
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-07-05
Дугаар 221
Улаанбаатар хот

Сахилгын шийтгэл оногдуулах
тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг, гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, шүүгч Л.Г нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Тус хуралдаанаар иргэн О.Э-ын өргөдөлтэй, .... шүүхийн шүүгч Л.Г, С.Б, Н.Б нарт холбогдох сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг, гишүүн О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүний 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ... дүгээр “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-дээ:
“ ... ... шүүгч С.Б, Н.Б нарт холбогдуулан гаргасан иргэн О.Э-ын “...хурал дундуур гарч явах, утсаараа оролдох зэргээр хурлын явцыг бүрэн сонсоогүй байж шударга бус шийдвэр гаргасан” гэх агуулга бүхий өргөдөлд Сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэсэн байх ба уг хэрэгт Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос шилжин ирсэн иргэн О.Э-ын “...нэг талд үйлчилсэн, 5 хоногийн хугацаанд 1 тэрбум төгрөг байршуул, тэгэхгүй бол шоронд 8 жилээр хорино” гэх агуулга бүхий өргөдлөөр .... шүүхийн шүүгч Б.Г, С.Б, Н.Б нарт холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн .... дугаар захирамжаар үүсгэсэн сахилгын хэргийг, иргэн О.Э-ын “... 2022/ШЦТ/.... тоот шийтгэх тогтоолд гэрч болон өмгөөлөгч нарын нэрсийг бичээгүй, хуралдаанд уншиж сонсгосон тогтоолд “Г М” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг шилжүүлнэ гэж уншсан атлаа бичгээр ирсэн шийтгэх тогтоолд “У Г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг нэмж оруулсан ...” гэх агуулга бүхий өргөдлөөр .... шүүхийн шүүгч С.Б, С.Б, П.А нарт холбогдуулан 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 756 дугаар захирамжаар үүсгэсэн сахилгын хэргээс шүүгч С.Б-д холбогдох хэргийг тус тус нэгтгэн, шалгах ажиллагаа явагдсан болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасан тул нэр бүхий шүүгч нар дээрх хуульд заасан хэм хэмжээг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.
Өргөдөлд дурдсан “шүүгч нар илт нэг талд үйлчилж 5 хоногийн хугацаанд 1 тэрбум төгрөг байршуул, тэгэхгүй бол шоронд 8 жилээр хорино гэсэн” гэх зөрчлийн тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно”, 5-д “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдаан завсарлах тохиолдолд завсарлах хугацаа ажлын 5 өдрөөс хэтэрч болохгүй” гэж заасан бөгөөд .... шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүгдэгч О.Э-ын өмгөөлөгч Т.У-ийн “хохирогч нарт хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг 5 хоногоор завсарлуулах” саналыг хүлээн авч 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл шүүх хуралдааныг хойшлуулсан байх тул хууль зөрчөөгүй байна.
Түүнчлэн, О.Э гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... 1 тэрбум төгрөг байршуул, 8 жил шоронд хорино гэсэн нь шүүгч нар шууд хэлээгүй, улсын яллагч хаалттай 8 жил гэж уншсан, хохирол 1 тэрбум төгрөгийг 5 хоногийн дотор барагдуулах үүрэг өгч, хуралдааныг хойшлуулсан, иймд би шууд утгаар нь тэгж ойлгосон...” гэснээс үзэхэд шүүгч Б.Г, С.Б, Н.Б нар шүүгдэгчийг 5 хоногийн хугацаанд 1 тэрбум төгрөг байршуул, тэгэхгүй бол шоронд 8 жилээр хорино гэсэн нь үгүйсгэгдэнэ. Иймд дээрх зөрчлийг шүүгч Б.Г, С.Б, Н.Б нар гаргаагүй гэж үзлээ.
