info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-01-23

Дугаар 17

Улаанбаатар хот

Сахилгын шийтгэл ногдуулах тухай

Шүүхийн  сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч Л.О-д холбогдох сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хорооны гишүүний 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ГНД/0002 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-д:

“... Сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

1. Яллагдагч Л.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх хэмжээний хугацааг сунгах тухай прокурорын саналыг ... шүүхийн шүүгч Л.О 2022 оны 9 дүгээр сарын 28-ний өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд 2022/ЦХШЗ/225а захирамжаар хугацааг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэжээ. Энэхүү захирамжид өмгөөлөгч Д.О гомдол гаргасан, тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн 2022/ЕШЗ/1037 дугаар захирамжаар шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ний өдрийн 2022/ЦХШЗ/225а захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон.

2. Шүүгч Л.О 2022 оны 10 дүгээр сарын 28-ний өдрийн 2022/ЦХШЗ/284 дүгээр захирамжаар яллагдагч Л.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх хэмжээний хугацааг 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 1 сарын хугацаагаар сунгажээ.

Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ЕШЗ/1151 дүгээр захирамжаар өмгөөлөгч Д.О-н гомдлыг хангаж, шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, ...хүмүүстэй уулзах, харилцахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Холбогдох шүүгч нь яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах асуудлыг шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан хориглосон үйлдэл гаргасан эсэхийг өргөдөлд дурдсан асуудлаар дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

1. “Л.Т-н хугацаа сунгах хэлэлцүүлэгт онлайнаар оролцох хүсэлтийг харгалзахгүйгээр хэлэлцүүлгийг явуулсан” гэх гомдлын тухайд.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болох ба мөн зүйлийн 3.-т “шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулах ба хүсэлт гаргасан тохиолдолд яллагдагчийг оролцуулна” гэжээ.

Дурдсан яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах хүсэлтийг прокуророос 2 удаа шүүхэд гаргасныг шүүгч Л.О хүлээн авч хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна.

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай 2022 оны 9 дүгээр сарын 28-ний өдрийн хэлэлцүүлэгт прокурор Г.Н, яллагдагчийн өмгөөлөгч Д.О нар цахимаар оролцсон нь хэлэлцүүлгийн тэмдэглэл, шүүгчийн захирамж, хэлэлцүүлгийн дуу дүрсний бичлэгээр тогтоогдож байна.

Яллагдагч Л.Т хэлэлцүүлэгт оролцох хүсэлтээ 2022 оны 9 дүгээр сарын 28-ний өдөр цагдан хорих 461 дүгээр хорих ангийн тоо бүртгэлээр дамжуулан гаргасан байх боловч уг хүсэлт шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ирсэн нь тус шүүхийн бүртгэлээр тогтоогдож байна. Хэлэлцүүлэг болох үед Л.Т-н хүсэлт шүүхэд ирээгүй байсан, энэ тохиолдолд түүнийг хэлэлцүүлэгт оролцуулаагүй гэж үзэх үндэслэлгүй болно.

Харин 2022 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн хэлэлцүүлэгт Л.Т цахимаар оролцож, санал хүсэлтээ гаргасан байх тул энэ талаарх гомдол тогтоогдоогүй болно.

2. “2022 оны 9 дүгээр сарын 28, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хэлэлцүүлгийн үед шүүгч шийдвэр гаргахдаа зөвлөлдөхгүйгээр, хэргийн оролцогчийн тайлбарын дараа шууд шийдвэрээ танилцуулсан” гэх гомдлын талаар.

Яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлгийг зохицуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5.-т прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гаргасан санал, хүсэлтийнхээ үндэслэлийг шүүхэд танилцуулна, 6.-т шүүхийн хэлэлцүүлгийн явцыг энэ хуулийн 11.7, 11.8 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэлд тусгаж, танилцуулна гэж заасан ба 11.7 дугаар зүйл. Шүүх хуралдааны тэмдэглэл 1.Энэ хуульд заасан шүүх хуралдааны явцыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтөлж, дууны, эсхүл дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулна, 11.8 дугаар зүйл. шүүх хуралдааны тэмдэглэл танилцуулах 1.Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулна, 36.1 дүгээр зүйлийн 1.-т “шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргана...” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах саналыг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх ба прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гаргасан санал, хүсэлтийнхээ үндэслэлийг шүүхэд танилцуулсны дараа шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргахаар хуульд тодорхой заасан байна.  

Шүүгч Л.О нь Л.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах хүсэлтийг 2 удаа хянан шийдвэрлэхдээ шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргаагүй болох нь хэлэлцүүлгийн дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

3. “2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан 2022/ЦХШЗ/284 дүгээр шийдвэртээ үндэслэл огт бичээгүй болох нь Ерөнхий шүүгчийн шийдвэрээр тогтоогдсон” гэх гомдлын тухайд.

... шүүхийн ерөнхий шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ЕШЗ/1151 дүгээр захирамжаар шүүгч Л.О-н 2022 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 2022/ЦХШЗ/284 дүгээр захирамжид өөрчлөлт оруулж, цагдан хорихоос өөр төрлийн арга хэмжээ авахдаа “...цагдан хорих болсон шалтгаан нөхцөл, хэргийн ээдрээ төвөгтэй байдлын талаар дүгнэлт хийгээгүй...” гэжээ.

Харин шүүгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгахдаа “...яллагдагч Л.Т нь өөрийн хоолойн тус газарт ир үзүүртэй зүйлээр гэмтэл учруулан өөрийн эрүүл мэндэд аюул учруулах үйлдэл гаргасан нөхцөл байдал тогтоогдсон. ...үйлдсэн гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн, ...” гэсэн үндэслэлийг захирамжид тусгасан байна.

Өөрөөр хэлбэл, шүүгч хугацаа сунгах үндэслэлээ захирамжид тодорхой тусгасан байх тул шүүхийн шийдвэрт үндэслэл огт бичээгүй гэж үзэхгүй.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 3-т “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шүүгч дангаар гаргасан шийдвэрийн талаарх гомдлыг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, түүний эзгүйд томилсон шүүгч даруй хянан шийдвэрлэнэ. Энэхүү шийдвэр эцсийн байна” гэж заасан. Энэхүү зохицуулалтын дагуу шүүгчийн захирамжид гаргасан өмгөөлөгчийн гомдлыг тухайн шатны шүүхийн ерөнхий шүүгч хянан шийдвэрлэж, хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд захирамжид өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.27-д заасан “шүүхийн шийдвэрт үндэслэл огт бичээгүй нь дээд шатны шүүхээр тогтоогдсон” гэдэгт хамаарахгүй. 

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4-т “сахилгын хорооны хуралдаан зарлахаас өмнө өргөдөл, мэдээлэлд дурдагдаагүй шүүгчийн сахилгын зөрчлийн шинжтэй үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэх явцад илэрсэн бол тухайн шүүгчид сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна” гэж заасан.

Өмгөөлөгч Д.О-н өргөдлөөр сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж байх явцад шүүх хуралдааны явцад шүүгч гар утас хэрэглэж буй нь нөхцөл байдал байсан тул энэхүү үйл баримтад сахилгын хэрэг үүсгэн, энэ тухайг холбогдох шүүгчид мэдэгдэж, энэ талаар тайлбар, баримт гаргах эрхийг нь олгосон болно.

Шүүгч Л.О энэ талаар гаргасан тайлбартаа: яллагдагч Л.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай прокурорын саналыг шийдвэрлэх шүүхийн хэлэлцүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дэг дарааллын дагуу явуулж, шийдвэрээ гаргасан. Шүүхийн хэлэлцүүлгийн үед огноо харахын тулд гар утсаар ашигласан болно. Өөрөөр гар утсаар яллагдагч Л.Т-н таслан сэргийлэх арга хэмжээний хэлэлцүүлгийн талаар хэн нэгэнтэй, ямар нэгэн бичсэн зүйл байхгүй. Мөн хэн нэгний нөлөөнд автаагүй энэ нь нотлох баримтаар тогтоогдоно. ...тухайн өдөр нийт 24 зөрчлийн хэрэг шийдвэрлэсэн, хүүхдийг хичээлд зөөдөг хүнд хүндэтгэн үзэх шалтгаан гарч, хичээл тарах цагт авч чадахгүй болсон тухай надад хэлсэн тул багш руу нь хэлж ганцааранг нь нэг удаа явуулахыг гуйсан ба хүүхдээ гэртээ орсон эсэхийг асуусан...” гэжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.34-т зааснаар шүүх хуралдааны явцад гар утас хэрэглэх зэрэг хэрэгт хамааралгүй өөр бусад ажиллагаа явуулахыг шүүгчид хориглосон.

Яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах 2 удаагийн хэлэлцүүлгийн явцад прокурор санал, яллагдагч, түүний өмгөөлөгч нар тайлбар, хүсэлтээ гаргаж байх үед шүүгч гар утсаа удаа дараа хэрэглэж байгааг тухайн асуудалд хамааралтайгаар буюу огноо харах зорилгоор хэрэглэсэн гэж үзэх боломжгүй юм.

ШИЙДВЭРЛЭХ НЬ: Дээр дурдсанаар Б... шүүхийн шүүгч Л.О Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 50.1.34-т заасан зөрчил гаргасан үндэслэлээр нотлох дүгнэлт үйлдэж, хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022.11.14-ний өдрийн “Сахилгын хэрэг үүсгэх тухай” 1169 дүгээр захирамжаар ... шүүхийн шүүгч Л.О-д холбогдуулан илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулсан байх бөгөөд уг сахилгын хэрэг шалгах ажиллагааны явцад холбогдох шүүгч нь хэлэлцүүлэгт гар утас хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл тогтоогдсон тул 2022.12.13-ны өдрийн 1475 дугаартай захирамжаар мөн сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагааг явуулжээ.

НЭГ. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай 2022.09.28-ны өдрийн хэлэлцүүлэгт прокурор Г.Н, яллагдагчийн өмгөөлөгч Д.О нар цахимаар оролцсон нь хэлэлцүүлгийн тэмдэглэл, шүүгчийн захирамж, хэлэлцүүлгийн дуу дүрсний бичлэгээр тогтоогдож байх бөгөөд яллагдагч Л.Т хэлэлцүүлэгт оролцох хүсэлт шүүхэд 2022.10.03-ны өдөр ирсэн болох нь сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох ... шүүхэд 2022.09.28-ны өдөр гаргасан хүсэлт, уг хүсэлтийн арын хуудсан дахь тус шүүхийн бүртгэлийн баримтаар нотлогдож байна. Хэлэлцүүлэг болох үед Л.Т-н хүсэлт шүүхэд ирээгүй байсан нь баримтаар нотлогдож байх тул түүнийг хэлэлцүүлэгт оролцуулаагүй гэж үзэх үндэслэлгүй нотлогдож тогтоогдоогүй гэж илтгэгч гишүүн үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

2022.10.28-ны өдрийн хэлэлцүүлэгт Л.Т цахимаар оролцож, санал хүсэлтээ гаргасан болох нь 2022.10.28-ны өдрийн “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай” 2022/ЦХШЗ/284 дүгээр захирамж, 2022.10.28-ны өдрийн шүүх хуралдааны 284 дугаартай тэмдэглэлээр тус тус тогтоогдож байх тул дээрх дурдсан үйл баримтаар “Л.Т-н хугацаа сунгах хэлэлцүүлэгт онлайнаар оролцох хүсэлтийг харгалзахгүйгээр хэлэлцүүлгийг явуулсан” гэх гомдол үндэслэлгүй байна.

ХОЁР. Яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлгийг зохицуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1.-т “шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргана...” гэж хуульчлан заасан байх бөгөөд хуулийн тус зохицуулалтаас үзвэл, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах саналыг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх ба прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гаргасан санал, хүсэлтийнхээ үндэслэлийг шүүхэд танилцуулсны дараа шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргахаар хуульд тодорхой заасан байна.  

Шүүгч Л.О нь Л.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах хүсэлтийг 2 удаа хянан шийдвэрлэхдээ шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргаагүй болох нь хэлэлцүүлгийн дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд энэхүү үйл баримт нь холбогдох шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй гэж үзсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй байна гэж бүрэлдэхүүн үзэв.

Иймд “2022 оны 9 дүгээр сарын 28, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хэлэлцүүлгийн үед шүүгч шийдвэр гаргахдаа зөвлөлдөхгүйгээр, хэргийн оролцогчийн тайлбарын дараа шууд шийдвэрээ танилцуулсан” гэх гомдол баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд холбогдох шүүгч сахилгын зөрчил гаргасан үзэж үзэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна.

ГУРАВ. 2022.10.28-ны өдрийн “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай” 2022/ЦХШЗ/284 дүгээр захирамжаар шүүгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгахдаа “...яллагдагч Л.Т нь өөрийн хоолойн тус газарт ир үзүүртэй зүйлээр гэмтэл учруулан өөрийн эрүүл мэндэд аюул учруулах үйлдэл гаргасан нөхцөл байдал тогтоогдсон. ...үйлдсэн гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн, ...” гэсэн үндэслэлийг захирамжид тусгасан байна.

Өөрөөр хэлбэл, шүүгч хугацаа сунгах үндэслэлээ захирамжид тодорхой тусгасан байх тул шүүхийн шийдвэрт үндэслэл огт бичээгүй гэж үзэхгүй. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 3-т “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шүүгч дангаар гаргасан шийдвэрийн талаарх гомдлыг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, түүний эзгүйд томилсон шүүгч даруй хянан шийдвэрлэнэ. Энэхүү шийдвэр эцсийн байна” гэж заасан. Энэхүү зохицуулалтын дагуу шүүгчийн захирамжид гаргасан өмгөөлөгчийн гомдлыг тухайн шатны шүүхийн ерөнхий шүүгч хянан шийдвэрлэж, хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд захирамжид өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.27-д заасан “шүүхийн шийдвэрт үндэслэл огт бичээгүй нь дээд шатны шүүхээр тогтоогдсон” гэдэгт хамаарахгүй гэж илтгэгч гишүүн дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

ДӨРӨВ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.34-т зааснаар шүүх хуралдааны явцад гар утас хэрэглэх зэрэг хэрэгт хамааралгүй өөр бусад ажиллагаа явуулахыг шүүгчид шууд хориглон үүрэгжүүлсэн байна.

Холбогдох шүүгч Л.О нь яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах 2 удаагийн хэлэлцүүлгийн явцад буюу прокурор санал, яллагдагч, түүний өмгөөлөгч нар тайлбар, хүсэлтээ гаргаж байх үед гар утсаа удаа дараа хэрэглэж байгаа нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт хийсэн тэмдэглэл, холбогдох шүүгчийн тайлбар зэргээр нотлогдож байх бөгөөд энэхүү үйл баримтыг тухайн асуудалд хамааралтайгаар буюу огноо харах зорилгоор хэрэглэсэн гэж үзэх боломжгүй гэж илтгэгч гишүүн дүгнэсэн нь үндэслэлтэй, хуулиар шүүгчид хориглосон үйлдэл гаргасан сахилгын зөрчил гэж бүрэлдэхүүн үзлээ.

Иймд илтгэгч гишүүний сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн авч, холбогдох шүүгчид хаалттай сануулах сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Сахилгын хорооны гишүүний 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ГНД/0002 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хүлээн авч, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 50.1.34, 56 дугаар зүйлийн 56.1.1, 57 дугаар зүйлийн 57.1.1, 57.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан ... шүүхийн шүүгч Л.О-д хаалттай сануулах сахилгын шийтгэл оногдуулсугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.

                  ДАРГАЛАГЧ                                      Б.СУГАР

                               ГИШҮҮН                                           Х.ХАШБААТАР

                                                                                                  Д.ЭРДЭНЭЧУЛУУН