info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-02-09

Дугаар 43

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Эрдэнэчулуун, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийв.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн Ц.Давхарбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна гэж, 119.4 дэх хэсэгт шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна гэж заажээ. ... шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар шүүхийн шийдвэрийг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр өмгөөлөгч гардаж авсан иргэний хэрэг дэх шүүхийн шийдвэрийг гардуулсан баримт, шүүгчийн тайлбар болон гэрч Г.Г-ын тайлбар, мөн шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамж,... шүүхийн Тамгын газрын 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 591 тоот албан бичиг гэсэн нотлох баримтаар өргөдөл гаргагчийн “анхан шатны шийдвэрийг гардуулаагүй” гэсэн нь үгүйсгэгдэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Г.Г-ын өмгөөлөгч Б.Б- шүүхийн шийдвэрийг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гардан авчээ. Иргэний шүүхийн ажиллагаанд нэхэмжлэгч болон хариуцагч гэсэн талууд оролцдог ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч болон хариуцагч тал өөрөө, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, мөн өмгөөлөгч гэсэн хэд хэдэн этгээд оролцох боломжтой, тэдгээрийг тухайн “тал” гэсэн нийтлэг ойлголтод хамааруулж үздэг. Хуульд шүүхийн шийдвэр гардуулахад үүний нэг адилаар маргааны тал хэмээн томьёолсон тул өмгөөлөгч гардан авсан бол тухайн талд шүүхийн шийдвэрийг гардуулсан гэж үзэх үр дагавар үүсдэг учраас хариуцагч нь тусгайлан шүүхийн шийдвэр гардаж авахаар шаардах, үүндээ шүүгчийг буруутгах үндэслэлгүй тул шүүгч хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл сахилгын хэргийг шалгах явцад тогтоогдсонгүй. Иймд шүүгчийг хууль зөрчсөн гэх гомдлын агуулга үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасанд хамаарахгүй, 55 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул 105 дугаар зүйлийн 105.11 дэх хэсэгт заалтын үндэслэл тус сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгч О.Ч- гаргасан тайлбартаа: З.Х-ын нэхэмжлэлтэй Г.Г-т холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч З.Х-, хариуцагч Г.Г-, түүний өмгөөлөгч Б.Б- нарыг оролцуулан 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ... дугаартай шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрийн агуулгыг хуралдаанд дэлгэрэнгүй уншиж сонсгосон нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдоно. Тус шүүхийн шийдвэр хуульд заасан 7 хоногийн дотор албажсан ба 8 хоногийн дараа буюу шийдвэр албажсанаас 1 хоногийн дараа нэхэмжлэгч Б.Х-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б- нар шүүхээс шийдвэрээ гардан авсан. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хэргийг архивч шилжүүлсэн ба энэ хугацаанд хариуцагч Г.Г- шийдвэр гардан авах талаар шүүхэд ирж байгаагүй. Харин 2021 оны 02 дугаар сард хариуцагч Г.Г- шийдвэр гардан авахаар шүүгчийн туслах Г.Г-т хандсан талаар туслахаасаа мэдсэн ба 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр шүүгчийн туслах Г.Г-т холбогдуулан тамгын газарт гомдол гаргасан байсан. Түүнчлэн, шүүхэд хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаж, уг хүсэлтийг тус шүүхийн шүүгч Д.Э хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Иймд уг гомдол үндэслэлгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Г.Г-ын 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан өргөдлийг Шүүхийн сахилгын хорооны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар зөвлөгөөний тогтоолоор баталсан өргөдөл хувиарлах журмын дагуу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 123 дугаар захирамжаар ... шүүхийн шүүгч О.Ч-т сахилгын хэрэг үүсгэж, шалгах ажиллагаа явуулжээ.

            Шүүгч О.Ч-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг тус хорооны гишүүн Ц.Давхарбаяраас гаргасныг үндэслэлтэй гэж үзэв. 

            З.Х-ын нэхэмжлэлтэй Г.Г-т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэг болох 35 250 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Х-, хариуцагч Г.Г-, түүний өмгөөлөгч Б.Б- нар оролцсон болох нь ... шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

            Дээрх шийдвэрийг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч З.Х- болон хариуцагчийн өмгөөлөгч Б.Б- нар гардан авч, шийдвэр гардан авсан болохыг баталгаажуулж баримтад гарын үсэг зурж баталгаажуулжээ.

            Ийнхүү хариуцагчийн өмгөөлөгч Б.Б- нь шүүхийн шийдвэрийг гардан авсанаар хариуцагч талд шүүхийн шийдвэр гардуулсанд тооцно. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч өмгөөлөгчтэй оролцож байгаа тохиолдолд тэдгээрийг тухайн хэргийн нэг тал гэж үзнэ. Өмгөөлөгч нь гардан авсан шүүхийн шийдвэрийг үйлчлүүлэгчдээ танилцуулах, зохих туслалцаа үзүүлэх үүрэгтэй ба уг үүргийг биелүүлсэн эсэхэд шүүгч хяналт тавих боломжгүй. Энэ тохиолдолд шүүгчийг буруутгах үндэслэлгүй тул шүүгч хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.

Мөн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Монгол Улсын шүүхийн тухай  хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан бол Шүүхийн ёс зүй хороо, Захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааныг Сахилгын хороонд шилжүүлнэ.” гэж заажээ. 

            Иймээс шүүгч О.Ч- нь Монголын хуульчдын холбооны шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн 2014 оны оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/08 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмээр хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээр дурьдсан үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.3, 112.1.2, 112.6, 112.8 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ... шүүхийн шүүгч О.Ч-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                С.ЭНХТӨР

ГИШҮҮД                                                        Д.ЭРДЭНЭЧУЛУУН

Х.ХАШБААТАР