
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-05-22
Дугаар 71
Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийг хүчингүй болгож,
сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, сахилгын хэргийн оролцогч Б.Алтанцэцэг /цахим/ нарыг оролцуулан явуулж, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяагаар тэмдэглэл хөтлүүлэн, тус хорооны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэгт холбогдох илтгэгч гишүүний 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” ГНД/2024/0009 дүгээр дүгнэлтийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтдээ:
“... Холбогдох шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.1.18, 50.1.20, 50.1.23-т заасан хориглолтыг зөрчсөн эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
1. Өргөдөлд: “ ... Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг удаа дараа үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан, гомдол гаргах эрхийг хязгаарласан” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар, иргэн Д.Г-с Н.Б-д холбогдуулан “зээл, зээлийн хүү 236,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд гаргаж, тус нэхэмжлэл шүүгч Б.Алтанцэцэгт хуваарилагдан, шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 149/ШЗ2024/... дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасан хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох тухай хүсэлт гаргажээ.
Тус хүсэлтийг шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 149/ШЗ2025/... дугаартай захирамжаар “хариуцагч аль аль банканд данс эзэмшдэг болон ямар банкны зарлагын хөдөлгөөнийг зогсоолгох тухай хүсэлт нь тодорхой бус” гэх үндэслэлээр хангахаас татгалзаж, гомдол гаргах эрхгүй гэж дурджээ.
Нэхэмжлэгчээс дахин 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасан хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 149/ШЗ2025/... дугаартай захирамжаар “шүүх хуралдаан зарласан тул данс битүүмжлэх шаардлагагүй” гэж үзэн хангахаас татгалзаж, мөн л гомдол гаргах эрхгүй гэж дурдсан байна.
1.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар шүүгч нэхэмжлэгч хүсэлт гаргавал иргэний хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх, хариуцагчаас эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн тодорхой ажиллагаа явуулахыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хориглох, хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох зэрэг захирамж гаргах эрхтэй.
Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн ... 69.1 ... дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж зааснаас үзэхэд 69.1-д заасан захирамжид хэргийн оролцогч 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй талаар хуульд илт тодорхой тусгасан байна.
Холбогдох шүүгч Б.Алтанцэцэг тайлбартаа “ ... хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх огт яригдахгүй гэсэн үг” гэж хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэж байгааг хүлээж авах боломжгүй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т зааснаар шүүгч хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн тохиолдолд сахилгын зөрчилд тооцохоор хуульчилсан.
Мөн шүүгчийн дээрх зөрчлийн талаар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 208/МА2025/... дугаартай магадлалд “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар гомдол гаргах эрхтэй захирамжийг гомдол гаргах эрхгүй гэж дурдсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил мөн ...” гэж дурдсан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Иймд шүүгч Б.Алтанцэцэгийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ... удаа дараа зөрчсөн үйлдэл гаргах” гэж заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэв.
1.2. Нэмж дурдахад Шүүхийн сахилгын хороо шүүгчийн захирамжийн үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөх эрхгүй хэдий ч шүүгч хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн тохиолдолд шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т заасан Сахилгын хороо сахилгын хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль дээдлэх, шударга, ил тод, хараат бус байх, өргөдөл, мэдээллийг заавал хянан шийдвэрлэх зарчимд нийцэх юм.
Тиймээс шүүгч Б.Алтанцэцэг нь нэхэмжлэгчийн хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох тухай хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан захирамжийн үндэслэлдээ “ ... хариуцагч аль аль банканд данс эзэмшдэг болон ямар банкны зарлагын хөдөлгөөнийг зогсоолгох тухай хүсэлт нь тодорхой бус” гэж татгалзсан нь илт үндэслэлгүй болно.
Тухайлбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дүгээр зүйлийн 70.1-т “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг гарсан өдрөөс нь эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлнэ” гэж зааснаас үзэхэд хариуцагчийн банкны дугаар тодорхой байхаас үл хамааран хариуцагчийн регистрийн дугаарыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, биелүүлдэг.
Хэдийгээр дээрх нөхцөл байдал нь шүүгчийн сахилгын зөрчилд хамаарахгүй хэдий ч холбогдох шүүгч нь цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж ажиллахыг анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.
2. Өргөдөлд: “ ... хариуцагчийн тайлбартаа танилцах боломжоор хангаагүй, тухайн тайлбартай холбоотой нотлох баримт гаргаж өгөх эрхээр хангаагүй, хариуцагч хариу тайлбараа гаргаагүй ба дан ганц шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж буй тайлбарыг үндэслэн шийдвэр гаргасан, хариуцагчийн зөрүүтэй тайлбарыг шийдвэрт тусгаагүй” гэжээ.
Хариуцагч Н.Б нь нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гардан авч, эрх үүрэгтэйгээ танилцан, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хариу тайлбараа гаргахаар хугацаа тохирсон байна.
Гэтэл хуульд заасан хугацаанд хариуцагч хариу тайлбараа гаргаагүй бөгөөд шүүгч 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 149/ШЗ2025/... дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэхээр тов тогтоожээ.
Хариуцагч хариу тайлбараа 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр буюу шүүх хуралдааны өмнө гаргасан байх ба энэ тохиолдолд шүүгчид холбогдуулан буруутгах боломжгүй юм.
Шалгах ажиллагааны явцад 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд нэхэмжлэгч талаас хариуцагч хариу тайлбараа шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргасантай холбогдуулан шүүх хуралдааныг хойшлуулах, нотлох баримт гаргаж өгөх зэрэг хүсэлт гаргаж шийдвэрлүүлээгүй нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс хуульд заасан эрхээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргаж шийдвэрлүүлээгүйд шүүгчийг буруутгах боломжгүй юм.
Мөн Шүүхийн сахилгын хороо шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх эрх хэмжээгүй бөгөөд гагцхүү дээд шатны шүүх дүгнэлт өгөх тул өргөдлийн “хариуцагчийн зөрүүтэй тайлбарыг шийдвэрт тусгаагүй” гэх агуулга нь сахилгын зөрчилд хамаарахгүй.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 149/ШШ2025/... дугаар шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гаргасан гомдолдоо “ ... хариуцагчийн зөрүүтэй тайлбарыг шийдвэрт тусгаагүй” гэх үндэслэл дурдсан ба Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 208/МА2025/... дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
3. Өргөдөлд: “ ... хариуцагчийг гар утастай оруулсан мөртөө миний гар утсыг хураан авсан, хариуцагч намайг элдвээр доромжилж байхад түүнд шаардлага тавиагүй мөртөө намайг босоогүйн төлөө сануулга өгсөн зэргээс харахад хэт нэг талыг баримталсан” гэжээ.
Анхан шатны шүүх хуралдааны дэгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Аравдугаар бүлэгт зохицуулсан.
2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд тус шүүх хуралдааныг шүүгч Б.Алтанцэцэг даргалж, нарийн бичгийн даргаар С.Т, нэхэмжлэгч Д.Г, түүний өмгөөлөгч С.Э, хариуцагч Н.Б нар оролцсон ба даргалагчаас дэгийн дагуу шүүх хуралдааныг нээж, шүүх хуралдааны ирц ба оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгаж, шүүх хуралдааны дарааллыг тогтоож, хэрэг хэлэлцэх ажиллагаа явагдсан байна.
Тус шүүх хуралдаан хуульд заасан дэгийн дагуу явагдсан ба шүүгч Б.Алтанцэцэг нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-т заасан шүүх хуралдаан даргалах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлж, дээрх хуульд заасан хүрээнд хэргийн оролцогчдоос асуулт асууж, хэргийн үйл баримтыг тодруулсан.
Мөн хариуцагчаас нэхэмжлэгчийг доромжилсон үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд энэ тохиолдолд шүүгч Б.Алтанцэцэг нь дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлээгүй, хэт нэг талыг баримталсан гэж үзэхгүй.
Өргөдөлд “ ... хариуцагчийг гар утастай оруулсан мөртөө миний гар утсыг хураан авсан” гэж дурдсан байх ба шүүх хуралдааны танхимын шүүх бүрэлдэхүүн болоод шүүх хуралдаанд оролцогчдын хэсгийг бүхэлд нь бичсэн “presentation-1” MP4 Video File нэртэй нэртэй дүрсний бичлэгийг нээж үзэхэд:
Нэхэмжлэгч нь гар утастай шүүх хуралдаанд оролцсон. Нэхэмжлэгчийн гар утсаа ширээн дээр тавьсан байдалтай бөгөөд:
0:20:52-0:20:53 нэхэмжлэгч гар утсаа оролдож байна.
0:26:53-0:26:45 нэхэмжлэгч гар утсаа оролдож байна.
0:40:05-0:42:49 нэхэмжлэгч гар утсаа оролдож байна.
г/ “presentation-2” MP4 Video File нэртэй дүрсний бичлэгийг нээж үзэхэд:
0:13:55-0:13:57 нэхэмжлэгч гар утсаа оролдож байна.
0:53:17-1:00:00 нэхэмжлэгч гар утсаа оролдож байна.
д/ “presentation-3” MP4 Video File нэртэй дүрсний бичлэгийг нээж үзэхэд:
0:00:01-0:03:46 нэхэмжлэгч гар утсаа оролдож байна.” гэж бичигдсэнээс үзэхэд тус өргөдлийн үндэслэл тогтоогдохгүй байна.
4. Өргөдөлд “ ... хэргийн нэг талыг байлцуулахгүйгээр нөгөө талтай харилцсан байж болзошгүй” гэсэн хардлага, сэжиг таамагт үндэслэсэн байх тул шүүгчийг шууд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28-д заасан зөрчилд гаргасан гэж үзэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, шүүгч Б.Алтанцэцэг нь хэргийн оролцогч Н.Б-тэй хэзээ, хаана, хэрхэн уулзаж, харилцсан талаар объектив үндэслэл дурдаагүй бөгөөд шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй болно.
Иймд шүүгчийн “ ... шүүгч болон хувь хүний байр сууринаас нэхэмжлэгч болон хариуцаг нартай ганцаарчлан болон утсаар холбогдох уулзаж байгаагүй зохигч нарын хэн алиныг нь огт танихгүй” гэх тайлбарыг буруутгах боломжгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Илтгэгч гишүүн нэр бүхий иргэдээс гаргасан өргөдлөөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэгт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж, гаргасан “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай дүгнэлт”-д өргөдлийн үндэслэлд дурдагдсан агуулга бүрд дүгнэлт өгсөн байна.
Илтгэгч гишүүн “... Шалгах ажиллагааны явцад 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд нэхэмжлэгч талаас хариуцагч хариу тайлбараа шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргасантай холбогдуулан шүүх хуралдааныг хойшлуулах, нотлох баримт гаргаж өгөх зэрэг хүсэлт гаргаж шийдвэрлүүлээгүй нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс хуульд заасан эрхээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргаж шийдвэрлүүлээгүйд шүүгчийг буруутгах боломжгүй юм ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог нь мэтгэлцэх зарчимтай холбоотой ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар, эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхтэй хэргийн оролцогч нь 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан дээр өгсөн хариуцагчийн хариу тайлбартай танилцах, түүнтэй холбогдуулж нэмэлт тайлбар гаргах, баримт өгөх хүсэлт гаргаагүй, мөн шүүх хуралдааныг хойшлуулах талаар ч хүсэлт гаргаагүйд шүүгчийг буруутгах үндэслэлгүй байна. Тус шүүх хуралдааны бичлэг, тэмдэглэлээс энэ үйл баримт тогтоогдоно.
Харин илтгэгч гишүүн “шүүгч Б.Алтанцэцэг нь нэхэмжлэгчээс гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1.3-д заасан хариуцагчийн дансны хөдөлгөөнийг нэхэмжилж буй үнийн дүнгийн хэмжээнд зогсоох арга хэмжээ авхуулах хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 149/ШЗ2025/... , 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 149/ШЗ2025/... дугаар “Хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжаар тус тус шийдвэрлэхдээ гомдол гаргах эрхгүй гэж дурдсан нь мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн ... 69.1 ... дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн” гэж дүгнэжээ.
Шүүгч Б.Алтанцэцэг нэхэмжлэгчээс гаргасан “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 149/ШЗ2025/... дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах, татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана” гэж заасныг удирдлага болгон, уг захирамжид гомдол гаргах эрхгүй гэж заасан байна.
Нэхэмжлэгчээс дахин гаргасан “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” тухай хүсэлтийг холбогдох шүүгч 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 149/ШЗ2025/... дугаар захирамжаар хангахгүй орхиж, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон, гомдол гаргах эрхгүй гэж шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх захирамждаа “...өмнө нь дээрх хүсэлт гаргасныг хангахаас татгалзсан шүүгчийн захирамж гаргасан, мөн уг маргаантай иргэний хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан товлон зарлагдсан тул...” гэх үндэслэл дурджээ.
