info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-05-16

Дугаар 70

Улаанбаатар хот

Сахилгын зөрчлийг нотлох

дүгнэлтийг хүлээн авч,

сахилгын шийтгэл оногдуулах тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, холбогдох шүүгч Ц.С, нарийн бичгийн даргаар Г.Болортуяа нарыг оролцуулан хийж, .... шүүхийн Ерөнхий шүүгч Ц.С-д холбогдох 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ГНД/2023/00.... дугаартай нотлох дүгнэлтийг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн нотлох дүгнэлтдээ: 1. Өргөдөл гаргагчаас “... аймгийн ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга нь өөрөө ажлаас халах захирамж гаргаж, түүнийгээ хүчингүй болгон ажилд томилох тушаал гаргаж ахин халаад байхад нотлох баримт дээр үндэслэхгүй шүүгч нь хариуцагчийн хууль бус шийдвэрүүдийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4-д нийцсэн байна хэмээн дүгнэсэн байна. ...шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах хэмээн тодорхой заасан байхад хуульд нийцсэн ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулахгүй, ... хуулийг уландаа гишгэж байх ёстой мэтээр хэргийг шийдвэрлэж байгаа нь миний сэтгэл зүй, цаг хугацаа, эдийн засгаар хохироож байна” гэсэн агуулга бүхий өргөдлийг гаргажээ.

... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 32.2 дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй”, 32.3 дахь хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, 32.4 дахь хэсэгт “Шүүх хуралдаан товлохоос өмнө хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй, түүнчлэн нотлох баримт цуглуулахыг захиргааны хэргийн шүүхээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу шүүхээс  холбогдох баримтуудыг өөрийн санаачилгаар болон хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу цуглуулсан байна.

Шүүх хуралдааны явцад хэргийн оролцогч нараас нотлох баримтууд шинээр гарган өгч, дахин шүүхэд гаргах хүсэлт байхгүй гэснээр тус хэргийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 111/ШШ2023/000... дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэсэн байх тул шүүгчийг нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх боломжгүй.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу шүүгч хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд Сахилгын хороо үнэлэлт дүгнэлт өгөх чиг үүрэггүй тул дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Иймд шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэснийг зөрчсөн гэж үзэхгүй.

2. Өргөдөл гаргагч “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.31-т хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэргээр нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх” гэж заасныг зөрчсөн гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгч хэргийн оролцогчдыг ялгаварлан гадуурхсан, дарамт үзүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул уг үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй. Түүнчлэн шүүгч Ц.С-ийн “нэхэмжлэгч нь намайг ямар үндэслэлээр, хэрхэн, яаж ялгаварлан гадуурхсан, дарамт үзүүлсэн талаар тодорхой бичээгүй байна. Миний хувьд нэхэмжлэгчийг ялгаварлан гадуурхсан, дарамт үзүүлсэн зүйл байхгүй, тийм үйлдэл гаргаагүй” гэх тайлбар нь үндэслэл бүхий байна гэж үзлээ.

3. Өргөдөл гаргагч “...Шүүгч нь шүүх хуралдааны явцад 2-3 удаа утсаар ярьсан. Хуралдаан явагдаж байхад шүүх хуралдааны танхимд энэхүү ноцтой зөрчлийг холбогдох үүрэн телефоноос тодруулж лавлагаа, хэнтэй ярьсан, утасны дугаар, бичлэгийг авч өгнө үү” гэжээ.

Шүүгч Ц.С-ийн даргалан явуулсан 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаан нь 02 цаг 39 минут 08 секундийн хугацаанд үргэлжилсэн байна.

Тус шүүх хуралдааны бичлэгт ... 01:28-01:40 Шүүгчийн гар утас дуугарч шүүгч утсаа аван “Найз нь эргээд ярья. Шүүх хуралтай байна”... :37-04:06 Шүүгчийн гар утас дуугарч шүүгч утсаа авав. Утасных нь цаана хүүхдийн дуу сонсогдож,  ... 05:07-05:26 Шүүгчийн гар утас дуугарч, энэ чинь яагаад хаагдахгүй байна гэж хэлээд шүүгч утсаа авалгүй утасныхаа дууг хааж, ... 20:09-20:15 Шүүгч утсаа авч “би шүүх хуралтай байна” гэж хэлэн, ... 09:00-09:28 Шүүгч утсаа авч “миний хүү хичээлдээ яваарай. Хуралтай байна” гэж хэлэн утсаа салгасан зэргээр ... шүүх хуралдааны явцад шүүгч нийт 4 удаа утсаар ярьсан ...

... Шүүгч Ц.С нь ...... утасны дугаарыг ашигладаг, хуралдааны явцад ....., ..... дугааруудаас нөхөр болон хүүхэд нь ярьсан талаарх тайлбар, ЮНИТЕЛ группийн тодорхойлолт, утасны дуудлагын жагсаалтыг ирүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны бичлэгт шүүгчийн утас руу залгасан хүн /хүүхэд/-ий яриа сонсогдож байх тул хэнтэй ярьсан эсэх асуудлаар нэмэлт ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзлээ. 

Иймд шүүх хуралдааны явцад шүүгчийн утсаар ярьсан үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.34-т “шүүх хуралдааны явцад гар утас хэрэглэх зэрэг хэрэгт хамааралгүй өөр бусад үйл ажиллагаа явуулах” гэх шүүгчид хориглосон заалтад хамаарч байна.

4. Мөн өргөдөл гаргагчаас “...шүүгчийн туслах нь над руу ярьж ээжийнхээ иргэний үнэмлэхийн хуулбарыг өг хэмээсэн. Хэрэгт хамааралгүй яагаад гэдгийг тодруулах гэтэл туслахын харилцаа, ёс зүй үнэхээр байхгүй өмнөөс загнаад байдаг болохоор мессеж бичиж үлдээсэн.” гэжээ.

Шүүгч Ц.С нь “Манай аав ..... овогтой бөгөөд ..... сумын харьяат хүн, ..... болон түүний эцэг, эх нь тус сумын хүмүүс байсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгч өөрөө татгалзах үндэслэл, ах дүү төрөл садангийн холбоотой хүмүүс байх вий гэсэн үндэслэлээр шүүгчийн туслахаараа дамжуулан, энэ байдлыг тайлбарлаж хэлээд ээжийнх нь иргэний үнэмлэхийн хуулбарыг авч үзье гэж хэлсэн” гэх тайлбарыг гаргасан.

... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах тохиолдол байгаа бол хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэй гэж заасан. Энэ үүргээ хэрэгжүүлэхийн тулд шүүгч туслахаараа дамжуулан нэхэмжлэгчийн ээжийнх нь ургийн овгийг тодруулсныг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.35-т “шүүхийн ажилтан болон өөрийн удирдлага дахь этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгөх” гэж заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

5. Түүнчлэн “...Хариуцагч талд гэрчээр дуудах хүсэлт гаргахгүй яасан юм, гэрчээр дууд шүүх хуралдааныг хойшлуулж гэрчээр дууд гэх мэтээр зааж зөвлөж, хариуцагч талын өмнөөс хөтлөн хариулж байсан. ...Хариуцагч Г.А нь шүүх хуралд мэдэхгүй байна гэх мэтээр тайлбар гаргаагүй байхад хэлээгүй үгийг хэлсэн болгож шүүхийн шийдвэрт дурдсан байна” гэжээ.

... Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Г.А нар оролцсон байх ба ... шүүх хуралдааны бичлэгээс үзвэл шүүгч шүүх хуралдаанд оролцсон хариуцагчаас бичгээр ирүүлсэн хариу тайлбартай нь холбогдуулан хүсэлт гаргаад байна уу, хариу тайлбар уу гэдгийг асууж тодруулсан байна.

... оролцогчдын эрхийг хангах үүднээс хариуцагчийн тайлбарыг асууж тодруулсныг зааж зөвлөж, хөтлөн хариулж байсан гэж үзэхгүй.

Түүнчлэн ..... шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 111/ШШ2023/00.... дугаар шүүхийн шийдвэрт хариуцагч Г.А-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг тусгасан байх ба уг тайлбар нь шүүх хуралдааны тэмдэглэлийн /4, 5, 8, 9/-р талд авагдсан байх тул шүүгчийг хариуцагчийн гаргаагүй тайлбарыг шүүхийн шийдвэрт бичсэн гэж буруутгах үндэслэлгүй байна.

6. Мөн “... хэрэгт ач холбогдолгүй миний нэр хүндэд халдаж, нотлох баримтгүй, үндэслэлгүйгээр гүтгэж байна. “..Ч нь урьд ажиллаж байсан ....аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн .... сум хариуцсан улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэншил Монгол улсын иргэний үнэмлэх гаргаж өгч үндэсний аюулгүй байдлыг ноцтой зөрчсөн хэмээсэн” /ШШ-ийн 12-13 дугаар тал/ Шүүхийн тухай хуулийн 9.1-т Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно хэмээн заасан мөн хэрэгт ямар ч ач холбогдолгүй байхад шүүгч нь Шүүхийн шийдвэрт дурдан нэр төрд халдаж байна.” гэх өргөдлийг гаргасан.

