МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-02-23
Дугаар 82
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Ариунтуяа нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, ажиглагчаар В.О- нарыг оролцуулан, ...шүүгч Д.Г-т холбогдох Сахилгын хорооны гишүүний 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Авлигатай тэмцэх газраас Шүүхийн ёс зүйн хороонд /хуучнаар/ шилжүүлсэн өмгөөлөгч В.О-гийн өргөдөлд: “...Миний бие Улсын дээд шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар тогтоолтой В.О-ийн нэхэмжлэлтэй, З.З-д холбогдох хэргийн өмгөөлөгч ба ...нь цар тахлыг далимдуулан хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд санаатайгаар оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийхдээ хуралд нарийн бичгийн дарга оролцуулаагүй, хурлын тэмдэглэл хөтлөөгүй, дуу дүрсний бичлэг хийгээгүйгээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий бус шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэл шаардлагад огт хамааралгүй асуудлыг үндэс болгон миний үйлчлүүлэгч төлөхөөр шийдсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдээс 15 сая төгрөгийг хасан багасгаж шийдвэрлэсэн. ......нь хууль бус шийдвэрийг гаргахдаа надад гэрээсээ зүүмээр хуралд орж болно гэсэн атлаа хурал болохоос өмнөхөн гэрээс оролцож болохгүй болсон заавал шүүх дээр ирж зүүмээр хуралд оролцох болсон гэж хэлэхдээ намайг PCR-н шинжилгээний цаг олдоогүй талаар шүүгчийн туслахад хэлсний дараа хэлсэн нь санаатайгаар худал хэлсэн гэж дүгнэхэд хүргэж байгаа. ......шүүгч шүүгч нараа хууль зөрчөөгүй гэж дүгнэн уг хэрэгт дүгнэлт бичиж ... хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзсэн явдлыг л эрс эсэргүүцэж хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа юм...” гэжээ.
...шүүгч Д.Г- сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Магадлалыг хариуцагч З.З- болон түүний өмгөөлөгч эс зөвшөөрөн хяналтын гомдол гаргасан үйл баримт нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хүчин төгөлдөр мөрдсөн буюу 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө гарсан учир мөн хуулийн 27.1.7 дахь зохицуулалтад хамаарахгүй юм. Харин Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 15 дугаар зүйлд “Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болж дагаж мөрдөхөөс өмнө Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан хэрэг, маргаанд Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 25.7.5 дахь заалт хамаарахгүй бөгөөд хэрэг, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/, мөн хуультай холбогдуулан баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө дагаж мөрдөж байсан хуулиар хянан шийдвэрлэнэ” гэж заасан байна. Иймээс өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.11-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 176.2-т заасан тогтоолыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хууль зөрчсөн үндэслэлээр ...шүүгчид гомдол гаргаж болно” гэсэн заалтад хариуцагчийн өмгөөлөгч В.О-гийн гомдол хамааралтай байсан учраас хяналтын шатны шүүхийн тогтоолыг Ерөнхий шүүгч би хянан үзсэн болно. Өмгөөлөгч В.О-гээс Ерөнхий шүүгчид ирүүлсэн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн гомдолд “Хяналтын шатны шүүх хэргийн оролцогчдод шүүх хуралдаанд оролцох боломжийг олгоогүй юм. Шүүгч хэргийг хүлээж авсны дараа өдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдааны товыг зарлаж, тэр өдрөө шүүгчийн туслах шүүх хуралдааны товыг надад мэдэгдсэн хэдий ч бидний буруугаас биш гадны шалтгаан нөхцөлөөс болж шүүх хуралдаанд оролцож чадаагүй нь миний үйлчлүүлэгчийн Үндсэн хуульд заасан “хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд оролцох баталгаат эрхийг зөрчсөн төдийгүй өмгөөлөгч миний хуулиар хүлээсэн үүргийг биелүүлэхэд саад учруулсан юм. Хяналтын шатны шүүхийн тогтоол Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1, 4.1.2, 4.1.3 дахь заалтуудыг зөрчсөн хууль бус шийдвэр тул хүчингүй болгохыг хүссэн” агуулга тусгагдсан байсан бөгөөд тухайн гомдолд Ерөнхий шүүгч би 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1/2021 дугаар албан бичгээр дараах агуулга бүхий хариуг өгсөн юм. Уг хариунд “В.О-ийн нэхэмжлэлтэй, З.