info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-02-07

Дугаар 29

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

         Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Ариунтуяа нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан,  ...шүүхийн шүүгч Д.А-т холбогдох “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн Х.Ж Шүүхийн ёс зүйн хороонд /хуучнаар/ гаргасан өргөдөлдөө: “...Шүүгч Д.А- Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 болон 3.2 дахь хэсэгт заасан зарчмаа зөрчсөн гэж үзэж байна. Д.А- шүүгч аливаа асуудалд бодитой байх, төвийг сахих, хэргийн оролцогч нэг талтай урьдчилан ганцаарчилж уулзахгүй байх үүрэгтэй ч энэ бүхнийг үл хэрэгсэн хохирогчийн талд илтэд үйлчилсэн. Шүүгч Д.А- нь ял оногдуулсан шийдвэрээ хуульд заасан хугацаанд гаргаж өгөөгүйгээс миний нөхөр илүү олон хоног хоригдсон, шийдвэр бичгээр гарах хүртэл бидэнд гомдол гаргах хуулийн ямар ч боломж байдаггүй юм билээ. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу, маш хэцүү байдалд биднийг оруулсан. Гэм зэмгүй хүнийг хилсээр шүүж хорьчихоод шийдвэрээ хуульд заасан хугацаандаа гаргаж өгөхгүй 5, 6 хоног хэтрүүлсэн. Бид шийдвэр нь хугацаандаа гарсан бол нэг хоногийн өмнө ч болтугай давж заалдаж нөхрөө нэг хоногийн өмнө ч болтугай суллуулахыг л хүссэн. Аргаа барахдаа шүүгч Д.А-т 2020.03.17-ны өдөр гомдол гаргаж шийдвэрээ хуулийн хугацаандаа гаргаж өгөөч гэж шаардлага тавихад хугацаа хэтрүүлсэн тухайгаа нэг ч үг бичээгүй, харин хууль ёсны эхнэр нь болох намайг ...та хэргийн оролцогч биш тул гомдол гаргах эрхгүй этгээд байна гэж хариу өгсөнд маш их гомдож байна. Хавтаст хэрэгт миний мэдүүлэг бий, эхнэр нь гэдгийг 2 удаагийн шүүх хуралд оролцоход ч харж байсан. Шүүгч хун шударга, хүнлэг хамгийн гол нь өөрөө хуулиа зөрчиж бусдын эрхэнд халддаггүй байх ёстой гэж бид бодож, итгэж явсан. Гэтэл Д.А- шүүгч эсрэгээрээ байж гэр бүлээр минь эрх, эрх чөлөө, бие болоод сэтгэл санаа, ажил орлогоор минь хохироосонд бид үнэхээр их гомдолтой байна. Иймд гомдлыг минь хянан үзэж хууль, журмын дагуу ... шүүхийн шүүгч Д.А-т арга хэмжээ авч, бидэн шиг бусад иргэдийг хохирохоос урьдчилан сэргийлж, таслан зогсоож өгөхийг хүсье” гэжээ.

 

Шүүгч Д.А- сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Х.Ж гаргасан гомдолдоо “...шүүхийн шүүгч Д.А- даргалан 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр миний нөхөр Т.Н-г Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж буруу зүйлчилж, 4 жилийн хорих ялаар шийтгэсэн. Одоо 409 дүгээр хорих ангид хоригдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.13-т “...“оролцогч” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг...” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийг, шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчид гардуулах тухай мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч Т.Н-, Х.Д нарт холбогдох эрүүгийн 1810000940332 дугаартай хэрэгт иргэн Х.Ж нь хуульд заасны дагуу “оролцогч”-оор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй тул түүнд шүүхийн шийдвэрийг гардуулах ажиллагаа хийгдэхгүй юм. Иймд Шүүхийн ёс зүйн хороонд шүүгч надад холбогдуулан гаргасан иргэн Х.Ж-н гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатарын сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газраас ирүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ... тоот албан бичиг, Шүүгчийн туслах А.А-н өгсөн гэрчийн мэдүүлэг, ... шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.С-н гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд тус гомдолд дурдсан асуудлаар шүүгч ёс зүйн зөрчил гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.13-т “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө” гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон шүүгчийн тайлбараас үзэхэд ...шүүхийн шүүгч Д.А- нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаан дээр шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн тогтоолыг бичгээр үйлдсэн нь нотлогдож байна. Харин ... шүүхийн тамгын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаар тушаал болон гэрчийн мэдүүлгээр 7 хоног бүрийн 2, 5 дахь өдрийн 11 цагт ШШГЕГ-ын харьяа 409, 461 дүгээр хорих ангид баримт, бичгийг хүргэдэг буюу Шүүхийн тамгын газар болон Цагдан хорих байгууллагын ажлын уялдаанаас шалтгаалан шүүгдэгчид шүүхийн шийтгэх тогтоолыг 2020 оны 3 дугаар 17-ны өдөр гардуулсан нь шүүгч Д.А-ийг ёс зүйн зөрчил гаргасан гэж тооцох боломжгүй юм. Иймд ...шүүхийн шүүгч Д.А-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргав” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Х.Ж-н өргөдөлд дурдагдсан шүүгч ёс зүйн зөрчил гаргасан гэх цаг хугацаа 2020 онд хамаарч байх тул 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан бол Шүүхийн ёс зүй хороо, Захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааныг Сахилгын хороонд шилжүүлнэ” гэж зааснаар 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэж, харин сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө.

Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан, хуучин Шүүхийн ёс зүйн хороонд ирсэн өргөдөл, мэдээлэл 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гишүүдэд хуваарилагдсан тул мөн өдрөөс шалгах ажиллагааны хугацааг тооцож сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн болно.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ...шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Да, Т.Н- нарыг  нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Х.Даваажавт 3 жил, Т.Н-д 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн байх ба уг шийтгэх тогтоолыг   Т.Н- нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гардаж авсан, түүний эхнэр Х.Жнь /өргөдөлд дурдсанаар/ шүүгч Д.А-ийг “шийтгэх тогтоолоо хуулийн хугацаанд гардуулж өгөөгүй” гэх үндэслэлээр гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө” гэж заасан бөгөөд ...шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоол 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр /Баасан гариг/ бичгээр үйлдэгдэж бэлэн болсон, харин... шүүхийн Тамгын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаар тушаалын хавсралтаар батлагдсан 7 хоног бүрийн 2, 5 дахь өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 409, 461 дүгээр дүгээр хорих ангид баримт бичиг хүргүүлэх хуваарийн дагуу 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр /Мягмар гариг/  шийтгэх тогтоолыг гардуулсан үйл баримт тогтоогдож байна. 

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ 27 дугаар зүйлд Шүүгчид хориглох зүйл, 28 дугаар зүйлд Шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт, 29 дүгээр зүйлд Шүүгчийн ашиг сонирхлын зөрчил, 30 дугаар зүйлд Шүүгч түүний гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг тодорхойлсон бол хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр заасан.

Шүүгч Д.А- нь хуульд заасан хугацаа хэтрүүлж шийтгэх тогтоолыг гаргаагүй, Шүүхийн тамгын газар болон Цагдан хорих байгууллагын ажлын харилцан хамаарлаас шалтгаалан шүүгдэгчид 2020 оны 3 дугаар 17-ны өдөр гардуулсанд шүүгчийг буруутгаж Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж тооцох боломжгүй, энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй. 

Иймд хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатарын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, иргэн Х.Ж өргөдөлтэй  ... шүүхийн шүүгч Д.А-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                         О.НОМУУЛИН

ГИШҮҮН                                                                 Ц.ДАВХАРБАЯР

ГИШҮҮН                                                               Д.АРИУНТУЯА