Холбогдох шүүгч Сахилгын хорооны хуралдаанд бичгээр болон амаар гаргасан тайлбартаа “... шүүхийн практикт нийтлэг байдлаар хүсэлтийг хангахгүй орхисон бол гомдол гаргах эрхгүй байхаар захирамжилсан байгаа. Нөгөө талаар гомдол гаргах эрхтэй хэмээн гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэж буй цөөн тохиолдол байхыг үгүйсгэхгүй...” гэж, “... би хүсэлт шийдвэрлэхдээ 69 дүгээр зүйлд заасныг баримталсан бол гомдол гаргах эрхийг нь заагаад, хэрэглээгүй бол энэ эрхийг нь заадаггүй, 123 дахь заалтаар захирамжаа гаргадаг. Ер нь цаашид энэ асуудлыг анхаарах хэрэгтэй гэж шүүгчдийн Зөвлөгөөнөөр яриад эрхийг нь нээлттэй орхих нь зүйтэй юм байна гэсэн ойлголтод хүрсэн байгаа” гэж мэдүүлсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан байна.
Мөн Улсын Дээд Шүүхийн 2007 оны 09 сарын 10-ний өдрийн 36 дугаар тогтоолын 11-т “Хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаас бусад шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт энэ зүйлд заасан журмын дагуу гомдол гаргахгүй” байхаар тайлбарлажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, тэдгээрийг гаргах талаар ерөнхий агуулгыг томьёолсон бол мөн хуулийн 170 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагааг тухайлан зааж, гомдол гаргах эрхтэй хэмээн заасан нь илүү нарийвчилсан зохицуулалт гэж үзэхээр байгаа ба үүгээр 69.1 дүгээр зүйлд журамласан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг хэрхэн шийдвэрлэснээс үл хамаарч, хэргийн оролцогчид гомдол гаргах эрх нь нээлттэй гэж ойлгохоор байна.
Шүүх хувийн эрх зүйн тэгш эрхтэй талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хуулиар хориглоогүй тохиолдолд хэргийн оролцогчийн эрхийг аль болох нээлттэй байлгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид гомдол гаргах, түүнийгээ шийдвэрлүүлэх боломжийг нь хангаж ажиллах нь зохистой байдаг.
Тиймээс ч Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 208/МА2025/... дугаартай магадлалд “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар гомдол гаргах эрхтэй захирамжийг гомдол гаргах эрхгүй гэж дурдсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил мөн ...” гэж дурдсан байгаагаар энэхүү үйл баримтыг зөрчил гэж үзнэ.
Дээрх хуулийн зохицуулалтыг хэрхэн ойлгож хэрэглэх талаар Улсын Дээд шүүхээс гаргасан тайлбар байхгүйгээс шүүхүүд ялгамжтай байдлаар хэрэгжүүлж, улмаар хууль хэрэглээний зөрүүтэй байдал бий болсноос шалтгаалж хэргийн оролцогчид болон бусад этгээдэд тодорхойгүй байдал үүсгэж буй сөрөг үр дагавартай байгаа нь хуулийг нэг мөр ойлгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэг журмаар хэрэглэх зарчимд харшилж байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгч Б.Алтанцэцэг нь нэхэмжлэгчээс гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1.3-д зааснаар хариуцагчийн дансны хөдөлгөөнийг нэхэмжилж буй үнийн дүнгийн хэмжээнд зогсоох арга хэмжээ авах хэмжээ авхуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ гомдол гаргах эрхгүй гэж дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн үйлдэл гаргасан буюу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт “хуулийн илт тодорхой заалтыг ... зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасанд хамаарах зөрчил гаргасан гэж үзнэ.
Гэхдээ илтгэгч гишүүн, дээрх хоёр удаагийн хүсэлтийг шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг “удаа дараа” гэж үзжээ.
Хууль, тогтоомжид хэрэглэгдэж буй агуулгаас үзвэл аливаа үйлдлийн давтамжийг 1 удаа, 2 удаа бол давтан, 3 ба түүнээс дээш бол удаа, дараа гэж үзэхээр байх тул холбогдох шүүгчийн гаргасан зөрчил нь удаа дараа гэх агуулгад хамаарахгүй гэж бүрэлдэхүүн үзэн, илтгэгч гишүүний сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ГНД/2025/0009 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтийг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэгт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.СУГАР
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН