МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-02-09
Дугаар 37
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан, ... шүүхийн ерөнхий шүүгч Г.М-д холбогдох хэрэгт гарсан Сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн З.Э Сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “...Хариуцагч нар сар өдрөөр нь тодорхой тоочин хэлсээр байхад "хариу өгснөөс хойш нэхэмжлэгч нар шүүхэд маргаан үүсгээгүй, нотариатчид дахин хүсэлт гаргаагүй" гэж бодит байдлыг гуйвуулан дүгнэсэн. Хариугаа гардаж аваагүй хүмүүс хэдийд нь яаж хүсэлт өгөх нь тодорхойгүй байдалтай байсныг мэдсээр байж илт санаатайгаар эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж дүгнэлт гаргаад, түүндээ үндэслэн шийдвэр гаргаж хэргийн хариуцагч нартай нэг нутаг оронд олон жил хамт амьдарч байснаараа ялгаварлах үзэл гарган санаатайгаар хариуцагчийн талд шийдвэрлэж биднийг хохироосонд гомдолтой байна. Шүүх хуралдаан дуусмагц хариуцагч Ц.Б нь машиндаа суун яваад 1 цагийн дараа ирмэгц нь биднийг дуудаж шүүх танхимд оруулан шийдвэрээ танилцуулсан. Хариуцагчийг ирэхээс өмнө шийдвэр нь гараагүй байдаг, ирэнгүүт нь цаг хугацааг нь тааруулж шийдвэрээ танилцуулж байгаа байдал нь шүүгч Г.М- нь хариуцагчтай хувийн харьцаатай байсныг нотолж байна. Шүүхийн шийдвэр нь 1 цагийн хугацаанд гарна гэдгийг хэргийн оролцогч нар мэдэх ямар ч боломжгүй, шүүгч нар ямар хугацаанд зөвлөлдөх тухай хуульд ямар ч заалт байдаггүй учир тэр хугацаанд хэргийн оролцогч нар хүлээгээд байж байдаг бид ч хүлээж байсан. Эдгээр байдлууд нь шүүгч Г.М- нь шүүгчийн ёс зүйн хувьд энэхүү хэргийг хуулийн хүрээнд шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшил төрүүлэхүйц байж чадаагүй гэж үзэж гомдолтой байна. Иймд шүүгч Г.М-гийн ийнхүү ёс зүйгүй авирлаж буй үйлдлүүд нь шүүгчийн ёс зүйд нийцэж буй эсэх талаар шалгаж, хянан шийдвэрлэж гомдлыг барагдуулж өгнө үү” гэжээ.
Шүүгч Г.М- сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь З.Э нарын нэхэмжлэлтэй Ц.Б, Б.П нарт холбогдох иргэний хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч З.Э, З.Т, З.Т, З.Т нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нар нь дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрээ гаргадаг учиртай. Тиймээс З.Э нь гомдолд дурдсан үндэслэлийнхээ талаарх тайлбараа давж заалдах шатны шүүхэд гарган шийдвэрлүүлэх эрхтэй. Тус хэрэг нь одоогоор Хяналтын шатны шүүхэд хянагдаж байгаа болно. Шүүгч миний бие нь ... суманд төрж, өдийг хүртэлх хугацаанд амьдарч байгаа нь үнэн. Харин гомдолд тэмдэглэгдсэн иргэдийн биеийн байцаалтыг шүүх хуралдаанд авснаас өөрөөр тэдгээр иргэдийг ямар хугацаагаар хаана амьдарч, ажиллаж байсан талаарх түүхийг мэдэхгүй юм. Түүнчлэн тэдгээр иргэдтэй айл, хөрш амьдарч байгаагүй бөгөөд найз, нөхдийн болон төрөл садны холбоогүй билээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2-т шүүх хуралдааны завсарлагаар зохигчийг гарч явахыг хориглохоор заасан байдаг. Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны оролцогчдыг хуралдааны танхимаас гарч явах зөвшөөрлийг олгоогүй бөгөөд зөвлөлдөх тасалгаанд орсон байх хугацаанд шүүх хуралдааны оролцогчдыг хуралдааны танхимаас орж, гарч байгааг мэдэх, хянах боломжгүй юм. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааны танхимд байгаа шүүх хуралдааны оролцогч нар нь дэг сахиулагчийн зөвшөөрөлтэйгөөр хуралдааны танхимаас гарч болох боловч зөвлөлдөх тасалгаанд байгаа шүүгч миний бие үүнийг хянах боломжгүй байсан болно. Тиймээс миний бие зөвлөлдөх тасалгаанд орсноос гарч ирэх хүртэлх хугацаанд шүүх хуралдааны оролцогчдыг хуралдааны танхимаас гарч явсан болон яваагүй талаар мэдээгүй, мэдэх ч боломжгүй бөгөөд гомдлын дээрх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгч миний бие өргөсөн тангарагтаа үнэнч байж, хэн нэгийн нөлөөнд автахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн ба хэргийг шийдвэрлэхэд ямар нэгэн хувийн сэдэл санаа зорилго агуулаагүй болно. Иймд нэхэмжлэгч З.Э ын Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Сахилгын хорооны гишүүн Б.Сугарын сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...Шүүхийн сахилгын хороо нь шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх, хянах, өөрчлөх, хүчингүй болгох эрх хэмжээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг хянах эрх хэмжээг гагцхүү дээд шатны шүүхүүд буюу давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хуулиар олгосон, дээд шатны шүүхийн онцгой бүрэн эрхийн асуудал юм. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байсан эсэхийг Шүүхийн сахилгын хороо тогтоохгүй ба тус хорооны эрхлэх асуудалд хамааралгүй, харьяаллын бус болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаан завсарласныг мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахын тулд зөвлөлдөх тасалгаанд орно” гэж хуульчлан заасан байх бөгөөд зөвлөлдөх тасалгаанд шүүгч гагцхүү хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж хуулийн зүйл заалт, зохицуулалтыг баримтлан шийдвэр гаргах ажиллагаа явагддаг бөгөөд шүүхийн шийдвэрээ гаргах хүртэл хугацаагаар зөвлөлддөг байна. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх явцад шүүх хуралдааны танхим болон шүүхийн байранд ямар үйл ажиллагаа явагдаж байгаа, хэн орж гарч байгааг зөвлөлдөх тасалгаанд зөвлөлдөж буй шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч мэдэх боломжгүй. Учир нь зөвлөлдөх тасалгаанд зөвхөн шүүхийн шийдвэр гаргах ажиллагаа явагддаг ба зөвлөлдөх тасалгааны нууцыг хуульчлан хамгаалсан байдаг байна. Тодруулбал шүүхийн шийдвэр гаргахаар зөвлөлдөж буй шүүгч хэнээс ч хараат бусаар шийдвэр гаргах үйл ажиллагаа явагдаж байдаг тул бусадтай харилцах, шийдвэр гаргахаас өөр бусад үйл ажиллагаа явуулах боломж хуулиар хориглогдож хязгаарлагддаг. Иймд гомдолд дурдагдаж буй шийдвэрээ танилцуулахдаа цаг тохирсон гэх гомдол үндэслэлгүй байх бөгөөд баримтаар нотлогдож тогтоогдоогүй болно. Эцэст нь дүгнэхэд иргэний гомдлын агуулга нь шүүгч Г.М- нь үндэслэлгүй шийдвэр гаргасан, хариуцагчийг ирэнгүүт цагийг нь тааруулж шийдвэрээ танилцуулсан, хэргийг хуулийн хүрээнд шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшил төрүүлэхүйц байж чадаагүй, ёс зүйгүй авирласан гэсэн утга агуулгатай байх хэдий боловч хуульд тодорхойлон заасан ямар зөрчлийг тухайлбал Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан ямар зөрчлийг хэрхэн гаргасан тухай тодорхой дурдаагүй байна. Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн үйлдэл, үйл ажиллагаа, эс үйлдэхүй нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан зөрчилд хамаарах эсэхийг хянан шалгах ба гомдлын үндэслэл нь мөн энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан зөрчилд хамаарахгүй байгаа болохыг тухайлан дурдах нь зүйтэй байна гэж үзэв. Иймд ... шүүхийн Ерөнхий шүүгч Г.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан, хуучин Шүүхийн ёс зүйн хороонд ирсэн өргөдөл, мэдээлэл 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гишүүдэд хуваарилагдсан тул мөн өдрөөс шалгах ажиллагааны хугацааг тооцож сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн болно.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ... шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар шийдвэрээр З.Э нарын нэхэмжлэлтэй, Ц.Б, Б.П нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба дээрх шийдвэрийг гаргасан шүүгч Г.М-д холбогдуулан нэхэмжлэгч З.Э гомдол гаргаж, үндэслэлээ “...Шийдвэрт бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийсэн, шүүх хуралдаан дуусмагц хариуцагч Ц.Б нь машиндаа суун яваад 1 цагийн дараа ирмэгц нь биднийг дуудаж шүүх танхимд оруулан шийдвэрээ танилцуулсан, хариуцагчийг ирэхээс өмнө шийдвэр нь гараагүй байдаг, ирэнгүүт цаг хугацааг нь тааруулж шийдвэрээ танилцуулж байгаа байдал нь шүүгч хариуцагчтай хувийн харьцаатай байсныг нотолж байна. Шүүгчийн ёс зүйн хувьд энэхүү хэргийг хуулийн хүрээнд шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшил төрүүлэхүйц байж чадаагүй” гэж тодорхойлжээ.
Сахилгын хорооны гишүүн Б.Сугарын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ. Тодруулбал,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан тул хууль хэрэглээтэй холбоотой, нотлох баримтыг хэрхэн үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэнтэй холбоотой шүүгчийн үйл ажиллагааг сахилгын болон ёс зүйн зөрчил гэж тодорхойлох боломжгүй, шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд Сахилгын хороо дүгнэлт өгөх эрхгүй.
Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаан завсарласныг мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахын тулд зөвлөлдөх тасалгаанд орно” гэж заасан тул шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх явцад шүүх хуралдааны танхим болон шүүхийн байранд ямар үйл ажиллагаа явагдаж байгаа эсэх, хэн орж гарч байгааг мэдэх боломжгүй, шүүгч зөвлөлдөх тасалгаанд орж шийдвэрээ гаргахдаа хэдий хэмжээний цаг хугацаа зарцуулах нь өөрийнх нь эрх хэмжээний асуудал төдийгүй хариуцагчийг ирэнгүүт шийдвэрээ танилцуулсан нь хариуцагчтай хувийн харьцаатай байсныг нотолж байгаа гэх үндэслэлгүй сэжиг таамаглалаар шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Илтгэгч гишүүн энэ талаар зөв дүгнэж сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь үндэслэлтэй байх тул сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүн Б.Сугарын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ... шүүхийн ерөнхий шүүгч Г.М-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР