МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-02-09
Дугаар 40
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Эрдэнэчулуун, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн Д.Мягмарцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хорооны гишүүн Д.Мягмарцэрэн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: Б.М- нь 2018 оны хөрөнгө оруулгын мэдүүлэгт орон сууц түрээслүүлсний орлого 6 000 000 төгрөг, нөхрийн дансны 3 090 609 төгрөгийн үлдэгдэл, нөхөр Ц.Х-ын 16 000 000 төгрөгөөр үнэлж мэдүүлсэн Өвөрхангай аймаг дахь хурдан удмын 4 адууг мэдүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримт болоод Авилгатай тэмцэх газарт өгсөн тайлбар гаргуулан авсан тухай тэмдэглэл, хөрөнгө оруулгын мэдүүлгээр нотлогдож, Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан шүүгч Б.М- нь хөрөнгө орлогоо хууль ёсоор мэдүүлээгүй ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдож байх боловч мөн дүрмийн 5.3 дах хэсэгт ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан байх тул шүүгч Б.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна гэжээ.
Шүүгч Б.М- гаргасан тайлбартаа: Миний бие эрхэлж буй ажил, албан тушаалынхаа хүрээнд Авилгын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүргийнхээ дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө оруулгын мэдүүлгийг хуулийн хугацаанд үнэн, зөв мэдүүлэг бөглөх тайлбарын дагуу мэдүүлсээр ирсэн. Түрээсийн орлого мэдүүлээгүй тухайд миний хүү Х.Ц Б
НСУ-д ажил хийх зорилгоор явахын тулд барьцаа мөнгө байршуулах шаардлагатай болж, уг мөнгийг барьцааны 5 000 000 төгрөг байршуулахад зарцуулсан, орлого гэж орж ирээгүй учир мэдүүлээгүй. Нөхрийн дансны үлдэгдэл болон хурдан удмын адууг мэдүүлээгүй тухайд Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн 3.2.3, 3.2.6-д зааснаар зөвхөн өөрийн нэр дээрх данс болон малыг мэдүүлэх шаардлагатай гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл, мэдүүлгийн 3.1, 3.2.4, 3.2.8, 3.2.9, 3.2.10-т өөрийн болон гэр бүлийн гишүүдийн өмчлөл, эзэмшилд гэж онцгойлон зааж өгсөн байдаг. Бусад хэсгийн тайлбар хэсэгт гэр бүлийн гишүүдийн гэж заагаагүй тул өөрт хамаарал бүхий байдлыг мэдүүлнэ гэж ойлгосон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Авилгатай тэмцэх газрын 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гаргасан өргөдлийг Шүүхийн сахилгын хорооны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар зөвлөгөөний тогтоолоор баталсан “Өргөдөл хувиарлах журам”-ын дагуу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Мягмарцэрэн хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 42 дугаар захирамжаар ... шүүхийн шүүгч Б.М-д холбогдуулан сахилгын хэрэг үүсгэж, шалгах ажиллагаа явуулжээ.
Шүүгч Б.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг тус хорооны гишүүн Д.Мягмарцэрэнгээс гаргасныг үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгч Б.М- нь 2018 оны “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг”-ийн орлого хэсэгт орон сууц түрээслүүлсний орлого 6 000 000 төгрөг, Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл хэсэгт нөхөр Ц.Х-ын дансны үлдэгдэл 3 090 609 төгрөг, мал, аж ахуй хэсэгт түүний 16 000 000 төгрөгөөр үнэлж мэдүүлсэн Өвөрхангай аймаг дахь хурдан удмын 4 адууг мэдүүлээгүй болох нь шүүгч Б.М-ын 2018 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Авилгатай тэмцэх газраас гаргасан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө оруулгын мэдүүлгийн хяналт шалгалтын танилцуулга, мөн өдрийн тайлбар гардуулан авсан тухай тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
Тодруулбал, дээрх хяналт шалгалтын танилцуулгын орлого хэсэгт “...Б.М- нь өөрийн болон нөхрийн цалин хөлсний орлогоос өөр орлого мэдүүлж байгаагүй...”, мал аж ахуй хэсэгт “...Б.М- нь малтай болохоо мэдүүлээгүй байх ба түүний нөхөр Ц.Х- Өвөрхангай аймгийн Хужирт суманд хурдан удмын 4 адууг 16 000 000 төгрөгийн үнэлгээтэйгээр жил бүр мэдүүлж ирсэн. Гэр бүлийн гишүүний мэдүүлгээс зөрүүтэй байна” гэж тусгажээ. Энэ талаар тухайн үед Авлигатай тэмцэх газарт шүүгч Б.М-аас гаргасан тайлбартаа “...нөхрийн дансны үлдэгдлийг анзаараагүй байна, хуримтлуулах зорилгоор хураасан мөнгөө мэдүүлэх ёстой гэж бодож байснаас харилцан данс, карт, нөхрийн дансны үлдэгдлийг мэдүүлэх ёстой гэж мэдээгүй. 4 адууны тухайд нөхөр мэдүүлсэн учир мэдүүлээгүй, 2018 оны түрээсийн орлого 6 000 000 төгрөг болсон, бага, багаар зарцуулсан учир мэдүүлэг гаргахдаа мэдүүлээгүй, мэдүүлэг гаргах үед тухайн мөнгө байгаагүй” гэсэн байна.
Түүнчлэн, шүүгч Б.М-аас шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбарынхаа үндэслэлд, түрээсийн орлого хүү Х.Ц дансанд орсон учир орлого хэсэгт мэдүүлээгүй, нөхрийн дансны үлдэгдэл болон хурдан удмын адууг мэдүүлээгүй шалтгаан нь Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн 3.2.3, 3.2.6-д зааснаар зөвхөн өөрийн нэр дээрх данс болон малыг мэдүүлэх гэдгээр ойлгосон гэжээ. Гэтэл Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дах хэсэгт “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.” гэж, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Шүүгч нь Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулсан байна.
Мөн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай
хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан бол Шүүхийн ёс зүй хороо, Захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааныг Сахилгын хороонд шилжүүлнэ.” гэж заажээ.
Иймээс шүүгч Б.М- нь дээрх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхдээ хайхрамжгүй хандсан үйлдэл нь Монголын хуульчдын холбооны шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/08 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүгч нь өөрийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үнэн зөв мэдүүлнэ” гэснийг зөрчсөн байх тул сахилгын хэрэг гэж дүгнэв.
Гэвч Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан. Өргөдөл гаргагч нь шүүхийн ёс зүйн хороонд 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гомдол гаргасан байх ба 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр сахилгын шийгтэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байх тул сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байна.
Дээр дурьдсан үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ... шүүхийн шүүгч Б.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Д.ЭРДЭНЭЧУЛУУН
Х.ХАШБААТАР