info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-02-14

Дугаар 61

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан,  ... шүүхийн Ерөнхий шүүгч Д.А-, шүүгч Ц.А-, Ш.Э-, Ж.Б- нарт холбогдох “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн С.Г- Шүүхийн ёс зүйн хороонд /хуучнаар/ гаргасан өргөдөлдөө: “...Яллагдагч Г.А-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус шүүхийн шүүгч Ш.Э-ийн 2 удаагийн захирамжаар 08 дугаар сараас 10 дугаар сарын 24-нийг хүртэл хоригдсон байдаг. Гэтэл шүүгч Ц.А-ын 10 дугаар сарын 24-ны өдрийн захирамжаар суллагдсанаар гадуур сэлгүүцэж, нас барсан хүүгийн минь эхийн ажлын газраар очиж, эхнэрийг минь болон бид бүхнээс уучлал гуйх нь байтугай доромжилж, зовсон бидний сэтгэлийг нэмж үймүүлэн бах таваа хангаснаар барахгүй хэрэгт ач холбогдолтой байж болзошгүй хувийн мэдээллүүдээ устгасан байсан нь мөрдлөгийн явцад тогтоогдож сэргээгдэхгүй болсон байдаг. Ц.А-ын яллагдагчийг суллах тухай захирамжийг ерөнхий шүүгч Д.А- хүчингүй болгосон. Энэ шүүх хуралд яллагдагчийг дуудах үүрэг нь тус шүүгчийн туслах О.Ш-т байсаар байтал яллагдагчийн өмгөөлөгч гэх Ц.Э-ийн үгээр /даалгавраар/ зарлан мэдэгдээгүй үйлдэл нь шүүх танил талынхаа үгээр ажлаа хийдэг гэдгийг харуулж байна. Иймд дээрх 4 шүүгчийн аль захирамж нь үнэн зөв байсныг тогтоож буруутай нэгэнд нь хариуцлага тооцож өгнө үү.  Шүүгч Ц.А-ын 149 дугаар захирамжийг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.А- хүчингүй болгосны дагуу яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүх хурлыг шүүгч Ж.Б- даргалж, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай 169 дугаар захирамж гарсан. Яллагдагчийн өмгөөлөгч гомдол гаргаснаар ерөнхий шүүгч гомдлыг хангаж шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон. ...Өөрийнхөө гаргасан сулласан нь буруу гэсэн захирамж, мөн үүний дагуу хорьсон нь бас буруу гэсэн захирамж гаргасан үйлдлүүд нь ёс зүйн төдийгүй бусдад давуу байдал үүсгэсэн үйлдэл, мөн өөрөө өөрийгөө буруутгасан захирамжуудыг гаргасан гэж үзэж байх тул эдгээр үйлдлүүдийг шалгаж буруутай үйлдэлд нь хариуцлага тооцож өгнө үү” гэжээ.           

Шүүгч Д.А- сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Гомдол гаргагчийн гомдолд дурдсан Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1708, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 34 дугаартай захирамжуудыг гаргахдаа гомдлоор хянагдаж буй шүүгчийн захирамжуудын үндэслэлийг хянасан. Яллагдагч Г.А-ийг суллах тухай шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 154 дугаартай захирамжийн хувьд, шүүгч цагдан хоригдож байгаа өсвөр насны яллагдагчийг үргэлжлүүлэн цагдан хорих тухай прокурорын саналыг хангах үндэслэлгүй гэж дүгнэж яллагдагчийг суллах шийдвэр гаргахдаа прокурорын саналд дурдсан үндэслэлүүдэд дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлд заасан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай хэргийн нөхцөл байгаа эсэхийг хянаж үзээгүй, захирамжийн үндэслэл хангалтгүй байсан тул хохирогчийн гомдлыг хангаж шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон, Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 169 дугаартай захирамжийн хувьд шүүгч прокурорын саналд дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнээд, харин мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон яллагдагчийн хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж зэргийг харгалзан цагдан хорих шийдвэр гаргахдаа яллагдагчийн холбогдсон хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээнд үл хамаарах заалтыг үндэслэсэн нь буруу болсон байсан. Өөрөөр хэлбэл, тухайн яллагдагчид үл хамаарах заалтаар цагдан хорих шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн тул захирамжийг хүчингүй болгожээ. Ерөнхий шүүгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн гаргасан захирамжийг гомдлын хүрээнд хянахдаа тухайн захирамжид заасан нөхцөл байдлууд, шүүгчийн хийсэн эрх зүйн дүгнэлт, баримталсан хуулийн зүйл заалтыг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндэслэлд нийцэж байгаа эсэхийг дүгнэнэ. Хэргийн үйл баримт, яллагдагчийн хувийн байдалд дүгнэлт хийх боловч хуулийн үндэслэлийн урьд тавьж болохгүй юм. Хүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр, тэр тусмаа өсвөр насны яллагдагчийн хувьд шүүхийн гаргасан шийдвэр хуульд нийцсэн, үндэслэлтэй, ойлгомжтой байх хуулийн шаардлага бий тул тухайн тохиолдолд гарсан гомдлуудыг хүлээн авч хянаад дээрх шийдвэрүүдийг гаргасан” гэжээ.

Шүүгч Ц.А- сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Яллагдагч Г.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдан шалгагдаж байсан бөгөөд прокуророос 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  сунгах санал ирүүлснийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн. Хэргийн материалыг хянаж үзэхэд насанд хүрээгүй яллагдагч нь хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэлдээ яллагдагчаар татагдсан бөгөөд хэрэг шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн үйл ажиллагаанд саад учруулж оргон зайлсан, эсхүл оргон зайлахаар завдсан гэх баримт, сэлт хэрэгт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчийн овог, нэр, гэрийн хаяг, хувийн байдал бүрэн тогтоогдсон, цаашид оргон зайлж болзошгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул прокурорын саналыг хүлээн аваагүй болно. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ нь шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй хүний эрхэд халдаж, хорьж цагддаг онцгой арга хэмжээ бөгөөд шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхдээ аль болох эцсийн болгож өөрөөр хэлбэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаас аргагүй нөхцөл байдалд хэрэглэх нь зүйтэй гэж үздэг. Насанд хүрээгүй яллагдагч Г.А- нь тухайн үед 17 настай, 2 сарын хугацаагаар цагдан хоригдсон байсан. Хэргийг хянаж үзэхэд яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 2 дахь хэсэгт заасан үндэслэлүүд тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангид 1 жилээс доош хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан санаатай, хөнгөн гэмт хэрэг, 8 жилээс доош хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан болгоомжгүй хэрэгт яллагдагчаар татагдсан өсвөр насны хүнийг удаан хугацаагаар цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авах нь холбогдох хууль тогтоомж болон Монгол улсын нэгдэн орсон гэрээ, конвенцын зарчимд нийцэхгүй гэж үзсэн. Уг хэргийн холбогдогч болон хохирогч тэдний ар гэрийн хүмүүсийг огт танихгүй, ямар нэг харилцаа холбоогүй бөгөөд таслан сэргийлэх арга хэмжээний асуудлыг шийдвэрлэхэд хувийн сонирхлоор хандаагүй, хуулийн дагуу шийдвэр гаргасан болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох тохиолдлууд цөөнгүй гардаг бөгөөд тухай бүр нь хэргийн нөхцөл байдал, яллагдагчийн хувийн байдал өөр, өөр байдаг. Энэ хэргийн хувьд таслан сэргийлэх арга хэмжээ, түүнд гаргасан гомдлыг шийдвэрлэсэн бусад шүүгчид шийдвэр гаргах үед хэргийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн болохыг, оролцогчдоос шинээр ямар баримт сэлт, хүсэлт гарсныг мэдэхгүй ч адил биш нөхцөл байдалд шийдвэр гарч байгаа тул эдгээр шийдвэрүүдийг харьцуулан аль нэг нь зөв гэж үзэх боломжгүй юм.” гэжээ.

Шүүгч Ж. Б- сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Өсвөр насны яллагдагч ... нь 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр эрхийн үнэмлэхгүй согтуурсан, мансуурсан үедээ ... маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ЗХД-ийн 12.3, 3.7а, 3.1-д заасныг зөрчин зам тээврийн осол гаргаж ... дайрч амь насыг нь хохироосон, дээрх гэмт хэргийг үйлдэхдээ унаж явсан тээврийн хэрэгслийг ... хорооны задгайд оршин суух Г.Б-н гэрээс хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан. Прокуророос яллагдагчийг ... маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хулгайлсан болох нь тогтоогдсон, бусдын тээврийн хэрэгслийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж зугтааж явахдаа дээрх гэмт хэргийг үйлдсэн, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн гомдол хэлэлцэх шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэж яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авхуулахаар шүүхэд санал ирүүлсэн. Миний бие тухайн үед ... аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан бөгөөд прокурорын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг хүлээн авч шүүх хуралдааныг зарлан явуулж оролцогч нарын гаргасан санал, тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад прокурорын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн гомдол хэлэлцэх шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэсэн үндэслэлээр цагдан хорих тухай саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж, харин яллагдагчийн хувийн байдал эргэлзээтэй, мөн хүнд гэмт хэрэгт холбогдсон болон үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн яллагдагчийг цагдан хорих нь зүйтэй гэж үзэж шийдвэрлэсэн. Миний хувьд шүүгчийнхээ хувиар хэн нэгэн хүний талд ороогүй, хэн нэгнийг буруутгаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг маргааныг шийдвэрлэхдээ үндэс угсаа, хэл, арьс өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлийн байдлаар ялгаварлан гадуурхахгүй байх шударга ёсны зарчмыг баримталж ажилладаг болохоо илэрхийлж байна” гэжээ.

Шүүгч Ш.Э- сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Миний бие ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байх хугацаанд буюу 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ... аймгийн Прокурорын газраас яллагдагч Г.А-ийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналтай эрүүгийн ... дугаартай хэргийг хүлээн авч, хянахад яллагдагч Г.А- нь жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож ... аймаг, ... сум, ... баг, шинэ тосгоны ... дугаар гудамжинд тоглож байсан 8 настай ... дайрч, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогдсон, дээрх тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч зугтсан, оршин суух тодорхой хаяггүй, мансуурсан зэрэг нь дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3-д зааснаар яллагдагчийг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 09 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаагаар цагдан хорьсон. Яллагдагч Г.А-д хуулийн дагуу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан гэж үзэж байх тул үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ш.Э- миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон болно” гэжээ.

Сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаярын сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаар тогтоолд зааснаар яллагдагчийг цагдан хорих шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааг хариуцахаар шүүгч Ш.Э-, тухайн шүүгчийн эзгүйд орлон ажиллах шүүгчээр Ц.А-ыг томилжээ. Мөн ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар тогтоолоор ээлжийн амралтаа авсан шүүгч Ш.Э-ийн оронд, яллагдагчийг цагдан хорих ажиллагааг шүүгч Ц.А-т хуваарилж, орлон ажиллах шүүгчээр Ж.Б-г томилсон байна. Иймд шүүгч Ш.Э- нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 121 дугаар захирамжаар яллагдагчийг 1 сар цагдан хорьсон, 2019 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаар захирамжаар яллагдагчийг цагдан хорих хугацааг 1 сар сунгасан, шүүгч Ц.А- нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 149 дүгээр захирамжаар яллагдагчийг сулласан, шүүгч Ж.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ... дүгээр захирамжаар  яллагдагчийг 1 сар цагдан хорихоор шийдвэрлэсэн нь шүүгчдийн зөвлөгөөнөөр баталсан журмаар томилогдсон шүүгч байх тул хууль зөрчөөгүй байна. ...Ерөнхий шүүгч болон шүүгч нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний талаар гаргасан шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байх ба харилцан адилгүй хугацаа болон үйл баримтад үндэслэж гаргасан нэг шүүгчийн шийдвэрээр, нөгөө шүүгчийг буруу шийдвэр гаргасан гэж үзэх, улмаар шийдвэрийн үндэслэлтэй холбоотойгоор шүүгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.  Шүүхийн сахилгын хороо 2021 оны 11 дүгээр сарын 18-нд байгуулагдсанаар, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө. Иймд шүүгч нарын үйл ажиллагаатай холбоотой гомдлыг шалгахад Шүүгчийн ёс зүйн дүрэм болон Монгол улсын Шүүхийн тухай хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж, тус саналыг Сахилгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн С.Г-ийн өргөдөлд дурдагдсан шүүгч нар ёс зүйн зөрчил гаргасан гэх цаг хугацаа 2019 онд хамаарч байх тул 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан бол Шүүхийн ёс зүй хороо, Захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааныг Сахилгын хороонд шилжүүлнэ” гэж зааснаар 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэж, харин сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө.

Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан, хуучин Шүүхийн ёс зүйн хороонд ирсэн өргөдөл, мэдээлэл 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гишүүдэд хуваарилагдсан тул мөн өдрөөс шалгах ажиллагааны хугацааг тооцож сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн болно.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ 27 дугаар зүйлд Шүүгчид хориглох зүйл, 28 дугаар зүйлд Шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт, 29 дүгээр зүйлд Шүүгчийн ашиг сонирхлын зөрчил, 30 дугаар зүйлд Шүүгч түүний гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг тодорхойлсон бол хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “Шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ”, 2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасан.

Иймд нэр бүхий шүүгч нар дээрх хууль, дүрэмд заасан хэм хэмжээг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 121 дүгээр захирамжаар яллагдагч Г.А-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг тус шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 149 дүгээр захирамжаар сулласан, уг захирамжид хохирогч гомдол гаргаснаар хянаад Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1708 дугаар захирамжаар “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлд заасан хэргийн ээдрээ төвөгтэй байдал байгаа эсэх, үүний улмаас зайлшгүй цагдан хорих үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлт хийгээгүй...” гэх үндэслэл заан 149 дүгээр захирамжийг хүчингүй болгосон, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 169 дүгээр захирамжаар яллагдагч Г.А-д 1 сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хянаад ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 34 дүгээр захирамжаар “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан цагдан хорих өөр үндэслэл илрээгүй, урьд цагдан хорьсон үндэслэлээр дахин цагдан хорихыг хуулиар хориглосон, мөн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчөөгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй, үргэлжлүүлэн цагдан хорих үндэслэлгүй” гэж дүгнэн 169 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ.

 Дээрх захирамжуудыг гаргасан шүүгч нарт холбогдуулан хохирогч С.Г- гомдол гаргасан байх ба илтгэгч гишүүн “...ерөнхий шүүгч болон шүүгч нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний талаар гаргасан шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байх ба харилцан адилгүй хугацаа болон үйл баримтад үндэслэж гаргасан нэг шүүгчийн шийдвэрээр, нөгөө шүүгчийг буруу шийдвэр гаргасан гэж үзэх, улмаар шийдвэрийн үндэслэлтэй холбоотойгоор шүүгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь зөв байна. Тодруулбал,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн  2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан бөгөөд яллагдагчид авах таслан сэргийлэх арга хэмжээг сонгон хэрэглэх,  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шийдвэрлэх нь тухайн шүүгчийн хууль хэрэглээ, нотлох баримтыг дотоод итгэлээрээ үнэлэх бүрэн эрхэд хамаарна.

Өөрөөр хэлбэл, тухайн үеийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлээрээ үнэлж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шийдвэрлэсэн, ийнхүү шийдвэрлэснийг ерөнхий шүүгч нь хянасантай холбоотой шүүгчийн үйл ажиллагааг сахилгын болон ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Иймд илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаярын 2022 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А-, шүүгч Ц.А-, Ш.Э- /өндөр насны тэтгэвэрт гарсан/, ... шүүхийн шүүгч Ж.Б- нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                         О.НОМУУЛИН

ГИШҮҮН                                                                 Д.Ариунтуяа

ГИШҮҮН                                                               Д.МЯГМАРЦЭРЭН