info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

ХЯНАЛТЫН ТОГТООЛ

2025-04-22

Дугаар 10

Улаанбаатар хот

Холбогдох шүүгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгон,

сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа, цахимаар холбогдох шүүгч Б.Мөнхтуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн СХМ/2025/0033 дугаар магадлалыг шүүгч Б.Мөнхтуяа эс зөвшөөрч гомдол гаргасныг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Холбогдогч шүүгч Б.Мөнхтуяа магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо: “Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би Б.Б-ийн нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт холбогдох иргэний хэргийг 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хянан шийдвэрлэсэн болно. Хариуцагч Хөгжимт драмын театрын дарга Ж.Д нь Шүүхийн сахилгын хороонд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоол нь хууль зөрчсөн үндэслэлээр гомдол гаргасныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Мягмарцэрэн хүлээн авч шалган сахилгын зөрчлийг нотлох тухай дүгнэлт үйлдэж, сахилгын хороонд шилжүүлсэн бөгөөд 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцэж шүүгч Б.Мөнхтуяа надад хаалттай сануулах сахилгын шийтгэл оногдуулсан. байна. Үүнийг шүүгч Б.Мөнхтуяа би дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж Нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд шүүгч миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, хариуцагчийн өмгөөлөгч Б.М нартай урьд цуг ажиллаж байсан тухайгаа мэдэгдэж Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасан "Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана" гэсэн үүргээ хэрэгжүүлсэн. Гэтэл шүүхийн сахилгын хорооны магадлалд тус иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан Э.Х-г оролцож байх явцад шүүгч дээрх үүргээ хэрэгжүүлэхдээ өөрөө татгалзан гарах хүсэлтийг гаргаж, Ерөнхий шүүгчээрээ шийдвэрлүүлэх байсан байна. Иймд шүүгч Б.Мөнхтуяаг өөрийн нь туслахаар ажиллаж байсан Э.Х-тай ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал үүссэн байхад мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэн зөрчил гаргасанд тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.4-т заасан ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон гэж үзээгүй тул өөрөө татгалзан гарах хүсэлтийг гаргаагүй. Ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гэдгийг Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаартай "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай" тайлбарт ашиг сонирхлын зөрчилд хүргэх магадлалтай байдлыг ойлгох бөгөөд ашиг сонирхлын зөрчлийг эргэлзээгүй нотолсон байхыг шаардахгүй, харин ашиг сонирхлын зөрчил бүхий үр дагаварт хүргэж магадгүй нь холбогдох баримтаас тодорхойлогдсон байхыг ойлгоно. Нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мэргэжлийн болон бусад хуулиар зөвшөөрөгдсөн байгууллагын гишүүнчлэл, нэг нутгийн хүн, багш шавийн харилцаатай гэх мэт нийтлэг тохиолддог нөхцөл нь дангаараа шүүгч болон нөгөө этгээдийн хоорондын ашиг сонирхлын нэгдэлтэйг илэрхийлэхгүй. Дээрх тайлбарт мөн нэг сургуульд суралцсан болон урьд хамт ажиллаж байсан зэрэг өөр бусад байдлаар таньдаг, олон нийтийн цахим сүлжээнд "дагагч"... зэрэг нь "хувийн харилцаанд" хамаарахгүй гэжээ. Мөн Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаартай "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай" тайлбарт "Шүүгчийг татгалзаж үл болно" гэснийг хуульд зааснаас бусад үндэслэлээр, шүүгч өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргах, хуульд заасан үндэслэлээр хэргийн оролцогч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шүүгчийг тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргахыг хориглоно гэж ойлгоно. "Үл болно" гэснийг хуульд заагаагүй үндэслэлээр, шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргахаар хэргийн оролцогч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчөөс хүсэлт гаргах, эсхүл шүүгч өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргахыг хориглоно... гэсэн байна. Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлтэд ... шүүгч Б.Мөнхтуяагийн туслахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х нь 2022 оны 02 дугаар сарын 15- ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ажилласан. Э.Х нь ажлаасаа гарснаасаа хойш 4 сарын дараа урьд ажиллаж байсан байгууллагын өмнө хүнийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд энэ нь шүүгч шүүн таслах ажиллагаа явуулахад ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдалд хамаарна. Гэтэл шүүгч Б.Мөнхтуяа нь энэ талаар хэргийн оролцогчдод мэдэгдээгүй, өөрөө татгалзан гарах хүсэлт гаргаж Ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлээгүй нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь шүүгч намайг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.4-т заасан ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон байхад татгалзан гараагүй байна гэж үзэж Монгол улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасан зөрчлийг гаргасан гэж үзсэн дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Миний бие 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс шүүгчээр томилогдон ажилласан бөгөөд энэ хугацаанд шүүгч миний туслахаар Г.Т, Т.Б, Н.А /түр хугацаанд Т.Б-ийн өвчний учир хөдөлмөрийн чадвар алдан тэтгэмж тогтоолгосон байх үед 6 сар орчим ажиллаад жирэмсний амралтаа авсан/, Э.Х, Т.Б-ийн өвчтэй байх хугацаанд миний туслахаар ажиллаж байсан Н.А жирэмсний амралтаа авсан учир Т.Б-ийг ажилдаа орох хүртэл/ түр хугацаанд шүүгчийн туслахаар ажиллаж байсан нь шүүхийн тамгын газрын даргын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэгддэг асуудал болно. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х нь шүүгч Б.Мөнхтуяагийн туслахаар ажилласан нь нотлогдсон тул гэж дан ганц урьд хамт ажиллаж байсан нөхцөл байдлыг үндэслэн ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон гэж дүгнэн шүүгч өөрөө татгалзан гарах хүсэлтээ гаргаж Ерөнхий шүүгчээрээ шийдвэрлүүлэх байсан байна. Иймд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж сахилгын зөрчил гаргасанд тооцож хаалттай сануулах сахилгын шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Шүүгч Б.Мөнхтуяа би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х-тай эдийн болон эдийн бус хувийн ямар нэгэн харилцаа үүсгэж байгаагүй, зөвхөн 1 жил гаруйн хугацаанд миний туслахаар ажилласнаас өөрөөр ямар нэгэн харилцаагүй юм. Тийм ч учраас би өөрөө хуульд заагаагүй үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлтийг гаргаагүй нь өөрийн хуулиар хүлээсэн үүргээ хуульд зааснаар шударгаар хэрэгжүүлсэн. Түүнчлэн шүүхийн сахилгын хорооны магадлалд ... шүүх хуралдааныг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хойшлуулсан бөгөөд энэ хугацаанд хариуцагч нь Б. М-ыг өмгөөлөгчөөр, нэхэмжлэгч нь Э.Х-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсныг шүүгч урьдчилан мэдэх боломжгүй байсан, Э.Х Б.М нар нь нэг цаг хугацаанд тус шүүхэд хамт ажиллаж байсан тул Б.М-ыг шүүгч Г.Даваахүүгийн туслахаар 2015-2018 он хүртэлх хугацаанд ажиллаж байсныг Э.Х нь мэдэж байсан боловч шүүх хуралдаанд татгалзах хүсэлт байхгүй талаараа хэлсэн зэрэг үйл баримтуудыг харьцуулан үзвэл, шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй гэж дүгнэжээ. Гэтэл тус шүүхэд ойролцоо цаг хугацаанд И.Д, Д.М, Б.Б нарын тус тусын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт холбогдох иргэний хэрэг маргаан гурван шүүгчид системээр хуваарилагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан ба тус хэргүүдэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.Х, хариуцагчийн өмгөөлөгчөөр Б.М нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан байдаг. Шүүхийн сахилгын хорооны магадлалаас үзвэл Б.М, Э.Х нар нэг цаг хугацаанд тус шүүхэд шүүгчийн туслахаар ажиллаж байснаа хэн аль нь мэдэж байсан учраас татгалзан гарах хүсэлт байхгүй талаараа хэлснээр шүүгч тухайлан мэдэгдэх үүргээ хэрэгжүүлэх шаардлагагүй байсан гэж үзэж дүгнэсэн атлаа шүүгч Б.Мөнхтуяа намайг зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дан ганц Э.Х-тай хамт ажиллаж байсан үндэслэлээр ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас шүүгч татгалзан гарах хүсэлтээ гаргаагүй гэж үзэж сахилгын арга хэмжээ тооцсон нь шүүгч нарын зөрчил гаргасан эсэхэд дүгнэлт хийхдээ зөрүүтэйгээр дүгнэсэн байгаа болно. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой хугацаанд оролцож байгаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан бөгөөд нэг ч удаа шүүх хуралдаанд оролцоогүй, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасан "Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана" гэсэн үүргээ шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрхэн яаж хэрэгжүүлэх талаар тодорхой зүйлгүй учир миний бие энэхүү үүргээ зөвхөн шүүх хуралдаанд л хэрэгжүүлэн хуулийг биелүүлсэн. Иймд Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн СХМ/2025/00** дугаар магадлалыг хянан үзэж, шүүгч Б.Мөнхтуяа надад "хаалттай сануулах" сахилгын шийтгэл оногдуулсныг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.   

ҮНДЭСЛЭХ нь:

Холбогдох шүүгч Б.Мөнхтуяагийн гаргасан гомдлыг хангаж, 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн СХМ/2025/0033 дугаартай магадлалыг хүчингүй болгож, тус сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж бүрэлдэхүүн үзлээ.

1.Сахилгын хэргийн тухайд:

Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театрын дарга Ж.Д-ын өргөдлөөр Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба, шүүгч Н.Бямбасүрэн, Г.Даваахүү, Б.Мөнхтуяа, С.Оюунжаргал, Р.Сарантуяа нарт холбогдуулан 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ГЗҮ/2024/0090 дугаар гишүүний захирамжаар сахилгын хэрэг үүсгэж, илтгэгч гишүүнээс 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ГНД/2024/0028 дугаартай Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлт гаргажээ.

Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаах тухай” СХТ/2024/0102 дугаар тогтоолоор илтгэгч гишүүний 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ГНД/2024/0028 дугаартай нотлох дүгнэлтийг “...Шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1-д заасны дагуу сахилгын хэрэгтэй танилцах, тэмдэглэл хийх, хуулбарлан авах, амаар болон бичгээр тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх зэрэг сахилгын хэргийн оролцогчийн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийг хуульчилсан бөгөөд сахилгын хэрэг үүсгээгүй атлаа шүүгч Г.Даваахүү, Б.Мөнхтуяа нарын тус тусын шийдсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шалгасан, өргөдөлд дурдагдаагүй хариуцагчийн өмгөөлөгч Б.М-тай урьд хамт ажиллаж байснаа мэдэгдээгүй гэж дүгнэсэн нь сахилгын хэргийн оролцогчийг дээрх хуулиар олгогдсон эрхээ эдэлсэн гэж үзэх боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн, ...мөн тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан, эсхүл нийт шүүгчийн олонхыг татгалзсанаас шүүгчдийн зөвлөгөөний ирц бүрдэхгүй болсон тохиолдолд хүсэлтийг адил шатны өөр шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасан Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 05 дугаар тогтоолд тайлбарласан тайлбарыг зөрчсөн эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай, ...уг иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан Э.Х-д олгосон итгэмжлэлээсээ нэхэмжлэгч 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр татгалзаж тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шүүх 5 хуралдаанд өөр итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон энэ тохиолдолд Шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасан үүргээ шүүгч Б.Мөнхтуяа хэзээ, хэрхэн, ямар хэлбэрээр хэрэгжүүлэх эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх, ...шүүгч Г.Даваахүү нь тус иргэний хэргийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр шийдвэрлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдлын талаар хэргийн оролцогчдод мэдэгдэх үүрэгтэй байсан эсэх болон сахилгын хорооны хуралдаанд гаргаж өгсөн иргэний хэргийг шийдвэрлэсэн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг, нотлох дүгнэлтээс хойш гаргасан тайлбар зэрэгт дүгнэлт хийх” гэх үндэслэлүүдээр хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцааж шийдвэрлэсэн.

Илтгэгч гишүүн Шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4-д “Сахилгын хорооны хуралдаан зарлахаас өмнө өргөдөл, мэдээлэлд дурдагдаагүй шүүгчийн сахилгын зөрчлийн шинжтэй үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэх явцад илэрсэн бол тухайн шүүгчид сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна.” гэж заасны дагуу сахилгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн СХТ/2024/0102 дугаар тогтоолд дурдсан үндэслэлээр Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү, Б.Мөнхтуяа, С.Оюунжаргал нарт холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ГЗҮ/2024/0134 дугаартай захирамжаар сахилгын хэрэг үүсгэж, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Сахилгын хэргийг нэгтгэх тухай” ГЗБ/2024/0752 дугаар захирамжаар 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ГЗҮ/2024/0090 дүгээр захирамжаар үүсгэсэн сахилгын хэрэгт нэгтгэж, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Сахилгын зөрчлийг нотлох тухай” ГНД/2025/0004 дугаар нотлох дүгнэлтийг үйлджээ.

Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн СХМ/2025/0033 дугаар магадлалаар Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба, Н.Бямбасүрэн, С.Оюунжаргал, Р.Сарантуяа нарыг Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэх, шүүгч Г.Даваахүү, Б.Мөнхтуяа нарыг Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус зөрчсөн гэсэн илтгэгч гишүүний нотлох дүгнэлтийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, харин шүүгч Б.Мөнхтуяаг тус иргэний хэргийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х-тай хамт ажиллаж байсан, ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй талаар өөрөө хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх, хэргийн оролцогчдод мэдэгдэх үүргийг тус тус хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 57 дугаар зүйлийн 57.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “хаалттай сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан байна.

2. Шүүгч Б.Мөнхтуяад холбогдох зөрчлийн тухайд:

Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт холбогдох “ажил эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн даргалагчаар шүүгч Б.Мөнхтуяа томилогдсоныг тус шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулжээ.

Уг иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, 155/ШШ2024/00*** дугаартай шийдвэрээр “нэхэмжлэгч Б.Б-ийг Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран сайхны удирдаачийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2024 оны 03 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацаанд түүний өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нийт олговор 10,316,406 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг нэхэмжлэлийн шаардлагаар 628,318 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчид олгосон нөхөх олговроос нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болоод нийгмийн даатгалын шимтгэлийг суутган нөхөн төлүүлж, холбогдох байгууллагын бүртгэлд бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас чөлөө олгохоос татгалзсан хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж шийдвэрлэсэн.

Э.Х нь тус иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд оролцож байсан ба тэрээр тус шүүхийн Тамгын газрын даргын тушаалаар 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн Мэдээлэл лавлагааны ажилтнаар,

 - 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн мэдээлэл лавлагааны ажилтны ажлаас чөлөөлж, мөн өдрөөс архив-бичиг хэргийн эрхлэгчээр,

- 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс Сум дундын 27 дугаар шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар,

- 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс шүүх хуралдааны нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлж, мөн өдрөөс эхлэн тус шүүхийн шүүгчийн туслахаар,

- 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шүүгчийн туслахын ажлаас чөлөөлж, мөн өдрөөс Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар,

- 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс шүүх хуралдааны нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахаар,

 - 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахаар,

- 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн шүүгчийн туслахын албан тушаалаас чөлөөлж, мөн өдрөөс мэдээлэл лавлагааны мэргэжилтнээр,

 - 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тус шүүхийн Мэдээлэл лавлагааны мэргэжилтнээр,

 - 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шүүгчийн туслах Х.З-г жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд түр орлон гүйцэтгэгчээр шүүгчийн туслахаар,

 - 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Х.З ажилдаа орох хүсэлт гаргасан тул Э.Х-г шүүгчийн туслахын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлж, мөн өдрөөс эхлэн мэдээлэл лавлагааны мэргэжилтнээр,

 - 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Э.Х, шүүгчийн туслах Т.Б нар нь сэлгэн ажиллахыг харилцан зөвшөөрч хүсэлт гаргасан тул Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахаар, 

- 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шүүгчийн туслахаар сэлгэн ажиллах хугацааг дуусгавар болгож, тус шүүхийн Мэдээлэл лавлагааны мэргэжилтнээр тус тус ажилласан байна.

Улмаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул тухайн Тамгын газрын даргын тушаалаар 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Шүүхийн үйлчилгээний хэлтсийн мэдээлэл лавлагааны мэргэжилтний ажлаас чөлөөлжээ.

Тодруулбал, Э.Х нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 01 ний өдрийг хүртэлх хугацаанд ажилласан.

 Түүний 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шаардлагатай нотлох баримтуудыг гаргуулах хүсэлтийг шүүгч Б.Мөнхтуяа 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн захирамжаар зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Б.Б 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х-аас татгалзаж байгаагаа шүүхэд мэдэгдсэн ба мөн өдрөөс эхлэн Д.У 3 жилийн хугацаатай шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгожээ. Тус иргэний хэргийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хянан шийдвэрлэхэд Э.Х оролцоогүй болох нь 155/ТМ2024/00*** дугаартай хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

 3. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д “Шүүгч дараах үндэслэл байвал хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй:”, 91.1.1-д “урьд нь уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, эвлэрүүлэн зуучлагч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчийн хувиар оролцсон;”, 91.1.3-д “хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал;” гэж тус тус заасан байна.

 Харин Улсын дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 36 дугаар тогтоолын Тайлбарлах нь хэсгийн 1-д “Хувийн харилцаатай” гэж “хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгч уг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчтэй эдийн болон эдийн бус хувийн ашиг сонирхлоор холбогдсон байхыг ойлгоно.

Тухайлбал, аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн зэрэг ашгийн төлөө үйл ажиллагаа хамт эрхэлдэг, хөрөнгийн биржээр дамжуулж нийтэд зарагдсан болон төрөөс иргэн бүрд эзэмшүүлснээс бусад тохиолдолд аж ахуйн нэгжийн хувьцааг хамтран эзэмшдэг, аливаа байдлаар ашиг орлого, зардал хуваахад эрх үүрэг харилцан хүлээдэг; найз нөхдийн дотно, эсхүл хувийн таарамжгүй харилцаатай холбоотой бол хувийн харилцаатай гэж үзнэ.

Нэг сургуульд суралцсан болон урьд хамт ажиллаж байсан зэрэг өөр бусад байдлаар таньдаг, олон нийтийн цахим сүлжээнд “дагагч”, “найз” зэргээр холбогдсон, албан ажил үүрэг гүйцэтгэх явцад тогтоосон албан харилцаа, түүнчлэн, аж ахуйн нэгж, 8 байгууллагуудын бараа, ажил үйлчилгээг нийтэд зарласан нөхцөлөөр авсан зэрэг нь хувийн харилцаанд хамаарахгүй гэжээ.

Дээрх хууль, Улсын дээд шүүхийн тайлбаруудаас үзвэл, шүүгч Б.Мөнхтуяаг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангаагүй гэж буруутгах үндэслэлгүй. Шүүгч хэргийн оролцогч нартай шүүх хуралдаанаас өмнө уулзаж татгалзал гаргах талаар мэдэгдэх боломжгүй ба хэргийн оролцогч нарт мэдэгдсэн ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах үр дагаварт хүргэхээргүй байхад холбогдох шүүгчийг зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

 Иймд шүүгчийн гомдлыг хангаж, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг магадлалд оруулав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.2, 113.13 дахь хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1.Шүүхийн Сахилгын хорооны 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн СХМ/2025/0033 дугаартай магадлалын 1 дүгээр заалтыг “Илтгэгч гишүүний 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ГНД/2025/0004 дугаартай нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба, Н.Бямбасүрэн, С.Оюунжаргал, Р.Сарантуяа, Г.Даваахүү, Б.Мөнхтуяа нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, холбогдох шүүгчийн гомдлыг хангасугай.

            2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.14 дэх хэсэгт зааснаар хяналтын тогтоолыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар болон өргөдөл гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

            3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хяналтын тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4.Хяналтын тогтоолыг хүргүүлснээр гардан авсанд тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг дурдсугай.

                           ДАРГАЛАГЧ                                    С.ЭНХТӨР

                                    ГИШҮҮН                                           Д.АРИУНТУЯА

                                                                                                 Г.ЦАГААНЦООЖ