info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-04-23

Дугаар 59

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

...шатны шүүхийн шүүгч Б.Т-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Иргэн Б.Г өргөдөлдөө: “...Г.Б-ын нэхэмжлэлтэй хэрэг ...шатны шүүхийн шүүгч Б.Т-т хуваарилагдсан. 2024 оны 4 дүгээр сараас 2024 оны 10 дугаар сарын 31-ны өдөр хүртэл 7 сарын хугацаанд 3 удаа шүүх хурал хойшлогдсон бөгөөд хохирогчдын зүгээс өнгөрсөн энэ 7 сарын хугацаанд шүүх хурлыг товлон зарлаж хурлыг хийж шийдвэр гаргах боломжит хугацаа байсан гэж үзэж байна. Уг хурал 2024 оны 10 дугаар сарын 31-ны өдөр хийгдэж шүүхийн шийдвэр гарсан. Шүүгч Б.Т нь өнгөрсөн 7 сарын хугацаанд шүүх хурлыг хийгээгүй шалтгаанаа тайлбарлахдаа  ээлжийн амралттай байсан, өвчтэй байсан, шүүх хурлын товыг зарлах болоход ...газар буюу хэргийн хариуцагч талаас ажилтнууд ирээгүй, ирэх боломжгүй, ээлжийн амралттай байсан гэх тайлбар хийж байна. ...Төрийн ажлыг хувийн эрх ашигт нийцүүлэн хохирсон иргэдийг цаг хугацаа, эдийн засаг, сэтгэл санаа, эд материалын хувьд хохироож байгаад гомдолтой байна. Үүгээр зогсохгүй Б.Т шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ны өдөр гаргасан 13 хуудас бүхий шүүхийн шийдвэрийг ...шатны шүүхэд хүргүүлэхдээ 5-13 дугаар хуудаснууд солигдож, хэрэгт огт хамааралгүй баримт бичгээр өөрчлөгдсөн нь хачирхалтай байна. Үүний улмаас ...шатны шүүхийн магадлалаар Г.Б-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй байсан тул хэргийг анхан шатны шүүхэд буцаасан.

Санаатай буюу санамсаргүй байдлаар шүүхийн шийдвэрийг сольж хольсон, өөрчилсөн, шүүгч Б.Т нь гаргасан шүүхийн шийдвэрийнхээ баримт бичгийн бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийгээгүй, шүүгчийн туслах н.Ц, үүнийг хянах ёстой холбогдох удирдах албан тушаалтан Ерөнхий шүүгч н.О, хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга н.А нарын хариуцлагагүй үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй байна. Энэ хариуцлагагүй үйлдэл нь нэг талаас харахад санамсаргүй буюу хариуцлагагүй үйлдэл мэт харагдах боловч, нөгөө талаас нь харахад хууль шүүхийн байгууллагад нүүрлэсэн ажлын хариуцлага, хяналт шалгалт, шүүгчийн ёс зүй гэдэг зүйл огт байхгүй, авлига, хээл хахууль, ашиг сонирхол хэрээс хэтэрсний тод жишээ гэдэгт огт эргэлзэхгүй байна.

 Г.Б-д холбогдох хэргийг шүүсэн шүүгч Б.Т нь давж заалдах шатны шүүхэд явуулж байгаа шүүхийн шийдвэрийн баримт бичгийн бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийгээгүй, бүрэн гүйцэд танилцаагүй байгаа нь шүүгчийн ёс зүйн дүрмийг санаатайгаар зөрчиж, хэргийн холбогдогчийн аль нэг талд давуу байдал бий болгож байгаа бөгөөд дээр дурдсан холбогдох албан тушаалтнуудад гомдолтой байна...” гэжээ.

Шүүгч Б.Т тайлбартаа: “...Б.Г-ын гомдолд дурдсан Г.Б-ын нэхэмжлэлтэй ...газарт холбогдох иргэний хэрэгт хийсэн ажиллагаа, шийдвэрлэсэн байдлын тухайд:

Г.Б-ын хариуцагч ...газарт холбогдуулан гаргасан, “... дүүргийн ...дүгээр хороо, ...байрны ...тоот, Ү-2.......5 дугаартай хөрөнгийг битүүмжлэх, хураан авах, төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох, ...дүүргийн ... дүгээр хороо, ...байрны ...тоот, Ү- 2......5 дугаартай хөрөнгийг ...шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6.. дугаартай гүйцэтгэх хуудас бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, битүүмжлэгдсэн шийдвэрийг хүчингүй болгож чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг тус шүүх 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Иргэн-2014 бүртгэлд бүртгэн, надад хуваарилсан байдаг ба 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

Нэхэмжлэгч Г.Б-ын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1../Ш32024/0...1 дугаар захирамжаар ...шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6.. дугаартай шийтгэх тогтоолд бичигдсэн гүйцэтгэх хуудасны дагуу явагдаж байгаа ...дүүргийн ...дүгээр хороо, ...байрны ...тоот, Ү-2.....5 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураан авах, төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Хариуцагч байгууллага тус хэрэгт төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж, шүүхэд ирүүлснээр 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг танилцуулах ажиллагааг хийж, хариу тайлбар, холбогдох баримт гарган өгөх хуульд заасан 14 хоногийн хугацааг олгосон.

2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1../Ш32024/0...0 дугаар захирамжаар нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, ...шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШТ/2.. дугаартай тогтоолыг ...шатны шүүхийн Тамгын газраас гаргуулсан.

Иргэн Ц.Х-ийн шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээн аваад, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шүүгчийн 1../Ш32024/1...3 дугаартай захирамжаар Ц.Х-г бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан, тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд түүнд нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, эрх үүрэг тайлбарлаж, нөлөөллийн мэдүүлэг танилцуулах ажиллагаа хийсэн.

Гомдолд дурдагдсан нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулж, хэргийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр эцэслэн шийдвэрлэсэн.

Энэ хугацаанд олон нэхэмжлэл, хүсэлт, гомдол хүлээн авч шийдвэрлэн, олон хэрэг маргаанд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар, тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр баталсан ээлжийн амралтын хуваарийн дагуу ээлжийн амралтаа эдэлсэн, эрүүл мэндийн шалтгааны улмаас шинжилгээ, оношилгоо хийлгэж эмнэлэгт хэвтсэн зэрэг объектив шалтгаан нөхцөлүүд ч байсан.

Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1../Ш32024/1...5 дугаар захирамжаар Б.Г-ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр тус хэрэгт оролцуулсан бөгөөд түүнд нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, эрх, үүрэг тайлбарлан, нөлөөллийн мэдүүлэг танилцуулж, шүүх хуралдааны тов мэдэгдэж, хэргийн материал танилцуулах зэрэг хуульд заасан ажиллагааг хийсэн.

Хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд, нэхэмжлэгч Г.Б нь өөрийгөө төлөөлүүлэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О-г оролцуулах итгэмжлэл олгосны улмаас итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул 1../Ш32024/1...0 дугаартай захирамжаар хүсэлтийг хангаж, тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг хүртэл  хойшлуулсан.

Миний бие эрүүл мэндийн шалтгаанаар 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр эмнэлэгт хэвтэж, мэс ажилбар хийлгэж 10 дугаар сарын 06-ны өдөр эмнэлгээс гарч, 10 дугаар сарын 07-14-ний өдрийг лабораториор эмчилгээ хийлгэж акттай байсан. 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс ажил үүргээ гүйцэтгэж хэргийн материалаа уншиж судалж, нэхэмжлэл, гомдол, хүсэлтээ хүлээн авч, хэрэг, маргаанаа хянан шийдвэрлэх ажиллагаагаа хийсэн.

Тус хэргийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ц шүүхээр нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг нь хангахгүй орхиж, шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Г-ыг оролцуулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэхээр шийдвэрлэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тул хүсэлтийг Ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлэхээр тухайн шүүх хуралдааныг 1../Ш32024/1...2 дугаартай захирамжаар хойшлуулсан.

Ийнхүү шүүх хуралдааныг хойшлуулсны дараа тус хэргийн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон Б.Г мөн шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг Ерөнхий шүүгчид гаргасан байсан бөгөөд эдгээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг Ерөнхий шүүгч хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.

Тус хэргийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж 1../ШШ2024/0...1 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн.

Энэ үед олон хэрэг хянан шийдвэрлэсэн, мөн эрүүл мэндийн шаардлагын улмаас 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр эмнэлэгт хэвтэж, мэс ажилбарт орж 17-ны өдөр эмнэлгээс гараад, 18-ны өдрөөс 30-ны өдрийг дуустал амбулаториор эмчлүүлэн акттай байсан хэдий боловч энэ хугацаанд миний бие шийдвэрлэсэн хэргүүдийнхээ шийдвэр, бусад эрхийн актуудыг бичиж боловсруулсан.

Г.Б-ын нэхэмжлэлтэй, ...газарт холбогдох хэргийн шийдвэрийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр боловсруулан бичиж, файлаар нь шүүгчийн туслах Б.Цагаанцоожид явуулсан. Шүүгчийн туслах тус шийдвэрийг хүлээн аваад Иргэн-2014 бүртгэлийн системд хийж чеклээд, шийдвэрийн албан баланк дээр хэвлээд, надаар гарын үсэг зуруулж, албажуулах үед уг шийдвэр 1-13 хуудастай, бүрэн, зөв дэс дараалалтай хэвлэгдсэн байсан.

Шүүгчийн туслах Б.Ц нь Г.Б-ын нэхэмжлэлтэй шүүхийн шийдвэрийг хэрэгт хавсарган үдэхдээ тухайн цаг үед шийдэгдсэн “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ...газарт холбогдох хэргийн шийдвэртэй хольж, үдсэн болохыг миний бие мэдээгүй, Сахилгын хорооноос надад холбогдуулан сахилгын хэрэг үүсгэсэн гишүүний захирамж, Б.Г-ын гаргасан гомдол болон хавсаргасан магадлалыг ирүүлснээр мэдлээ.

Шүүгчийн туслахын ажлын хариуцлагатай холбоотой үйлдлээс болж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр буцаасны улмаас хэргийн оролцогчдын эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаад миний бие маш их харамсаж байгаагаа мэдэгдэж байна.

Тус шүүх нь ажиллавал зохих шүүгчийн орон тоо дутуугаас нэг шүүгчид ногдох хэрэг маргааны тоо 160-200 хүрч, амралтын өдрүүдэд шийдвэр, захирамж эрх зүйн актаа бичих, хэрэг материалаа уншиж судлах зэргээр ачаалалтай ажиллаж байсныг дурдах нь зүйтэй бөгөөд шүүгчийн туслахын ажлын ачаалал их байсан нь энэхүү алдаа гарахад нөлөөлсөн гэж миний хувьд үзэж байна...” гэжээ.

Шүүгч Б.Т нэмэлт тайлбартаа: “...би 2017 оноос хойш ...шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажилласан цаг хугацаанаас эхлэн тус шүүх нь ажиллавал зохих шүүгчийн орон тоо дутуугаас нэг шүүгчид ногдох ажлын ачаалал байнга ихтэй, ийнхүү нэг шүүгчид ногдох хэрэг, маргааны тоо, ажлын ачаалал ихтэйгээс шалтгаалан шүүгчийн туслах тогтвор суурьшилтай, ачаалал дааж ажилладаггүй олон удаа солигддог, энэхүү хэрэгт ажиллагааг явуулах цаг хугацаанд шүүгчийн туслахаар С.Т ажиллаж байгаад 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ...шатны шүүхийн шүүгчийн туслахаар шилжин ажиллахаар болж, миний туслахаар Б.Ц-ийг ажиллуулах зохицуулалт хийгдэж, 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд энэ хоёр туслах ажлаа өгч авалцаж хүлээлцэх, өмнөх туслах 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хянан шийдвэрлэсэн хэрэг материалуудаа үдэж, эмхэлж цэгцлэн, надаар хянуулж, архивд хүлээлгэн өгөх, давах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан хэрэг материалыг эмхэтгэж, хянасан зэрэг ажиллагааг хийснээр шүүгч миний явуулж буй Шүүн таслах ажиллагаанд нэлээдгүй чирэгдэл үүссэн бөгөөд шинээр ажиллаж эхэлсэн шүүгчийн туслах Б.Ц нь хүлээн авсан хэрэг материалуудтайгаа сайтар танилцаж, судалж амжаагүй нөхцөл байдал болоод 2024 онд миний эрүүл мэндийн шалтгаантай байдал зэрэг объектив шалтгаан нөхцөлүүд байсан учир гар дээрх олон хэрэг, маргаанд нэгэн зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад цаг хугацаа алдах хүндрэл үүссэн байх тул эдгээр шалтгааныг тогтоолгох шаардлагатай байна. Миний бие нь тус хэргийг хуульд заасан хугацаанд нь хянан шийдвэрлээгүй нь үнэн боловч дээр дурдсан нөхцөл байдлууд шалтгаалсан бөгөөд шүүгч зөвхөн нэг хэргээ шийдвэрлээд бусад хэргийн ажиллагаагаа орхигдуулж болохгүй тул хугацаа алдсаныг харгалзан үзнэ үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Г.Б нь ...газарт холбогдуулан ... дүүргийн ...дүгээр хороо, ... байрны ... тоот Ү-2......5 дугаартай хөрөнгийг битүүмжлэх, хураан авах, төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох, ... шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 6.. дугаартай гүйцэтгэх хуудас бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх, битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгож чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гаргажээ.

...шатны шүүхийн шүүгч Б.Т нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн ба Ерөнхий шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 0...6 дугаар захирамжаар тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б.Т-ийг томилсон шийдвэрийг албажуулсан. 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд 0...1 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Г.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргасан, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0...6 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

Дараах үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

1.Шүүгч нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, улмаар дор дурдсан ажиллагааг явуулжээ. Үүнд:

Нэхэмжлэгч Ч.Б-ын “......шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 6.. дугаартай шийтгэх тогтоолд бичигдсэн гүйцэтгэх хуудасны дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх” хүсэлтийг шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0...1 дүгээр захирамжаар хангасан.

Нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагчид гардуулан, тайлбар гаргах хугацаа тогтоосон ба хариуцагч 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хариу тайлбараа ирүүлсэн. 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нотлох баримт гаргуулах” хүсэлтийг шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 0...0 дугаар захирамжаар хангасан.

 Ц.Х нь 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр тус иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1...3 дугаар захирамжаар хангаж, түүнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэж, 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийг гардуулсан.

Шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1...9 дүгээр захирамжаар тус иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цагт хийхээр товлон зарласан.

Б.Г нь 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “...Г.Г-ийг гуравдагч этгээдээр оролцуулах” хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1...5 дугаар захирамжаар хангаж, нэхэмжлэлийг гардуулсан.

2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаан “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах” хүсэлтээр,  2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаан “...шүүгчийг татгалзан гаргах хүсэлт шийдвэрлэх” үндэслэлээр тус тус хойшлогдсон.

Ерөнхий шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0...9 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ц, гуравдагч этгээд Г.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нарын “...шүүгч Б.Т-ийг татгалзан гаргах” хүсэлтийг хангахгүй орхисон байна.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2-т “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж тус тус заасан.

Шүүгч нэхэмжлэлд 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн, шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 0...2 дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 30 хоногоор сунгасан байна. 

Шүүгч Б.Т 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл, 2024 оны 10 сарын 02-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл өвчний учир ажлаас чөлөөлөгдсөн, 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байсан нь шүүгч нарын ээлжийн амралтын хуваарь, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсаар тогтоогдож байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 208 тогтоолоор /https://judcouncil.mn/ иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ажлын зохист ачааллын дээд хязгаарыг жилд 209 хэрэг гэж тогтоосон.

Холбогдох шүүгч нь тухайн хэрэг хянан шийдвэрлэх явцад буюу 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 427 нэхэмжлэл, 8 хэрэг, 26 хүсэлт, 1 даалгавар, 17 эвлэрэл баталгаажуулах материал хүлээн авч 1196 захирамж, 234 шийдвэр, 14 шүүхийн тогтоол, 92 гүйцэтгэх хуудас үйлдсэн, 356 шүүх хуралдаан товлон зарлаж  314 хэрэг хянан шийдвэрлэсэн байна.

Дээр дурдсанаас үзвэл, холбогдох шүүгч нь маргаан бүхий хэрэг хянан шийдвэрлэх явцад зохигчоос гаргасан хүсэлтийг хуульд заасан журмаар шийдвэрлэж байсан ба тухайн үед  зохист ачааллаас хэтэрсэн ачаалалтай ажиллаж байсан төдийгүй ээлжийн амралт эдлэх, мөн өвчний улмаас эмнэлгийн чөлөөтэй байжээ. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа  дараа зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй гаргасан гэж үзэх боломжгүй.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0...6 дугаар магадлалд “...шийдвэрийн удиртгал хэсэгт Г.Б-ын нэхэмжлэлтэй ...газарт холбогдох хэргийг хэзээ, хаана ямар шүүх шийдвэрлэсэн болон шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн оролцогч, шүүх хуралдааны оролцогчдыг нэрлэн заасан боловч тодорхойлох хэсэгт “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй ...газарт холбогдох хэргийн нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарыг оруулсан, ...тогтоох хэсэгт Г.Б-ын нэхэмжлэлтэй ...газарт холбогдох хэргийг хянан шийдвэрлээгүй, харин “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй ...газарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн, ...тус шийдвэрээр ямар хэргийг хянан шийдвэрлэсэн болох нь тодорхойгүй...” гэжээ.

Шалгах ажиллагааны явцад гэрч Б.Ц “...тэр үед “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй ...газарт холбогдох хэрэг шийдэгдсэн ба яагаад энэ хэргийн шийдвэртэй холилдсоныг мэдэхгүй, давахаас хүчингүй болж ирэхэд мэдсэн. Тухайн үед Г шийдвэрээ авъя гэж яаруулаад, бас шүүгч өвчтэй байсан болохоор гэрт нь очиж гарын үсэг зуруулснаа санаж байна. Яарч сандарсан бас ачааллаас болоод  тэгсэн байх. Г.Б-ын нэхэмжлэлтэй, ...газарт холбогдох иргэний хэргийн шийдвэрийн Тодорхойлох хэсгээс эхлээд л солигдоод “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн шийдвэрийн хэсгээс үдэгдчихсэн байсан. Энэ 2 хэргийг ойрхон шийдсэн болохоор би хэвлэж гаргаад шүүгчийн гэрт очиж зуруулж байсан. Их олон багц шийдвэр авч очоод зуруулсан. Шүүгч өөрөө бичсэнээ над руу явуулаад, хэвлээд очиж гарын үсэг зуруулахад эхний хувийг уншиж үзээд зөв байна гэж гарын үсгээ зурсан байх.  Би  дунд нь нэгийг холиод үдчихсэн юм шиг байгаа юм, миний буруу ” гэж мэдүүлжээ.

...давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд илтгэгч шүүгч “та бүхний гардан авсан шүүхийн шийдвэрийн аль нэг хэсэгт алдаатай зүйл байна уу, шийдвэрийн тогтоох хэсгийг уншиж танилцсан уу, энэ шийдвэр нь та бүхний хэрэг маргаанд хамааралтай шийдвэр мөн үү” гэж асуухад нэхэмжлэгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ мөн, гардаж авсан шүүхийн шийдвэрийн дагуу давж заалдах гомдол гаргасан” гэсэн нь тэмдэглэлд тусгагдсан байна.

Хэргийн оролцогч нарт гардуулсан ...шатны шүүхийн 10 дугаар сарын 31-ний өдрийн 0...1 дүгээр шийдвэр дугаарлалтын алдаагүй харин хавтаст хэрэгт үдэгдсэн шийдвэрт “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ...газарт холбогдох иргэний хэргийн шийдвэрийн 5-16 дугаар хуудас холилдсон болох нь тогтоогдож байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 205 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 7.3.1-д “Шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчид гардуулсан буюу хүргүүлснээс хойш долоо хоногийн дотор шүүгчийн туслах холбогдох баримтыг хэрэгт бүрэн оруулж, баримт бичгийн стандартын дагуу эмхэтгэж, “Хэргийг хөтлөх, эмхэтгэх тухай” Баримт №16-ыг үйлдэн шүүгчид хянуулна”, 7.4.3-д “Шүүгчийн туслах давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдол, ... хүлээн авсан тухайн өдөр нь, эсхүл нэг хоногийн дотор хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэж, гомдлын талаар тайлбар гаргах эрхтэйг тайлбарлан, Баримт №15, ... үйлдэн, энэ аргачлалын 7.3-т заасны дагуу хэргийг эмхэтгэж, 7.6-д давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хүргүүлнэ” гэж зааснаас үзвэл хэргийг эмхэтгэж давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх нь шүүгчийн туслахын хийж гүйцэтгэх ажиллагаа болно.

Гэтэл шүүгчийн туслах нь Г.Б-ын нэхэмжлэлтэй, ...газарт холбогдох хэргийг эмхэтгэж, давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхдээ шийдвэрийг “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ...газарт холбогдох хэргийн шийдвэртэй хольж үдэн хүргүүлсэн нь дээрх журамд заасан үүргээ зөрчсөн бөгөөд түүнд ...шатны тойргийн шүүхийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга сануулах хуудас өгсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд өргөдөлд дурдсан “...2024 оны 10 дугаар сарын 31-ны өдөр гаргасан 13 хуудас бүхий шүүхийн шийдвэрийг ...давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхдээ 5-13 дугаар хуудаснууд солигдож, хэрэгт огт хамааралгүй баримт бичгээр өөрчлөгдсөн ... гаргасан шийдвэрийнхээ баримт бичгийн бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийгээгүй...” гэх гомдлоор шүүгчийг буруутгах үндэслэлгүй. 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. ...шатны шүүхийн шүүгч Б.Т-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.          

2.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                        ДАРГАЛАГЧ                                     Г.ЦАГААНЦООЖ

                      ГИШҮҮН                                          Д.АРИУНТУЯА

                                                                                    Ц.ДАВХАРБАЯР