info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-01-27

Дугаар 17

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, нарийн бичгийн дарга Ч.Энхмэнд нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

М.Б холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд:

1. 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн үзлэгийг хийхдээ надад мэдэгдээгүй гэх гомдлын тухайд, үзлэгт зөвхөн хэргийн оролцогч болон хөндлөнгийн гэрчүүд оролцохоор  хуульд заасан бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийхэд гомдол гаргагч нь хэргийн оролцогч болоогүй байсан нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай” 128/Ш32020/1861 дугаар захирамжаар нотлогдсон тул гомдол үндэслэлгүй байна.

2.2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн үзлэгийн газар дээр шүүгч М.Б оролцоогүй гэх гомдлын тухайд, гомдол гаргагч нь тухайн өдөр хийсэн үзлэгийг шүүгч М.Б биш өөр шүүгч хийсэн болохыг гомдолдоо дурдсан бөгөөд үзлэгийг М.Б шүүгчийн ээлжийн амралттай байх хугацаанд хэргийг хариуцаж байсан шүүгч Ц.М хийсэн болох нь үзлэгийн тэмдэглэлээр батлагдсан.

3.Нотлох баримттай холбоотой хүсэлтүүдийг 2020 оны 3 дугаар сараас 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нийт 7 удаа гаргасан боловч хүлээж авахаас удаа дараа татгалзсан гэж гомдолдоо дурдсан боловч шүүгчийн захирамжаар түүний хүсэлтийн зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, зарим хүсэлтийг нь хангаж нэр бүхий хүмүүсийг гэрчээр дуудаж мэдүүлэг, тайлбар авах болон холбогдох нотлох баримтуудыг эрх бүхий байгууллагаар гаргуулахаар шийдвэрлэж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтогдсоныг дурдаад энэ гомдлын үндэслэл нь Шүүхийн сахилгын хорооны шийдвэрлэх асуудал биш юм.

Иймд .М.Бт үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

Шүүгч М.Б тайлбартаа:”...2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн үзлэг хийх үед тус захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Н.Т нь гуравдагч этгээдээр татагдаагүй, 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 6497 дугаар захирамж, тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр Н.Тын хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой нотлогдоно, товч хурдан ярь гэж шахамдуулсан зүйл байхгүй, яриаг нь таслаагүй, яаруулж сандраасан зүйл огт байхгүй, ... тус захиргааны хэрэг нь гуравдагч этгээд Н.Таас шалтгаалж 7 удаа хойшилсон байна” гэжээ.

                     ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хорооны гишүүний 2021 оны 12  сарын 21-ний өдрийн 32 дугаар захирамжаар Н.Тын өргөдлөөр .М.Бт холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

О.А, Д.Б нар нь Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан нэхэмжлэл гаргасныг шүүгч М.Б хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2020.03.06-ний өдрийн 1861 дүгээр шүүгчийн захирамжаар Н.Тыг гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэжээ.

Дээрх захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч М.Б нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч нарт олгосон газрын хувийн хэрэгт үзлэг хийж энэ тухай тэмдэглэл үйлдсэн байх ба тэмдэглэлийг шүүгчийн туслах Б.Б хөтөлсөн нь үзлэгийн тэмдэглэлд тодорхой тусгагдсан  нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэх ба нотлох баримт нь ...үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.

Түүнчлэн мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-т “Шүүхэд авчирч хадгалах боломжгүй эд мөрийн баримтыг түүний байгаа газарт нь үзлэг хийж, энэ тухай тэмдэглэл хөтөлнө”, 41 дүгээр зүйлийн 41.1-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна” гэж тус тус зохицуулсан.

Шүүгч хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны явцад  нотлох баримтад үзлэг  хийж, энэ тухай тэмдэглэл хөтөлсөн байна.

Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийг хэргийн оролцогч гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д тодорхойлсон  ба үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна гэж  мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан байна.

Дээр дурдсанаас үзвэл, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийх үед Н.Т нь гуравдагч этгээдээр татагдаагүй, хэргийн оролцогч болоогүй байсан тул түүнийг үзлэгт оролцуулах боломжгүй юм.

Түүнчлэн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хийсэн үзлэгийг шүүгч М.Б хийгээгүй бөгөөд гуравдагч этгээдийн хүсэлтийг шүүгч тухай бүр шийдвэрлэж байсан нь хэргийн баримтаар тогтоогджээ. 

Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд шүүхийн сахилгын хороо  байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ гэж заасан. 

Өргөдөл гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ гэж заасан. 

Шүүгч маргаан бүхий захиргааны хэргийг  хянан шийдвэрлэхдээ хууль болон ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаарх илтгэгч гишүүний санал хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

Дурдсан үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1..М.Бт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

 ДАРГАЛАГЧ                                               Д.АРИУНТУЯА

 ГИШҮҮН                                                      Г.ЦАГААНЦООЖ                           

    Д.ЭРДЭНЭЧУЛУУН