Өргөдөлд дурдсан “... хурал дундуур гарч явах, утсаараа оролдох зэргээр хурлын явцыг бүрэн сонсоогүй байж шударга бус шийдвэр гаргасан” гэх зөрчлийн тухайд: Сахилгын хэрэгт авагдсан .... шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шүүгдэгч О.Э-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “Recording нэртэй фолдерт 2 бичлэг байгаагаас:
1/ Фолдерт буй mainfeed_dual_400 гэсэн бичлэгийг үзэхэд О.Э-д холбогдох хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцэх шүүх хуралдаан эхэлж, шүүх хуралдааныг шүүгч Л.Г даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Б, Н.Б нар оролцсон байна. Энэхүү бичлэг 1:00:02 минут үргэлжилж байх бөгөөд бичлэгийн 00:05:02, 0:12:40, 0:15:54, 0:26:25, 0:30:07, 0:33:00, 0:35:05, 0:37:24, 0:39:49, 0:42:13, 0:43:42, 0:47:00, 0:48:14, 0:49:41, 0:53:12, 0:59:36 минутад шүүгч Л.Г, 0:29:28, 0:45:22, 0:53:44 минутад шүүгч Н.Б тус тус гар утсаа хэрэглэж буй үйлдэл,
2/ Фолдерт буй mainfeed_dual_400-2 гэсэн бичлэгийг үзэхэд шүүх хурал үргэлжлэн орж байх ба 0:34:12 минут үргэлжлэх бичлэг байна. Бичлэгийн 0:01:22, 0:02:29, 0:11:01, 0:14:27, 0:15:56, 0:20:16, 0:24:08, 0:26:41, 0:32:28, 0:33:36 дахь минутад шүүгч Л.Г, 0:01:38, 0:31:30 дахь минутад шүүгч Н.Б, 0:09:25, 0:20:13, 0:21:25, 0:26:08 дахь минутад шүүгч С.Б гар утсаа хэрэглэж буй нь тод харагдаж байх бөгөөд шүүх хурал 30 минут завсарлаж, шүүх хуралдааны танхимд ариутгал хийнэ гэснээр бичлэг дуусаж байна.
Recording (1) нэртэй фолдерт 4 бичлэг байгаагаас:
1/ Фолдерт буй mainfeed_dual_400 гэсэн бичлэгийг үзэхэд шүүх хурал үргэлжилж гэрчээс мэдүүлэг авч байх ба шүүгч Н.Б бүрэлдэхүүнд байхгүй, бичлэгийн 0:09:08 минутад шүүх хуралдааны танхимд орж ирэн байраа эзэлж байгаа нь харагдаж байна. Уг бичлэгийн үргэлжлэх хугацаа 1:00:06 минут байна. Бичлэгийн 0:11:21, 0:30:07, 0:45:40, 0:52:15 минутад шүүгч Л.Г, 0:09:44, 0:20:53, 0:44:15, 0:46:43, 0:49:49, 0:50:32 минутад шүүгч Н.Б гар утсаа хэрэглэж байгаа нь харагдаж байх ба 0:59:10 минутад шүүх хуралдааны танхимаас гарч байна.
2/ Фолдерт буй mainfeed_dual_400-2 гэсэн бичлэгийг үзэхэд шүүх хурал үргэлжлэн орж байх ба бичлэгийн 0:00:22 минутад шүүгч Н.Б шүүх хуралдааны танхимд орж ирж байна. Уг бичлэгийн үргэлжлэх хугацаа 1:00:07 минут бөгөөд бичлэгийн 0:04:38, 0:11:21, 0:14:11, 0:17:04, 0:20:38, 0:27:45, 0:51:25 минутад шүүгч Л.Г, 0:21:32, 0:41:35 минутад шүүгч Н.Б гар утсаа хэрэглэж байна. 0:19:34 минутад шүүгч С.Б даргалагч шүүгчээс зөвшөөрөл аван шүүх хуралдааны танхимаас гарч, 0:37:54 минутад орж ирэн, 0:38:15 минутад мөн гар утас хэрэглэж байгаа нь тод харагдаж байна.
3/ Фолдерт буй mainfeed_dual_400-3 гэсэн бичлэгийг үзэхэд шүүх хурал үргэлжлэн орж байх ба 1:00:03 минут үргэлжлэх бичлэгийн 0:19:21, 0:21:11, 0:23:26, 0:24:56, 0:42:54 /гар утсанд нь дуудлага ирэхэд утсаа авч ярьсан/, 0:50:51, 0:54:38 минутад шүүгч Л.Г, 0:22:54, 0:34:08, 0:51:36, 0:54:20, 0:59:41 минутад шүүгч Н.Б, 0:33:06, 0:47:09 минутад шүүгч С.Б гар утсаа хэрэглэж байна.
4/ Фолдерт буй mainfeed_dual_400-4 гэсэн бичлэгийг үзэхэд шүүх хурал үргэлжлэн орж байх ба 0:45:34 минут үргэлжлэх бичлэгийн 0:02:11, 0:03:00, 0:12:03, 0:24:19, 0:29:45 минутад шүүгч Л.Г гар утсаа хэрэглэж байгаа нь тод харагдаж байна...” гэсэн байх ба тухайн хуралдааныг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан 5 хоногийн завсарлага авах хүсэлтийг хүлээн авч, хойшлуулж шийдвэрлэсэн.
Ийнхүү шүүх хуралдааны явцад шүүх бүрэлдэхүүний нэр бүхий шүүгчид гар утсаа олон удаагийн давтамжтай хэрэглэж байгаа үйлдэл нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.34 “шүүх хуралдааны явцад гар утас хэрэглэх зэрэг хэрэгт хамааралгүй өөр бусад үйл ажиллагаа явуулах” гэж заасан зөрчилд хамаарна.
Тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгч Н.Б, С.Б нар даргалагч шүүгчээс зөвшөөрөл авч хуралдааны танхимаас гарсан талаар тусгагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Өргөдөлд дурдсан “...шүүгч С.Б 2022/ШЦТ/... тоот шийтгэх тогтоолд гэрч болон өмгөөлөгч нарын нэрсийг бичээгүй, хуралдаанд уншиж сонсгосон тогтоолд “Г М” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг шилжүүлнэ гэж уншсан атлаа бичгээр ирсэн шийтгэх тогтоолд “У Г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг нэмж оруулсан...” гэх зөрчлийн тухайд: Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмыг Улсын дээд шүүх батална” гэж заасан ба Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх /цагаатгах/ тогтоол боловсруулах аргачлал”-ыг баталжээ. Уг аргачлалын 1.1-д “...шүүгдэгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нарын нэрийг удиртгал хэсэгт заана. Харин бусад оролцогч болох иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хохирогч, гэрч, шинжээч нарын нэрсийг зөвхөн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгана” гэсэн байх бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд хохирогч Б.Ж, түүний өмгөөлөгч Б.Г, хохирогч Х.Г, Х.Г нарын өмгөөлөгч Б.Г, хохирогч С.Э-гийн өмгөөлөгч Ж.Э нар оролцсоныг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан байх тул зөрчил гэж үзэх боломжгүй.
Түүнчлэн, эрүүгийн хэрэгт “Г М” ХХК, “У Г” ХХК-ийн нэр дээрх тусгай зөвшөөрлүүдийн шилжих хөдөлгөөн хязгаарлагдан битүүмжлэгдсэн, хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилснийг хэвээр үлдээж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, уншин сонсгосноос өөрөөр бичигдээгүй байна. Дээрх үндэслэлээр гаргасан О.Э-ын өргөдлөөр 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүний шүүгч С.Б, П.А нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон магадлал хүчин төгөлдөр болсныг дурдах нь зүйтэй.
Мөн шүүгч С.Б нь прокурор Б.Э-тай өөд өөдөөсөө харж инээсэн гэж өргөдөлд дурдсан нь шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт, хуралдааны дуу, дуу дүрсний бичлэгээр нотлогдоогүй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд нэр бүхий шүүгч нар шүүх хуралдааны явцад гар утсаа олон удаагийн давтамжтай хэрэглэж байгаа үйлдлийг зөрчилд тооцож нотлох дүгнэлт үйлдэн, бусад зөрчилд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргах нь зүйтэй гэж үзлээ ...” гэжээ.
