МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-02-14
Дугаар 63
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Эрдэнэчулуун, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, ... шүүхийн ерөнхий шүүгч Г.М-, шүүгч О.О-, Л.Х- нарт холбогдох хэрэгт гарсан Сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн Я.М- Сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “Иргэн Я.М- би Б.Б-ын нэхэмжлэлтэй, надад хариуцагдах азарганы үнэ 44.398.448 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа ба тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул ... шүүхээс 2020.10.26-ны өдөр товлож, улмаар тус шүүх хуралдаанд миний бие ажиглагчаар сууж, миний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд намайг төлөөлж, өмгөөлөгч нар өмгөөлж оролцсон болно. Гэтэл шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, улмаар тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай тогтоол гаргаж, шүүхээс шинжээч томилсон. Угтаа бол уг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх ёстой байтал нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжилж буй азарганы зах зээлийн үнэлгээ тогтоосон гэх “А” ХХК-ийн үнэлгээний тайлан, түүнийг томилсон гэх мөрдөгчийн тогтоол нь хуульд нийцээгүй гэж үзэж, хэрэгт оролцогч хэн нь ч шинжээч томилох хүсэлт гаргаагүй, шүүхээс ч огт шинжээч томилж байгаагүй байхад тус шүүх хурлаас шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоол гаргасан. Уг тогтоолд миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан гомдол гаргаж, улмаар ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцээд анхан шатны шүүх өөрөө буюу хэргийн оролцогчид хүсэлт гаргаагүй байхад санаачилгаараа шинжээч томилсон нь хуульд нийцээгүй, эрүүгийн хэргийн журмаар шалгаж байхад томилсон шинжээчийг шүүхээс томилсонгүй гэж үзэхгүй гэж дүгнэж тус тогтоолыг хүчингүй болгосон. Ийнхүү ... шүүхийн шүүгч нар болох О.О-, Ерөнхий шүүгч Г.М-, Л.Х- нар нь уг тогтоолыг гаргасан бөгөөд нэхэмжлэгч талд давуу байдал олгож, хэн ч хүсэлт гаргаагүй байхад шүүх өөрөө эрүүгийн хэргийг шалгах явцад гаргасан “А” ХХК-ийн үнэлгээний тайлан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт болж чадахгүй... гэж шүүх хэт нэг талыг барьж /Б.Б-т эрх зүйн туслалцаа үзүүлж/ ажиллаж байна. Энэ нь Монгол улсад шударга шүүх байдаггүй, нэхэмжлэгч Б.Б-т үйлчилдэг шүүх ажиллаж байгааг харуулж байна. Нөгөө талаас уг шүүхийн санаачилгаар шинжээч томилсноос хойш нэхэмжлэгч Б.Б- нь шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд удаа дараа гаргаж, уг хүсэлтийг дээрх нэр бүхий шүүгч нар болох О.О-, Г.М- нар хүлээн авч, хангаж шийдвэрлэсээр байгаад гомдолтой байна. Иймээс ... шүүхийн шүүгч О.О-, Ерөнхий шүүгч Г.М-, шүүгч Л.Х- нар нь яагаад хуульд заагаагүй үндэслэлээр шинжээч томилох болсон, яагаад Б.Б-т давуу байдал олгож ажилласныг шалгаж, хуульд заасан арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.
Шүүгч Г.М-, О.О-, Л.Х- нар сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, тус хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 80 дугаар зүйлийн 80.1.8, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг баримтлан шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 27 дугаартай Шүүхийн тогтоол гарсан. Энэхүү тогтоолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г- гомдол гаргасан. ... аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдөр гомдлыг хэлэлцээд хэргийн оролцогч хэн аль нь хүсэлт гаргаагүй байхад шүүх санаачилгаараа шинжээч томилсон нь үндэслэлгүй гэж үзэж, гомдлыг хангаж, ... шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тус шүүх 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг баримтлан шинээр нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г- нь тус шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлахдаа “Цагдаагийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол гарсан байдаг. Энэ мөрдөгчийн тогтоолд “хуулбар үнэн тамга” дараагүй “Цагдаагийн газар” гэсэн тамга дарсан байна. ...Сэлэнгэ сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч н.Э нь шинжээчээр З гэдэг хүнд хууль сануулсан байна. Гэтэл энэ хавтас хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн судалсан 5 дугаар хуудсанд авагдсан “А” компанийн үнэлгээнд “Уянга гээд үнэлгээчин хохирлын үнэлгээг хийлээ” гэж, “Хан-Уул салбар” гэсэн тамга дарсан баримт байна. “Яг үнэлгээг хэн гаргасан бэ” гэж үзэхээр үнэлгээчин нь хавтас хэргийн 17 дугаар хуудсанд авагдсан туслах үнэлгээчнээр н.З гэж байдаг юм байна. н.З гэдэг хүнд хууль сануулаад н.Уянга гэдэг хүн үнэлгээ хийсэн баримт хэрэгт авагдсан байна. Тэгэхээр энэ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу хийсэн гэж үнэлэх боломжгүй нөхцөл байдал байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэх байхаа гэж хүсэж байна” гэж тайлбарлажээ. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар “А” ХХК-ийн үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа гол нотлох баримт гэж хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Шүүх хуралдааны явцад шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох баримт болгож мэтгэлцсэн. Хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргадаг. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлдэг. Мөрдөгчийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолоор хохирлын үнэлгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэхээр тогтоосон. Энэ тохиолдолд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар шинжээчид тогтоолыг гардуулж, эрх үүрэг тайлбарлан хууль сануулж гарын үсэг зуруулах учиртай. Гэтэл мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолоор үнэлгээчин Б.Уянгад хууль сануулаагүй, харин үнэлгээчний туслах Э.З-д хууль сануулж, баримт үйлдсэн байсан нь дээрх хуулийг зөрчсөн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримт гэж үзэх боломжгүй байсан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын тэгш эрхийн зарчимд тулгуурлан явагдах хэдий ч шүүх хэргийг үнэн зөв бодит байдалд нийцүүлэн шийдвэрлэх, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах үүргийн хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг хэрэглэж, шинжээч томилсон нь хэргийн аль нэг талд давуу байдал бий болгосон, зөвхөн нэг талд үйлчилж байгаа хэлбэр биш юм. Шүүх хохирлын үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсноор талуудын мэтгэлцээний тэнцвэртэй байдлыг алдагдуулаагүй, ингэснээр талуудын нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлийг нотлох нотолгооны хэрэгсэл болох юм. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж заасны дагуу нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Түүнчлэн хэргийн оролцогч өөрөө бүрдүүлэх боломжгүй нотлох баримтыг шүүхэд хүсэлт гаргах журмаар бүрдүүлэх эрхтэй. Дээрх эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч тал хохирлын үнэлгээг дахин тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Шинжээчийн дүгнэлт ирсэн тул түдгэлзүүлсэн үндэслэл арилсан гэж үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байна. Шүүх бүрэлдэхүүн хуульд заасан эрх хэмжээний хүрээнд асуудлыг шийдвэрлэж байгаа нь нэхэмжлэгчид давуу байдал олгосон гэж үзэх үндэслэлгүй. Шүүгч бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчид шударга бус, тэгш бус хандсан асуудал гаргалгүйгээр хуулийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа болно” гэжээ.
Сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаярын сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...... шүүх 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан эхлэхэд, нэхэмжлэгч тал шинээр нотлох баримт өгч, харин талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргаагүй байна. Иргэний шүүхээр хэлэлцсэн хэрэгт өмнө эрүүгийн хэргийг шалгах хэрэг бүртгэлтийн шатанд хийгдсэн шинжээчийн дүгнэлт нотлох баримтаар авагдсан, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед, нотлох баримт шинжлэн судлахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шинжээчийн дүгнэлт нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа талаар хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгт тусгагдсан байна. Тухайн этгээд нь татгалзлаа нотлох үүргийн хүрээнд, хэрэгт авагдсан нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага хангахгүй, түүнийг үнэлж дүгнэлт хийх боломжгүй гэж тайлбарлажээ. Шүүх Иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалтыг баримтлан шинжээч томилсон нь нэхэмжлэгч талд цаашид үнэлгээ хийлгэхээр шинжээч томилуулах санаа өгсөн гэж иргэн М- үзэж байгааг үгүйсгэх үндэслэлгүй байна. Тус тогтоолд хэргийн оролцогчоос гаргасан гомдлыг, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, ... дугаар тогтоолоор ... шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар тогтоолыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг засжээ. Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.17-д “шүүгчид холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй” гэж зааснаар гомдолд дурдсан үйл баримт 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр болж, үүнийг гомдол гаргагч мэдсэн, Шүүхийн сахилгын хороонд 2021 оны 11 сарын 19-ы өдөр гомдол гаргасан байх ба хугацааг тооцвол нэг жил 24 хоног болсон, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд, шүүгчийг хууль зөрчсөн гэх өргөдлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Шүүхийн сахилгын хорооны гишүүний 17 дугаар захирамжаар үүссэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Монгол улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.11 дэх заалтыг үндэслэн, энэхүү саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Я.М-ын өргөдөлд дурдсан шүүгч нар ёс зүйн зөрчил гаргасан гэх цаг хугацаа 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байх тул 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ...” гэж зааснаар 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэж, харин сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө.
Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан, хуучин Шүүхийн ёс зүйн хороонд ирсэн өргөдөл, мэдээлэл 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гишүүдэд хуваарилагдсан тул мөн өдрөөс шалгах ажиллагааны хугацааг тооцож сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн болно.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ 27 дугаар зүйлд Шүүгчид хориглох зүйл, 28 дугаар зүйлд Шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт, 29 дүгээр зүйлд Шүүгчийн ашиг сонирхлын зөрчил, 30 дугаар зүйлд Шүүгч түүний гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг тодорхойлсон бол хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “Шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ”, 1.4 дүгээр зүйлийн 2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасан.
Иймд нэр бүхий шүүгч нар дээрх хууль, дүрэмд заасан хэм хэмжээг зөрчсөн зөрчил гаргасан эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ... шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар тогтоолоор Б.Б-ын нэхэмжлэлтэй, Я.М-т холбогдох гэм хорын хохирол 44.398.448 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 80 дугаар зүйлийн 80.1.8, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон чононд идүүлсэн гэх хул зүсмийн азарганы үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр “Д” ХХК ... салбарыг томилж, шинжээчийн дүгнэлт ирэх хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх ба дээрх шүүхийн тогтоолыг гаргасан шүүх бүрэлдэхүүнд холбогдуулан хариуцагч Я.М- гомдол гаргаж, үндэслэлээ “...нэхэмжлэгч талд давуу байдал олгож, хэн ч хүсэлт гаргаагүй байхад шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, шүүх хэт нэг талыг барьж нэхэмжлэгч Б.Б-т эрх зүйн туслалцаа үзүүлж ажилласан, шүүхийн санаачилгаар шинжээч томилсноос хойш нэхэмжлэгч удаа дараа шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсээр байгаад гомдолтой” гэж тодорхойлжээ.
Дээрх ... шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар тогтоолыг ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба энэ тохиолдолд нэр бүхий шүүгч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой мэргэжил, ур чадварын алдаа гаргасан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж хэргийг үнэн зөв, бодит байдалд нийцүүлэн шийдвэрлэх, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах үүргийн хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг хэрэглэж, шинжээч томилсон шүүгчийн үйл ажиллагаа нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар ёс зүйн зөрчилд хамаарахгүй.
Гэтэл илтгэгч гишүүн “...шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалтыг баримтлан шинжээч томилсон нь нэхэмжлэгч талд цаашид үнэлгээ хийлгэхээр шинжээч томилуулах санаа өгсөн гэж иргэн М- үзэж байгааг үгүйсгэх үндэслэлгүй, ...нэг жил 24 хоног болсон, хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Харин сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь хуульд нийцэж байх тул хүлээн авч нэр бүхий шүүгч нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаярын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ... шүүхийн ерөнхий шүүгч Г.М-, шүүгч О.О-, Л.Х- нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН Х.ХАШБААТАР