллагын захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл   шуудангийн   хаягаар,    эсхүл цахимаар нь   хүргүүлж, энэ   тухай   баталгаажуулна”  гэж зааснаас  үзэхэд   шийдвэр   гардуулах   ажиллагаа   нь   шүүхийн   тамгын   газрын ажилтантай хамааралтай бөгөөд мөн зүйлийн 3-т “Шүүх, прокурорын шийдвэр, бусад баримт бичгийг хүлээн авах хүн нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүлээн авснаа баталгаажуулж гарын үсэг зурах боломжгүй нөхцөлд хүлээлгэж өгсөн тухай боломжтой арга хэлбэрээр баталгаажуулна” гэснээс үзэхэд шүүхийн бичиг хүргэгч цагдан хорих байр руу орж гардуулах боломжгүй нөхцөл байдалтай учир цагдаагийн газрын бичиг хэрэгт шийтгэврийг хүлээлгэн өгч гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна.

*** дугаартай шийтгэврийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр цагдаагийн газрын бичиг хэрэг Ж.О гардан авсан нь цагдаагийн газрын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 7/09 дугаартай албан бичиг, шийтгэврийг гардуулсан баримт зэргээс харагдаж байна.

Цагдан хорих байранд хоригдож байгаа холбогдогч нарт шийтгэврийг гардуулахдаа цагдаагийн бичиг хэргээр дамждаг нь практикт тогтсон ажиллагаа бөгөөд шүүхийн ажилтан тус цагдан хорих байр руу орох боломжгүй юм.

Иймд Т.Э-т холбогдох зөрчлийн хэргийн шүүх хурал хуульд заасан хугацаанд явагдаж, шийтгэвэр хуулийн хугацаанд ёсчлогдож хэргийн оролцогч нарт хүргэж гардуулсан гэж үзнэ.

Т.Э-т холбогдох зөрчлийг шийдвэрлэж шийтгэвэр гаргахдаа тодорхойлох хэсэгт “ ... түүний 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр саатуулагдсан хугацааг баривчлах шийтгэл эдлүүлэх хугацаанд оруулах...” гэж техникийн шинжтэй алдаа гаргаж шийтгэврийг хэвлэж оролцогч нарт хүргүүлжээ.

Шүүх хуралдааны бичлэгээс үзэхэд Т.Э-т холбогдох хэргийн шийтгэврийн тогтоох хэсгийг уншиж байхдаа шүүгч “... 2024 оны 07 дугаар сарын 26-нд саатуулагдсан..." талаар уншаагүй бөгөөд энэ нь шүүх хуралдааны бичлэгээс тодорхой харагдаж байна.

“…Тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Т.Э-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны оройн 18 цаг 40 минутад шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон хэрэг хуваарилах журмын дагуу хүлээн авсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 2-т “Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэж,

мөн зүйлийн 3-т “Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулах ба хүсэлт гаргасан тохиолдолд яллагдагчийг оролцуулна” гэж тус тус хуульчилсан ба тухайн санал прокуророос ирэхдээ яллагдагчийг өмгөөлөгчөөр хангаагүй байсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 4-т “Шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч хүрэлцэн ирээгүй бол томилогдсон өмгөөлөгч оролцуулж болно” гэж заасан бөгөөд яллагдагч Т.Э нь өмгөөлөгчөө сонгон аваагүй байсан учир хуульд заасан эрхийг нь хангах үүднээс Монголын өмгөөлөгчдийн холбооны Сүхбаатар аймаг дахь салбарын зөвлөлийн дарга, өмгөөлөгч Д.З руу шүүгчийн туслах Э.О холбогдож, өмгөөлөгч томилох асуудлыг хэлсэн ба Д.З өмгөөлөгч өөрөө ирж шүүхийн хэлэлцүүлэгт орсон.

Прокуророос цагдан хорих таслан сэргийлэх саналын хамт ирүүлсэн хэргийн нотлох баримтаас үзэхэд яллагдагч нь өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюул учирч болох үндэслэл бүхий баримт, мэдээлэл авагдсан байсан бөгөөд энэ үндэслэлээр Т.Э-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.5 дахь заалт, 31.5 дугаар зүйлд заасан асуудлыг хянан шийдвэрлэх ажиллагааг хуанлийн өдөр бүр шөнийн цагаас бусад цагт тасралтгүй хэрэгжүүлнэ” гэж заасан ба Т.Э-т холбогдох таслан сэргийлэх арга хэмжээний саналыг хэлэлцэхдээ хууль зөрчөөгүй болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатарт  холбогдуулан иргэн Т.Э-аас ирүүлсэн өргөдлөөр илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулсан байна.

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ЗШ/*** дугаар шийтгэврээр Т.Э-т Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасны дагуу 16 цагийн албадан сургалтад хамруулж, 8 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулжээ.

Дээрх шийтгэврийг Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх зөрчил холбогдогчийн гомдлоор 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд “…хохирогчийн эдлэх эрхийг эдлүүлээгүй, түүнийг шүүх хуралдаанд оролцох, шийтгэвэр гардан авах зэрэг эрхийг хязгаарласан байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн, ... холбогдогчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй болно.” гэж шийтгэврийг хүчингүй болгожээ.

Өргөдөл гаргагч нь зөрчил шалган шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдааныг хууль зөрчсөн, шүүхийн шийтгэвэр гарахаас өмнө шүүгч урьдчилан өөрийн байр суурийг илэрхийлсэн, шийтгэврийг надад гардуулаагүй гэх боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт “шүүгч энэ зүйлийн нэг дэх хэсэг заасан саналыг хүлээн авснаас хойш 3 өдрийн дотор хэргийг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгч 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр зөрчлийн хэргийг хүлээн авч мөн өдрийн 10 цаг 50 минутад шийдвэрлэсэн хууль зөрчөөгүй. Тухайн өдрийн 19 цаг 35 минутад Т.Э нь 2430000000*** дугаартай эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан 2024/ЦХШЗ/** дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хоригдсон байна.

Зөрчлийн хэргийн шийтгэврийг цагдаагийн дэслэгч Ж.О-т 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гардуулсан нь Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 3 дугаар сарны 14-ний өдрийн 7/09 дугаар албан бичиг, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр танилцуулсан, гардуулсан /хүргүүлсэн/ тухай баримтаар тогтоогдсон.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Шүүх зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмыг удирдлага болгоно.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу хүн, хуулийн этгээдэд хүргүүлэх шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, бусад баримт бичгийг шүүх, прокурор, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар, эсхүл цахимаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулна.”, 3 дахь хэсэгт “Шүүх, прокурорын шийдвэр, бусад баримт бичгийг хүлээн авах хүн нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүлээн авснаа баталгаажуулж гарын үсэг зурах боломжгүй нөхцөлд хүлээлгэж өгсөн тухай боломжтой арга хэлбэрээр баталгаажуулна” гэж тус тус заасан байна.

Шүүхийн бичиг хүргэгч нь цагдан хорих байр руу орж шийтгэврийг Т.Э-т гардуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас цагдан хорих байрны цагдаагийн ажилтанд гардуулсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг үүсгэн холбогдох ажиллагааг хийж, хэргийг шүүхэд шилжүүлэхдээ зөрчилд холбогдогчид хэргийн материалыг танилцуулж, холбогдох хуулийн заалтыг тайлбарлаж өгч, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Зөрчил холбогдогчид танилцуулсан хэргийг хүлээн авч, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ ... зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ ... талаар тусгана.” гэж заасны дагуу шүүгч түүнд оногдуулсан шийтгэлийн талаар шийдвэртээ тодорхой тусгасан нь урьдчилан дүгнэлт хийж, өөрийн байр суурийг илэрхийлсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

Нөгөө талаар, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5-т “хуульд зааснаар дангаар хянан шийдвэрлэх хэрэг, маргааныг Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэрлэнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, ...нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж тус тус заасан.

 “Дотоод итгэл”  гэдэг нь хэрэгт цугласан нотлох баримт үнэн зөв үнэлэгдэх, хэргийн бодит үнэнийг тогтооход чухал ач холбогдолтой, шүүх, шүүгчийн үзэл бодол, итгэл үнэмшил байдаг. Өөрөөр хэлбэл, хэргийн талаар ач холбогдол бүхий нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж тогтоосны үндсэн дээр бий болдог шүүгчийн итгэл бөгөөд ийнхүү үнэлэхдээ шүүгч эрх зүйн ухамсрыг удирдлага болгодог. Энэ хүрээнд нотлох баримтыг өөрийн дотоод  итгэлээр чөлөөтэй үнэлэх зарчимтай.

Мөн өргөдөлд хэрхэн ялгаварлан гадуурхсан гэх үйл баримтынхаа үндэслэлийг дурдаагүй байх ба сахилгын хэрэгт авагдсан зөрлийн хэргийг шийдвэрлэсэн 2024 оны 08 дугар сарын 30-ны өдрийн ЗТЭ/726/2024/ЗШ/*** дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгээс үзвэл, шүүгч нь зөрчилд холбогдогчийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол зэрэг бусдаас ялгаатай шинж байдлаар ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх, эрх чөлөөг нь зөрсөн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шийтгэврийн тодорхойлох хэсэгт  “...2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 03 цаг 40 минутаас 11 цаг 30 минут хүртэлх саатуулагдсан хугацааг 1 хоногоор тооцож баривчлах шийтгэл эдлүүлэх хугацаанд оруулан тооцно.” гэж заасан нь техникийн шинжтэй алдаа гэж дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй бөгөөд дээрх алдааны улмаас зөрчил холбогдогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, түүнд ноцтой хор уршиг учруулаагүй байна. 

Мөн шүүгч Н.Баярбаатар нь Т.Э-т холбогдох зөрчлийн хэргийг шийдвэрлэх үед түүнийг эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон болон өмнө нь баривчлагдсан эсэхийг мэдсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй. Зөрчлийн хэргийг шийдвэрлэсний дараа түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа эрүүгийн гэмт хэрэгт холбогдсоныг мэдсэн гэж шүүгчээс Сахилгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт явцад тайлбарласныг буруутгах үндэслэлгүй байна.

Шүүгч хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн нь сахилгын хэрэг үүсгэх үндэслэл болохгүй тул Шүүхийн сахилгын хорооны гишүүний захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв. 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон

                                                     ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ГС/2025/0057 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатарт  холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гарснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчид холбогдох журмын дагуу хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Энэхүү магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацаа тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

        ДАРГАЛАГЧ                                     С.ЭНХТӨР

                  ГИШҮҮН                                          Х.ХАШБААТАР

                                                                                      Д.ЭРДЭНЭЧУЛУУН