Шүүгч С.Б Сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“... Тус шүүх хуралдаан нь ажлын цагаар бүтэн өдөр үргэлжилсэн билээ. Шүүгч С.Б миний бие хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.20 дугаар зүйлд заасан шүүх хуралдаанд оролцогч нар нь шүүх хуралдаан даргалагчийн дэг сахиулах шийдвэрт захирагдана гэсний дагуу шүүх хурал эхлээд 3 цаг орчим болсны дараа даргалагч шүүгч Л.Г-аас зөвшөөрөл авч зөвхөн 1 удаа шүүх хуралдааны танхимаас гарч ариун цэврийн өрөө орсон болно. Өөрөөр миний бие шүүх хуралдааны танхимыг орхиж гараагүй юм. Шүүх хуралдааны явцад бусад оролцогч нар нь шүүх хуралдаан даргалагчаас зөвшөөрөл авч шүүх хуралдааны танхимаас гарч, орж байсныг цохон тэмдэглэх нь зүйтэй. Мөн тус хуралд бүх оролцогч нар халдвар хамгааллын дэглэмээ сахиж амны хаалт зүүсэн байсан ба миний бие улсын яллагчаар оролцсон Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Э-тай тус хуралдааны явцад өөд өөдөөсөө харалцан инээлдсэн болон ямарваа нэгэн харилцаа үүсгэсэн үйл явдал болоогүй болно. Прокурор Б.Э-тай миний бие нь найз нөхөд биш, ажлын бусад цагаар танилын хүрээнд харилцаж байгаагүй. Өөрөөр хэлбэл прокурор Б.Э-ыг сайн танихгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Шүүгч С.Б миний бие нь шүүгчээр ажиллах хугацаандаа өргөсөн тангарагтаа үнэнч байж, Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасныг чандлан сахиж, аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ өөрийн мэдлэг боловсролоо дайчлан, хариуцлагатайгаар анхаарч, хэнээс ч хараат бусаар шүүн таслах ажиллагааг явуулж байгаа болно. Иймд шүүгч С.Б миний бие хэрэг хянан шийдвэрлэх явцдаа ямарваа нэгэн ёс зүйн зөрчил гаргаагүй гэж үзэж байна ... Гомдолд дурдсанчлан “5 хоногийн хугацаанд 1 тэрбум төгрөг байршуул, тэгэхгүй бол шоронд 8 жилээр хорино” гэсэн утга агуулга бүхий үг өгүүлбэр хэлээгүй, үйлдэл гаргаагүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ.
Шүүгч С.Б 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан тайлбартаа:
“... О.Э-д холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцсэн. Уг шийтгэх тогтоолыг бичгийн хэлбэрээр боловсруулан гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлэг, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 29 дугаартай "Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай” тогтоолыг бүхэлд нь тус тус баримталсан болно. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 29 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх /цагаатгах/ тогтоол боловсруулах аргачлал" -ын нэг. Тогтоолын удиртгал хэсэг "Шүүх бүрэлдэхүүн болон шүүгч" гэдэгт тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн, эсхүл дангаар шийдвэрлэж буй шүүгчийн нэр байна. Шүүгчийн нэрийг Эцгийн /эхийн/ нэрийн эхний үсгийн хамт бичнэ. Түүнчлэн шүүгдэгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нарын нэрийг энэ хэсэгт заана. Харин бусад оролцогч болох иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хохирогч, гэрч, шинжээч нарын нэрсийг зөвхөн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгана.” гэжээ. Дээрх тогтоолд заасны дагуу О.Э-д холбогдох эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолыг бичгийн хэлбэрээр боловсруулан гаргахдаа удиртгал хэсэгт нь шүүх хуралдаанд оролцсон хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын нэрийг заан оруулалгүй, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бичсэн болно. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаан даргалагч нь шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруутай эсэх. шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл хэсэг, заалтад заасан зэргийг тус бүрээр нь шүүх хуралдааны танхимд байсан оролцогч нарт дэлгэрэнгүй уншиж сонсгосон болно. Харин О.Э-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа түүний эзэмшлийн 2 компанийн нэр дээр байдаг хэд хэдэн тусгай зөвшөөрлүүд битүүмжилсэн байсан ба шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд битүүмжилсэн хөрөнгүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэлийг хэвээр үлдээж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолыг уншин сонсгохдоо битүүмжилсэн хөрөнгүүдийг бүхэлд нь хэвээр үлдээсэн гэх утгаар буюу ямар ч компанийн нэр дурдаагүй бөгөөд ... албан тоотод заасан компаниудын нэр дээр байдаг тусгай зөвшөөрлүүд битүүмжилснийг хохирол нөхөн төлүүлэх зорилгоор хэвээр үлдээж, шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй гэж уншсан. Ингээд тогтоолоос ойлгоогүй зүйл байна уу гэж асуухад О.Э-ын өмгөөлөгч О.Б битүүмжилсэн хөрөнгийг хэвээр үлдээсэн талаар даргалагчаас асууж лавлаж байсан. Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу өөрийн дотоод итгэлээр үнэлж хууль зүйн дүгнэлт хийж шийдвэр гаргаж, шийтгэх тогтоолыг бичгийн хэлбэрээр боловсруулсан ба ёс зүйн ямар нэг зөрчил гаргаагүй болно” гэжээ.
Шүүгч Н.Б Сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“...Тус шүүх хуралдаан нь ажлын цагаар бүтэн өдөр үргэлжилсэн билээ. Шүүгч Н.Б миний бие хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.20 дугаар зүйлд заасан шүүх хуралдаанд оролцогч нар нь шүүх хуралдаан даргалагчийн дэг сахиулах шийдвэрт захирагдана гэсний дагуу шүүх хуралдааны дундуур даргалагч шүүгч Л.Г-аас зөвшөөрөл авч шүүх хуралдааны танхимаас гарч цагийн хуваарийн дагуу уух эм ууж, ариун цэврийн өрөө орсон болно. Өөрөөр миний бие шүүх хуралдааны танхимыг орхиж гараагүй юм. Шүүх хуралдааны явцад бусад оролцогч нар нь шүүх хуралдаан даргалагчаас зөвшөөрөл авч шүүх хуралдааны танхимаас гарч, орж байсан болно. Мөн хурал дундуур хохирлын тооцоо гаргах, хууль харах, мөн хэрэг гарах үеийн ханшийн мэдээ харах зэргээр гар утас харж байсан ба өөрөөр ашиглаагүй, хуралдааны дундуур утсаар яриагүй болно. Шүүхээс гарсан шийдвэртэй холбогдуулж О.Э нь УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Шүүхийн сахилгын хороонд тус тус түүний зөвхөн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн буюу 2021 оны 7 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд гомдол гаргасан нь тухайн хэрэг, маргаан эцэслэн шийдэгдээгүй байхад хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шат шатны шүүгчид болон шүүх бүрэлдэхүүнд нөлөөлж байгаа хэлбэр гэж үзэж байна. Иймд шүүгч Н.Б миний бие хэрэг хянан шийдвэрлэх явцдаа ямарваа нэгэн ёс зүйн зөрчил гаргаагүй гэж үзэж байна. ...Гомдолд дурдсан “5 хоногийн хугацаанд 1 тэрбум төгрөг байршуул, тэгэхгүй бол шоронд 8 жилээр хорино” гэж хэлээгүй болохоо илэрхийлж байна” гэжээ.
Шүүгч Л.Г сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“... Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Э-д холбогдох эрүүгийн 2014260002714 дугаартай хэргийг ... шүүхэд хүлээн авч шүүгч Л.Г даргалж, шүүгч С.Б, Н.Б нарын бүрэлдэхүүнтэйгээр 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч О.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх завсарлага авах хүсэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасныг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт тус тус зааснаар ажлын 5 өдрийн хугацаагаар завсарлуулж 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Шүүгч Л.Г миний бие болон шүүх бүрэлдэхүүнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн шүүгч С.Б, Н.Б нарын зүгээс нэг талд үйлчилсэн, 5 хоногийн хугацаанд 1 тэрбум төгрөг байршуул тэгэхгүй бол шоронд 8 жилээр хорино гэх зүйл яриагүй, тийм үйлдэл гаргаагүй, О.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх бүрэлдэхүүн Монгол Улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг чанд сахиж, хэрэг маргааныг хэнээс ч хараат бусаар шийдвэрлэсэн болохыг үүгээр мэдэгдэж байна. Шүүгч Л.Г миний бие шүүгдэгч О.Э-д холбогдох хэргийг шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг чанд сахиж, Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль болон бусад хууль, тогтоомжид заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, шүүгчийн тангарагт үнэнч байж, хэрэг маргааныг хэнээс ч хараат бусаар гагцхүү хуульд нийцүүлэн шийдвэрлэхдээ хууль зөрчсөн, ёс зүйн зөрчил гаргасан үйлдэл гаргаагүй болохоо үүгээр илэрхийлж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн О.Э нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Шүүхийн ёс зүйн хороонд /хуучнаар/ .... шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгч С.Б “хурал дундуур 2 удаа гарч явсан, прокурор Б.Э-тай өөд өөдөөсөө “хэрэг бүтлээ” гэсэн аятай харж инээцгээж байсан” гэх, мөн шүүгч Н.Б “утсаараа оролдож, хурал дундуур 2 удаа удаан хугацаагаар гарч явсан” гэх үйл баримтыг дурдаж өргөдөл мэдээлэл ирүүлснийг Шүүхийн сахилгын хорооны гишүүн О.Номуулин 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр .... дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.
Мөн дээрх шүүх хуралдаанд, шүүгч Л.Г, С.Б, Н.Б нар “илт нэг талд үйлчилж, 5 хоногийн хугацаанд 1 тэрбум төгрөг байршуул, тэгэхгүй бол шоронд 8 жилээр хорино гэсэн” гэсэн агуулгатай иргэн О.Э-ын өргөдлийг, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тус хороонд ирүүлсэн, гишүүн Д.А сахилгын хэрэг үүсгэж, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ... дугаар захирамжаар өмнөх сахилгын хэрэгт нэгтгэн шалгуулахаар О.Номуулин гишүүнд шилжүүлсэн байна.
Уг сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад өргөдөл гаргагч нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ... шүүхийн шүүгч С.Б, С.Б, П.А нарт холбогдуулан “өмнөх өргөдөлд дурдсан эрүүгийн хэргийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шийтгэх тогтоолд хохирогчийн өмгөөлөгчийг хуралд оролцоогүй гэж албаар орхигдуулж бичсэн, компанийн тусгай зөвшөөрлүүдийн шилжих хөдөлгөөнийг хязгаарлан битүүмжлэхэд “Г М” ХХК гэж уншсан хэрнээ “У Г” ХХК гэж нэмж бичсэн” гэх өргөдлийг Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн, гишүүн Г.Ц сахилгын хэрэг үүсгэн, шүүгч С.Б-д холбогдох хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр О.Номуулин гишүүнд шилжүүлснээр, дээрх хэрэгт нэгтгэн шалгажээ.
Сахилгын хэргийг илтгэгч гишүүн О.Номуулин шалгах явцдаа, 2022 оны 01 дүгээр сарын 20, 21-ний өдөр .... шүүхийн шүүгч С.Б, С.Б, П.А нарт холбогдуулан нэмэлт өргөдөл ирүүлснийг, сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаар захирамж гаргасан, уг захирамж хүчин төгөлдөр болсон байна.
Илтгэгч гишүүн нь сахилгын хэрэг үүсгэсэн захирамж, өргөдөл мэдээллийг холбогдох шүүгч нарт гардуулан, хуульд заасан хэргийн оролцогч /шүүгч/-ийн эрх, үүргийг тайлбарласан, шүүгч нар нь тайлбараа ирүүлсэн байна.
Өргөдөлд дурдсан үйл баримтыг сахилгын хэрэгт авагдсан баримттай харьцуулан холбогдох шүүгч нар нь зөрчил гаргасан эсэхийг хянаж үзвэл:
1/ “Илт нэг талд үйлчилж, 5 хоногийн хугацаанд 1 тэрбум төгрөг байршуул, тэгэхгүй бол шоронд 8 жилээр хорино гэсэн” гэх тухайд, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч хохирол төлөх зорилгоор хуралдааныг завсарлуулах санал гаргасныг, шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5-т заасны дагуу хүлээн авч хуралдааныг хойшлуулсан, үүнийг өргөдөл гаргагч нь улсын яллагчийн яллах дүгнэлтээр төлөвлөсөн ялтай холбон ойлгосон болох нь О.Э-ын гэрчээр өгсөн мэдүүлгээр[1], холбогдох шүүгч нар тухайн үгийг хэлээгүй болох нь ... шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл[2] болон дуу, дүрсний бичлэгээр[3] тогтоогдож байх тул энэ үндэслэлээр шүүгч Л.Г, С.Б, Н.Б нарыг сахилгын зөрчил гаргаагүй гэж үзсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.
2/ “Шүүгч С.Б прокурор Б.Э-тай өөд өөдөөсөө “хэрэг бүтлээ” гэсэн аятай харж инээцгээж байсан” гэх тухайд, .... шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг, сахилгын хэрэгт авагдсан баримтаар шүүгч С.Б, улсын яллагч Б.Э нар нь өөд өөдөөсөө харж инээлдсэн гэж үзэх нөхцөл байдал нотлогдохгүй байна.
3/ Мөн шүүгч С.Б-д холбогдуулсан “2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шийтгэх тогтоолд хохирогчийн өмгөөлөгчийн хуралд оролцоогүй гэж албаар орхигдуулж бичсэн, компанийн тусгай зөвшөөрлүүдийн шилжих хөдөлгөөнийг хязгаарлан битүүмжлэхэд “Г М” ХХК гэж уншсан хирнээ “У Г” ХХК гэж нэмж бичсэн” гэх тухайд, ... шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 87 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийн 1 дэх талд “хохирогч Б.Ж, түүний өмгөөлөгч Б.Г, хохирогч Х.Г, Х.Г нарын өмгөөлөгч Б.Г, хохирогч С.Э-гийн өмгөөлөгч Ж.Э” гэж, тэмдэглэлийн 48 дахь талд “О.Э-ын эзэмшлийн “Г м”ХХК, “У г” ХХК-ийн нэр дээрх тусгай зөвшөөрлүүдийн шилжих хөдөлгөөн хязгаарлан битүүмжилснийг” гэж тус тус тэмдэглэгджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны явцад, шүүх хуралдаанд оролцогчийн нэр, шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явц, хуралдаанаас гарсан шийдвэрийг уншин сонсгосон байдал нэг бүрчлэн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаж баталгаажих ба үүгээр шүүх хуралдааны явц дахь үйл баримт нотлогдоно. Иймд дээрх шүүх хуралдааны тэмдэглэлд “Г м”ХХК, “У г” ХХК гэж нэрлэн бичигдсэн байх тул “шийтгэх тогтоолд “Г М” ХХК гэж уншсан хирнээ “У Г” ХХК гэж нэмж бичсэн” гэх өргөдөл үгүйсгэгдэж байна.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай” 29 дүгээр тогтоолоор батлагдсан “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх /цагаатгах/ тогтоол боловсруулах аргачлал”-ын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Удиртгал хэсэгт ... шүүхийн шийдвэрийг хэзээ, хаана, ямар шүүх гаргаж байгаа, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүгдэгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нарын нэрийг энэ хэсэгт заана. Харин бусад оролцогч болох иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хохирогч, гэрч, шинжээч нарын нэрсийг зөвхөн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгана ...” гэж заасан. Уг аргачлалын дагуу .... шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хохирогч талын мэдээллийг тусгасан боловч 2022/ШЦТ/.... дугаар шийтгэх тогтоолд бичээгүй байгааг “шийтгэх тогтоолд хохирогчийн өмгөөлөгчийн хуралд оролцоогүй гэж албаар орхигдуулж бичсэн” гэж шүүгчийг буруутгах нь үндэслэлгүй байна.
4/ “шүүгч С.Б хурал дундуур 2 удаа гарч явсан, шүүгч Н.Б утсаараа оролдож, хурал дундуур 2 удаа удаан хугацаагаар гарч явсан” гэх тухайд, .... шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээр[4], шүүгч С.Б, Н.Б, Л.Г нар нь шүүх хуралдааны явцад олон удаагийн давтамжтайгаар гар утсаа хэрэглэсэн үйл баримт тогтоогдож байна.
Өргөдөл гаргагчийн Шүүхийн ёс зүйн хороо, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос шилжүүлсэн өргөдөлд шүүгч Л.Г-ыг гар утас хэрэглэсэн гэж бичээгүй, гэхдээ илтгэгч гишүүн шүүгч Л.Г-ын дээрх үйлдэлд шалгах ажиллагаа явуулсан нь 101 дүгээр зүйлийн 101.4-т “Сахилгын хорооны хуралдаан зарлахаас өмнө өргөдөл, мэдээлэлд дурдагдаагүй шүүгчийн сахилгын зөрчлийн шинжтэй үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэх явцад илэрсэн бол тухайн шүүгчид сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна” гэж заасанд нийцжээ.
Холбогдох шүүгч нар нь дээрх үйлдлийн талаар “хурал дундуур хохирлын тооцоо гаргах, хууль харах, мөн хэрэг гарах үеийн ханшийн мэдээ харах зэргээр гар утас харж байсан” гэх тайлбарыг гаргасан. Сахилгын хэрэгт авагдсан тус өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг /recording фолдерт, mainfeed_dual_400-2.mp4 нэртэй/-ийн 00:31:30 хэсгээс шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогчоос асуусан асуултын агуулга болон шүүгч нар хоорондоо харилцан утас хэрэглэж байгаа хэсэгт хууль, ханшийн мэдээ харах, хохирлын тооцоо гаргасан байж болох ч бичлэгийн бусад хэсэгт тухайлбал, шүүх хуралдаан эхэлж “иргэдийн төлөөлөгч тангараг унших үед, шүүгдэгчийн биеийн байцаалттай танилцах явцад, улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч тайлбар, улсын яллагч гэм буруугийн дүгнэлт унших, шүүгдэгч мэдүүлэг өгөх, хохирогчийн өмгөөлөгч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар асуулт асууж, шүүгдэгч хариулах үед” зэргээр шүүх хуралдааны явцад шүүгч нар нь олон удаагийн давтамжтайгаар утас хэрэглэж байгааг тухайн хэрэгт хамааралтайгаар утас хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн шүүгч Н.Б нь шүүх хуралдааны танхимд ариутгал хийхээр түр завсарлаад, хуралдааныг үргэлжлүүлж гэрчээс мэдүүлэг авах үед хурлын танхимд орж ирсэн, хуралдааны явцад даргалагч шүүгчээс зөвшөөрөл авч хурлын танхимаас гарсан, шүүгч С.Б нь мөн даргалагч шүүгчээс зөвшөөрөл авч хурлын танхимаас гарсан[5] нь шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээр тогтоогдсон ба тус шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгагдаагүй байна.
Иймд холбогдох шүүгч нарыг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.34-т “шүүх хуралдааны явцад гар утас хэрэглэх зэрэг хэрэгт хамааралгүй өөр бусад үйл ажиллагаа явуулах” шүүгчид хориглосон заалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна”, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.1-д “энэ хуулийн 50.1.5, 50.1.21, 50.1.34, 50.1.35, 50.1.36, 50.1.37, 50.1.38, 50.1.40-д заасан зөрчилд хаалттай сануулах, эсхүл нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулна гэж заасан.
Иймд, Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хүлээн авч, .... шүүхийн шүүгч Л.Г, С.Б, Н.Б нарт “хаалттай сануулах” сахилгын шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3 дахь хэсэг, 112.2, 112.8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг бүхэлд нь хүлээн авч, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 57 дугаар зүйлийн 57.1.1-т заасныг баримтлан, .... шүүхийн шүүгч Л.Г, С.Б, Н.Б нарт “хаалттай сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.
2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ДАВХАРБАЯР
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
С.ЭНХТӨР