МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-02-22
Дугаар 74
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
... шүүхийн шүүгч Г.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналд:
"... Гомдол гаргагч А.Ц- нь шүүгч Г.М-ын гаргасан үйлдэл гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байгаа бол холбогдох хуулийн байгууллагад хандах эрх нь нээлттэй байна.
...шүүхийн 2021.02.02-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн 19 хуудас тэмдэглэлд уг хуралдаан дээр яригдсан зүйл дутуу бичигдсэн байх бөгөөд Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-д "шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй" гэж заасан хяналт тавих үүргээ шүүгч Г.М- биелүүлээгүй гэж үзэж болохоор байна.
Дээрх урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд дутуу бичигдсэн гэх асуудлыг шүүгч Г.М- нарийн бичгийн дарга С.О-д үүрэг өгч санаатайгаар бичүүлээгүй орхигдуулсан гэж үзэхээргүй байна.
Мөн уг хуралдааны тэмдэглэлд шүүгч хэдийгээр гарын үсэг зурж байгаа боловч уг тэмдэглэл олон хуудастай, тухайн шүүхийн шүүгч нарын орон тоо тоо дутуу, ажлын ачаалал ихтэй ажиллаж байгаагаас шалтгаалан тэмдэглэлийг аудио бичлэгтэй тулгаж сонсож хянах боломжгүй байдгийг дурдъя.
...шүүхийн тамгын газрын дарга Н.Б 2022.01.14-ний өдрийн тайлбартаа: "...Түүнчлэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.А нь тамгын газарт биечлэн ирж, хүсэлтийн үндэслэлээ "шүүх хуралдааны тэмдэглэл дутуу бичигдсэн тул заавал тулгаж үзэх шаардлагатай" гэх агуулгаар тайлбарласан бөгөөд тамгын газрын зүгээс "...хуралдааны тэмдэглэл алдаатай, дутуу бичигдсэн бол шүүгч, шүүх бүрэлдэхүүнд засвар оруулах асуудлаар хуульд заасны дагуу хүсэлт гаргах боломжтой" талаар тайлбарлаж байсан болно." гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Сахилгын хорооны гишүүн Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-д "Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй" гэж заасан байх бөгөөд гомдолд дурдагдаж буй шүүгч Г.М-ын зөрчил гаргасан гэх цаг хугацаа нь 6 сараас хэтэрч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах боломжгүй юм.
Шүүгч Г.М- Шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй байна.
Иймд шүүгч Г.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна" гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
... намын ХЭГ-ын дарга А.Ц-ын 2021.01.25-ны өдрийн ХЭГ/38 дугаартай Гомдол гаргах тухай" албан бичгээр ...шүүхийн шүүгч Г.М-д холбогдуулан гаргасан гомдлыг Шүүхийн өс зүйн хороо мөн өдөр хүлээн авчээ. Гомдлыг," Ц.Т ... нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа ... Ардчилсан намын тамгыг ашиглан тус намыг төлөөлөх эрх бүхий этгээд мэтээр хэрэглэж дардас дарсан ... нэхэмжлэхийг шүүгч Г.М- хүлээн авсан ... шүүгч ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчин Ц.Т үйлдэж буй эрх зүйн бичиг баримтууд зөрчилтэй байгааг мэдсээр байж удаа дараа хүлээн авч шийдвэрлэж бусдад давуу байдал олгож ..." гэсэн агуулгаар гаргажээ.
Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн гомдол хянан хэлэлцэх хуралдааны тэмдэглэлд /15 дахь тал/, "нэмэлт баримтаар СЭ ирүүлсэн гэсэн байна, ... гомдол гаргагч талаас" гэж тэмдэглэгдсэнээр, сахилгын хэрэг дэх1 2021 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн ХЭГ/100 дугаар ... намын, ёс зүйн хорооны хуралдаанд оролцох этгээдийн итгэмжлэл, дууны бичлэг гэсэн дугтуйтай СЭ, ...шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл гэсэн баримтаас 2021 оны 4 дүгээр сарын 1-нд нэмэлт нотлох баримт ирүүлсэн гэж үзэхээр байна.
Учир нь шүүгчид холбогдуулан гомдол /өргөдөл, мэдээлэл/ гаргаж байгаа тохиолдолд тухайн гомдлоо зайлшгүй бичгийн хэлбэрээр үйлдэж гаргах, уг гомдлыг холбогдох шүүгчид нь гардуулах, тайлбар авах, холбогдох нотлох баримтыг цуглуулах бүрдүүлэх ажиллагаа зайлшгүй хийх ёстой болохыг тодорхой хуульчлан /Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүхийн ёс зүйн хорооны дүрэм/ зааж журамлан зохицуулсан байдаг болно.
Гэтэл, Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн гомдол хянан хэлэлцэх хуралдаанаар, гомдлыг хэлэлцээд шүүгч Г.М-д сахилгын хэрэг үүсгэхдээ түүнд холбогдуулан гаргасан гомдлоор бус харин ...шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааны тэмдэглэлийг дутуу бичсэн гэх агуулгаар буюу гомдол гаргагчийн гаргаж өгсөн нотлох баримтаар сахилгын хэрэг үүсгэжээ.
Тодруулбал уг сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд 8-13 дахь минутын хооронд хэлсэн зүйлс тусгагдаагүй гэж маргасан байх хэдий боловч уг тэмдэглэлтэй холбоотой гэх энэ асуудлаар гомдол гаргаагүй болох нь сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Мөн уг сахилгын хэрэг үүсгэсэн асуудлаар гомдол нь ирээгүй, хэрэв дээрх баримтыг гомдол гэж үзсэн бол тодруулсан, тайлбар авсан зүйл байхгүй, мөн гомдол гэж үзсэн бол холбогдох шүүгч Г.М-д гардуулж тайлбар авах ажиллагааг хийгээгүй байна.
Харин сахилгын хэрэгт авагдсан баримтаар буюу Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн гомдлоор " ... тамгыг хүчингүй болсныг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын удаа дараагийн албан бичиг нотолсоор байгаа, мөн нэхэмжлэлийн үндэслэлд уг тамгыг хүчингүй болсон дурдсаар байгаа. Гэтэл шүүгч Г.М- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчин Ц.Т-ы үйлдэж буй эрх зүйн бичиг баримтуудыг зөрчилтэй болохыг нь мэдсээр байж удаа дараа хүлээн авч шийдвэрлэж бусдад давуу байдал олгож байгаа" гэх гомдол нь Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт "Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаанаас бусад өс зүйн зөрчилтэй холбоотой гомдлыг Шүүхийн өс зүйн хороо харьяалан шийдвэрлэнэ" гэж заасны дагуу тус хорооны хянан хэлэлцэх эрх хэмжээний асуудал биш гэж үзэж уг маргааныг шийдвэрлэсэн болох нь баримтаар нотлогдон тогтоогдож байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Учир нь анх гаргасан гомдлыг эрх зүйн хүрээнд дүгнэж шийдвэрлэсэн атлаа гомдолд дурдагдаагүй өөр үндэслэл буюу хуралдааны тэмдэглэлтэй холбогдуулан сахилгын хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн ёс зүйн хорооны дүрэмд бичгээр гаргаж ирүүлсэн гомдолд үндэслэн холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэх эсэх асуудлыг шийдвэрлэхээр хуульчилж журамлан заасан атал Шүүхийн ёс зүйн хороонд бичгээр гаргаагүй, ирүүлсэн гомдолд дурдагдаагүй үндэслэлээр сахилгын хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй байна.
Бүрэлдэхүүн, өмнө үйлчилж байсан Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн дагуу гаргасан сахилгын хэрэг үүсгэсэн тогтоол хүчин төгөлдөр байгаа хэдий ч тус сахилгын хэргийг бүхэлд нь хянаж үзээд Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-д Шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг өс зүйн зөрчил гэж үзнэ» гэж зааснаас үзэхэд шүүгч Г.М-д холбогдуулан гаргасан гомдол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нэхэмжлэлийг удаа дараа хүлээн авсан гэх үйл баримтууд нь шүүгчийн ёс зүйн зөрчилд хамаарахгүй гэж дүгнэв.
Хуралдааны тэмдэглэл дутуу бичигдсэн гэх асуудлын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.5-д "Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай, дутуу бичигдсэн бол шүүгч, шүүх бүрэлдэхүүн өөрийн санаачилгаар, эсхүл шүүх хуралдааны оролцогчийн хүсэлтээр 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүх хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна" гэж заасны дагуу хэргийн оролцогч нь тэмдэглэл алдаатай бол засварлуулах эрх хуулиар олгогдсон, энэ эрх нь нээлттэй байсан байна.. Энэхүү зохицуулалтын дагуу шүүх хуралдааны тэмдэглэлийг засварлуулах хүсэлт хэргийн оролцогчдоос гаргаж байгаагүй болох нь тогтоогдож байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хийгдээгүй үйл баримтыг ёс зүй зөрчил гэж үзэхгүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ...шүүхийн шүүгч Г.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар
магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон
гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар
баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь
гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Б.СУГАР
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Х.ХАШБААТАР