info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-02-22

Дугаар 78

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн нотлох дүгнэлтийг гишүүн Г.Цагаанцоожийн илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хорооны гишүүн Г.Цагаанцоож 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн нотлох дүгнэлтдээ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-т “энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан, шүүгч “...нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж дүгнэж, энэхүү үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь сахилгын зөрчилд хамаарахгүй болно. Өөрөөр хэлбэл, сахилгын хороо шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянах, дүгнэлт өгөх эрхгүй тул “...захирамж хууль зөрчсөн, хүсэлт шийдвэрлээгүй” талаарх гомдол үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1.-т “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан. Энэхүү захирамжийг хэд хоногийн дотор бичгээр гаргах талаар хуульд тодорхой заагаагүй боловч 10 хоногийн дотор гомдол гаргахаар зохицуулсан тул хэргийн оролцогч уг эрхээ эдлэх боломжтой хугацаанд бичгээр гаргаж, оролцогч нарт хүргүүлэх учиртай. Тодруулбал, шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13461 дүгээр захирамжид гомдол гаргах хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дуусах тул уг өдрөөс өмнө боломжит хугацааны дотор бичгээр гаргаж албажуулан, хэргийн оролцогчид гардуулах нь хуульд нийцнэ. Зохигч талууд шүүгчийн захирамжийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гардаж авсан байх ба уг өдрөөс өмнө шүүгчийн захирамж гарсан гэх байдал тогтоогдоогүй болно. Нэхэмжлэгч захирамжийг хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гомдол гаргасан, тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 03751 дүгээр захирамжаар гомдол гаргах хугацааг 5 хоног хэтрүүлсэн гэх үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т шүүгчийн хориглох зүйлийг нэрлэн заасан ба 50.1.23-т хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргахыг хориглосон. Дээр дурдсанаас үзвэл, шүүгч Д.Х-хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг уг захирамжид гомдол гаргах хугацаа өнгөрсний дараа гардуулсан, ингэснээр нэхэмжлэгч гомдол гаргах эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрсэн нь тогтоогдож байх тул энэ үндэслэлээр  сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, нотлох дүгнэлтийг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгч Д.Х-гаргасан тайлбартаа: “...Бүгд найрамдах ... улсын иргэн П С С-ийн нэхэмжлэлтэй Б.Б-д холбогдох иргэний хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийг шийдвэрлээгүй бөгөөд нэхэмжлэгчийг шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нь ойлгомжгүй, нэхэмжлэгчийг шүүхэд төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж дүгнэсэн. Гэтэл хариуцагч талыг илт хамгаалсан шударга бус шийдвэр гаргасан гэж гомдлын үндэслэлдээ дурдсан нь үндэслэлгүй юм. Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт оролцсон бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл, дахин шүүхэд хандах эрхтэйг тайлбарлаж өгсөн бөгөөд захирамжийг зөвшөөрөхгүй бол энэ өдрөөс эхлэн гомдол гаргах эрхийг нь мөн тайлбарлаж өгсөн болно. Гэтэл нэхэмжлэгчийн төлөөлөгч нь гомдол гаргах эрхээ хэтрүүлсэн тул гомдлыг хүлээн авахаас татгалзсан байх бөгөөд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаар хүсэлтээ шүүхэд гаргаагүй, мөн уг нэхэмжлэлийг дахин шүүхэд мэдүүлэх эрх нь нээлттэй байгаа болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Д.О-ийн гаргасан өргөдлийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Шүүхийн сахилгын хорооны гишүүн Г.Цагаанцоож хүлээн авч, ... шүүхийн шүүгч Д.Х-д холбогдуулан 2022 оны 01 дүгээр  сарын 05-ны өдрийн 56 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэж, шалгах ажиллагаа явуулжээ.

            Шүүгч Д.Х-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэрэгт, тус хорооны гишүүн Д.Цагаанцоожоос гаргасан нотлох дүгнэлт үндэслэлгүй байна.

            ... шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ... дүгээр шүүгчийн захирамжаар “...нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Уг захирамж нь шүүгчийн шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлж, хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан эрх зүйн акт бөгөөд дээрх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь сахилгын зөрчилд хамаарахгүй гэж илтгэгч гишүүн нотлох дүгнэлтэд дүгнэсэн нь үндэслэлтэй.  

            Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар дээрх захирамжид 10 хоногийн дотор гомдол гаргахаар зохицуулсан байхад шүүгчээс уг захирамжид гомдол гаргах хугацаа дууссаны дараа шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод гардуулснаар нэхэмжлэгч тал гомдол гаргах эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрсэн тул шүүгч Д.Х-г хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж нотлох дүгнэлт гаргасан нь үндэслэл муутай болжээ.  

            Учир нь шүүгч Д.Х-аас сахилгын хорооны хуралдаанд нотлох баримтаар ирүүлсэн ... шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны дууны бичлэг, тэмдэглэл болон тус хурлаас гарсан ... дугаартай шүүгчийн захирамж, уг захирамжийн эс зөвшөөрч гаргасан гомдлыг  хүлээн авахаас татгалзсан тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ... дүгээр захирамжуудаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О нар шүүх хуралдаанд биечлэн оролцсон нь тогтоогдож байна. Шүүх хуралдааны дууны бичлэг захирамжийн үндэслэл хэсгийг харьцуулан үзэхэд шүүгчээс захирамжийн үндэслэлийн агуулга, эс зөвшөөрвөл энэ өдрөөс эхлэн 10 хоногт гомдол гаргах эрхийг тайлбарлаж өгсөн нь шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгтэй тохирч байна. Өөрөөр хэлбэл, шүүгч захирамжийн үндэслэлийг хуралдаанд тайлбарласнаас өөр үндэслэл агуулгаар бичсэн буюу зөрүүтэй  гаргасан гэх нөхцөл байдал сахилгын хэрэгт цугларсан баримтаар нотлогдохгүй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно.” гэж заасан тул хэргийн оролцогчийн захирамжид гомдол гаргах эрхийг зөрчсөн гэж үзэхгүй. Тодруулбал, захирамжийг гардан авснаар гомдол гаргах хугацааг тоолохоор хуульд тусгайлан зохицуулаагүй байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгчийн захирамжийг хэд хоногт бичгээр албажуулах буюу гомдол гаргах 10 хоногийн дотор гаргаж хэргийн оролцогчид гардуулахаар заагаагүй байна. Иймд нэхэмжлэгч тал шүүх хуралдаан болсон 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс уг захирамжид гомдол гаргах эрхтэй болохыг мэдсэн байх ба шүүгчээс уг эрхийг нь зөрчсөн гэж үзэхгүй. Нөгөө талаар, зөрчлийг арилгаж дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дээрх хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийг гаргахдаа шүүгч тайлбарласан байна.  

            Илтгэгч гишүүнээс нотлох дүгнэлтэд, шүүгч Д.Х-нь ...  шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжийг гомдол гаргах хугацаанд буюу шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор албажуулж гаргаагүй гэснийг бүрэлдэхүүнээс буруутгаагүй боловч энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэснийг зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй юм.  

            Дээр дурдсан үндэслэлээр илтгэгч гишүүний гаргасан нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, шүүгчид үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.1, 112.6, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, ... шүүхийн шүүгч Д.Х-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3.  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             С.ЭНХТӨР

ГИШҮҮД                              Д.АРИУНТУЯА

Д.МЯГМАРЦЭРЭН