...... аймгийн ....... сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1А/5 дугаартай хариу тайлбарт “...Д.Ч нь урьд ажиллаж байсан .... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ..... сум хариуцсан улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа БНХАУ-ын иргэнд Монгол улсын иргэний үнэмлэх гаргаж өгч үндэсний аюулгүй байдлын ноцтой зөрчил гаргаж байсан” гэж дурджээ.

... Түүнчлэн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 111/ШШ2023/00.... дугаар шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт хэргийн оролцогч нараас гаргасан нэхэмжлэл, тайлбарыг бүрэн эхээр тусгасан байх ба хариуцагчийн гаргасан дээрх тайлбар нь шийдвэрийн 13-14 дүгээр талд авагдсанаас бус үндэслэх хэсэгт оруулж шүүгч энэ талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй байх тул дээрх үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгч Ц.С нь өргөдөл гаргагчийн дурдсан “нотлох баримтыг цуглуулаагүй, ялгаварлан гадуурхсан, дарамт үзүүлсэн, доод албан тушаалтандаа албан үүрэгтэй нь хамааралгүй үүрэг даалгавар өгсөн, зааж зөвлөж, хариуцагч талын өмнөөс хөтлөн хариулж байсан, хариуцагчийн гаргаагүй тайлбарыг шийдвэрт бичсэн, хэрэгт ямар ч ач холбогдолгүй зүйлийг шүүхийн шийдвэрт дурдан нэр төрд халдсан” гэх зөрчлүүдийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна. 

Харин шүүх хуралдааны явцад утсаар ярьсан үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.34-т “шүүх хуралдааны явцад гар утас хэрэглэх зэрэг хэрэгт хамааралгүй өөр бусад үйл ажиллагаа явуулах” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.С-г зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэв” гэжээ.

Шүүгч Ц.С тайлбартаа: “...Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т хуулийн илт тодорхой заалтыг ноцтой эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах гэсэн заалтыг зөрчсөн, Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь өөрөө ажлаас халах захирамж гаргаж, түүнийгээ хүчингүй болгон ажилд томилох тушаал гаргаж, ахин халаад байхад харгалзан нотлох баримт дээр үндэслэхгүй хариуцагчийн хууль бус шийдвэрүүдийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. 48.1.4 дэх заалт, хуульд нийцсэн байна хэмээн дүгнэсэн гэжээ.

Д.Ч нь ...... аймаг дахь .... шүүхэд ..... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан “..... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн "Д.Ч-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” 13 дугаар захирамж, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Д.Ч-г төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай" 15 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгох, намайг урьд эрхэлж байсан ...... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.ы

Тус захиргааны хэргийг 2023 оны 02 сарын 06-ны өдөр хянан хэлэлцэж, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана” гэж заасны дагуу 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг зөрчсөн үйлдэл гаргаагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж, хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байгаа.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.31-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэргээр нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх” гэснийг зөрсөн гэжээ.

Нэхэмжлэгч нь намайг ямар үндэслэлээр, хэрхэн, яаж ялгаварлан гадуурхсан, дарамт үзүүлсэн талаар тодорхой бичээгүй байна. Миний хувьд нэхэмжлэгчийг ялгаварлан гадуурхсан, дарамт үзүүлсэн зүйл байхгүй, тийм үйлдэл гаргаагүй, энэ нь нотлогдохгүй. Тиймээс энэ заалтыг зөрчөөгүй.

Мөн хуулийн 50.1.34-т “Шүүх хуралдааны явцад гар утас хэрэглэх зэрэг хэрэгт хамааралгүй өөр бусад үйл ажиллагаа явуулах” гэснийг зөрчиж, шүүх хуралдааны явцад 2-3 удаа утсаар ярьсан гэжээ.

Миний хувьд ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг бөгөөд нөхөр маань өөр аймагт ажилладаг. Би 10 настай хүүхдийнхээ хамт амьдарч байгаа бөгөөд тухайн өдөр намайг ажилдаа явахад хүүхэд маань гэртээ унтаад үлдсэн бөгөөд 11 цагаас давтлагатай, 13 цагаас хичээлтэй байдаг. Маргаантай хэрэг болохоор шүүх хурал нэлээд удахаар байсан тул би шүүх хуралдаанд гар утсаа авч орохоос өөр аргагүй байсан. Манай нөхөр шүүх хуралтай гэдгийг мэдээгүй болохоор шүүх хурал эхлэнгүүт, мөн дуусах дөхөж байхад залгахаар нь би хуралтай байна гээд утсаа салгаж дууг нь хаасан, хүүхэд хурал эхэлж байхад, мөн дуусах гэж байхад залгахад нь би шүүх хуралтай байна гээд, хичээлдээ яваарай гээд утсаа тасалсан.

Тиймээс би өөр зүйл ярьж, мессеж бичиж, өөр бусад үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй. Шүүх хуралдаанд гар утсаа хэрэглэсэн нь миний буруу гэдгийг ойлгож байна. Энэ нь ар гэрийн зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан байсныг харгалзан үзнэ үү.

Мөн хуулийн 50.1.35-д “шүүхийн ажилтан болон өөрийн удирдлага дахь этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгөх” гэж заасныг зөрчиж, шүүгчийн туслах нь над руу ярьж ээжийнхээ иргэний үнэмлэхийн хуулбарыг өг гэсэн гэжээ.

Манай аав ..... овогтой бөгөөд ..... сумын харьяат хүн, Д.Ч болон түүний эцэг, эх нь тус сумын хүмүүс байсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгч өөрөө татгалзах үндэслэл, ах дүү төрөл садангийн холбоотой хүмүүс байх вий гэсэн үндэслэлээр шүүгчийн туслахаараа дамжуулан, энэ байдлыг тайлбарлаж хэлээд ээжийнх нь иргэний үнэмлэхийн хуулбарыг авч үзье гэж хэлсэн. Шүүгчийн туслах нэхэмжлэгчид энэ байдлыг тайлбарлан хэлэхэд нэхэмжлэгч ээжийнхээ ургийн овгийг утсаар хэлсэн талаар надад танилцуулсан. Нэхэмжлэгчийн ээжийн ургийн овог өөр, ах дүү, төрөл садангийн холбоогүй байсан тул иргэний үнэмлэхийн хуулбарыг аваагүй, хэрэгт хавсаргаагүй, би өөрөө татгалзаагүй. Тиймээс өөр санаа зорилго байгаагүй. Тиймээс дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байна.

Хуулийн 50.1.36-т “шүүгч өөрөө гэрчээр дуудагдсан, эсхүл өөрийн удирдлага дахь ажилтны талаар тодорхойлохоос бусад тохиолдолд хүний зан байдал, ёс зүй, нэр төр, чадварын талаар тодорхойлох” гэснийг зөрчиж, хариуцагч талд гэрчээр дуудах хүсэлт гаргахгүй яасан юм, шүүх хуралдааныг хойшлуулж гэрчээр дууд гэх мэтээр зааж зөвлөж, хариуцагч талын өмнөөс хөтлөн хариулж байсан гэжээ.

..... сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Ч-г 2022.03.27-ны өдөр ажлаас халсан, 2022.06.20-ны өдөр цалингийн 20 хувь хассан, 2022.07.01-ний өдөр ажлаас халсан шийдвэрүүдийг гаргасан .....сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан Д.Ө өөрийн хүсэлтээр 2022.09.27-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж, түүний оронд Г.А 2022.09.27-ны өдөр томилогдож, Д.Ч-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хуралдаанд хариуцагчаар оролцсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргасан нэмэлт тайлбарт дурдсан зүйлээс харахад тайлбартаа хүмүүсийн утасны дугааруудыг бичиж, тэр мэднэ, энэ мэднэ гэж бичсэн байсныг шүүх хуралдаан дээр гэрчээр асуулгах хүсэлт юм уу, тайлбар юм уу, хэрвээ гэрчээр асуулгах хүсэлт юм бол хэнийг, ямар асуудал тодруулах гэж байгаа талаараа тодорхой бичиж тусдаа хүсэлт гаргах талаар тайлбарлаж өгсөн.

Хариуцагч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцож байсан тул даргалагч шүүгчийн зүгээс гэрч асуулгах хүсэлт үү, тайлбар уу гэдгийг, мөн эвлэрэн хэлэлцэх талаар тодруулан асууж, тайлбарлаж өгсөн бөгөөд хариуцагч гэрч асуулгах хүсэлт биш, тайлбар юм гэдгийг тодруулж хэлсэн болно. Мөн хариуцагчаас тодруулах асуулт асуухаар би энэ шийдвэрүүдийг гаргаагүй тул сайн мэдэхгүй байна, баримтууд нь хэрэгт байгаа гэж хариулж байсан тул хэргээс тайлбаруудыг харж, лавлаж байсан.

Тиймээс дээрх заалтад заасан “шүүгч өөрөө гэрчээр дуудагдсан, эсхүл өөрийн удирдлага дахь ажилтны талаар тодорхойлохоос бусад тохиолдолд хүний зан байдал, ёс зүй, нэр төр, чадварын талаар тодорхойлох” гэсэн үйлдлийг би гаргаагүй, энэхүү заалтыг зөрчөөгүй болно.

 Мөн “...Ч нь урьд ажиллаж байсан ..... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ...... сум хариуцсан улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэнд Монгол улсын иргэний үнэмлэх гаргаж өгч үндэсний аюулгүй байдлыг ноцтой зөрчсөн хэмээсэн” гэж гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан, мөн хэрэгт ямар ч ач холбогдолгүй байхад шүүгч нь Шүүхийн шийдвэрт дурдан нэр төрд халдсан гэжээ.

Шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгч, хариуцагч талын тайлбарыг тусгасан, нэхэмжлэгчийн дурдсан дээрх зүйл нь хариуцагчийн тайлбарт бичигдсэн байсан. Харин шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар бичигдээгүй, шүүх түүнд дүгнэлт өгөөгүй. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас энэ талаар нотлох баримт гаргуулах, арга хэмжээ авхуулах талаар хүсэлт гаргасныг шүүх хэрэгт хамааралгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Тиймээс энэ үндэслэлийг үгүйсгэж байна.

Зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах хэмээн тодорхой заасан байхад хуульд нийцсэн ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулаагүй гэжээ.

Нэхэмжлэл 2022.09.19-нд гаргаж, 2022.09.26-нд захиргааны хэрэг үүсгэж, 2023.02.06-ны өдөр хянан шийдвэрлэсэн бөгөөд энэ хугацаанд шүүх хэргийн оролцогчдын хүсэлт болон өөрийн санаачилгаар шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулж, 2 хавтас хэрэг бүрдүүлсэн. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч талуудаас нотлох баримт гаргах хүсэлт байгаа эсэхийг лавлахад хүсэлт байхгүй гэдгээ илэрхийлсэн. Нэхэмжлэгч нь юуг нотлох, ямар баримтыг, хаанаас гаргуулж аваагүй, бүрдүүлээгүй гэж байгаа нь тодорхойгүй байна. Тиймээс энэ үндэслэлийг үгүйсгэж байна.

Хариуцагч Г.А нь шүүх хуралд мэдэхгүй байна гэх мэтээр тайлбар гаргаагүй байхад шүүхийн шийдвэрт хэлээгүй үгийг хэлсэн болгож, шүүхийн шийдвэрт дурдсан байна гэжээ.

Шүүхийн шийдвэр боловсруулах журмын Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлалын Хоёр дугаар хэсэг, шийдвэрийн тодорхойлох хэсгийн 2.5-д “Хариуцагчийн тайлбар: Нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэж буй татгалзал, тайлбар бүрийг тодорхой бичнэ”, 2.7-д “хэргийн оролцогч нар нь шүүхэд гаргасан шаардлага, тайлбараа өөрчлөлгүйгээр шүүх хуралдаанд дэмжиж оролцсон бол агуулгыг нэгтгэж, харин шүүх хуралдаанд нэмж, өөрчилж гаргасан бол “шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа” гэж тусад нь давхардуулалгүйгээр тусгах нь зүйтэй” гэсний дагуу хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг шүүхийн шийдвэрт тодорхой бичсэн. Шүүхэд гаргасан тайлбарууд нь хэргийн материалд байгаа, шүүх хурал дээр ярьсан тайлбар, асуулт хариултын тайлбар нь шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгт байгаа. Тиймээс энэ үндэслэлийг үгүйсгэж байна.

Миний бие нь шүүх хуралдаанд гар утас хэрэглэсэн нь буруу гэдгийг ухамсарлан ойлгож байгаа, дахин ийм зөрчил гаргахгүй байх болно. Би шүүх хуралдааны үеэр өөр зүйл ярьж, мессеж, чат бичиж, өөр бусад үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй, гар утас хэрэглэсэн нь ар гэрийн хүндэтгэн үзэх шалтгаан байсан зэргийг харгалзан үзэж, надад холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

           ҮНДЭСЛЭХ нь:

Илтгэгч гишүүн өргөдөл мэдээллийг заавал хянан шийдвэрлэх зарчмыг удирдлага болгон, сахилгын хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлэн шалгажээ.

Өргөдөлд “...аймгийн ..... сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга нь өөрөө ажлаас халах захирамж гаргаж, түүнийгээ хүчингүй болгон ажилд томилох тушаал гаргаж ахин халаад байхад нотлох баримт дээр үндэслэхгүй шүүгч нь хариуцагчийн хууль бус шийдвэрүүдийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4-д нийцсэн байна хэмээн дүгнэсэн байна. ...шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах хэмээн тодорхой заасан байхад хуульд нийцсэн ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулахгүй, өөрийн үзэмжээр хандаж Монгол улсад дагаж мөрддөг хуулийг уландаа гишгэж байх ёстой мэтээр хэргийг шийдвэрлэж байгаа нь миний сэтгэл зүй, цаг хугацаа, эдийн засгаар хохироож байна” гэжээ.

Энэ хүрээнд, иргэн Д.Ч-ийн Баянхонгор аймгийн .... сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад холбогдуулсан “..... аймгийн .... сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Д.Ч-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” 13 дугаар захирамж, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Д.Ч-г төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” 15 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгох, урьд эрхэлж байсан .... аймгийн ..... сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэл бүхий захиргааны хэрэгт үзлэг хийж, холбогдох шүүгчээс тайлбар авчээ.

Шүүгч тайлбартаа “... 2022.09.26-нд захиргааны хэрэг үүсгэж, 2023.02.06-ны өдөр хянан шийдвэрлэсэн бөгөөд энэ хугацаанд шүүх хэргийн оролцогчдын хүсэлт болон өөрийн санаачилгаар шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулж, 2 хавтас хэрэг бүрдүүлсэн. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч талуудаас нотлох баримт гаргах хүсэлт байгаа эсэхийг лавлахад хүсэлт байхгүй гэдгээ илэрхийлсэн. Нэхэмжлэгч юуг нотлох, ямар баримтыг, хаанаас гаргуулж аваагүй, бүрдүүлээгүй гэж байгаа нь тодорхойгүй байна...” гэжээ.

..... шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны бичлэг болон тэмдэглэлд, шүүх хуралдаан эхлэхэд, хэргийн оролцогч нараас нотлох баримтууд шинээр гарган өгч, дахин шүүхэд гаргах хүсэлт байхгүй гэж тусгагдсан, хэргийг тухайн өдрийн 111/ШШ2023/00.... дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Шүүгч захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 63 дугаар зүйлд заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай бусад тохиолдолд шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар товлож, долоо, түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, хэргийн оролцогч, бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ”  гэж заасанд нийцэж байх тул шүүгчийг нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу шүүгч хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болон нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар Сахилгын хороо үнэлэлт дүгнэлт өгөх чиг үүрэггүй тул шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэснийг зөрчөөгүй байна. 

Өргөдөлд “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.31-т хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэргээр нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх” гэж заасныг зөрчсөн гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар шүүгч хэргийн оролцогчдыг ялгаварлан гадуурхсан, дарамт үзүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, шүүгч Ц.С “нэхэмжлэгч нь намайг ямар үндэслэлээр, хэрхэн, яаж ялгаварлан гадуурхсан, дарамт үзүүлсэн талаар тодорхой бичээгүй байна. Миний хувьд нэхэмжлэгчийг ялгаварлан гадуурхсан, дарамт үзүүлсэн зүйл байхгүй, тийм үйлдэл гаргаагүй” гэх тайлбар нь үндэслэл бүхий байна гэж үзлээ.

Өргөдөлд “...шүүгчийн туслах нь над руу ярьж ээжийнхээ иргэний үнэмлэхийн хуулбарыг өг хэмээсэн. Хэрэгт хамааралгүй яагаад гэдгийг тодруулах гэтэл туслахын харилцаа, ёс зүй үнэхээр байхгүй өмнөөс загнаад байдаг болохоор мессеж бичиж үлдээсэн” гэжээ.

Шүүгч Ц.С нь “Манай аав .... овогтой бөгөөд .... сумын харьяат хүн, Д.Ч болон түүний эцэг, эх нь тус сумын хүмүүс байсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгч өөрөө татгалзах үндэслэл, ах дүү төрөл садангийн холбоотой хүмүүс байх вий гэсэн үндэслэлээр шүүгчийн туслахаараа дамжуулан, энэ байдлыг тайлбарлаж хэлээд ээжийнх нь иргэний үнэмлэхийн хуулбарыг авч үзье гэж хэлсэн” гэжээ.

Шүүгчийн туслах Г.М “Шүүгч нэхэмжлэгч Д.Ч-тэй ургийн овог адилхан байж магадгүй, шүүгч татгалзан гаргах үндэслэл байж магадгүй гээд ээжийнх нь иргэний үнэмлэхийг нь аваарай гэсэн.  Би Д.Ч-тэй утсаар ярьж хэлсэн за ойлголоо гээд утсаа тасалсан. Дараа нь над руу мессеж бичээд энэ хэргийг шийдвэрлэхэд манай ээжийн иргэний үнэмлэх ямар хамаатай юм бэ гэсэн. Би буцааж залгаад шүүгчийг татгалзах үндэслэл болж магадгүй, ээжийнх ургийн овгийг мэдэх гэсэн юм гэхэд ээжийнхээ ургийн овгийг хэлж өгсөн. Шүүгчид ургийн овгийг нь хэлсэн. Иргэний үнэмлэхийн хуулбарыг нь аваагүй” гэсэн тайлбар өгсөн байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах тохиолдол байгаа бол хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэй гэж заасныг хэрэгжүүлэн туслахаараа дамжуулан нэхэмжлэгчийн ээжийнх нь ургийн овгийг тодруулсныг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.35-т “шүүхийн ажилтан болон өөрийн удирдлага дахь этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгөх” гэж заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй гэж илтгэгч гишүүн дүгнэсэн нь үндэслэлтэй байна. 

Өргөдөлд “...Хариуцагч талд гэрчээр дуудах хүсэлт гаргахгүй яасан юм, гэрчээр дууд шүүх хуралдааныг хойшлуулж гэрчээр дууд гэх мэтээр зааж зөвлөж, хариуцагч талын өмнөөс хөтлөн хариулж байсан. ...Хариуцагч Г.А нь шүүх хуралд мэдэхгүй байна гэх мэтээр тайлбар гаргаагүй байхад хэлээгүй үгийг хэлсэн болгож шүүхийн шийдвэрт дурдсан байна” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан шүүх хуралдааны бичлэгт шүүгч шүүх хуралдаанд оролцсон хариуцагчаас бичгээр ирүүлсэн хариу тайлбартай нь холбогдуулан хүсэлт гаргаад байна уу, хариу тайлбар уу гэдгийг асууж тодруулжээ.

.... шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 111/ШШ2023/000.... дугаар шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ны өдөр шүүхэд, 20 үндэслэлээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг тусгасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  107 дугаар зүйлийн 107.3-д заасныг зөрчөөгүй байх тул шүүгчийг хариуцагчийн гаргаагүй тайлбарыг шүүхийн шийдвэрт бичсэн гэж буруутгах үндэслэлгүй байна.

Өргөдөлд “...хэрэгт ач холбогдолгүй миний нэр хүндэд халдаж, нотлох баримтгүй, үндэслэлгүйгээр гүтгэж байна. “..Ч нь урьд ажиллаж байсан ..... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ...... сум хариуцсан улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэншил Монгол улсын иргэний үнэмлэх гаргаж өгч үндэсний аюулгүй байдлыг ноцтой зөрчсөн хэмээсэн” /ШШ-ийн 12-13 дугаар тал/ Шүүхийн тухай хуулийн 9.1-т Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно хэмээн заасан мөн хэрэгт ямар ч ач холбогдолгүй байхад шүүгч нь шүүхийн шийдвэрт дурдан нэр төрд халдаж байна” гэжээ. 

..... аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1А/5 дугаартай хариу тайлбарт “...Д.Ч нь урьд ажиллаж байсан ..... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ..... сум хариуцсан улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа БНХАУ-ын иргэнд Монгол улсын иргэний үнэмлэх гаргаж өгч үндэсний аюулгүй байдлын ноцтой зөрчил гаргаж байсан” гэж дурдсан, үүнтэй холбоотой нотлох баримтыг холбогдох газраас гаргуулахаар 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1А/6 дугаар албан бичгээр хүсэлт гаргасан, шүүхээс уг хүсэлт нь ... захиргааны хэрэгт холбоогүй ... гэх хариуг хүргүүлжээ.

Тус шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 111/ШШ2023/0002 дугаар шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэг дэх хариуцагчийн тайлбарт  энэхүү өргөдөлд дурдсан агуулга тусгагдсанаас бус үндэслэх хэсэгт энэ талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй байх тул дээрх үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Эдгээр өргөдөлд дурдсан үндэслэлээр шүүгчийг буруутгах үндэслэлгүй гэж илтгэгч гишүүн үзсэн нь үндэслэлтэй. 

Өргөдөлд “...Шүүгч нь шүүх хуралдааны явцад 2-3 удаа утсаар ярьсан. Хуралдаан явагдаж байхад шүүх хуралдааны танхимд энэхүү ноцтой зөрчлийг холбогдох үүрэн телефоноос тодруулж лавлагаа, хэнтэй ярьсан, утасны дугаар, бичлэгийг авч өгнө үү” гэжээ.

Анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаан нь 02 цаг 39 минут 08 секундийн хугацаанд үргэлжилжээ.

Тус шүүх хуралдааны Mainfeed_dual_512,  presentation-1 гэх нэртэй бичлэгт, /01:28-01:40/ шүүгчийн гар утас дуугарч шүүгч утсаа аваад “Найз нь эргээд ярья. Шүүх хуралтай байна” гэснээр утсаа салгасан, /03:37-04:06/ шүүгч утсаа авсан, утасных нь цаана хүүхдийн дуу сонсогдсон, /05:07-05:26/ шүүгчийн гар утас дуугарсан, Mainfeed_dual_512-2, presentation-2 гэх нэртэй бичлэгт /20:09-20:15/ шүүгч утсаа авч “би шүүх хуралтай байна” гэж хэлсэн, Mainfeed_dual_512-3,  presentation-3 гэх нэртэй бичлэгт /09:00-09:28/ шүүгч утсаа авч “миний хүү хичээлдээ яваарай. Хуралтай байна” гэж хэлэн утсаа салгасан зэргээр шүүх хуралдааны явцад нийт 4 удаа утсаар ярьсан нь тусгагджээ.

Шүүгч Ц.С нь ..... утасны дугаарыг ашигладаг, хуралдааны явцад ...., .... дугааруудаас нөхөр болон хүүхэд нь ярьсан талаарх тайлбар, ЮНИТЕЛ группийн албан бичгээр утасны дуудлагын жагсаалтыг ирүүлжээ.

Шүүх хуралдааны явцад шүүгчийн утсаар ярьсан үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.34-т заасан “шүүх хуралдааны явцад гар утас хэрэглэх зэрэг хэрэгт хамааралгүй өөр бусад үйл ажиллагаа явуулах” гэснийг зөрчсөн зөрчил гаргажээ.

Холбогдох шүүгч “... Миний бие нь шүүх хуралдаанд гар утас хэрэглэсэн нь буруу гэдгийг ухамсарлан ойлгож байгаа, дахин ийм зөрчил гаргахгүй байх болно. Би шүүх хуралдааны үеэр өөр зүйл ярьж, мессеж, чат бичиж, өөр бусад үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй, гар утас хэрэглэсэн нь ар гэрийн хүндэтгэн үзэх шалтгаан байсан зэргийг харгалзан үзэж, надад холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбар гаргасан боловч Монгол улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д “Сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар, шүүгчийн хувийн зан байдал болон бусад нөхцөл байдалд тохирсон сахилгын шийтгэлийг шүүгчид оногдуулна” гэж зааснаас бус хориглосон заалтыг зөрчсөн тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэх талаар зохицуулаагүй тул зөрчлийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж, 56 дугаар зүйлийн 56.1-д “Шүүгч сахилгын зөрчил гаргасан бол Сахилгын хороо дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулна”, 56.1.1 “хаалттай сануулах”, 56.1.2 “нээлттэй сануулах” гэж, 56 дугаар зүйлийн 56.7-д “Сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар, шүүгчийн хувийн зан байдал болон бусад нөхцөл байдалд тохирсон сахилгын шийтгэлийг шүүгчид оногдуулна” гэж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.1-д “энэ хуулийн 50.1.5, 50.1.21, 50.1.34, 50.1.35, 50.1.36, 50.1.37, 50.1.38, 50.1.40-д заасан зөрчилд хаалттай сануулах, эсхүл нээлттэй сануулах” гэж тус тус заасан бөгөөд шүүгчийн зөрчилд сахилгын шийтгэл оногдуулах хуулийн хугацаа хэтрээгүй байна.

Дээрхийг нэгтгэн дүгнээд, Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ГНД/2023/00... дүгээр “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хүлээн авч, холбогдох шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.3, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон      

    ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ГНД/2023/00... дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.34, 57 дугаар зүйлийн 57.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ..... шүүхийн Ерөнхий шүүгч Ц.С-д “хаалттай сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй. 

4. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

    ДАРГАЛАГЧ                             Ц.ДАВХАРБАЯР

                      ГИШҮҮН                              Г.ЦАГААНЦООЖ

                                                                          Д.ЭРДЭНЭЧУЛУУН