
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-04-16
Дугаар 54
Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг
бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
... шүүхийн шүүгч Б.Т-г сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ГНД/2025/0007 дугаартай дүгнэлтийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтдээ:
“ ... 1. Өргөдөл гаргагч “...2021 оны 4 дүгээр сард хэрэг шүүгч Б.Т-т шилжиж, энэ цаг хугацаанаас эхлэн хэргийг сунжруулан там цайлгах үйл ажиллагаа эхэлсэн болно. Хэргийг бүтэн гурван жилийн хугацаанд сунжруулж, хариуцагч талд үйлчиллээ. Энэ хугацаанд хэргийг хэрэгсэхгүй болгох, хэргийг буцаах эсвэл шинжээч томилуулах гэх мэт янз бүрийн шаардлагагүй зүйлээр захирамж гарган нэхэмжлэгч талын үйлийг үзэв. Хэргийг хэлэлцэхгүй хагас жилээс илүү хугацаанд сейфтээ дарж бас л хариуцагч талд үйлчлэв.” гэжээ.
Иргэн Л.Б-с Э.Э-д холбогдуулан “Л.Б-г **9196 дугаарын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг шүүгч Ө.У хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн .../ШЗ2020/13937 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгч Ө.У-г шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн тул 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн .../ЗТ2021/00637 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шүүгч Ө.У-н хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргийг бусад шүүгч нарт хуваарилсан байна.
Тус зөвлөгөөний тогтоолын дагуу шүүгч Б.Т-т тухайн хэрэг шилжсэнээс хойш дараах ажиллагаа хийгджээ. Үүнд:
2021 оны 10 дугаар арын 08-ны өдөр зохигч нарт эрх үүрэг тайлбарласан, нөлөөллийн мэдүүлэг, хэргийн материал танилцуулсан баримт дээр гарын үсэг зуруулсан,
2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хэргийн материалыг нэхэмжлэгч, хариуцагч талд танилцуулсан,
2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагч Э.Э-д гардуулсан,
2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Л.Б-н нэхэмжлэлтэй Э.Э , Э.Б, Э.Э нарт холбогдох иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б.Т-г томилсон,
2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн .../ШЗ2022/04907 дугаар захирамжаар хүсэлт хянан шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулсан,
2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шүүх хуралдааны товыг оролцогч нарт мэдэгдсэн тэмдэглэлийг шүүгчийн туслах үйлдсэн,
2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн .../ШЗ2022/05661 дүгээр шүүгчийн захирамжаар гэрч нарыг шүүх хуралдаанаас өмнө асуух, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргах хугацаа олгох хүсэлтийг тус тус ханган шүүх хуралдааныг хойшлуулсан,
2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр О.Б-г гэрчээр асуусан,
2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэрч нарыг шүүхэд дуудсан утсаар ярьсан тэмдэглэлийг шүүгчийн туслах үйлдсэн,
2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн .../ШЗ2022/06872 дугаартай шүүгчийн захирамжаар гэрч албадан ирүүлэх, хариуцагч нарт тов мэдэгдэхийг даалгаж, шүүх хуралдааныг хойшлуулсан,
2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шүүгчийн туслах хэргийн оролцогчтой утсаар ярсан баримт үйлдсэн,
2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1903 дугаар албан бичгээр гэрч албадан ирүүлэх захирамжийг Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэст хүргүүлсэн,
2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Б.Т-г гэрчээр асууж, мөн өдрийн .../ШЗ2022/07961 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч Э.Э-с хариу тайлбар гаргуулах, хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан,
2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн .../ШЗ2022/08764 дүгээр шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны товыг өөрчилж, хэргийн оролцогч нарт мэдэгдсэн,
2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 3216 дугаар албан тоотоор Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шүүгчийн захирамжид заасан нотлох баримтыг шүүхэд ирүүлэхийг шаардсан,
2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шүүх хуралдааны товыг оролцогч нарт мэдэгдсэн тэмдэглэлийг шүүгчийн туслах үйлдсэн,
2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн .../ШЗ2022/12568 дугаар шүүгчийн захирамжаар шүүхийн журмаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан,
2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 3420 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шүүгчийн захирамжийг хүргүүлсэн,
2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн .../ШЗ2022/13720 дугаар шүүгчийн захирамжаар шүүхэд ирүүлэхийг шаардсан баримтыг ирүүлээгүйг дахин шаардан гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан,
2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн албан тоотоор .../ШЗ2022/13720 дугаар шүүгчийн захирамжийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст хүргүүлсэн,
2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулсан,
2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн .../ШЗ2022/15012 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,
2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн .../ШТ2022/00503 дугаар шүүхийн тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон,
2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүхээс хэргийн оролцогчид хэргийн материал танилцуулсан,
2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргасан,
2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч талд гардуулсан,
2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хэргийн оролцогчид эрх үүрэг тайлбарлан, хэргийн материал танилцуулсан,
2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч талаас шинжээч томилох хүсэлтийг гаргасан,
2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч талаас тайлбар, хүсэлтийг ирүүлсэн,
2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн .../ШЗ2023/09905 дугаар шүүгчийн захирамжаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн,
2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн .../ШТ2023/00287 дугаар шүүхийн тогтоолоор .../ШЗ2023/09905 дугаар захирамжид өөрчлөлт оруулж, шийдвэрлэсэн,
2023 оны 08 дугаар сарын 03-ны зарим хэргийн оролцогчид эрх үүрэг тайлбарласан,
2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шүүгчийн туслах шүүх хуралдааны тов хэргийн оролцогчид мэдэгдсэн баримтыг үйлдсэн,
2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шүүгчийн туслах шүүх хуралдааны тов хэргийн оролцогчид мэдэгдсэн баримтыг үйлдсэн,
2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр .../ШЗ2023/15366 дугаар шүүгчийн захирамжаар өмнөх шүүх хуралдаан үргэлжлэн явагдаж байгаа гэх үндэслэлээр шүүх хуралдааны товыг өөрчилж, зохигч нарт мэдэгдсэн,
2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шүүгчийн туслах хэргийн оролцогчид шүүх хуралдааны тов мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэлийг үйлдсэн,
2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн .../ШЗ2023/17832 дугаар шүүгчийн захирамжаар “М” ХХК-аас баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан,
2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хэргийн оролцогчид хэргийн материал танилцуулсан,
2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4596 дугаар албан бичгээр .../ШЗ2023/17832 дугаар шүүгчийн захирамжийг “М” ХХК-д хүргүүлсэн,
2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүгчийн туслах шүүх хуралдааны товыг хариуцагч талд мэдэгдэж, утсаар ярьсан тэмдэглэлийг үйлдсэн,
2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр .../ШЗ2023/19650 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчид нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа өөрчилсөн хувийг гардуулах ажиллагаа хийгдээгүй гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, нэхэмжлэлийн хувийг гардуулсан,
2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчид сөрөг нэхэмжлэлийг гардуулсан,
2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүгчийн туслах хэргийн оролцогчид шүүх хуралдааны тов мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэлийг үйлдсэн,
2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн .../ШЗ2024/00354 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан,
2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн .../ШШ2024/00128 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлага, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Холбогдох шүүгч тус хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх хугацаанд 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажлын 32 хоног, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл ажлын 32 хоног, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажлын 35 хоног ээлжийн амралттаа эдэлсэн байна.
Мөн шүүгч Б.Т 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл /16 хоног/, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл /17 хоног/, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл /11 хоног/ нийт 44 хоногийн хугацаанд өвчтэй байсан талаарх баримтаа сахилгын хэрэгт хавсаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2 дахь хэсэг “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж зааснаас үзвэл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 90 хоногийн хугацаанд явуулахаар зохицуулсан байдаг.
Гэтэл шүүгч Б.Т нь тухайн хэрэгт 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 02 жил 07 сарын хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Тодруулбал, шүүгч хэргийг шилжүүлэн авсан 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 03 сар 28 хоног, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 04 сар 02 хоног, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл буюу 01 сар 18 хоног нийт 09 сар 19 хоног /үүнээс шүүгчийн ээлжийн амралтаа эдэлсэн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх ажлын 32 хоногийг, шүүгч өвчтэй байсан 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 16 хоногийг хасаж тооцоход/ 7 сар 11 хоногийн хугацаанд тус иргэний хэрэгт хуульд заасан тодорхой ажиллагаа явуулаагүй нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Холбогдох шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсантай холбоотойгоор “...миний бие хэдийгээр хуульд заасан хугацаанд өргөдөл гаргагч Л.Б-н нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлээгүй боловч ганц иргэн Л.Б-н хэрэгт ажиллагаа явуулаагүй, маш олон нэхэмжлэл, хүсэлт, гомдол, иргэний хэргүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэгэн зэрэг хуульд заасан хугацаа, арга журамд нийцүүлэн хянан шийдвэрлэх ажиллагаануудыг тус тус хийж, хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн бөгөөд энэ хугацаанд шүүгчийн туслах олон удаа солигдож байсан зэрэг хуульд заасан хүндэтгэн үзэх нөхцөл байдлын улмаас хугацаа хэтрүүлсэн болох нь тогтоогдоно гэж үзэж байна.” гэх тайлбарыг нэмэлтээр өгсөн.
Дээрх тайлбартай холбоотойгоор ...шүүхийн Тамгын газраас шүүгч Б.Т-н 2021-2023 онд хүртэл хуваарилагдсан хэрэг, нэхэмжлэл, хүсэлт, гомдол, шүүх хуралдаанд бүрэлдэхүүнээр оролцсон зэрэг шүүн таслах ажиллагааны тоон мэдээ болон шүүгч Б.Т-н туслахаар ажиллаж байсан ажилтнуудын талаарх лавлагааг гаргуулан авахад, тус шүүхийн Тамгын газраас шүүгч Б.Т 2021 онд хүлээн авсан нэхэмжлэл 543, хянан шийдвэрлэсэн хэрэг 361, хүсэлт 99, гомдол 93, шүүх бүрэлдэхүүнд оролцсон 124, 2022 онд хүлээн авсан нэхэмжлэл 664, хянан шийдвэрлэсэн хэрэг 455, хүсэлт 141, гомдол 57, шүүх бүрэлдэхүүнд оролцсон тоо 147, 2023 онд хүлээн авсан нэхэмжлэл 684, хянан шийдвэрлэсэн хэрэг 550, хүсэлт 52, гомдол 78, шүүх бүрэлдэхүүнд оролцсон тоо 98 гэх тоон мэдээг, мөн шүүгчийн туслахаар Д.Т, Б.Б, Б.Б, С.Т нар ажиллаж байсан талаарх лавлагаа, холбогдох баримтыг ирүүлжээ.
Шүүгч Б.Т нь жилд 360-550 хэрэг хянан шийдвэрлэсэн нь түүнийг ачаалалтай ажиллаж байсан гэж үзэх хэдий ч өргөдөлд дурдсан хэргийн тухайд 7 сарын хугацаанд ямар нэгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй нь шүүгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.
Харин шүүгчийн ажлын ачаалалтай нөхцөл байдлыг харгалзан үзээд шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан гэж дүгнээгүй болохыг дурдах нь зүйтэй.
2. Өргөдөл гаргагч “...Нэхэмжлэгч миний бие аргагүйн эрхэнд өөрөө шүүх хуралд оролцож байж 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүгчийн .../ШШ2024/00126 дугаар шийдвэр гарсан боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй өөх ч биш, булчирхай ч биш шийдвэр гаргав. Хэрэгт огт хамааралгүй бие даасан барьцаатай тусдаа зээлийн гэрээг өөрийн хэрэгт хамтатган шийдвэрлэх гэж оролдов” гэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн .../ШШ2024/00128 дугаар шүүхийн шийдвэрээр “...Л.Б , Э.Э нарын хооронд байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн, мөн Э.Б, Э.Э нарын хооронд байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ шилжүүлэх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, **9196 дугаарын хууль ёсны эзэмшигч Л.Б болохыг тогтоож, уг дугаарыг Л.Б т шилжүүлэхийг Э.Б-т даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Л.Б-с 30.073.443 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах Э.Э-н сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.5.4-т зааснаар Э.Э-с 13.981.750 төгрөгийг гаргуулж Л.Б- т олгохоор” шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар шүүгч хэрэгт авагдсан баримтыг хэрхэн үнэлж хууль хэрэглэн шийдвэр гаргах нь түүний хараат бус бүрэн эрхэд хамаардаг тул Сахилгын хороо шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах түүнд үнэлэлт дүгнэлт өгөх эрхгүй.
Иймд дээрх өргөдлийн үндэслэл нь сахилгын зөрчилд хамаарахгүй.
3. Өргөдөл гаргагч “...анхан шатны шүүх хуралдаан болсны дараагаар шүүгч Б.Т нь хариуцагчийн 30 шахам хуудастай “Хөрөнгийн үнэлгээний тайлан №28” гэсэн баримтуудыг хавтаст хэрэгт шургуулсан нь баримтаар тогтоогдож байна” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №28 дугаар “М” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан болох 28 хуудас баримт нь тус иргэний хэргийн 2 дугаар хавтаст хэргийн 137-164 дүгээр хуудсанд авагдсан болох нь тогтоогдож байна.
Тухайн хөрөнгийн үнэлгээ нь хариуцагч Э.Э-н хүсэлтийн дагуу хийгдсэн болох нь “М” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд дурдагдсан байх ба холбогдох шүүгчийн “...гомдолд дурдсан баримтуудыг тухайн иргэний хэрэгт хариуцагч талаас гаргаж өгсөн болно” гэх тайлбар үндэслэлтэй байна.
Мөн тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах явцад “..Даргалагч шүүгч: Хөрөнгийн үнэлгээний тайлан авагдсан байна гэхэд, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д : Шаардлага өөрчлөгдсөн болохоор шаардлагагүй...” гэж хэлсэн нь дуу-дүрсний бичлэгт авагджээ.
Дээрхээс үзвэл тус хөрөнгийн үнэлгээ нь шүүх хуралдаан хэлэлцэх үед тус хэрэгт авагдсан байсан нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр тогтоогдож байх тул өргөдөл гаргагчийн “..анхан шатны шүүх хуралдаан болсны дараагаар “Хөрөнгийн үнэлгээний тайлан №28” гэсэн баримтуудыг хавтаст хэрэгт шургуулсан” гэх өргөдөл нь үндэслэлгүй байна.
4. Сахилгын хорооны хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн СХТ/2025/0006 дугаар тогтоолоор “...Э-н 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэх огноотой гарын үсэг нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэсэн огноотой баримтад зурагджээ. Мөн Л.Б-н нэхэмжлэлтэй, Э.Э, Э.Б, Э.Э нарт холбогдох иргэний хэргийн даргалагчаар шүүгч Б.Т-г томилсон Ерөнхий шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 762 дугаар захирамжаас хариуцагч Э.Б нь энэ хугацаанд дахин нэмэгдсэн болох нь харагдана. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж, өөрчлөхдөө хамтран хариуцагч нэмж татах, эсхүл хамтран хариуцагчийг нэмж татах боломжтой ба эдгээр тохиолдлын алинд ч зайлшгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах нь уг ажиллагааг хэрхэн хийгдсэн болох нь дүгнэлтэд тодорхойгүй байна” гэж дурджээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгч Ө.У нь Л.Б-н нэхэмжлэлтэй Э.Э-д холбогдох иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байхдаа 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн .../ШЗ2021/01691 дүгээр захирамжаар Э.Б-ийг, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн .../ШЗ2021/06138 дугаар захирамжаар Э.Э-г тус тус хамтран хариуцагчаар татжээ.
Тухайн хэрэг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн .../ЗТ2021/00637 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шүүгч Б.Т-т шилжсэний дараа буюу 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хамтран хариуцагч Э.Э-д нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хариуцагчид нэхэмжлэлийг нийслэлд 7 хоногийн, орон нутагт 14 хоногийн дотор тус тус гардуулна” гэж заасан.
Гэтэл шүүгч Б.Т нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хамтран хариуцагчаар татагдсан этгээдэд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Тодруулбал, хэрэгт хамтран хариуцагч Э.Э-г шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг шүүгч Ө.У 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүргүүлснээс өөр Э.Э-д нэхэмжлэлийн хувийг гардуулахаар шүүхэд дуудан ирүүлэх ажиллагаатай холбоотой баримт тухайн иргэний хэрэгт авагдаагүй байна.
Дээрх нөхцөл байдлыг тодруулахаар тухайн үед шүүгчийн туслахаар ажиллаж байсан Д.Т-с гэрчийн мэдүүлэг авахад “...Дуудах ажиллагаа хийсэн эсэхээ санахгүй байна. Ер нь бол бүх хэрэг дээрээ дуудах ажиллагаа явуулдаг. ...туслах дуудах ажиллагааг хийнэ. шүүгч хэргээ үзээд дуудах ажиллагаа хийгээрэй гэдэг. Олон хэрэг байгаа. Тэр дундаас хийгдээгүй орхигдсон зүйл байх юм бол хийсэн үү яасан ийсэн гээд асуугаад, бид нарт даалгаад явдаг. Гэхдээ 8 сарын хугацаанд дуудах ажиллагааг хийхгүй байна гэж байхгүй. Ирээгүй, ямар нэгэн байдлаар хариуцагчийн хаяг болохгүй байсан бол нэхэмжлэгчид мэдэгдэх зэрэг ажиллагаанууд хийгдээд явах л ёстой...” гэх мэдүүлгийг өгсөн.
Мөн холбогдох шүүгч энэ талаар “...Ажиллагаа хийсэн баримтуудыг хэрэгт туслах хийгээгүй учраас би өнөөдөр буруудаж байна. Дуудах ажиллагаа хийсэн. ... Би шаардлагыг тавьдаг. Туслахууд ерөөсөө ажиллагаа хийхгүй мартагдуулаад явсан байгаа. Би шаардаагүй биш, шаардсан. Ажиллагаа хийгээгүй биш ажиллагаа хийсэн. Дуудсан бол ямар ажиллагаа хийсэн бэ гэхэд шүүгчээ ажиллагаа явуулсан, хийсэн би шалгаагүй байна гэдэг тайлбарыг л туслахууд хэлдэг” гэх тайлбарыг гаргасан.
Хэдийгээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.2-т зааснаар шүүгчийн туслах нь хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг хийж гүйцэтгэх чиг үүргийг хэрэгжүүлдэг боловч шүүгч тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүхэлд нь хяналт тавьж ажиллах үүрэгтэй.
Гэтэл шүүгч Б.Т нь тухайн хэргийг шилжүүлсэн авснаас хойш хамтран хариуцагчийг шүүхэд дуудах ирүүлэх, нэхэмжлэлийг гардуулахтай холбоотой ажиллагаанд хяналт тавиагүй, хамтран хариуцагчаар татагдсанаас хойш 7 сарын дараа нэхэмжлэлийн хувийг гардуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
Нөгөөтэйгөөр, шүүхээс хуульд заасан хугацаанд хамтран хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрахад нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгч Б.Т нь Л.Б-н нэхэмжлэлтэй Э.Э нарт холбогдох иргэний хэрэгт нийт 2 жил 7 сарын хугацаанд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа 7 сарын хугацаанд ямар нэгэн ажиллагаа явуулаагүй, мөн хамтран хариуцагчид нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд гардуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1, 72.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна.
Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн сахилгын зөрчилд хамаарч байх тул ... шүүхийн шүүгч Б.Т-г сахилгын зөрчил гаргасан гэж нотлох дүгнэлт үйлдэн Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
Холбогдох шүүгч Б.Т Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“...Л.Б-н нэхэмжлэлтэй Э.Э, Э.Б, Э.Э нарт холбогдох Э.Э **-9196 дугаарыг хууль бусаар эзэмшиж байгаа болохыг тогтоолгох, Л.Б-г **-9196 дугаарын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох тухай үндсэн, Зээлийн гэрээний үүрэгт 121,100,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг шаардлага бүхий иргэний хэргийг 2022 оны 04 дүгээр сард /иргэний хэрэг давж заалдах шатны шүүхэд хянуулахаар хүргүүлсэн тул хүлээн авсан өдрийг тодорхой тусгах боломжгүй байна/ хүлээн авч доорх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна. Үүнд:
-2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн .../Ш32022/04907 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах, гэрч Б.Т , О.Б нарыг шүүх хуралдаанд албадан ирүүлэх, хариуцагч Э.-Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах, хариуцагч Э.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч сонгон авах тухай хүсэлтүүдийг тус тус хүлээн авч хангаад, шүүх хуралдааныг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан,
-2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн .../Ш32022/05661 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрч Б.Т , О.Б нарыг шүүх хуралдаанаас өмнө асуух, хариуцагч Э.Э-н өмгөөлөгч Б.Ц-н хэргийн материалтай танилцаж, нотлох баримт гаргах хугацаа олгохыг хүссэн хүсэлтийг тус тус хангаж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг жич товлон зарлахаар хойшлуулсан,
-2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн .../Ш32022/06872 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гэрч Б.Т-г шүүхэд албадан ирүүлэх, хариуцагч Э.Э-ын өмгөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг тус тус хангаж, шүүх хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хойшлуулсан,
-2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн .../Ш32022/07961 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч Э.Э-с хариу тайлбар гаргуулах, шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах тухай, хариуцагч Э.Э-н өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтүүдийг тус тус хангаж, шүүх хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хойшлуулсан,
-2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн .../Ш32022/08764 дүгээр захирамжаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн .../Ш32022/07961 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс нотлох баримт гаргуулахаар зааж, шаардсан байтал уг баримтыг ирүүлээгүй байх тул захирамжийн биелэлт хангагдаагүй гэж үзээд шүүх хуралдааныг жич товлон зарлахаар хойшлуулсан,
-2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн .../Ш32022/12568 дугаар захирамжаар хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц-н гаргасан Э.Э, түүний өмгөөлөгч Б.Ц нараас Л.Б т холбогдуулан хуурамч гэдгийг мэдсээр байж нотлох баримт шүүхэд гаргаж өгсөн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн гэмт хэргийн шинжийг агуулж байна гэх гомдол, Эрүүгийн 220901938 дугаартай хэрэг үүсгэн шалгаж байгаа талаарх тогтоол, холбогдох баримт мэдээллийг шүүхийн журмаар Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс гаргуулах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 16 цаг 30 минут хүртэл хойшлуулсан,
-2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн .../Ш32022/13720 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилснийг хүлээн авч, хариуцагч нарт гардуулан өгч, хариу тайлбар гаргуулах, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн .../Ш32022/12568 дугаар захирамжийн 2 дах заалтаар Э.Э, түүний өмгөөлөгч Б.Ц нараас Л.Б т холбогдуулан гаргасан хуурамч гэдгийг мэдсээр байж нотлох баримт шүүхэд гаргаж өгсөн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн гэмт хэргийн шинжийг агуулж байна гэх гомдол, Эрүүгийн 220901938 дугаартай хэрэг үүсгэн шалгаж байгаа талаарх тогтоол, холбогдох баримт мэдээллийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны дотор тус шүүхэд ирүүлэхийг шаардсан баримтыг ирүүлээгүйг дахин шаардаж гаргуулахаар тогтоож, шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулсан байна.
-2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн .../Ш32022/15012 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д Энэ хуулийн 65.1.8-д заасан үндэслэл үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар Л.Б-н нэхэмжлэлтэй Э.Э, Э.Э, Э.Б нарт холбогдох **-9196 дугаарыг хариуцагч хууль бусаар эзэмшиж байгаа болохыг тогтоолгох, Л.Б-г **-9196 дугаарын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох, Л.Б , Э.Э нарын хооронд байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн болон Э.Б, Э.Э нарын хооронд байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ шилжүүлэх хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
-Дээрх шүүгчийн захирамжид нэхэмжлэгчийн төлөөлөгч гомдол гаргасныг нь тус шүүхийн шүүх бүрэлдэхүүн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн .../ШТ2022/00502 дугаар тогтоолоор “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн,
-2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн .../Ш32023/09905 дугаар захирамжаар хариуцагч Э.Э-н сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шинжээчээр Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрыг томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлснийг тус шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн .../ШТ2023/00287 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн,
-2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн .../Ш32023/17832 дугаар захирамжаар нэхэмжлэгч Л.Б-н гаргасан хариуцагч Э.Э-г дараагийн шүүх хуралдаанд албадан ирүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа өмгөөлөгчтэйгөө ярилцаж байгаад тодорхой болгож шүүхэд гаргах, Л.Б т байгаа гэх сим карт нь **9196 дугаарын сим карт мөн эсэх, хэрвээ мөн бол хэзээ хүчингүй болсон талаарх тодорхойлолтыг М ХХК-аас гаргуулах, өмгөөлөгч Д.З-тай шүүх хуралдаанд оролцох хүсэлтүүд болон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М-н шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтүүдийг хүлээн авч хангаад, шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 15 цаг 00 минут хүртэл хойшлуулсан,
-2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн .../Ш32023/19650 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.З-н гаргасан тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн .../Ш32023/17832 дугаар захирамжийн биелэлтийг хангуулах тухай хүсэлтийг хүлээн авч хангаад, мөн хариуцагч Э.Э-г шүүхэд болон шүүх хуралдаанд удаа дараа дуудаад ирээгүйн улмаас нэхэмжлэгч талаас 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа өөрчилсний хувийг гардуулах ажиллагаа хийгдээгүй байгаа тул уг нэхэмжлэлийн хувийг гардуулахаар шүүх хуралдааныг 2023 оны 12 дүгээр сарын 26-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан,
-2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн .../Ш32023/00354 дүгээр захирамжаар Хариуцагч Э.Э, Э.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д -гийн гаргасан арилжааны банкнуудын вэб сайтад банкнуудын хадгаламжийн хүүд үзлэг хийлгэх, нэхэмжлэгч Л.Б-н гаргасан өмгөөлөгчтэйгөө шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хүлээн авч хангаад, шүүх хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулсан,
-2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн .../ШШ2024/00128 дугаар шийдвэрээр тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрийг зохигч талууд эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан тул уг иргэний хэрэг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх рүү шилжсэн. Иймээс энэхүү тайлбарыг тухайн иргэний хэрэгт хийгдсэн ажиллагааны баримтаас үзэх боломжгүйн улмаас Иргэн 2014 системд хадгалагдсан шүүгчийн захирамжаар хийгдсэн ажиллагааг бичлээ.
Гомдол гаргагч Л.Б-г гаргасан гомдлын 1-т “Хэргийг бүтэн гурван жилийн хугацаанд сунжруулан, хариуцагч талд үйлчиллээ” гэх,
2-т “Хэргийг хэлэлцэхгүй хагас жилээс илүү хугацаанд сейфэндээ дарж бас л хариуцагч талд үйлчлэв...” гэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгч миний бие зохигч талуудаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан хүсэлтүүд, нэхэмжлэгчийн анх шүүхэд нэг хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрчлөн гаргасныг болон хамтран хариуцагч нарыг нэмж татуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нэхэмжлэгчийн хүсэлт, хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг сөрж гаргасан сөрөг нэхэмжлэл зэргийг тус тус хүлээн авч, хуульд заасан журмын дагуу холбогдох ажиллагаануудыг хийснээр тус хэргийг хянан шийдвэрлэх хугацаа удааширсан байдал нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Ийнхүү зохигч талуудын хүсэлтээр хийгдсэн ажиллагаанд шүүгчийг буруутгах боломжгүй гэж үзэж байна.
Мөн гомдлын 3-т “Нэхэмжлэгч миний бие аргагүйн эрхэнд өөрөө шүүх хуралд оролцож байж 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүгчийн .../ШШ2024/00126 тоот шийдвэр гарсан боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй өөх ч биш, булчирхай ч биш шийдвэр гаргав” гэх,
4-т “Хэрэгт огт хамааралгүй бие даасан барьцаатай тусдаа зээлийн гэрээг өөрийн хэрэгт хамтатган шийдвэрлэх гэж оролдов...” гэх гомдлыг Сахилгын хороонд гаргасныг үндэслэлгүй гэж үзнэ. Анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрлэсэн хэргийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаж хянуулах хуулийн зохицуулалттай.
Гомдлын 5-д “Хариуцагчийн шинжээч томилуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгчийн тогтоолоор хэрэгсэхгүй болгосоор байтал анхан шатны шүүх хуралдаан болсны дараагаар шүүгч Б.Т нь хариуцагчийн 30 шахам хуудастай “Хөрөнгийн үнэлгээний тайлан -28” гэсэн баримтуудыг хавтаст хэрэгт шургуулсан нь баримтаар тогтоогдож байна.” гэжээ. Нэхэмжлэгч Л.Б-н шүүгч намайг ийнхүү буруутгаж, хэрэгт авагдаагүй байсан баримтыг хариуцагч талаас авч тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлэсний дараа хийсэн мэтээр гаргаж буй гомдол үндэслэлгүй байна. Гомдолд дурдсан баримтууд тухайн иргэний хэрэгт хариуцагч талаас гаргаж өгсөн болно.
Шүүгч миний хувьд хэргийг шийдвэрлэхгүй удаашруулан хугацаа алдуулсан субьектив санаа зорилго байхгүйг үүгээр мэдэгдэж байна.
...шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр нэг шүүгч 7 хоногийн 2 өдөр шүүх хуралдаан товлон зарлах хуваарьтай байдаг, миний бие 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 1042 шүүх хуралдаан товлон зарлаж, хэрэг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс гадна шүүх хуралдаангүй өдрүүдэд бусад шүүгчдийн бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанд оролцох, гомдол хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүнд оролцох, үзлэг хийх, гэрч асуух зэрэг хуульд заасан ажиллагааг тус тус явуулсан.
Тус шүүх нь ажиллавал зохих шүүгчийн орон тоо дутуугаас нэг шүүгчид ногдох хэрэг маргааны тоо 160-200 хүрч, амралтын өдрүүдэд шийдвэр, захирамж эрх зүйн актаа бичиж боловсруулах, хэрэг, материалаа уншиж судлах, шүүх хуралдаан сар гаруй хугацааны дараа хийгдэхээр товлогдох зэргээр ачаалалтай ажиллаж байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ.” гэжээ.
Холбогдох шүүгч Б.Т Сахилгын хорооны хуралдаанд ирүүлсэн нэмэлт тайлбартаа “...Шүүгч Б.Т би Л.Б-н нэхэмжлэлтэй Э.Э, Э.Б, Э.Э нарт холбогдох **9196 дугаарыг хариуцагч хууль бусаар эзэмшиж байгаа болохыг тогтоолгох, Л.Б-г **9196 дугаарын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох, Л.Б , Э.Э нарын хооронд байгуулагдсан 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн, Э.Б, Э.Э нарын хооронд байгуулагдсан 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн гэрээг шилжүүлэх хэлцлүүдийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай үндсэн, Зээлийн гэрээний үүрэгт 121,100,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн нэхэмжлэгч Л.Б нь Шүүхийн сахилгын хороонд шүүгч намайг ... хууль бус бусармаг үйлдлүүд гаргасан гэж арга хэмжээ авхуулах өргөдөл гаргасантай холбогдуулан дараах тайлбарыг нэмж гаргаж байна.
2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Шүүх байгуулах тухай /Шинэчилсэн найруулга/ хууль батлагдаж, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасны дагуу шүүгч Б.Т миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 189 дүгээр зарлигаар ...шатны шүүхийн шүүгчээр томилогдон, тус шүүх /орон нутагт/-ийн шүүгчээр ажиллаж эхэлсэн.
Илтгэгч гишүүний “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-д ...шүүгч хэрэг шилжсэн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 03 сар 28 хоног,
2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 04 сар 03 хоног,
2022 оны 02 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 01 сар 18 хоногийн хугацаанд ямар нэгэн ажиллагаа хийгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна ... гэж,
Мөн илтгэгч гишүүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан нь шүүгчтэй шууд хамааралтай эсэх, шүүгчийн хэргийн ачаалал, шүүгчийн орон тоо, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан дүгнэлт хийдэг боловч шүүгч Б.Т-н тухайд 7 сарын хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа огт хийгдээгүй нь тогтоогдож байх тул түүнийг зөвтгөх боломжгүй юм... гэсэн дүгнэлтийг дараах үндэслэл, тоон үзүүлэлтээр зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь:
Шүүгч Б.Т миний бие хэдийгээр хуульд заасан хугацаанд өргөдөл гаргагч Л.Б-н нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлээгүй боловч ганц иргэн Л.Б-н хэрэгт ажиллагаа явуулаагүй, маш олон нэхэмжлэл, хүсэлт, гомдол, иргэний хэргүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэгэн зэрэг хуульд заасан хугацаа, арга журамд нийцүүлэн хянан шийдвэрлэх ажиллагаануудыг тус тус хийж, хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн бөгөөд энэ хугацаанд шүүгчийн туслах олон удаа солигдож байсан зэрэг хуульд заасан хүндэтгэн үзэх нөхцөл байдлын улмаас хугацаа хэтрүүлсэн болох нь тогтоогдоно гэж үзэж байна. Тодруулбал: Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгч жилд 209 хэрэг, маргаан хянан шийдвэрлэх тоон үзүүлэлтийн ачааллыг судалгаагаар гарган тогтоож, тус тоон үзүүлэлтээс давж илүү шийдвэрлэсэн хэрэг маргааны тоон үзүүлэлтийг хувиар тооцож, шүүгчид урамшуулал олгодог болсон талаар хөдөлшгүй баримт байгааг энэ дашрамд дурдах нь зүйтэй болов уу.
Өргөдөл гаргагч Л.Б-н нэхэмжлэлтэй иргэний хэрэгт шүүгч би илтгэгч гишүүний тодорхойлсон.
1. 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 03 сар 28 хоногт - огт ажиллагаа хийгээгүй гэх хугацаанд доорх ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд: Нийт 194 нэхэмжлэл, 34 гомдол, 56 хүсэлт хүлээн авч, уншиж танилцан судалж хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэсэн, 62 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, 129 нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн, 19 иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгосон, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх 38 шүүгчийн захирамж, 38 гүйцэтгэх хуудас бичсэн, Эвлэрүүлэн зуучлалаас ирүүлсэн 9 эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж бичсэн, нийт 93 иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн. Мөн энэ хугацаанд шүүгчийн захирамж 404, Шүүхийн тогтоол 37, шүүхийн шийдвэр 65-г тус тус бичиж боловсруулсан, шүүх хуралдаан товлон зарласан нийт 572 буюу эдгээр шүүх хуралдааныг даргалан явуулсан, давж заалдах гомдол 10-г хүлээн авч, хуульд заасан хугацаанд ажиллагааг хийж давж заалдах шатны шүүхэд хэргүүдийг хүргүүлж, хянуулсан, Хяналтын журмаар гаргасан 6 гомдлыг хүлээн авч, хуульд заасан хугацаанд ажиллагааг хийж хэргийг Улсын дээд шүүхэд хүргүүлж, хянуулсан, бусад шүүхээс ирүүлсэн даалгаврын захирамж 15-г хүлээн авч, гүйцэтгүүлэхээр заасан ажиллагааг хугацаанд нь бүрэн хийж гүйцэтгэн буцаан хүргүүлсэн.
2. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 04 сар 03 хоног - огт ажиллагаа хийгээгүй гэх хугацаанд доорх ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд: Нийт 276 нэхэмжлэл, 1 гомдол, 30 хүсэлтийг хүлээн авч, уншиж танилцан судалж хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэсэн, 71 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, 235 нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан, 43 иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгосон, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх 53 шүүгчийн захирамж, 53 гүйцэтгэх хуудас бичсэн, Эвлэрүүлэн зуучлалаас ирүүлсэн 16 эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж бичсэн, нийт 151 иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн. Мөн энэ хугацаанд шүүгчийн захирамж 662, шүүхийн тогтоол 5, шүүхийн шийдвэр 135-г тус тус бичиж боловсруулсан, шүүх хуралдаан товлон зарласан нийт 168 буюу эдгээр шүүх хуралдааныг даргалан явуулсан, давж заалдах гомдол 21-г хүлээн авч, хуульд заасан хугацаанд ажиллагааг хийж давж заалдах шатны шүүхэд хэргүүдийг хүргүүлж, хянуулсан, хяналтын журмаар гаргасан 6 гомдлыг хүлээн авч, хуульд заасан хугацаанд ажиллагааг хийж хэргийг Улсын дээд шүүхэд хүргүүлж хянуулсан, бусад шүүхээс ирүүлсэн даалгаврын захирамж 14-г хүлээн авч, гүйцэтгүүлэхээр заасан ажиллагааг хугацаанд нь бүрэн хийж гүйцэтгэн буцаан хүргүүлсэн.
3. 2022 оны 02 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 01 сар 18 хоног - огт ажиллагаа хийгээгүй гэх хугацаанд доорх ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд: Нийт 42 нэхэмжлэл, 1 гомдол, 27 хүсэлт хүлээн авч, уншиж танилцан, судалж хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэсэн, 8 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 235 нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан, 13 иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгосон, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх 13 шүүгчийн захирамж, 13 гүйцэтгэх хуудас бичсэн, эвлэрүүлэн зуучлалаас ирүүлсэн 16 эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж бичсэн, нийт 34 иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн. Мөн энэ хугацаанд шүүгчийн захирамж 199, шүүхийн тогтоол 2. шүүхийн шийдвэр 50-г тус тус бичиж боловсруулсан, шүүх хуралдаан товлон зарласан нийт 58 буюу эдгээр шүүх хуралдааныг даргалан явуулсан, давж заалдах гомдол 3-г хүлээн авч, хуульд заасан хугацаанд ажиллагааг хийж давж заалдах шатны шүүхэд хэргүүдийг хүргүүлж, хянуулсан, хяналтын журмаар гаргасан 2 гомдлыг хүлээн авч, хуульд заасан хугацаанд ажиллагааг хийж хэргийг Улсын дээд шүүхэд хүргүүлж, хянуулсан, бусад шүүхээс ирүүлсэн даалгаврын захирамж 3-г хүлээн авч, гүйцэтгүүлэхээр заасан ажиллагааг хугацаанд нь бүрэн хийж гүйцэтгэн буцаан хүргүүлж тус тус ачаалал ихтэй ажилласан бөгөөд миний бие Хөдөлмөрийн тухай хуульд ажилтан өдөрт 8 цаг ажиллаж, 2 өдөр амрахаар заасан заалтын дагуу бус байнга орой болон амралтын өдөр илүү цагаар сууж ажиллаж байж эдгээр ажиллагааг хуульд заасан хугацаанд нь хийж гүйцэтгэж ажилласан.
Шүүгч миний бие өргөдөл гаргагч Л.Б-н хэрэгт илтгэгч гишүүний “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт"-д дурдсан хугацаанд огт ажиллагаа хийгээгүй мэт боловч энэхүү хугацаанд нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авч тэдгээрийг уншиж, танилцан судалж, хуульд заасан журмын дагуу иргэний хэрэг үүсгэх, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах захирамжаа төлөвлөн бичих, гомдлыг шүүх бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх, хэргийн оролцогч талуудаас гаргасан хүсэлтүүдийг хянан шийдвэрлэж тухай бүрт шүүгчийн захирамж төлөвлөн бичдэг, бусад шүүгч нарын бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэхээр товлон зарлагдсан шүүх хуралдаанд оролцох, гар дээрх 180-220 иргэний хэрэгт тус бүрт нь гэрч асуух, үзлэг хийх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэг бүрчлэн хийж, шүүх хуралдаанаар хэрэг маргаанаа хянан шийдвэрлэж, шийдвэрлэсэн хэрэг маргаан бүрийн шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрүүдийг хуульд нийцүүлэн, хугацаанд нь боловсруулан бичиж, албажуулан, шүүх хуралдааны тэмдэглэлүүдийг нэг бүрчлэн уншиж, хянах зэрэг ажиллагааг тасралтгүй явуулж, хийсэн байдал тус шүүхийн Иргэн-2014 нэгдсэн системийн бүртгэлд бүртгэгдсэн баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байгаа болно.
4. Мөн өргөдөл гаргагч Л.Б-н хэрэг надад шилжиж ирсэн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл буюу Л.Б-н нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэж дууссан хугацаанд шүүгчийн туслах /Б.Б, Д.Т, Г.Б, С.Т нар/ ажлын ачаалал ихтэйгээс шалтгаалан удаа дараа солигдож байсан нь шүүгч миний зүгээс шүүн таслах ажиллагааг хуулийн хугацаанд нь түргэн шуурхай явуулж, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж, хугацаа алдах бас нэг хүндэтгэн үзэх шалтгаан болсонд хууль зүйн дүгнэлт хийхийг Сахилгын хорооны гишүүд болон өргөдөл гаргагч нараас хүсэж байна.
Дээрх тайлбарын 1, 2, 3-т тодорхойлон бичигдсэн шүүн таслах ажиллагааны талаарх тоон үзүүлэлттэй холбоотой бичгийн баримтуудыг Иргэн-2014 нэгдсэн системээс скрен шот хийж авч, энэхүү нэмэлт тайлбарыг бичиж, тус баримтыг хавсарган хүргүүлж байх тул уг баримтуудыг хуульд заасан журмын дагуу нотлох баримтаар үнэлүүлж, тус сахилгын хэргийг үнэн зөв шийдвэрлүүлэх шаардлагатай гэж миний бие үзэж байгаа учир хуучин миний ажиллаж байхдаа ашиглагдаж байсан ...шатны шүүхийн Иргэн-2014 нэгдсэн системд үзлэг хийж, нотлох баримтаар бэхжүүлэх ажиллагааг хийлгэх хүсэлтэй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч Л.Б-с ...шатны шүүхийн шүүгч /хуучнаар ...шатны шүүхийн шүүгч/ Б.Т-т холбогдуулан гаргасан өргөдөлд гишүүний 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ГЗҮ/2024/0052 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэж, шалган 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ГНД/2024/0015 дугаар нотлох дүгнэлт үйлджээ.
Илтгэгч гишүүний 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ГЗБ/2024/0358 дугаар захирамжаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.6.2-т “сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн” гэх үндэслэлээр сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, улмаар 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ГЗБ/2024/0691 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн байна.
Илтгэгч гишүүний ГНД/2024/0015 дугаартай нотлох дүгнэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцээд СХТ/2025/0006 дугаар тогтоолоор хүчингүй болгож, сахилгын хэргийг илтгэгч гишүүнд буцаасан байх ба илтгэгч гишүүн дахин шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ГС/2025/0007 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлт гаргасныг дараах үндэслэлээр хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
1. Өргөдөл гаргагч “ ... 2021 оны 4 дүгээр сард хэрэг шүүгч Б.Т-т шилжиж, энэ цаг хугацаанаас эхлэн хэргийг сунжруулан там цайлгах үйл ажиллагаа эхэлсэн болно. Хэргийг бүтэн гурван жилийн хугацаанд сунжруулж, хариуцагч талд үйлчиллээ. Энэ хугацаанд хэргийг хэрэгсэхгүй болгох, хэргийг буцаах эсвэл шинжээч томилуулах гэх мэт янз бүрийн шаардлагагүй зүйлээр захирамж гарган нэхэмжлэгч талын үйлийг үзэв. Хэргийг хэлэлцэхгүй хагас жилээс илүү хугацаанд сейфтээ дарж бас л хариуцагч талд үйлчлэв.” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар, иргэн Л.Б-с Э.Э-д холбогдуулан “Л.Б-г **9196 дугаарын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус нэхэмжлэл шүүгч Ө.У-д хуваарилагдан, шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн .../ШЗ2020/13937 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Шүүгч Ө.У нь шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн тул тус шүүхийн шүүгчдийн Зөвлөгөөний 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн .../ЗТ2021/00637 дугаар тогтоолоор түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргүүдийг бусад шүүгч нарт хуваарилснаар дээрх хэрэг нь шүүгч Б.Т-т шилжжээ.
Шүүгч Б.Т хэргийг хүлээн авсан 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хэргийг хянан шийдвэрлэх хүртэлх буюу 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хүртэл нийт 2 жил 7 сар гаруй хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх ба тус хугацаанд хийгдсэн шүүгчийн ажиллагааг илтгэгч гишүүн нотлох дүгнэлтдээ дэлгэрэнгүй тусгасан байна. Үүнээс:
2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл,
2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл,
2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл нийт 9 сар 19 хоногийн хугацаанд иргэний хэрэгт хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй байна.
Дээрх хугацаанаас шүүгчийн биеэр эдэлсэн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ээлжийн амралтын 52 хоног, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл өвчтэй байсан 16 хоногийг тус тус хасвал шүүгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийт 7 сар 11 хоногийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ямар нэгэн ажиллагааг явуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “...хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног дотор шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 71.2 дахь хэсэгт “энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно”, 71.3 дахь хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусад хугацааг энэ хуулийн 71.1-д заасан хугацааны дотор шүүх тогтоож болно” гэж засан хугацааг зөрчсөн гэж үзнэ. Энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т зааснаар шүүгч хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн тохиолдолд сахилгын зөрчилд тооцохоор хуульчилсан.
Хэдийгээр шүүгч Б.Т нь дурдсан хугацаанд ачаалал ихтэй ажилласан, шүүхийн зохион байгуулалтаас хамаарч олон туслах солигдож байсан байсан зэрэг нь тогтоогдож байх хэдий ч энэ нь хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацааг зөрчих үндэслэл болохгүй бөгөөд дээрх нөхцөл байдлыг харгалзан “ноцтой” зөрчилд тооцоогүй талаарх илтгэгч гишүүний дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.
2. Өргөдөл гаргагч “...Нэхэмжлэгч миний бие аргагүйн эрхэнд өөрөө шүүх хуралд оролцож байж 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүгчийн .../ШШ2024/00126 дугаар шийдвэр гарсан боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй өөх ч биш, булчирхай ч биш шийдвэр гаргав. Хэрэгт огт хамааралгүй бие даасан барьцаатай тусдаа зээлийн гэрээг өөрийн хэрэгт хамтат ган шийдвэрлэх гэж оролдов” гэжээ.
Шүүгч хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд .../ШШ2024/00126 дугаар шийдвэрээр “ ... Л.Б , Э.Э нарын хооронд байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн, мөн Э.Б, Э.Э нарын хооронд байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ шилжүүлэх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, **9196 дугаарын хууль ёсны эзэмшигч Л.Б болохыг тогтоож, уг дугаарыг Л.Б- т шилжүүлэхийг Э.Б-т даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Л.Б-с 30.073.443 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах Э.Э-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.5.4-т зааснаар Э.Э-оос 13.981.750 төгрөгийг гаргуулж Л.Б т олгохоор” шийдвэрлэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долоодугаар зүйлийн 1-т “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, 2-т “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан үнэлж, хууль хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаарна.
Харин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага тул шүүгчийн шийдвэрийн үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөх, хянах эрх хэмжээгүй болно.
Иймд, өргөдлийн энэ үндэслэл нь сахилгын зөрчилд хамаарахгүй тул энэ талаарх илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.
3. Өргөдөл гаргагч “...анхан шатны шүүх хуралдаан болсны дараагаар шүүгч Б.Т нь хариуцагчийн 30 шахам хуудастай “Хөрөнгийн үнэлгээний тайлан №28” гэсэн баримтуудыг хавтаст хэрэгт шургуулсан нь баримтаар тогтоогдож байна” гэжээ.
Шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн тус иргэний хэрэгт үзлэг хийхэд 2 дугаар хавтаст хэргийн 137-164 талуудад “М” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №28 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /28 хуудас баримт/ хэрэгт авагдсан байна.
Мөн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд тус нотлох баримт шинжлэн судлагдсан нь энэ нь гишүүний шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогджээ.
Иймд тус хөрөнгийн үнэлгээний тайлан нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан байх тул хэрэгт авагдсан байх тул дээрх өргөдөл нь үндэслэлгүй байна.
4. Сахилгын хэрэгт авагдсан баримтаар шүүгч Ө.У-н 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШЗ2021/... дүгээр захирамжаар Э.Б-ийг, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШЗ2021/... дугаар захирамжаар Э.Э-г тус тус хамтран хариуцагчаар татжээ.
Холбогдох шүүгч Б.Т-т тус иргэний хэрэг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шилжсэн бөгөөд нэхэмжлэлийг Э.Э-д 7 сарын дараа буюу 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гардуулсан байна.
Тус үйл баримтыг илтгэгч гишүүн “ ... тухайн хэргийг шилжүүлэн авснаас хойш хамтран хариуцагчийг шүүхэд дуудах ирүүлэх, нэхэмжлэлийг гардуулахтай холбоотой ажиллагаанд хяналт тавиагүй, хамтран хариуцагчаар татагдсанаас хойш 7 сарын дараа нэхэмжлэлийн хувийн гардуулсан” зөрчил гаргасан гэж дүгнэснийг хүлээж авах үндэслэлгүй гэж бүрэлдэхүүн дүгнэв.
Тодруулбал, илтгэгч гишүүн холбогдох шүүгчийг “2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй” зөрчил гаргасан гэж дүгнэсэн атлаа дээрх хугацаанд “хамтран хариуцагчид 7 сарын дараа нэхэмжлэл гардуулсан” зөрчил гаргасан гэж дахин буруутгасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэх агуулга нь өргөн хүрээний ойлголт бөгөөд үүнд нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах, хэргийн оролцогчид эрх үүрэг тайлбарлах, нотлох баримт цуглуулах, шүүх хуралдаанд товлон зарлах, хэргийг хянан шийдвэрлэх зэрэг хуульд заасан бүхий л ажиллагаа багтана.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийг 7 сарын дараа хамтран хариуцагчид гардуулсан гэх хугацаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй зөрчил гаргасан гэх хугацаанд хамаарч байх тул холбогдох шүүгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.1-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
Иймд, шүүгч нэхэмжлэлийн хувийг хариуцагчид хуульд заасан хугацаанд гардуулаагүй гэх үндэслэлээр тусдаа зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй юм.
Дээрх байдлаар шүүгч хамтран хариуцагчид нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд гардуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулаагүй гэх зөрчилд хамаарах тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “ноцтой” эсхүл “удаа дараа” зөрчсөн байх хуулийн шаардлагыг хангахгүй болно.
Дээрхийг нэгтгээд илтгэгч гишүүний ...шатны шүүхийн шүүгч Б.Т-т холбогдох сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.1, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ГНД/2025/0007 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтийг хүчингүй болгож, ...шатны шүүхийн шүүгч Б.Т-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
С.ЭНХТӨР