МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-02-23
Дугаар 81
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Эрдэнэчулуун, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн Ц.Давхарбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “Өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй” гэж Шүүхийн ёс зүйн хороонд /хуучнаар/ хандан, өргөдөл гаргасан 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөр хугацааг тооцвол, ”К” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Б” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хувьцаа эзэмшигч А.А-ын нэхэмжлэлтэй М, М Е, М хороонд холбогдох захиргааны хэргийг ... шүүх анхан шатны журмаар 2020 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр хянан хэлэлцсэн байх ба шүүх хурал хуралдсанаас хойш 14 хоногоос хойш 39 хоног өнгөрсөн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т “Шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 107 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна”, мөн Архив, албан бичиг хөтлөлтийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д, “Байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд захирамжлалын, зохион байгуулалтын болон мэдээлэл, лавлагааны баримт бичгийг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол цаасан суурьтай баримт бичиг стандартаар тогтоосон баримт бичгийн бүрдлүүдээр баталгаажна”, 45 дугаар зүйлийн 45.1-д “Албан хэрэг бүрдүүлэхэд дараах үндсэн шаардлагыг баримтална: 45.1.3-т “хөтлөх хэрэгт тухайн онд бүрэн шийдвэрлэгдсэн, албан ёсоор бүрдүүлсэн эх баримт бичгийг оруулах” гэж заасан.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтын дагуу 2020 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр хуралдсан шүүх хурлын шийдвэр нь 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэхэд бичгээр үйлдэгдэн, гардуулах ёстой байжээ. ... шүүхийн архив бичиг хэрэгт хадгалагдсан шүүхийн шийдвэрийн эх хувийн дардас нь “боловсруулсан Э.А-, нийлсэн Н.Х-, 7 хувь, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 14 цаг 00 минут” гэсэн байгаагаас, шийдвэр дээрх хугацаанд бус 11 хоногийн дараа буюу хуульд заасан хугацааг 11 хоногоор хэтрүүлэн гарчээ. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 78 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 6 дугаар бүлгийн 6.1-д, “Шүүгчийн туслах ... шийдвэрийг албажуулсан өдөр бүрэн эхээр нь системд ... байршуулж, бүрэн хадгална” гэж зааснаар, тус шүүхийн хэргийн бүртгэл хяналтын системд, 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ”К” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Б” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хувьцаа эзэмшигч А.А-ын нэхэмжлэлтэй М, М-ны Ерөнхийлөгч, М-ны Хяналт шалгалтын хороонд холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн 17 дугаартай шийдвэрийг хадгалсан огноо нь 2020 оны 11 дүгээр сарын 05 гэсэн бүртгэлтэй байгаагаас дүгнэхэд, 52 хоногийн дараа захиргааны хэргийн бүртгэл хяналтын системд байршуулсан нь тогтоогдож байна. Архив, албан бичиг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т “Цахим баримт бичгийн хувь нь цаасан хувьтай адил хүчинтэй байх бөгөөд зөрсөн тохиолдолд цаасан хувийг баримтална” гэж заасны дагуу системд байршуулснаар бус архив бичиг хэрэгт хадгалагдсан шүүхийн шийдвэрийн өнгөн хувийн огноо баримтлах нь хуульд нийцэх ба үүнийг үндэслэн дээрх шийдвэр 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр албажсан, талууд гардан авах боломж бүрдсэн байх ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаартай шийдвэр хуульд заасан хугацаагаар тооцвол 25 хоногийн дараа албажсан байна. Гомдлыг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Шүүхийн ёс зүйн хороонд /хуучнаар/ ирүүлсэн байх тул 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаар 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар тодорхойлсон шүүгчийн ёс зүйн зөрчлийн материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэнэ. Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4.1-д “шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан, энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ” гэж заасан. Шүүхийн шийдвэрийг хуулийн хугацаанд гаргаагүй талаар шүүгч нь хэргийн ээдрээ төвөгтэй байдал, олон нэхэмжлэлийн шаардлагатай зэргээс шалтгаалан шийдвэрийг дээрх хугацаанд амжиж гаргахад хугацаа маш их шаардагдсан гэж тайлбарласан ч Шүүгчийн ёс зүйн дүрмийн 2-р бүлэг дэх Нийгмийн харилцаанд баримтлах ёс зүй, 3-р бүлэг дэх Шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, 4-р бүлэг дэх Нийтийн алба болон хувийн амьдралд баримтлах ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй, тэдгээр ойлголтод хамааралгүй, харин мэргэжил ур чадвартай холбоотой алдаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Хэдийгээр шүүгч нь суралцах болон олон шүүх хуралтай байсан, ар гэрийн зэрэг бусад хувийн шалтгаан дурдсан боловч тэдгээр нь хуульд заасан хугацаанд шүүхийн шийдвэрээ гаргахгүй байх үндэслэл болохгүй дурдах нь зүйтэй. Иймд Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж зохицуулсны дагуу шүүгч шүүхийн шийдвэрийг хугацаанд нь гаргаагүй нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй юм. “...шүүх хуралдаанд хүсэлт хэлэлцэх үе шат дуусаад талууд ямар нэгэн хүсэлт гаргаагүй тул шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцүүлж эхэлсэн. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэг эхэлсэн байхад хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримт хасуулах хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтыг хасаж шийдвэрлэсэн” гэжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т “Шинэ нотлох баримт цуглуулах болон хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ...” гэж заасан. Иймд, гомдолд дурдсан нотлох баримт хасуулах хүсэлт шийдвэрлэсэн үйл ажиллагаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах ба нэхэмжлэгчийг шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхээр ханган, нэхэмжлэгч талаас тус тогтоолд гомдол гаргахгүй гэсэн үйл баримт тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Монголын Хуульчдын холбооны шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/08 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмээр хориглосон хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгч Н.Х-д холбогдуулан Шүүхийн сахилгын хорооны гишүүний 70 дугаар захирамжаар үүссэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.11 дэх заалтын үндэслэн, энэхүү саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв гэжээ.
Шүүгч Н.Х- гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч "К" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, "Б" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хувьцаа эзэмшигч А.А-ын "М-ны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-95, А-96, А-97 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, М-ны ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-202 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, М-ны захирамжилсан үйл ажиллагаа буюу эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, М-ны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Н/24, Н/25 дугаар тушаалууд, М-ны хяналт шалгалтын хорооны 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн зөвлөмжийг тус тус хүчингүй болгох, М-ны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан бодит хохирол 167 627 958 164 төгрөгийг гаргуулах" шаардлага бүхий нэхэмжлэлтэй, М, М-ны Ерөнхийлөгч, М-ны Хяналт шалгалтын хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн. Тус хэрэгт тус бүр нь дунджаар 250 хуудас бүхий 6 ширхэг хавтаст хэрэг, мөн тус бүр нь дунджаар 250 хуудас бүхий 5 хавтас нотлох баримт, мөн нууцын баримтууд цугларсан олон нэхэмжлэлийн шаардлагатай ээдрээ төвөгтэй хэрэг байсан. Шүүхийн шийдвэр 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр албажиж гарах байсан бөгөөд уг хэргийн ээдрээ төвөгтэй байдал, олон нэхэмжлэлийн шаардлагатай зэргээс шалтгаалан шийдвэрийг дээрх хугацаанд амжиж гаргахад хугацаа маш их шаардагдсан, шүүгч миний бие шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, зориуд шүүхийн шийдвэрийг гаргахгүй байсан, хайхрамжгүй хандсан нөхцөл байдлыг огтхон ч гаргаагүй болно. Түүнчлэн хэргийн оролцогчид шүүхэд ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, тэрхүү гардан авсан хугацаанаас шүүхийн шийдвэрт гомдол гаргах хугацаа тооцогдох хууль зүйн боломжтой, шийдвэр албажин гарсны дараа шийдвэр бэлэн болсон талаар шүүгчийн туслахаас хэргийн оролцогчдод утсаар мэдэгдсэн боловч нэхэмжлэгч талаас “шийдвэр гарахгүй байгаагийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна" хэмээн гомдол гаргаж байсан атлаа шүүх дээр хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахгүй байсан тул шүүгчийн туслахаас шийдвэр ирж авахыг мэдэгдсэнээс хойш 18 хоногийн дараа буюу 11 дүгээр сарын 25-нд өмгөөлөгч Б.М-ын байгаа газар очиж шийдвэрийг гардуулснаас үзвэл шийдвэрийг гардан авах гэж яараагүй, харин нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд эгдүүцэж, дургүйцсэн өширхөл гэж үзэхээр байна. Мөн шийдвэрийг яаралтай гаргуулах талаар огтхон ч шаардаж байгаагүй төдийгүй хэргийг шийдвэрлэсний дараа шүүгчийн туслахаас шүүхийн шийдвэр хугацаандаа албажих боломжгүй байгаа талаарх нөхцөл байдлыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М-, Р.М-, Б.Н-нарт удаа дараа мэдэгдэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М- нь шүүгчийн туслах руу удаа дараа холбогдож "шүүхийн шийдвэрийг авах гэж яараагүй шүү" гэсэн тайлбар хэлж байсан атлаа нэхэмжлэгч талаас ийнхүү "...шийдвэрийг хугацаанд гаргаагүйгээс эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа талаар" ёс зүйн гомдол гаргасныг гайхаж байна. Уг шүүхийн шийдвэрийг гаргах хугацаанд шүүгч миний бие өөрийн мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд докторантаар элсэн суралцах болсны улмаас хичээл сонголт хийгдэж, зарим хичээлд суух, өндөр настай эцэг, эхийн бие өвдөж, онош нь тодрохгүй байсан зэрэг хувийн хүндэтгэн үзэх шалтгаант хүчин зүйлс бодитоор байсан хэдий ч аль болох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тус бүрд ойлгомжтой логик дараалалтай, шалтгаан үндэслэлийг тодорхой тайлбарласан дүгнэлтийг хийж, шийдвэрийг яаралтай гаргахыг хичээж ажлын бус цагаар олонтоо сууж ажилласныг дурдах нь зүйтэй байна.
Мөн шүүх хуралдааны явцад хариуцагчаас "нэхэмжлэгчээс гаргасан дуу, дүрсний бичлэг бүхий слайд, флашийг нотлох баримтаас хасуулах" хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д "Шинэ нотлох баримт цуглуулах болон хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн асуудлаар шүүх хуралдаан дээр дахин хүсэлт гаргах эрхгүй" гэж заасны дагуу зөвлөлдөж тэдгээр нотлох баримтуудыг нотлох баримтаас хасаж шийдвэрлэсэн, нэхэмжлэгч талаас энэ талаарх шүүхийн шийдвэрт гомдол гаргахгүй гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, уг асуудлаар шүүгч би дангаар шийдвэр гаргаагүй, ёс зүйн зөрчил гаргаагүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өмгөөлөгч Б.Н-ийн гаргасан өргөдлийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр хүлээн авч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Н.Х-д холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 70 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэж, шалгах ажиллагаа явуулжээ.
Шүүгч Н.Х-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг тус хорооны гишүүн Ц.Давхарбаяраас гаргасныг үндэслэлтэй гэж үзэв.
... шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааныг шүүгч Н.Х- даргалж, нэр бүхий шүүгч нарын бүрэлдэхүүнтэйгээр “К” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Б” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хувьцаа эзэмшигч А.А-ын нэхэмжлэлтэй М, М-ны Ерөнхийлөгч, М-ны Хяналт шалгалтын хороонд холбогдох захиргааны хэргийг хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Дээрх хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцсон Б.Н-ээс сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө “...шүүх хуралдаанд хүсэлт хэлэлцэх үе өнгөрч, хэлэлцүүлгийн үе шат эхэлсэн байхад хариуцагчийн өмгөөлөгчөөс нотлох баримт хасуулах хүсэлт гаргаж, уг хүсэлтийг шүүх хүлээн авч, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтыг хасаж шийдвэрлэсэн” гэжээ.
2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч тал “...нотлох баримт хасаж шийдвэрлэсэн” тогтоолд гомдол гаргахгүй болохоо тайлбарлаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байна. Иймд нэхэмжлэгч талын эрхийг шүүхээс зөрчсөн гэж үзэх боломжгүй бөгөөд
шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан эрхийн хүрээнд уг тогтоолыг гаргасан байна. Энэ талаар дүгнэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал үндэслэлтэй.
Өргөдөл гаргагчаас өргөдөлдөө “...шүүхийн шийдвэр энэхүү өргөдөл гаргах үед буюу 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар албажиж гараагүй, шүүгч шийдвэр албажиж гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлж, нэхэмжлэгч талын ашиг сонирхлыг зөрчиж байна” гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т “Шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 107 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж заасан ба тус шүүхийн шийдвэр 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр бичгээр албажиж гарах ёстой байжээ.
Архив, албан бичиг хөтлөлтийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д, “Байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд захирамжлалын, зохион байгуулалтын болон мэдээлэл, лавлагааны баримт бичгийг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол цаасан суурьтай баримт бичиг стандартаар тогтоосон баримт бичгийн бүрдлүүдээр баталгаажна”, 45 дугаар зүйлийн 45.1-д “Албан хэрэг бүрдүүлэхэд дараах үндсэн шаардлагыг баримтална: 45.1.3-т “хөтлөх хэрэгт тухайн онд бүрэн шийдвэрлэгдсэн, албан ёсоор бүрдүүлсэн эх баримт бичгийг оруулах” гэж заасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн архив бичиг хэрэгт хадгалагдсан шүүхийн шийдвэрийн эх хувийн дардаст “боловсруулсан Э.А-, нийлсэн Н.Х-, 7 хувь, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 14 цаг 00 минут” гэж бичсэн байна.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 78 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 6 дугаар бүлгийн 6.1-д, “Шүүгчийн туслах ... шийдвэрийг албажуулсан өдөр бүрэн эхээр нь системд ... байршуулж, бүрэн хадгална” гэж заасан бөгөөд дээрх шүүхийн шийдвэр нь шүүхийн хэргийн бүртгэл хяналтын системд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөр баталгаажигдсан байна.
Архив, албан бичиг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т “Цахим баримт бичгийн хувь нь цаасан хувьтай адил хүчинтэй байх бөгөөд зөрсөн тохиолдолд цаасан хувийг баримтална” гэж заасны дагуу шүүхийн шийдвэр 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр албажиж, хуульд заасан хугацааг 11 хоногоор хэтрүүлж гарсан гэж үзэхээр байна. Дээрх шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М- 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, хариуцагч М-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, М-ны Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тус тус гардсан авсан болох нь шүүхийн шийдвэр гардуулсан баримтаар тогтоогдож байна.
Шүүгч тайлбартаа “...тухайн шийдвэрийг хугацаа хэтрүүлсэн нь Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд докторантаар суралцаж, өндөр настай эцэг, эхийн бие өвдөж, онош нь тодрохгүй удсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан” гэж тайлбарласан боловч уг тайлбартай холбоотой баримтыг ирүүлээгүй байна. Шүүгч Н.Х- шүүхийн шийдвэрийг хуулийн хугацаанд гаргаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа гаргасан гэж үзэх боломжгүй байх боловч өргөдөл гаргагч Б.Н-ээс 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Шүүхийн сахилгын хороонд “...тус гомдолд гаргасан шалтгаант нөхцөл арилсан, шүүгч шийдвэрийг хугацаа хожимдуулж гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг мэдсэн тул гомдлоосоо татгалзаж байна” гэх агуулгаар хүсэлт ирүүлжээ. Иймээс өргөдөл гаргагчийн гаргасан дээрх хүсэлтийг үндэслэн шүүгч Н.Х- нь шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасан хугацааг хэтрүүлэн албажуулсан гэж үзэж, түүнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг дэмжлээ.
Дээр дурьдсан үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.8 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ... Н.Х-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Х.ХАШБААТАР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН