info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-02-11

Дугаар 51

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан,  ...шүүхийн Ерөнхий шүүгч Д.Г-, тус шүүхийн шүүгч Э.О-, ...шүүхийн шүүгч Х.С- нарт холбогдох хэрэгт  Сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал” гарсныг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн С.П- Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “...Хэргийг анхан шатны журмаар 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шийдвэрлэсэн ... аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн бүрэлдэхүүн болох Д.Г-, Э.О-, Х.С нарыг уг хэрэгт шууд болон шууд бусаар хувийн сонирхолтой байна гэж үзэн татгалзсан юм. Учир нь шүүх бүрэлдэхүүн огт үндэслэлгүйгээр Хүнийг санаатай алсан гэж дүгнэсэн атлаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг бүрэн төлсөн гэж дүгнэж Д.Э-т илт хөнгөн ял оногдуулсан ба энэ нь давж заалдах шатны шүүхийн магадлалаар нотлогдсон юм. Ингэхдээ зориуд миний гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон. Хүний амийг санаатай хохироочхоод байхад оршуулгын зардлаар хохирлыг бүрэн төлсөн гэж дүгнэж байгааг илт хувийн сонирхолтой байна гэж үзэхээс аргагүй байна. Жирийн иргэн ч ингэж дүгнэхгүй. Д.Э- нь ийм дүгнэлт гарахыг мэдэж байсан юм шиг шүүх хуралд оршуулгын зардлаас өөр юу ч төлөхгүй гэж хэнэггүй мэдүүлээд зогсож байсан. Мөн ар гэрийнхэн нь сумандаа манай Э- хөнгөн ял авахаар болсон гэсэн яриа гаргасан байна. Энэ нь тэднийг шүүгч нартай холбоотой болохыг баталж байгаа юм. Шүүгчдийг татгалзах хүсэлт гаргаад байхад хүлээж авахгүй байгаад Ерөнхий шүүгчийн хувиар Д.Г- нь нөлөөлж байна гэж үзэж байгаа бөгөөд энэ хэргийг заавал өөрөө оролцож шийдвэрлэх сонирхолтой байгаа нь тодорхой харагдаж байна. Учир нь миний шүүгчдийг татгалзах хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрсдийг нь татгалзаад байгаа шүүгч Д.Г-, Э.О- нар л байгаа юм. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дахин татгалзах хүсэлт өгөхөд туслахаараа өмнө нь хариу өгсөн учир хүлээж авахгүй гэж хэлүүлж байсан. Манай өмгөөлөгч хэдэн ч удаа хүсэлт гаргах эрхтэй гэж хэлсэн учир би хүсэлтээ орхиод гарсан болно. Энэ асуудлыг хуулийн дагуу шалгаж холбогдох шүүгч нарт хариуцлага тооцож өгнө үү”  гэжээ.

Шүүгч Д.Г- сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “......шүүх нь 3 шүүгчийн орон тоотой бөгөөд одоогийн байдлаар ерөнхий шүүгч Д.Г- миний бие болон шүүгч Э.О- нар ажиллаж байгаа буюу нэг шүүгч томилогдоогүй байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх бүрэлдэхүүний олонхыг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзсан бол уг асуудлыг шүүх хуралдаан даргалагч тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ...” мөн зүйлийн 6 дахь хэсэгт “...Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу татгалзан гаргах шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч багтаж байгаа, эсхүл нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд энэ тухай тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ...” гэж заасны дагуу татгалзлыг шийдвэрлэсэн ба ...шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд ерөнхий шүүгч Д.Г- миний бие болон шүүгч Э.О- нараас өөр шүүгч орж татгалзлыг шийдвэрлэх боломжгүй юм. Түүнчлэн гомдол гаргагч нь шүүгч нарыг шүүгдэгчийн ар гэрийнхэнтэй холбоотой, миний гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон гэжээ. Шүүгч Д.Г- миний бие шүүгдэгчийн ар гэрийнхэн болон шүүгдэгчийг огт танихгүй бөгөөд нэг ч удаа харилцаж байгаагүй, тэдний зүгээс нөлөөлөх ямар нэг үйлдэл оролдлого хийж байгаагүй болно. Хохирол нэхэмжлэлийн хувьд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүх бүрэлдэхүүн хамтын зарчмаар шийдвэрлэсэн болно” гэжээ.

 

Шүүгч Э.О- сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Шүүгч Э.О- би шүүгдэгч Д.Э-т холбогдох эрүүгийн хэргийг тогтоосон хуваарийн дагуу хүлээн авч хэргийг бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд орж шийдвэрлэсэн. Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд орсон Ерөнхий шүүгч болон нийт шүүгчдийг татгалзан гаргах талаар хохирогчоос гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн бөгөөд би хэргийн оролцогч нарыг танихгүй, тэдэнтэй ямар нэгэн хувийн харилцаа байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад надад хэн нэгэн этгээдээс аливаа хэлбэрээр нөлөөлсөн, нөлөөлөхийг оролдсон зүйл байхгүй болно. Шүүгдэгч Д.Э-т оногдуулсан ялын хэмжээ, иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд зэрэг нь зөвлөлдөх тасалгаанд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж гаргасан шийдвэр юм”  гэжээ.

Шүүгч Х.С- сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “Би ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байх хугацаандаа ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны Ерөнхий шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаар захирамжаар ...шүүх хуралдаанд шүүх бүрэлдэхүүнд томилогдон ажилласан. Д.Э-т холбогдох хэргийн шүүх хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр явагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан шаардлагын дагуу шийтгэх тогтоолыг шүүх бүрэлдэхүүнээр гарган шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулсан юм. Миний оролцсон шүүх хуралдаанд хэргийн оролцогчдоос шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлт гараагүй болно. Д.Э-т холбогдох хэргийг шүүх бүрэлдэхүүн хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэлэн, шүүгдэгчийн гэм буруу, гэм хор, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэлийг оногдуулж шийдвэрлэсэн” гэжээ.

Сахилгын хорооны гишүүн Б.Сугарын сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...Гомдол гаргагч гомдолдоо “хэргийг анхан шатны журмаар 2021.02.26-ны өдөр шийдвэрлэсэн ... аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн бүрэлдэхүүн болох Д.Г-, Э.О-, Х.С нарыг уг хэрэгт шууд болон шууд бусаар хувийн сонирхолтой байна гэж үзэн татгалзсан юм...” гэсэн боловч 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааныг даргалагч болон бүрэлдэхүүнийг татгалзсан болох нь баримтаар /шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгч Х.С-гийн тайлбар/ нотлогдож тогтоогдохгүй байна. ...Шүүхийн сахилгын хороо нь шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй байсан эсэхийг хянах эрх хэмжээгүй, шүүхийн шийдвэрийг зөв эсхүл буруу байсан гэж үзэх боломжгүй, хуулиар бүрэн эрх олгоогүй, тус хорооны бүрэн эрхэд хамааралгүй харьяаллын бус асуудал. Шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй, илт хууль бус шийдвэр гэж үзэж байгаа бол гомдлоо дээд шатны шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх, дээд шатны шүүх нь тухайн эс зөвшөөрсөн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээтэй болно. ...шүүхэд тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Г-, шүүгч Э.О- гэсэн хоёр шүүгч томилогдон ажиллаж байгаа болох нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаартай албан бичгээр нотлогдож байна. Шүүгчээс татгалзах татгалзлыг хэргийн оролцогч хэзээ ч хэдийд ч шүүхэд гаргах эрхтэй. Харин тухайн татгалзал хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан эсэх, татгалзлыг хүлээж авах эсэх нь хуулийн дагуу шийдвэрлэгдэх ёстой болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нарийвчлан зааж өгч зохицуулсан. Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 5-д “...Шүүх бүрэлдэхүүний олонхыг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзсан бол уг асуудлыг шүүх хуралдаан даргалагч тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ...”, мөн зүйлийн 6-д “...Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу татгалзан гаргах шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч багтаж байгаа, эсхүл нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд энэ тухай тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ...” гэж тус тус зааж татгалзлыг шүүх хэрхэн яаж шийдвэрлэх ёстой болохыг нарийвчлан, хуульчлан зохицуулсан байна. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Ерөнхий шүүгч татгалзлыг хүлээж авахгүй байгаад нөлөөлж байгаа, хэргийг заавал өөрөө оролцож шийдвэрлэх сонирхолтой, шүүгчдийг татгалзах хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж шүүгчдийн бүрэлдэхүүнд нь өөрсдийг нь татгалзаад байгаа шүүгч Д.Г-, Э.О- нар л байгаа гэсэн гомдлууд нь үндэслэлгүй байна. Учир нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаартай албан бичгээр тухайн шүүхэд нэр дурдагдаж буй хоёр шүүгч л ажилладаг болох нь нотлогдож байх ба хуулийн дээрх  зохицуулалтуудаас үзэхэд тухайн шүүхийн Ерөнхий шүүгч, тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн татгалзлыг шийдвэрлэх эрх хэмжээтэй байна. Иймд хуулиар үүрэг болгосон зүйл заалт, зохицуулалтын дагуу татгалзлыг шийдвэрлэснийг ёс зүйн болон сахилгын зөрчил гэж үзэх үндэслэлгүй юм. ...Иймд ...шүүхийн Ерөнхий шүүгч Д.Г-, тус шүүхийн шүүгч Э.О-, ...шүүхийн шүүгч Х.С- нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн С.П-ийн өргөдөлд дурдагдсан шүүгч нарын ёс зүйн зөрчил гаргасан гэх цаг хугацаа 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байх тул 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан бол Шүүхийн ёс зүй хороо, Захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааныг Сахилгын хороонд шилжүүлнэ” гэж зааснаар 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэж, харин сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө.

Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан, хуучин Шүүхийн ёс зүйн хороонд ирсэн өргөдөл, мэдээлэл 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гишүүдэд хуваарилагдсан тул мөн өдрөөс шалгах ажиллагааны хугацааг тооцож сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн болно.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ...шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байх ба дээрх шийдвэрийг гаргасан шүүгч нарт холбогдуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.П- гомдол гаргаж, үндэслэлээ “...Хүний амийг санаатай хохироочхоод байхад оршуулгын зардлаар хохирлыг бүрэн төлсөн гэж дүгнэж байгааг илт хувийн сонирхолтой байна гэж үзэхээс аргагүй, шүүгчдийг татгалзах хүсэлтийг татгалзагдсан шүүгч нар өөрсдөө шийдвэрлэж хүлээж аваагүй, ерөнхий шүүгчийн хувиар Д.Г- нь энэ хэргийг заавал өөрөө оролцож шийдвэрлэх сонирхолтой” гэж тодорхойлжээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь энэ хуулиар тодорхойлсон шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэгтэй байгууллага бөгөөд шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх, хэргийг хянан шийдвэрлэх эрх хэмжээгүй.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд хэргийн оролцогч нь шүүгчээс татгалзах эрхтэй, уг татгалзлыг хэн, хэрхэн шийдвэрлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн аравдугаар бүлэгт тодорхой заасныг зөрчөөгүй талаар илтгэгч гишүүн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүн Б.Сугарын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ...шүүхийн Ерөнхий шүүгч Д.Г-, тус шүүхийн шүүгч Э.О-, ...шүүхийн шүүгч Х.С- нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй. 

 

ДАРГАЛАГЧ                                                         О.НОМУУЛИН

ГИШҮҮН                                                                 Д.Мягмарцэрэн                          

ГИШҮҮН                                                               Д.ЭРДЭНЭЧУЛУУН