З-д холбогдох хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар тус тус хяналтын гомдол гаргаж, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ... шүүхэд хэрэг ирсэн бөгөөд шүүгчид 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хуваарилагджээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хяналтын гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай зохицуулалт байхгүй учир хяналтын гомдол гарсан тохиолдолд шүүх хуралдаанаас өмнө урьдчилан шийдвэрлэх хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагаа байдаггүйтэй холбоотойгоор шүүгч хэргийг хүлээн авснаар шүүх хуралдааны товыг тогтоох ажиллагаа хийгддэг бөгөөд энэ ажиллагаа хэргийн оролцогчдын хуульд заасан эрхээ эдлэхэд харшлах зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл шүүгч хэргийг танилцсаны дараа шүүх хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх журам хуулиар тогтоогоогүйг дурдсан юм. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчийн туслахын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн “Шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримт” гэсэн тэмдэглэлд “Хариуцагч З.З-ын ... дугаартай утсанд, хариуцагчийн өмгөөлөгч В.О-гийн ... дугаартай утсанд тус тус холбогдож шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “За ойлголоо” гэсэн тайлбар бичигдсэн бөгөөд уг баримт хэргийн 8 дугаар хавтасны 103 дугаар хуудсанд авагдсан байна. Шүүх хуралдааны тов мэдэгдсэнээс хойш 8 хоногийн хугацаанд өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох бэлтгэл ажиллагаагаа зөв зохион байгуулах боломжтой байсан гэж үзэхээр байна. Шүүх хуралдаан товлох болон шүүх хуралдаан хийх үед Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 238 дугаар тогтоолоор Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор бүх аймаг, нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал шилжүүлжээ. ... шүүхийн Тамгын газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/52 дугаар тушаалаар батлагдсан Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Хяналтын шатны шүүхийн ажиллах” түр журмыг ... шүүхийн албан ёсны цахим хаяг болон үүдний хүлээлгийн танхим, мөн гаднаас орох хаалганы дэргэдэх мэдээллийн самбарт нээлттэй, ил байрлуулсан бөгөөд уг журмын тав, зургаа, наймдугаар хэсэгт заасан “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллах үеийн зохион байгуулалт”, “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үеийн шүүх хуралдааны зохион байгуулалт”, “Шүүхийн байранд нэвтрэх, үйлчилгээ авахад баримтлах журам” гэсэн хэсэгт заасан журам шүүх хуралдаанд оролцогчид хамааралтайгаас гадна шүүх хуралдаанд биеэр эсхүл цахимаар оролцох хэргийн оролцогч өөрөө 3 хоногийн өмнө журамд дурдсан утсаар урьдчилан мэдэгдсэн байх, шүүх хуралдаанд бэлтгэх, хувийн бэлтгэлээ хангаж ирэх зэрэг үүрэг хүлээх учиртай. Гэтэл өмгөөлөгч В.О- шүүх хуралдаанд оролцох талаар журамд нэрлэгдэн зарласан шүүхийн утсаар мэдэгдсэн тухай баримт шүүхэд ирүүлээгүй байсан юм. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76.2-т 'Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргийг зохигч хүлээдэг. Зохигч энэ үүргээ хэрэгжүүлэхийн тулд шүүгчийн туслах, шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтнаас биечлэн болон утсаар мэдээлэл авах, мөн мэдээллийн самбар, шүүхийн цахим хуудас зэргээс үзэх боломжтой бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй гэж үзнэ. Энэ байдлуудаас үзэхэд, хэргийн оролцогч шүүх хуралдаанд оролцохын тулд өөрөөсөө шалтгаалах асуудалд санаачилга гаргах улмаар тэдгээрийн ажлын хувийн зохион байгуулалтад шүүхийн ажиллагааг тохируулах боломжгүй гэдгийг анхааран үзвэл зохино. Мөн өмгөөлөгчийн өмгөөлөх, үйлчлүүлэгчийн өмгөөлүүлэх эрхийг шүүх зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчийн хооронд үүргийн зөрчлийн улмаас үүссэн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тул дүгнэлт бичих үндэслэлгүй гэсэн хариуг өгөхдөө холбогдох иргэний хэрэгт авагдсан баримтад тулгуурлахын зэрэгцээ түүний гомдлын үндэслэлийн хүрээнд бүрэн тайлбарласан гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1762.4 дэх хэсэгт “...шүүгч гомдлыг ... шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлгүй гэж үзвэл 30 хоногийн дотор гомдол гаргагчид бичгээр хариу өгнө.” гэж заасан бөгөөд хариу өгснөөр тухайн тогтоол хүчин төгөлдөр болсон тул уг тогтоол болон холбогдох хэргийг ...шүүгч дахин хянан үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, ...шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1762.1 дэх хэсэгт зааснаас бусад байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хууль эрх зүйн боломж байхгүй юм.” гэжээ.
Сахилгын хорооны гишүүн Д.Мягмарцэрэнгийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...Өргөдөл гаргагч В.О-гийн өргөдөлд дурдагдсан “......нь цар тахлыг далимдуулан хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд санаатайгаар оролцуулаагүйгээр шүүх хуралдааныг хийхдээ хуралд нарийн бичгийн дарга оролцуулалгүйгээр хурлын тэмдэглэл хөтлөөгүй, дуу дүрсний бичлэг хийгээгүй...”, “......шүүгч Д.Г- нь хууль зөрчсөн шүүгчдээ хаацайлсан асуудлыг шалгуулах...” гэх үндэслэлийн тухайд хэдийгээр гомдолд хамаарах ... Иргэний хэргийн шүүх хуралдааны ... дугаар тогтоол нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр буюу Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 118 дугаар зүйлийн 118.1-д заасан хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн 2021 оны 03 дугаар сарын 01-ээс хойш байх боловч В.О-ийн нэхэмжлэлтэй З.З-д холбогдох хэргийн шүүхийн шийдвэр болоод магадлалд хяналтын гомдол гаргасан үйл баримт нь тухайн хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс өмнө гарсан байна. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 15 дугаар зүйлд “Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болж дагаж мөрдөхөөс өмнө Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан хэрэг, маргаанд Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 25.7.5 дахь заалт хамаарахгүй бөгөөд хэрэг, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, мөн хуультай холбогдуулан баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө дагаж мөрдөж байсан хуулиар хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар өмнө үйлчилж байсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /2002.01.10/-ийн 51 дүгээр зүйлийн 51.1-т “Анхан шатны шүүх хуралдаан болон хэргийн оролцогч оролцож байгаа бол давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанд тэмдэглэл үйлдэнэ” гэсэн хуулийн зохицуулалтыг баримталжээ. Сахилгын хэрэгт авагдсан баримтаас ...шүүгч Д.Г- нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэл нотлогдохгүй байх тул холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасан бөгөөд Шүүхийн сахилгын хороо нь энэ хуулиар тодорхойлсон шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 122 дугаар шийдвэрээр В.О-ийн нэхэмжлэлтэй, З.З-д холбогдох гэрээний үүрэг, түүнээс учирсан хохирол 129.606.360 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч З.З-аас 51.335.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч В.О-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 78.271.360 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, ... шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1408 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснийг Улсын дээд шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 172 дугаар тогтоолоор хариуцагч З.З-аас 35.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч В.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 94.606.360 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулжээ.
Улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1762 дугаар зүйлийн 1762.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 176.2-т заасан тогтоолыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор хууль зөрчсөн гэж үзвэл ...шүүгчид гомдол гаргаж болно” гэж зааснаар хариуцагч болон түүний өмгөөлөгч нараас гомдол гаргасны дагуу ... шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1/2021, 1/2022 тоот албан бичгүүдээр гомдолд хариу өгч, хяналтын шатны шүүхийн тогтоолд дүгнэлт бичих үндэслэлгүй талаар мэдэгдсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн шүүгчийн үйл ажиллагаатай холбогдуулан хариуцагчийн өмгөөлөгч В.О- гомдол гаргаж, үндэслэлээ “......нь цар тахлыг далимдуулан хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд санаатайгаар оролцуулаагүй, шүүх хуралдааныг хийхдээ хурлын тэмдэглэл хөтлөөгүй, дуу дүрсний бичлэг хийгээгүй” гэж тодорхойлжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 15 дугаар зүйлд “Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болж дагаж мөрдөхөөс өмнө Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан хэрэг, маргаанд Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 25.7.5 дахь заалт хамаарахгүй бөгөөд хэрэг, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, мөн хуультай холбогдуулан баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө дагаж мөрдөж байсан хуулиар хянан шийдвэрлэнэ”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /2021.01.15-ны өдөр өөрчлөгдсөн/ 51 дүгээр зүйлийн 51.1-д “Анхан шатны шүүх хуралдаан болон хэргийн оролцогч оролцож байгаа бол давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанд тэмдэглэл үйлдэнэ” гэж заасан тул хэргийн оролцогч оролцоогүй хяналтын шатны шүүх хуралдааны тэмдэглэл үйлдэгдээгүй, дуу дүрсний бичлэг хийгдээгүй нь хууль зөрчөөгүй.
Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 238 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал шилжүүлсэн байсан цаг хугацаанд ... шүүхийн Тамгын газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/52 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам” мөрдөгдөж байсан бөгөөд уг журмын Найм дахь хэсгийн 24-т “...шүүх хуралдаанд оролцох хүсэлттэй бол шүүх хуралдаан болохоос 3-аас доошгүй хоногийн өмнө шүүхэд мэдэгдэнэ” гэж заасан, хариуцагчийн өмгөөлөгч В.О-д 8 хоногийн өмнө шүүх хуралдааны тов мэдэгдсэн байх тул “...цар тахлыг далимдуулан хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд санаатайгаар оролцуулаагүй” гэх гомдол үгүйсгэгдэнэ.
...шүүгч нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн /2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан/ 18 дугаар зүйлийн 18.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1762 дугаар зүйлийн 1762.1-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдолд хариу өгсөн байх бөгөөд энэ хариу хууль зүйн үндэслэлтэй эсэхийг дүгнэх эрх хэмжээ сахилгын хороонд олгогдоогүй болно.
Иймд илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүн Д.Мягмарцэрэнгийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, ...шүүгч Д.Г-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА