МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-06-25
Дугаар 78
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн О.Номуулин, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, өргөдөл гаргагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, Д.Ш /ажиглагчаар/ нарийн бичгийн дарга А.Намуундарь нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
...шүүхийн шүүгч Ц, Э, С, Э нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн ирүүлсэн саналдаа: 1. Шүүгч Э-ын тухайд:
Сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад бүрдүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд “Г” ХХК нь “Арбитрын үндсэн шийдвэрийг баталгаажуулах тухай” хүсэлт гаргахад ...шүүхийн шүүгчдийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 000/ЗТ2022/00350 дугаар зөвлөгөөний тогтоолоор баталсан “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-ын 2 дугаар зүйлийн 2.7 дахь хэсэгт “шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг илт үндэслэл муутай гэж гаргасан, мөн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг уг тогтоол, захирамж шийдвэр гаргасан шүүгчид хуувилна. Харин тодорхой шалтгааны улмаас тухайн шүүгч түр эзгүй тухайн шүүхэд ажиллахгүй болсон тохиолдолд “системээр гараар” хуваарилна”, 2.8 дахь хэсэгт “энэ журмын 2.7 дахь хэсэгт зааснаас бусад шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл болсон хүсэлтийг шүүгчид “системээс гараар” хуваарилна” гэж тус тус зааснаар буюу уг журмын 2 дугаар зүйлийн 2.8 дахь хэсэгт заасны дагуу “Иргэн-2014” нэгдсэн системээр гараар дарааллын дагуу шүүгч Эд хуваарилагджээ. /2 дугаар с.х-ийн 61-68 тал/
Шүүгч Э уг хүсэлтийг хүлээн авч хянаад 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 000/ШЗ2022/12143 дугаар захирамж, 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 000/ШЗ2022/13098 дугаар захирамжуудаар уг хүсэлтийг тус тус хангахаас татгалзаж шийдвэрлэж байсан байна. /2 дугаар с.х-ийн 72-80 тал/
Улмаар 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гурав дахь удаагаа дахин хүсэлтээ гаргахад шүүгч Э Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 184.3 дахь хэсэгт “...Арбитрын шийдвэр, ...нь шүүх хянан үзэж ирүүлсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүгчийн захирамжаар баталгаажуулна. Шүүгч ийнхүү захирамж гаргасан даруй гүйцэтгэх хуудас бичиж 7 хоногийн дотор төлбөр авагч, төлбөр төлөгч, шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлнэ” гэж заасан тул шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 000/ШЗ2022/16791 дүгээр захирамжаар Арбитрын үндсэн шийдвэрийг баталгаажуулж, мөн өдрийн 1574 дүгээр шүүхийн гүйцэтгэх хуудсыг бичжээ. /2 дугаар с.х-ийн 81-89 тал/
Дээр дурдагдсан ... дэргэдэх Арбитрын байгууллагын шийдвэрээр төлбөр төлөгч болсон “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г нь “шүүгч Э-ын 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 000/ШЗ2022/16791 дүгээр “Гадаад улсын арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай” захирамж, мөн өдрийн 1574 дүгээр шүүхийн гүйцэтгэх хуудсыг тус тус хүчингүй болгох тухай” хүсэлтийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гаргахдаа:
- Хоёр талаар хэвлэсэн 4 нүүр буюу 2 хуудас хүсэлт,
- “Б” ХХК-ийн захирал Э.Б-гаас 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ц.Г-д олгосон итгэмжлэл 1 хуудас,
- ...давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 210/ШЗ2023/00179 дүгээр хоёр талаар хэвлэсэн 2 нүүр буюу 1 хуудас захирамж нийт 4 хуудас баримтыг ...шүүх мөн өдрийн 16 цаг 59 минутад хүлээн авсан байна. /2 дугаар с.х-ийн 90-96, 210-211 тал/
Шүүгч Э хүсэлтийг хүлээн аваад 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 000/ШЗ2023/06071 дүгээр захирамжаар “...шүүгчийн захирамжийг хэн ч үзсэн бодит үнэнд нийцээгүй, үг, үсэг, тоо, тооцооллын алдаатай тохиолдолд захирамжийг гаргасан шүүгч өөрөө өөрчлөх, хүчингүй болгох боломж олгосон зохицуулалт юм. Харин хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтэд дурдсан үндэслэлүүд болох “...арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх явдал нь тухайн орны нийтийн дэг журамд харшилж байвал гадаадын арбитрын шийдвэрийг биелүүлэхээс татгалзах, арбитрын хэлэлцээр буюу гэрээнд оруулсан арбитрын заалтын нөхцөл тусгаагүй буюу арбитрын хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа талуудын байгуулсан хэлэлцээрт нийцээгүй эсхүл ийм хэлэлцээр байгуулаагүй бол арбитрын шийдвэр гаргасан орны хуулийг зөрчсөн бол хариуцлага хүлээх тал арбитрын шийдвэрийг биелүүлэхээс татгалзах түүнчлэн тухайн орны хууль тогтоомжоор уг маргааны объект нь арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зүйл байж болохгүй...” гэсэн нь шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй” гэж үзэн хүсэлтийг хангахаас татгалзжээ. /2 дугаар с.х-ийн 97-102 тал/
“Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр дээрх шүүгчийн 000/ШЗ2023/06071 дүгээр захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргахад тус шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн гомдол шийдвэрлэх шүүх хуралдаанаар Ерөнхий шүүгч Ц даргалж, шүүгч Д.Г, Т.Г нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэн, 000/ШТ2023/00181 дүгээр тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /2 дугаар с.х-ийн 106-111, 210, 212 тал/
Улмаар “Б” ХХК-ийн төлөөлөгч Э.Б дээрх “шүүгч Э-ын 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 000/ШЗ2022/16791 дүгээр захирамж, мөн өдрийн 1574 дүгээр шүүхийн гүйцэтгэх хуудсыг тус тус хүчингүй болгох тухай” хүсэлтийг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дахин гаргахдаа:
- Хүсэлт 5 хуудас,
- “Монгол шуудан” ХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 18/100 дугаар “тус компанийн буухиа шуудангаар Г-улс руу илгээсэн ... бүртгэлийн дугаар бүхий шуудангийн илгээмжийн гардуулалтын дэлгэрэнгүй мэдээлэл”-ийг хүргүүлсэн албан бичиг, хавсралтын хамт 2 хуудас,
- Гаалийн мэдүүлгийн баримт 1 хуудас,
- Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 08/1712 дугаар “...Монгол Улсын тусгай хамгаалалттай аль ч бүс нутагт гадаадын хөрөнгө оруулалттай аливаа аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, газар ашиглах боломжгүй юм. Тус зохицуулалт нь хүсэлтэд дурдсан Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Зайсангийн аманд 0,5 га газарт мөн адил хамаарах тул тус ... шийдвэр нь Монгол Улсын биелэгдэх боломжгүй байна” гэсэн 1 хуудас албан бичиг гэсэн нийт 9 хуудас баримтыг шүүхэд өгөхөд шүүх тухайн өдрийн 11 цаг 21 минутад бүртгэн хүлээн авчээ. /2 дугаар с.х-ийн 112-121, 210, 213 тал/
Мөн шүүгчийн туслах Т.Д шүүгч нь хүсэлтийг хүлээн авсны дараа “Б” ХХК-аас “Монгол шуудангаар ямар баримт явуулсан талаар” тодруулахад “... улсын Иргэний шүүхэд гомдол гаргасан” гээд тухайн баримтын хуулбар болон орчуулгыг шүүгчийн туслахын ... цахим хаягаар явуулсан ба уг баримтыг шүүгчийн туслах нь дээрх хүсэлт, хүсэлтэд хавсаргасан баримтуудын ард, хавтаст материалд хавсарсан байна. /2 дугаар с.х-ийн 122-130, 217-219 тал/
Шүүгч Э хүсэлтийг хүлээн авч хянаад 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 000/ШЗ2023/24153 дугаар захирамжаар “...... арбитрын шийдвэрт гаргасан гомдлыг Бүгд Найрамдах ... улсын Иргэний шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргаж, уг гомдол 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүргэгдсэн болох нь хүсэлт гаргагчийн хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтаар тогтоогдож байна... Мөн Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенцын 5 дугаар зүйлийн 5.1 (с), (d), (b), болон Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д тус тус зааснаар Монгол Улсын тусгай хамгаалалттай аль ч бүс нутагт гадаадын хөрөнгө оруулалттай аливаа аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах, уг аж ахуйн нэгжид газар ашиглуулах боломжгүй тул ... арбитрын шийдвэр нь Монгол Улсын Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтад нийцээгүй нь хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтуудаар тогтоогдлоо... шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 000/ШЗ2022/16791 дүгээр захирамж, мөн өдрийн 1574 дүгээр шүүхийн гүйцэтгэх хуудсыг олгох тухай цаг хугацаанд дээрх нөхцөл байдал үүссэн боловч шүүхэд мэдэгдээгүйн улмаас шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас илт үндэслэл муутай болсон” гэж дүгнээд ... арбитрын шийдвэрт өөрийн бичсэн байсан 000/ШЗ2022/16791 дүгээр захирамж, 1574 дүгээр шүүхийн гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /2 дугаар с.х-ийн 131-137 тал/
Дээрх үйл баримтаас үзэхэд төлбөр төлөгч “Б” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр болон 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрүүдэд гаргасан “шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 000/ШЗ2022/16791 дүгээр “Гадаад улсын арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай” захирамж, мөн өдрийн 1574 дүгээр шүүхийн гүйцэтгэх хуудсыг тус тус хүчингүй болгох” тухай хүсэлтүүд нь ижил хүсэлт байсан боловч уг хүсэлтүүдэд хавсаргасан баримтууд нь хоорондоо өөр буюу эхний хүсэлтэд 4 хуудас, дараагийн удаагийн хүсэлтэд 9 хуудас баримтыг шүүхэд өгсөн болох нь сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /2 дугаар с.х-ийн 90-96, 112-121 тал/
Иймд шүүгч Э хүсэлтийг дахин шийдвэрлэхдээ хүсэлтэд хавсаргасан нэмэлт баримтуудыг үндэслэж, өөрийн гаргасан захирамжаа хүчингүй болгон шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
Түүнчлэн хүсэлт гаргагч өмнө нь шүүхэд гаргаж байсан хүсэлтэд авагдаагүй ач холбогдол бүхий өөр баримтыг шинээр бүрдүүлэн хавсарган шүүхэд дахин хүсэлт гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй хэвээр байгаа болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн СХТ/2024/0037 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаах тухай” тогтоолд “...шүүгч Э нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 000/ШЗ2023/24153 дугаар захирамжаар өөрийн гаргасан 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 000/ШЗ2022/16791 дүгээр захирамжийг илт үндэслэл муутай гэж үзэж хүчингүй болгохдоо “...тус арбитрын шийдвэр нь Монгол Улсын Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтад нийцээгүй нь хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтаар тогтоогдлоо” гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн эсэх нь сахилгын хэрэг, түүнийг хэрэгсэхгүй болгох саналаас харагдсангүй” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1601 дугаар зүйлээр Арбитрын ажиллагаанд шүүх хэрхэн оролцохыг зохицуулсан. Мөн зүйлийн 1601.3 дахь хэсэгт “шүүх хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргах бөгөөд шүүх шийдвэртээ хүсэлтийг хангасан болон хангахаас татгалзсан үндэслэлийг заана”, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл шүүхийн шийдвэр болон шүүхээр баталгаажуулсан ...арбитрын шийдвэр, ...тэдгээрийн үндсэн дээр олгогдсон гүйцэтгэх хуудас байна”, 184 дүгээр зүйлийн 184.1 дэх хэсэгт “эрх зүйн маргааныг энэ хуулийн 13.2-т зааснаар арбитр шийдвэрлэсэн, ...арбитрын шийдвэр, ...шүүхээр баталгаажсан байна”, мөн зүйлийн 184.2 дахь хэсэгт “шийдвэрийг гүйцэтгүүлэхийг сонирхож байгаа тал ...арбитрын шийдвэр, ...төлбөр төлөгчийн оршин суугаа /оршин байгаа/ харьяалах шүүхэд хүсэлт гаргана”, мөн зүйлийн 184.3 дахь хэсэгт “...арбитрын шийдвэр, ...шүүх хянан үзэж ирүүлсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүгчийн захирамжаар баталгаажуулна...” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаар шүүх хүсэлтийг хүлээн авснаас хойш хуульд заасан хугацаанд шүүгч захирамж гаргаж, уг захирамждаа хүсэлтийг хангасан эсхүл хангахаас татгалзсан үндэслэлийг заана. Харин арбитрын шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон нь тогтоогдсон тохиолдолд шүүгч хүсэлтийг хангасан захирамж гаргаж, гүйцэтгэх хуудас олгоно гэж ойлгохоор байна.
Шүүгч Э нь хүсэлт гаргасан “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, хүсэлтэд хавсаргасан баримтуудаас “...тус арбитрын үндсэн шийдвэр нь Монгол Улсын Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтад нийцээгүй нь хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтаар тогтоогдлоо” гэж захирамждаа дүгнэсэн байх бөгөөд уг захирамжийн үндэслэлийг Шүүхийн сахилгын хороо хянах боломжгүй юм.
Учир нь шүүгч иргэний хэргийг болон хүсэлтийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрхэн үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар түүнд хуулиар олгогдсон бүрэн эрх нь бөгөөд хуулийн хүрээнд хүсэлтэд хавсаргасан баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, хүсэлтийг шийдвэрлэсэн гэж үзнэ.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт “шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан. Шүүхийн шийдвэрт тавигдах уг шаардлага нь Улсын дээд шүүхийн 2006 оны 21 дүгээр “Шүүхийн шийдвэрийн тухай” тогтоолд зааснаар шүүгчийн захирамжид мөн адил хамаарна.
Уг тогтоолын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Шүүх нь Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хууль, Монгол Улсын соёрхон баталж, нэгдэн орсон олон улсын гэрээг хэрэглэхээс гадна Үндсэн хуульд харшлахгүй бол олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг төсөөтэй хэрэглэж болно... Иргэний ...эрх зүйн маргаантай харилцааг зохицуулсан хууль байхгүй бол шүүх төсөөтэй харилцааг зохицуулж байгаа хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ. Тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй, эсхүл байгаа нь тодорхой бус, түүнчлэн хуулийн зүйл, заалт хоорондоо зөрчилтэй, шударга ёсонд нийцэхгүй байна гэсэн үндэслэлээр шүүх хуулийн хэм хэмжээг хэрэглэхээс, хэргийг шийдвэрлэхээс татгалзаж болохгүй...”, 2.2-т “...Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шийдвэрийн үндэслэл болж буй баримт болон тэдгээрийг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэн өөрийн хууль зүйн дүгнэлт бүхий үнэлгээг шийдвэртээ тусгаснаар шүүхээс гарч буй эрхийн актын үндэслэлийг тодорхойлно...”, 2.2.5-д “...Хэрэгт авагдаагүй нотлох баримтад үндэслэгдсэн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй гэж үзнэ” гэж тайлбарласнаас үзэхэд шүүгч “хуулийн зохицуулалт байхгүй” гэх үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзаж болохгүй.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт “...шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн ...шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасныг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 17 дугаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 124, 166, 167 дугаар зүйлийн зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоолын ТАЙЛБАРЛАХ нь хэсгийн 3-т “илт үндэслэл муутай гэдгийг Хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар гарсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол үг, үсэг, тоо, утга найруулгын зэрэг техникийн шинжтэй илэрхий алдаатай байхыг ойлгоно” гэж тайлбарласан байна.
Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасныг Улсын дээд шүүх 2023 оны 17 дугаар тогтоолоор тайлбарласан боловч Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2-т “...Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “тухайн маргаантай харилцааг зохицуулсан хууль байхгүй бол шүүх төсөөтэй харилцааг зохицуулж байгаа хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 10.6 дахь хэсэгт “шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй буюу байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзаж болохгүй” гэж тус тус заасан тул шүүгч Э-ыг өөрийн захирамжийг хүчингүй болгосон гэх үйлдлээр нь буруутгах хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй.
Өөрөөр хэлбэл шүүгч захирамждаа “...шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 16791 дүгээр албадан гүйцэтгэх захирамж, мөн өдрийн 1574 дүгээр гүйцэтгэх хуудсыг олгох тухайн цаг хугацаанд дээрх нөхцөл байдал үүссэн боловч бусад холбогдох баримтууд тухайн үед шүүхэд мэдэгдээгүйн улмаас шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас илт үндэслэл муутай болсон....” гэж дүгнэснийг нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан гэж үзээгүй болно.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долоодугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг алдагдуулсан хууль тогтоомж болон хэм хэмжээний акт гаргахыг хориглоно” гэж тус тус заасан.
Шүүхийн сахилгын хороонд шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, олон улсын арбитрын үндсэн шийдвэрийн үндэслэлийг хянах, тэдгээрт үнэлэлт, дүгнэлт өгөх эрхийг хуулиар олгоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Шүүхийн сахилгын хорооны 2024 оны СХТ/2024/0037 дугаар тогтоолд “...”Б” ХХК-д өгсөн Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 80/1710 дугаар албан бичиг болон ”Б” ХХК-ийн ... Улсын Иргэний шүүхэд гаргасан гэх гомдол нь тухайн Арбитрын шийдвэр хүчин төгөлдөр болсон эсэхэд нь ямар хамааралтай болох, үүнийг шүүгч хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгч өөрийн гаргасан захирамжаа илт үндэслэл муутай болсон гэж үзэж, хүчингүй болгохдоо, ... дэргэдэх Арбитрын байгууллагын шийдвэр хүчин төгөлдөр болсон эсэх, тухайн арбитрын шийдвэрт талууд гомдол гаргах эрхтэй эсэх, гомдол гаргах эрхтэй бол аль улсын ямар шүүхэд хэзээ, ямар үндэслэлээр гомдол гаргах эрхтэй болохыг хэрхэн тодруулсан нь шүүгч сахилгын зөрчил гаргасан эсэхийг- тогтооход ач холбогдолтой гэж бүрэлдэхүүн дүгнэлээ” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хүсэлтэд хавсаргасан баримтуудыг үнэлэн, мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт “энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж зааснаар шүүгчийн захирамжийг илт үндэслэл муутай гэж үзээд хүчингүй болгосон шүүгч Эын захирамжийн үндэслэлийг хянах эрх нь мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн ...124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж зааснаар зөвхөн тус шүүхийн гомдол шийдвэрлэх шүүх хуралдааны бүрэлдэхүүнд байгаа болно.
Тодруулбал, шүүгч хүсэлт шийдвэрлэсэн эрхийн акт гаргахдаа нотлох баримтыг үнэлэх эсэх болон хэрхэн үнэлэх нь тухайн шүүгчид хуулиар олгогдсон эрх бөгөөд шүүгчийн захирамжийг хянах эрх нь тус шүүхийн гомдол шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд байна.
Түүнчлэн шүүгч Э шүүгчийн захирамжаараа гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгосон боловч энэ нь “Г” ХХК-ийн шүүхэд хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй бөгөөд ... дэргэдэх арбитрын үндсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон гэх баримтын хамт хүсэлтээ тухайн шүүхэд дахин гаргах эрх нь нээлттэй.
Мөн гомдол шийдвэрлэсэн шүүх хуралдааны даргалагч, шүүгч Ц-ын “...Арбитрын арбитрын үндсэн шийдвэрийг баталгаажуулсан захирамжаа шүүгч хүчингүй болгосон нь “Арбитрын шийдвэрийг баталгаажуулахаас бүрэн татгалзсан” хэрэг биш бөгөөд тухайн шийдвэрийг хэрхэн биелүүлэх, хэрэгжүүлэх талаар шийдвэр гаргасан байгууллагаараа тайлбарлуулсны үндсэн дээр шүүхэд дахин хүсэлтээ гаргахад өмнө гаргасан захирамж, тогтоолууд саад болохгүй юм” гэх тайлбарыг үндэслэл бүхий гэж үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэлсэн бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ...” гэж заасан.
Өргөдөл гаргагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А-ын өргөдөлд дурдсан үйл баримт нь дээрх хуулийн зохицуулалтын дагуу 2012 оны Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон 2014 оны Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэмд хамаарахгүй байх тул сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2021 оны Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг дагаж мөрдөнө.
Шүүхийн сахилгын хороо шүүгчийн дотоод, итгэл үнэмшлийг хянах, шүүгчээс гарсан эрхийн актад үнэлэлт дүгнэлт өгөхгүй тул шүүгч Э-ыг шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж үзлээ.
2. Шүүгч Ц, С, Э нарын тухайд:
Шүүгч Ц-ын Ерөнхий шүүгчээр ажиллах хуульд заасан бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул ...шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 000/ЗТ2024/0623 дугаар тогтоолоор Ерөнхий шүүгчийн албан тушаалд шүүгч Б-д сонгогдсон байна.
2.1. Шүүхийн тогтоолын тухайд:
Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон баримтуудаас үзэхэд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г “шүүгч Э-ын 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 000/ШЗ2022/16791 дүгээр “Гадаад улсын арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай” захирамж, мөн өдрийн 1574 дүгээр шүүхийн гүйцэтгэх хуудсыг тус тус хүчингүй болгох тухай” хүсэлт гаргахад шүүгч Э 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 000/ШЗ2023/06071 дүгээр захирамжаар татгалзсан. /2 дугаар 90-102 тал/
Уг захирамжийг эс зөвшөөрч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахад 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 000/ШТ2023/00181 дүгээр тогтоолоор бүрэлдэхүүн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /2 дугаар с.х-ийн 106-111 тал/
“Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх хүсэлтээ 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дахин гаргахад шүүгч Э 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 000/ШЗ2023/24153 дугаар захирамжаар хүсэлтийг хангаж, шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 000/ШЗ2022/16791 дүгээр захирамж, мөн өдрийн 1574 дүгээр шүүхийн гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгожээ. /2 дугаар с.х-ийн 112-130, 131-137 тал/
Уг захирамжийг эс зөвшөөрч арбитрын шийдвэрийн төлбөр авагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш “гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай” хүсэлт гаргасныг шүүгч Т.Г-ийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 000/ШЗ2023/26819 дүгээр захирамжаар тухайн өдрөөс сэргээж, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.И 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус шүүхэд гомдол гаргасан байна. /2 дугаар с.х-ийн 138-143 тал/
Гомдлыг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгч Ц даргалан, шүүгч С, Э нарын бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэн, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 000/ШТ2024/00016 дугаар тогтоолоор “шүүгчийн захирамжийн агуулга нь Арбитрын шийдвэр хүчин төгөлдөр болоогүй, Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэхээс татгалзах үндэслэл бий болсон гэх агуулгатай байна” гэж үзээд тухайн 2 үндэслэл тус бүрд хууль зүйн дүгнэлт өгөөд шүүгчийн 2023 оны 000/ШЗ2023/24153 дугаар захирамжийг хэвээр үлдээжээ.
Тухайн шүүхийн тогтоолд техникийн шинжтэй буюу тогтоолын оныг “2023” гэж алдаатай бичсэн байсныг шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 000/ШТ2024/00038 дугаар тогтоолоор зөвтгөн “2024” болгон өөрчлөлт оруулжээ. /2 дугаар с.х-ийн 161-181 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт “шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт энэ хуулийн 170.1-д заасны дагуу гаргасан гомдлыг 14 хоногийн дотор тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр дараах байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана”, мөн зүйлийн 171.2 дахь хэсэгт “энэ хуулийн 171.1-д заасан тогтоол нь эцсийн шийдвэр болно” гэж тус тус заасан.
Гомдол шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгчийн захирамжийн үндэслэлийг хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсгийн 171.1.1-171.1.3 дах заалтад заасан шийдвэрийн нэгийн аль нэгийг гаргах нь шүүх бүрэлдэхүүнд хуулиар олгогдсон бүрэн эрх нь болно.
Мөн хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт “энэ хуулийн 171.1-д заасан тогтоол нь эцсийн шийдвэр болно” гэж заасан нь тухайн гомдол шийдвэрлэх шүүх хуралдаанаас гарч байгаа шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй болохыг хуульчилсан зохицуулалт бөгөөд үүнийг хүсэлт гаргагч дахин хүсэлтээ гаргах эрхгүй хэмээн ойлгож хүсэлт гаргах эрхийг нь хязгаарлах зохицуулалт гэж ойлгохгүй.
Өөрөөр хэлбэл шүүх бүрэлдэхүүн шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянаад тухайн цаг хугацаанд гаргасан шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй болохыг хуульчилсан зохицуулалт юм. Харин хүсэлт гаргагч нь дахин хүсэлтээ гаргахдаа өмнө өгсөн болон шинээр баримт хавсарган өгөх эсэх нь тухайн хүсэлт гаргагчийн эрх нь болно.
Иймд шүүгч Ц, С, Э нарыг “хуулийн хүчин төгөлдөр эцэслэн шийдвэрлэгдсэн шүүхийн тогтоолын талаар дахин дүгнэлт хийж эргэлзээ төрүүлэхүйц шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн тогтоол гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг илтэд ноцтой зөрчсөн үйлдэл” гэж үзэх үндэслэлгүй байх тул тэдгээрийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.38-д заасан зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна.
- Шүүгч Ц шүүх хуралдааны тэмдэглэлийг хуулбарлан өгөх эсэхийг өөрөө шийддэг гэх үндэслэлийн тухайд:
Өргөдөл гаргагч нар өргөдөлдөө “...Ерөнхий шүүгч Ц өөрийн даргалсан хурлын тэмдэглэлийг хуулбарлах үгүйг шийддэг этгээд мэтээр албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн, хуулийг дээдлэх, хуульд захирагддаг үндсэн зарчмыг алдагдуулсан илтэд бусармаг хууль бус үйлдэл гаргаж байгаа” гэх агуулгыг дурджээ.
Шалгах ажиллагааны явцад тус шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Б.Б-ээс гэрчийн мэдүүлэг авахад тэрээр “2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн гомдол шийдвэрлэх шүүх хуралдааны тэмдэглэлийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн үдээс өмнө нарийн бичгийн дарга надад өгөхөд нь материалд үдээд дугаарлаад бэлдсэн. Цайны цагийн дараа “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А орж ирээд тэмдэглэлтэй танилцахаар ирэхээр нь би материалыг танилцуулахаар өгсөн. Тэрээр гар утсаа гаргаж ирээд зураг авах гэхээр нь би “тэмдэглэлтэй уншиж танилцах эрх нь нээлттэй байгаа. Харин та хуулбарлаж авах бол зохих журмын дагуу Тамгын газарт хүсэлтээ гаргаарай” гэхэд “аан, тийм үү” гээд гараад явсан.
Дараа нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн өглөө ажил цуглах үеэр “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, П.И нар тэмдэглэлтэй танилцахаар дахин ирэхэд материалыг нь өгөөд танилцуулсан. Тэд тэмдэглэлийг нэг бүрчлэн уншиж танилцаад, баримтад гарын үсэг зураад өгсөн. Харин “Б” ХХК-ийн зүгээс гомдол шийдвэрлэх шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаагүй, зөвхөн тогтоолоо гардаж авсан”, “би “Ерөнхий шүүгч мэднэ, юунд ашиглах гэж байгаагаа тодорхой бич” гэж огт хэлээгүй”, “Ер нь шүүх хуралдааны тэмдэглэлийг хуулбарлаж өгөх талаар хууль, журамд нарийвчилсан зохицуулалт байхгүй боловч тэмдэглэлд “хуулбарлав” тэмдэг дарж хуулбарлаж өгөх нь Тамгын газрын ажил учраас Ж.А-д тухайн үед хүсэлтээ гаргаарай гэж хэлсэн. Миний хувьд шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах эрхээр нь хангасан, уг эрхийг нь олгосноос хязгаарласан зүйл байхгүй” гэх мэдүүлэг өгсөн. /2 дугаар с.х-ийн 222-226 тал/
Тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн гомдол шийдвэрлэх шүүх хуралдаанд “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, П.И, Д.Ш, тус компанийн өмгөөлөгч Д.Т, “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Э.Э нар биечлэн оролцсон байх бөгөөд “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гомдол шийдвэрлэх шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцсан болох нь шүүгч Ц-ын хариу тайлбартаа хавсарган ирүүлсэн “Хэрэг танилцуулсан тухай” баримтаар тогтоогдож байна. /2 дугаар с.х-ийн 144-160, 230 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт “шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгоно...” гэж заасан.
...шүүх ачаалал ихтэй шүүх болох нь нийтэд илэрхий тул хуульд заасан 3 хоногийн хугацаанд гомдол шийдвэрлэх шүүх хуралдааны тэмдэглэлийг гаргахад учир дутагдалтай буюу хүндрэлтэй. Хэдий тийм ч гомдол шийдвэрлэх шүүх хуралдааны 17 хуудас бүхий тэмдэглэл нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр албажин гарах ёстой боловч 3 хоногийн дараа буюу 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр албажин гарсан болох нь тус шүүхийн Тамгын газрын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 47 дугаар албан бичгээр тогтоогдож байна. /2 дугаар с.х-ийн 185 тал/
Мөн тус шүүхийн Тамгын газрын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 81 дүгээр албан бичгээр “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А-ын хүсэлтийн дагуу 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 16 дугаар гомдол шийдвэрлэх шүүх хуралдааны тэмдэглэлийг “хэргээс хуулбарлав” гэсэн тэмдгийг дарж баталгаажуулан хүргүүлжээ. /2 дугаар с.х-ийн 187 тал/
Шалгах ажиллагааны явцад шүүгч Ц нь өөрийн даргалсан гомдол шийдвэрлэх шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбарыг “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгөхгүй гэх үйлдэл, эс үйлдэхүй гаргасан эсэх нь тогтоогдоогүй тул уг үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй гэж үзлээ.
Дээрхийг нэгтгэн дүгнээд ...шүүхийн шүүгч Э, Ц, С, Э нар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзсэн тул тэдэнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Холбогдох шүүгч Э тайлбартаа: “...1. Шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 12413 дугаар захирамжаар Гадаад харилцааны сайдын 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаар “Баримт бичиг баталгаажуулж”, “Апостиль гэрчилгээ олгох” журмын хавсралт 1-ийн 1.1-д “гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц” 1-ийн гишүүн улсуудад хэрэглэгдэх, “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйлдэгдсэн албан ёсны баримт бичгийг баталгаажуулах Апостиль гэрчилгээ олгоход энэхүү журмыг мөрдөнө” гэж, 1.2.4-т “конвенц үйлчлэх албан ёсны баримт бичигт шүүх прокурорын байгууллагын баримт бичиг хамаарна” 1.3-т “баримт бичиг баталгаажуулах гэж баримт бичигт зурсан гарын үсэг жинхэнэ эсэх, гарын үсэг зурсан этгээд нь ийм эрх мэдэлтэй эсэх, дарсан тамга, гарын үсэг нь үнэн зөв болохыг нотлон гэрчлэх үйлдлийг хэлнэ” гэж зааснаар гадаадын албан ёсны баримт бичгийг уг журамд зааснаар баталгаажуулж ирүүлээгүй. Түүнчлэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “арбитрын үйл ажиллагаанд шүүх оролцоход буюу арбитрын шийдвэрийг хүчингүй болгох, баталгаажуулах, гүйцэтгүүлэх тухай хүсэлт шийдвэрлэхэд нэхэмжлэлийн үнийн дүнгийн 0,1 хувийн тэмдэгтийн хураамж хураана” гэж заасан хэмжээгээр хураамжийг төлөөгүй гэж үзэн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
2. Шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 13098 дугаар захирамжаар өмнөх шүүгчийн захирамжид заасан зөрчлийг арилгаагүй гэж үзсэнээс гадна итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А тус хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй талаарх итгэмжлэл нь хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэн мөн хүсэлтийг хангахаас татгалзсан.
3. Хүсэлт гаргагчаас 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр дахин гаргасан хүсэлтийг хянаад шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 000/ШЗ2022/16791 дүгээр “Гадаад улсын арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай” захирамжаар хүсэлтийг хангаж, мөн өдрийн 1574 дүгээр шүүхийн гүйцэтгэх хуудсыг олгосон. Ийнхүү шийдвэрлэхдээ хуульд заасан дараах шаардлагуудыг хангасан эсэх талаар дараах ажиллагаануудыг явуулсан. Үүнд:
3.1. “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхэд ирүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хүсэлт болон хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтуудаас үзэхэд “... арбитрын үндсэн шийдвэрийг Гадаад харилцааны сайдын 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаар журмын хавсралт 1-ийн 1.1-д заасны дагуу Монгол Улсын гадаад харилцааны яамны Консулын газар 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр баталгаажуулсан байх тул уг шийдвэрийг шүүх үнэн зөв гэж үзсэн. -
3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1.205.990 төгрөг төлсөн нь хуульд заасан хэмжээгээр төлсөн гэж үзсэн.
3.3. “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал В 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр П.И-д итгэмжлэл олгосон бөгөөд түүнийг ийнхүү хүсэлт гаргах эрхтэй гэж үзсэн.
3.4. Шүүх Арбитрын үндсэн шийдвэрийг баталгаажуулах хүсэлт ирүүлснийг үүрэг гүйцэтгэгч “Б” ХХК-д танилцуулж, ийнхүү уг шийдвэрийг гүйцэтгэхээс татгалзах үндэслэл байгааг тодруулсан бөгөөд үүрэг гүйцэтгэгч “Б” ХХК нь 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд тайлбар гарган ирүүлсэн.
Уг тайлбарт: “Б” ХХК-иас ... арбитрын үндсэн шийдвэртэй холбогдуулан ... улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1058 дугаар зүйлд заасны дагуу талууд арбитрын шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 сарын хугацаанд хүсэлт гаргаж, шийдвэрийг засварлуулах, тайлбарлуулахаар хандсан болохоо нотолж хүсэлт, “Монгол шуудан” ХК-ийн баримт болон гаалийн мэдүүлгийн баримт хавсарган ирүүлсэн тул ... арбитрын үндсэн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон гэж үзэхгүй гэсэн.
Гэвч хүсэлт гаргагч “Г” ХХК-иас гаргасан хүсэлтэд хавсаргасан ... Арбитрын төв байгууллагын 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн албан бичигт “...зөвшөөрөгдсөн боломжит хугацаа буюу арбитрын үндсэн шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрийг тайлбарлуулах тухай хүсэлт (... олон улсын Арбитрын 2012 оны дүрмийн 35 дугаар зүйл), шийдвэрийн алдааг засуулах тухай хүсэлт (... олон улсын Арбитрын 2012 оны дүрмийн 36 дугаар зүйл) эсвэл нэмэлт Шийдвэр гаргуулах тухай хүсэлт хүсэлт (... олон улсын Арбитрын 2012 оны дүрмийн 37 дугаар зүйл)-ийг бидэнд ирүүлээгүй” гэсэн байна
Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэгч “Б” ХХК нь гомдол гаргасан гэх цаг хугацаанаас хойш буюу 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр эрх бүхий байгууллага болох ... Арбитрын төв байгууллага ийнхүү талуудаас ямар нэгэн гомдол гаргаагүй гэж тодорхойлсон байх тул шүүх үүрэг гүйцэтгэгч “Б” ХХК-ийн тайлбарыг үндэслэл бүхий гэж үзээгүй болно.
4. Үүрэг гүйцэтгэгч “Б” ХХК-иас шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 000/ШЗ2022/16791 дүгээр захирамж, мөн өдрийн 1574 дүгээр шүүхийн гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгох тухай хүсэлт ирүүлснийг хүлээн авч, шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 06071 дүгээр захирамжаар уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл хүсэлтэд дурдсан үндэслэлүүд нь тус шүүгчийн захирамжийг илт үндэслэл муутай гэж үзэх үндэслэлгүйгээс гадна уг хүсэлтийг нотолсон баримт хүсэлтэд хавсарган ирүүлээгүй гэж үзсэн болно.
4.1. Дээрх шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 06071 дүгээр захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй тус шүүхэд үүрэг гүйцэтгэгч “Б” ХХК-иас гаргасан гомдлыг шүүх хүлээн авч хянан хэлэлцээд 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 000/ШТ2023/00181 дүгээр тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
5. Үүрэг гүйцэтгэгч “Б” ХХК-иас 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дахин “шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгох тухай” хүсэлтийг ирүүлснийг хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 000/ШЗ2023/24153 дугаар захирамжаар шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 000/ШЗ2022/16791 дүгээр захирамж, мөн өдрийн 1574 дүгээр шүүхийн гүйцэтгэх хуудсыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож шийдвэрлэсэн.
... арбитрын шийдвэрт “Б” ХХК-иас Г-ын Иргэний шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гомдол гаргасан нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүргэгдсэн баримт, мөн Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаад иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно” гэж, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулахыг хориглоно” гэж тус тус заасан тул Монгол Улсын Тусгай хамгаалалттай аль ч бүс нутагт гадаадын хөрөнгө оруулалттай аливаа аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, газар ашиглах боломжгүй улмаас ... арбитрын шийдвэр нь Монгол Улсын газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтад нийцээгүй талаарх баримтыг тус тус хүсэлтэд хавсарган шүүхэд ирүүлсэн.
Тодруулбал, шүүх ... арбитрын шийдвэрийг баталгаажуулж, гүйцэтгэх хуудас олгох тухайн цаг хугацаанд үүссэн нөхцөл байдалтай холбоотой баримтыг “Б” ХХК-иас ийнхүү хожим гаргаж өгсөн нь шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг илт үндэслэл муутай болсон гэж үзэх үндэслэл болсон.
5.1. Дээрх шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 000/ШЗ2023/24153 дугаар захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй “Г” ХХК-иас гаргасан гомдлыг шүүх хүлээн авч хянан хэлэлцээд 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 000/ШТ2024/00016 дугаар тогтоолоор уг шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Өргөдөл гаргагч “Г” ХХК өргөдөлдөө “...шүүгч Э нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн тогтоолтой хүсэлтийг дахин хүлээн авч захирамж гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчиж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн, албан үүргээ гүйцэтгэхдээ төлбөр төлөгч “Б” ХХК-нд давуу байдал олгон албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан, хэтрүүлсэн үйлдэл...” гаргасан гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1, 171 дүгээр зүйлийн 171.1, 171.2 дахь хэсэгт зааснаар “тогтоол эцсийн шийдвэр болно” гэх зохицуулалт нь тухайн гомдол гаргаж хянан шийдвэрлэсэн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэврийн хувьд эцсийн шийдвэр юм.
Иймд миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчиж, төлбөр төлөгч “Б” ХХК-д давуу байдал олгон албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан, хэтрүүлсэн үйлдэл гаргаагүй тул өргөдөл гаргагч “Г” ХХК-ийн гаргасан өргөдөлд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
Шүүгч Э Шүүхийн сахилгын хорооны СХТ/2024/0037 дугаар тогтоолыг гардан авсны дараа гаргасан нэмэлт тайлбартаа: ...Миний бие 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хийгдсэн ажиллагаануудын талаар дэлгэрэнгүй тайлбарыг хүргүүлсэн тул тус нэмэлт тайлбарын хүрээнд шүүгч арбитрын шийдвэрийг баталгаажуулах “хүсэлт”, ийнхүү баталгаажуулсантай холбоотой бусад “хүсэлт”-ийг хянан шийдвэрлэх процессоо тайлбарлахыг зорилоо.
Хувийн эрх зүй дэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “маргаан” хянан шийдвэрлэх, “хэрэг” хянан шийдвэрлэх, “хүсэлт” хянан шийдвэрлэх ажиллагаанууд хамаардаг. Шаардах эрхийг процессын журмаар хангах хэлбэр нь иргэний “маргаан” шийдвэрлэх процесс бөгөөд энэ ажиллагаа “хэрэг” хянан шийдвэрлэх ажиллагаанаас талуудын зарчмаар ялгагдана.
Тодруулбал: шүүхэд “маргаан” хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын буюу диспозитив зарчим хамаарах бол шүүхэд “хэрэг” хянан шийдвэрлэх ажиллагаанд албаны буюу оффициал зарчим хамаарах бөгөөд хэргийн шийдвэрлэлтэй холбоотой алдаа гарахад давж заалдах гомдол гаргах эсхүл шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэргийг дахин шийдвэрлэх процессоор залруулах боломжуудтай.
Хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэрийг баталгаажуулах хүсэлт түүнд гүйцэтгэх хуудас олгохтой холбоотой ажиллагаа “хүсэлт” хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар явагдаг ба тус “хүсэлт”-ийг шийдвэрлэхэд шүүх талуудын оролцоог хангах, түүнчлэн нотлох ажиллагааг талуудын эсхүл оффициалны зармаар явуулах процессгүй тул хүсэлтийн үндэслэл, хүсэлт гаргагчийн нотолгоонд үндэслэн шийдвэр гаргадаг.
Өөрөөр хэлбэл “хүсэлт” хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлтийн үндэслэл болон хүсэлтийг нотолсон баримтыг үндэслэн шийдвэр гаргах ажиллагаа юм.
Энэ утгаараа шүүх “хүсэлт”-ийг хянан шийдвэрлэхдээ зөвхөн хүсэлтийн үндэслэл тухайн хүсэлт гаргагчийн нотолгоог үндэслэсэн нь анхнаасаа “илт үндэслэл муутай”, “хүчин төгөлдөр үйлчлэх” боломжгүй бол захирамжийн үр дагаврыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Учир нь ... арбитрын үндсэн шийдвэрийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг биелүүлэхэд оролцох буюу тухайн шүүгчийн захирамжийг хэрэгжүүлэх байгууллага болох Монгол Улсын Байгаль аялал жуулчлалын яамнаас нь тухайн шүүгчийн захирамж биелэгдэх боломжгүй талаар хүсэлт гаргагч “Б” ХХК-д 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 80/1710 дугаар албан бичгээр мэдэгдсэн байдал нь шүүгчийн захирамж “анхнаасаа хүчин төгөлдөр үйлчлэх боломжгүй” гэж үзэх үндэслэл болсон.
Ийнхүү ... арбитрын үндсэн шийдвэрийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон нь “Арбитрын шийдвэрийг баталгаажуулахаас татгалзсан” хэрэг биш бөгөөд байгууллагаараа тайлбарлуулсны үндсэн дээр шүүхэд дахин “хүсэлт”-ээ гаргахад саад болохгүй байна.
Мөн олон улсын хувийн эрх зүйд зөрчилдөөний хэм хэмжээ хэрэгжих тул ... дэргэдэх Арбитрын байгууллагын шийдвэрийг Г улсын шүүх хянан шийдвэрлэх эсэхийг Монгол Улсын хууль тогтоомжоор шийдвэрлэх боломжгүй учир энэ талаар шүүгчийн захирамжид тусгайлан дүгнэлт хийгээгүй болно.
Ийнхүү шүүгч Э миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчиж, төлбөр төлөгч “Б” ХХК-д давуу байдал олгон, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан, хэтрүүлсэн үйлдэл гаргаагүй тул өргөдөл гаргагч “Г” ХХК-ийн өргөдлөөр үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
Холбогдох шүүгч Ц тайлбартаа: “...1. ... арбитрын үндсэн шийдвэрээр Монгол улсын хуулийн этгээд болох “Г” ХХК, “Б” ХХК-ийн хоорондын маргааныг шийдвэрлэсэн байсан.
2. “Г” ХХК-ийн хүсэлтээр тус шүүхийн шүүгч Э-ын 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 000/ШЗ2022/16791 дүгээр захирамжаар Гадаад улсын арбитрын шийдвэрийг баталгаажуулж, мөн өдрийн 1574 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байсан.
3. Дээрх захирамж, гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгуулах хүсэлтийг “Б” ХХК тус шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаргасныг шүүгч Э 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 000/ШЗ2023/24153 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т заасныг баримтлан арбитрын үндсэн шийдвэрийг албадан биелүүлэх тухай 000/ШЗ2022/16791 дүгээр захирамж, 1574 дугаартай гүйцэтгэх хуудсыг тус тус хүчингүй болгосон байсан.
4. Уг захирамжид “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.И, Ж.А нарын гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-т зааснаар хэлэлцээд, шүүх, арбитрын шийдвэр хүчин төгөлдөр болоогүй, Монгол Улсын Тусгай хамгаалалттай аль ч бүс нутагт гадаадын хөрөнгө оруулалттай аливаа аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, газар ашиглах боломжгүйн улмаас ... арбитрын үндсэн шийдвэр нь Монгол Улсын Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтад нийцээгүй гэх үндэслэлээр арбитрын шийдвэрийг гүйцэтгэхээр шийдвэрлэсэн захирамж, гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй гэж үзсэн.
Гомдолд дурдсан 5 үндэслэлд дараах тайлбарыг гаргаж байна.
1. Шүүгч намайг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг илтэд ноцтой зөрчсөн гэж гомдолд заасан нь үндэслэлгүй, учир нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д гомдол гаргах эрхтэй захирамж, тогтоолыг заасан ба мөн хуулийн 124.1-т заасан үндэслэлээр гарсан захирамжид гомдол гаргах эрх процессын хуулиар талуудад олгогдсон. Тухайн захирамж гаргасан шүүгч ч энэ талаар буюу гомдол гаргах эрхийг захирамждаа зааж, энэ эрхээ талууд хэрэгжүүлсэн байна. Иймээс шүүгч миний хувьд хуулийн заалтыг илтэд ноцтой зөрчсөн гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2-т Энэ хуулийн 171.1-д заасан тогтоол эцсийн шийдвэр болно гэж заасан.
Уг зохицуулалт нь зөвхөн тухайн хянасан захирамжийн тухайд хамаарч ойлгогдох ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтын хүрээнд дахин өөр үндэслэлээр өөр захирамж гаргасан тохиолдолд тухайн захирамжид гомдол гаргах эрх нээлттэй байдаг. Тийм ч учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр шүүх захирамж, тогтоол гаргах ба хуульд зааснаар гомдол гаргах эрх нээлттэй байдаг.
Мөн арбитрын шийдвэр хүчин төгөлдөр эсэх нь тодорхойгүй гэх үндэслэл гаргаж гадаадын арбитрын шийдвэрийг хүчинтэй хүчингүй талаар дүгнэлт өгсөн гэх үндэслэлийн тухайд аливаа арбитрын болон шүүхийн шийдвэрт хуулийн хүчин төгөлдөр болох буюу гомдол гаргах хугацаа дуусаж тухайн шийдвэрийн албадан биелүүлэх үндэслэл үүссэн байх ёстой байдаг. Арбитрын шийдвэрт гомдол гаргах хугацаа дууссан эсэх нь талуудын хооронд маргаантай байсан энэ талаар гомдолд болон захирамжид тусгагдсан байсан.
3. Арбитрын үндсэн шийдвэрийн үндэслэл, тогтоох хэсэгт тусгагдаагүй, гүйцэтгэх хуудсанд дурдагдаагүй зүйлийг тогтоолд заасан гэх үндэслэлийн тухайд. Шүүхийн тогтоолын үндэслэх хэсэгт тодорхой заасан ба шүүх бүрэлдэхүүн гомдол, захирамжийн үндэслэлийг хянаж үзэж дүгнэлтээ гаргасан.
4. Шүүх бүрэлдэхүүн хууль хэрэглээний хувьд тухайн зохицуулалтад хамаарах олон улсын конвенц, Монгол улсын хуулийг тайлбарлан хэрэглэж, үндэслэлээ тогтоолын үндэслэлд тодорхой заасан.
5. Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гомдол гаргах зохицуулалт нь процессын хувьд онцлог юм. Шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах эрх шүүх хуралдааны оролцогчид нээлттэй ба шүүгчийн хувьд ийнхүү хязгаарлалт тогтоох боломжгүй, шаардлагагүй асуудал юм. Миний хувьд шүүгчийн туслахдаа оролцогчийн эрхийг хязгаарласан үйлдэл хийх талаар үүрэг чиглэл өгөөгүй ба тухайн шүүхээр хэлэлцэж байгаа бусад гомдлын хэргийн адил шүүхийн тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэлийг албажуулан гаргасан даруй туслахдаа хүлээлгэн өгсөн. Шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн тогтоол гарсан үед танилцах, гардан авах зэрэг нь тухайн оролцогч нарт нээлттэй байсан ба ийнхүү тогтоолыг гардан авсан, тэмдэглэлтэй танилцсан баримтууд байгааг тайлбартаа хавсарган хүргүүлэв.
Шүүхийн Тамгын газрын дарга нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй ба шүүхийн захиргааны удирдлага хэрэгжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн тасралтгүй явуулахад туслах чиг үүрэгтэй юм. Гэтэл шүүхийн Тамгын газрын дарга, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулах хуулиар олгогдсон чиг үүрэгтэй шүүгч /Ерөнхий шүүгч/-ийг харьцуулж гомдлын үндэслэл болгож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй юм.
Шүүх хуралдааны тэмдэглэлийг ямар зорилгоор хуулбарлан авах талаар шүүгчийн туслах асууж тодруулсан бол энэ нь хуульд харшлах асуудал биш ба тодорхой үндэслэлээ тайлбарласны эцэст энэ талаар тэмдэглэл хийж, шүүгчийн туслах шүүгчид танилцуулж амаар гаргасан болон бичгээр гаргасан аливаа хүсэлтийг шийдвэрлэх боломжтой байдаг. Гэтэл ийнхүү шүүгчид хандаж ямар нэг хүсэлт санал гаргаагүй атлаа, Шүүхийн тамгын газарт шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах агуулгатай хүсэлт гаргасан байсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн захиргааны байгууллагын чиг үүргийн талаар буруу ойлголтой, процессын хуулийг буруу тайлбарласан агуулгатай болжээ.
Иймд шүүгч Ц миний бие гомдолд дурдсан Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.1.38-д заасан шүүгчид хориглох аливаа үйлдэл эс үйлдэхүй гаргаагүй ба хуульд заасан чиг үүргээ шударгаар хэрэгжүүлсэн тул сахилгын шийтгэл оногдуулахаар гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.
Шүүгч Ц, Э, С нар гишүүний ГЗҮ/2024/0061 дүгээр захирамжаар үүсгэсэн сахилгын хэрэгт гаргасан тайлбартаа: ...арбитрын үндсэн шийдвэрээр Монгол улсын хуулийн этгээд болох “Г” ХХК, “Б” ХХК-ийн хоорондын маргааныг шийдвэрлэсэн ба “Г ХХК-ийн хүсэлтээр тус шүүхийн шүүгч Э нь 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 000/ШЗ2022/16791 дүгээр захирамжаар Гадаад улсын арбитрын шийдвэрийг баталгаажуулж, мөн өдрийн 000/ГХ2022/01574 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн.
Дээрх шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгуулах хүсэлтийг “Б” ХХК нь тус шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаргасныг шүүгч Э 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 000/ШЗ2023/24153 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг баримтлан арбитрын үндсэн шийдвэрийг албадан биелүүлэх тухай 000/ШЗ2022/16791 дүгээр захирамж, 000/ГХ2022/01574 дугаартай гүйцэтгэх хуудсыг тус тус хүчингүй болгосон байна.
Энэхүү шүүгчийн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.И, Ж.А нарын гаргасан гомдлыг мөн хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д зааснаар 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд, шүүх, арбитрын шийдвэр хүчин төгөлдөр болоогүй, Монгол Улсын Тусгай хамгаалалттай аль ч бүс нутагт гадаадын хөрөнгө оруулалттай аливаа аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, газар ашиглах боломжгүйн улмаас ... ... арбитрын үндсэн шийдвэр нь Монгол Улсын Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтад нийцээгүй гэх үндэслэлээр арбитрын шийдвэрийг гүйцэтгэхээр шийдвэрлэсэн захирамж, гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй гэж үзсэн.
“Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал В нь “... шүүх бүрэлдэхүүний шүүгч Ц, С, Э нар мөн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж тогтоол гарган, бидний гомдолд дурдаагүй, мөн шүүгчийн захирамжид дурдаагүй үндэслэлээр ... дэргэдэх арбитрын шийдвэрийг хүчин төгөлдөр эсэх нь тодорхойгүй гэх үндэслэл гаргаж шийдвэрлэсэн нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй гадаадын олон улсын арбитрын шийдвэрийг хүчинтэй, хүчингүй эсэх талаар дүгнэлт өгч, эрх хэмжээ, албан тушаалаа хэтрүүлэн хуулиас давсан шийдвэр гаргаж ...” гэж гомдолд дурдсан байна.
Гомдлыг хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүн шүүгчийн захирамж болон гомдлын үндэслэлийг хянах бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 000/ШЗ2023/24153 дугаар захирамж нь “Арбитрын шийдвэр хүчин төгөлдөр болоогүй”, “Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэхээс татгалзах үндэслэл бий болсон” гэсэн агуулгатай гарсныг Гадаадын Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх тухай Нью Йоркийн конвенц, Монгол Улсын Арбитрын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэсэн.
Тодруулбал, шүүх бүрэлдэхүүн хууль хэрэглээний хувьд тухайн зохицуулалтад хамаарах олон улсын конвенц, Монгол улсын хуулийг тайлбарлан хэрэглэж үндэслэлээ тогтоолын үндэслэлд тодорхой заасан.
Талуудын хувьд Арбитрын үндсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон эсэхэд маргаантай байгаа ба Гадаадын Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх тухай Нью Йоркийн конвенцын 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Арбитрын шийдвэрээр хариуцлага хүлээх тал гагцхүү дараах нотолгоог эрх бүхий байгууллагад гаргаж өгсөн нөхцөлд тус хэсгийн (e)-д зааснаар арбитрын шийдвэр талуудын хувьд эцсийнх болоогүй эсхүл шийдвэр гаргасан буюу хууль тогтоомжийг нь хэрэглэсэн улсын эрх бүхий байгууллагаас шийдвэрийг хүчингүй болгосон буюу шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсэн тохиолдолд арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэхээс татгалзаж болохоор зохицуулсан байна.
Арбитрын арбитрын үндсэн шийдвэрийг баталгаажуулсан шүүгчийн захирамжаа хүчингүй болгосон нь “Арбитрын шийдвэрийг баталгаажуулахаас бүрэн татгалзсан” хэрэг биш бөгөөд тухайн шийдвэрийг хэрхэн биелүүлэх, хэрэгжүүлэх талаар шийдвэр гаргасан байгууллагаараа тайлбарлуулсны үндсэн дээр шүүхэд дахин “хүсэлт”-ээ гаргахад өмнө гаргасан захирамж, тогтоолууд саад болохгүй юм.
Шүүх бүрэлдэхүүн шүүгчийн захирамж, гомдолд дурдаагүй асуудлаар дүгнэлт хийгээгүй, албан тушаалаа хэтрүүлэн хуулиас давсан шийдвэр гаргаагүй, гомдол гаргагч компанийн эрх ашгийг ноцтой хохироогоогүй бөгөөд Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.1.38-д заасан шүүгчид хориглох аливаа үйлдэл эс үйлдэхүй гаргаагүй ба хуульд заасан чиг үүргээ шударгаар хэрэгжүүлсэн тул сахилгын шийтгэл оногдуулахаар гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал В, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, Д.Ш нараас ...шүүхийн шүүгч Э, Ц, С, Э нарт холбогдуулан гаргасан өргөдлүүдэд сахилгын хэрэг үүсгэн нэгтгэн шалгах ажиллагаа явуулжээ.
1. Өргөдөл гаргагчаас шүүгч Э-д холбогдуулан “...хуулийн хүчин төгөлдөр болсон, ...шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 000/ШТ2023/00181 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 000/ШЗ2023/06071 дүгээр захирамжаараа “Б” ХХК-ийн “шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгох тухай” хүсэлтийг хангахаас татгалзсан атлаа,.... “Б” ХХК нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн шүүхийн хүчин төгөлдөр тогтоолтой Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар холбогдох хуульд заасны дагуу явагдаж байсан ажиллагаанд ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр саад учруулан 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргаж байсан хүсэлтээ дахин үг, үсэг, а, б-гүй хуулбарлаж, 2023 оны 10 дугаар сары[D1] н 12-ны өдрийн 23/75 дугаар хүсэлтийг дахин гаргахад шүүгч Э хүлээн авч, шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 000/ШЗ2023/24153 дугаар захирамжаар гадаад хөрөнгө оруулалттай “Г” ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж шүүхээр урьд нь шийдвэрлэгдэж, шүүхийн тогтоол эцсийн шийдвэр болохыг дурдаж шийдвэрлэсэн хүсэлт, гомдлыг дахин хүлээн авч захирамж гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг илтэд ноцтой зөрчсөн үйлдэл. ...” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ... Арбитрын үндсэн шийдвэрээр нэхэмжлэгч “Г” ХХК-д хариуцагч “Б” ХХК-аас эрх бүхий этгээдээс баталгаажуулсан дараах баримт бичгийн эх хувийн хуулбарыг хүлээлгэн өгөхийг үүрэг болгож, энэхүү Арбитрын үндсэн шийдвэрийн 1 дүгээр заалтад заасан хариуцагчийн эзэмшил, хамгаалалт, хяналтад байгаа баримт бичгүүдээс нэхэмжлэгчийн шаардсан баримт бичгийн эх хувийг шаардсан даруйд нь Монгол Улсын холбогдох эрх бүхий байгууллагад гаргаж өгөхийг, 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр талуудын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээгээр зохицуулагдах үл хөдлөх эд хөрөнгийн төслийг амжилттай дуусгахад шаардлагатай буюу тустай бүхий л алхмыг хэрэгжүүлэхийн тулд нэхэмжлэгчтэй шударгаар хамтран ажиллахыг, нэхэмжлэгчид 169,333 швейцар франк, 143,512 евро, 58,205 америк доллар төлөхийг хариуцагчид тус тус үүрэг болгож шийдвэрлэжээ.
“Г” ХХК-аас ... Арбитрын үндсэн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасныг шүүгч Э 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 000/ШЗ2022/16791 дүгээр захирамжаар хүлээн авч, 1574 тоот гүйцэтгэх хуудсыг бичсэн байна.
Тус захирамжийг хүчингүй болгуулахаар төлбөр төлөгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргаж, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 000/ШЗ2023/06071 дүгээр шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байх ба дээрх захирамжийг эс зөвшөөрч “Б” ХХК-аас гомдол гаргасныг шүүгч Ц, Д.Г, Т.Г нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцээд 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 000/ШТ2023/00181 дүгээр тогтоолоор гомдлыг хангахгүй орхиж, 000/ШЗ2022/16791 дүгээр захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
“Б” ХХК-аас дахин 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүгчийн 000/ШЗ2022/16791 дүгээр захирамж болон 1574 тоот гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасныг шүүгч Э хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 000/ШЗ2023/24153 дугаар шүүгчийн захирамжаар “...хүсэлт гаргагч “Б” ХХК нь ... .. Арбитрын үндсэн шийдвэрт гаргасан гомдлыг Г-ын Иргэний шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргаж, уг гомдол 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүргэгдсэн болох нь хүсэлт гаргагчийн хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтаар тогтоогдож байна. Монгол Улсын тусгай хамгаалалттай аль ч бүс нутагт гадаадын хөрөнгө оруулалттай аливаа аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж, газар ашиглах боломжгүй улмаас Арбитрын үндсэн шийдвэр нь Монгол Улсын Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтад нийцээгүй нь хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтаар тогтоогдлоо. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 16791 дүгээр албадан гүйцэтгэх захирамж, мөн өдрийн 1574 тоот гүйцэтгэх хуудсыг олгох тухайн цаг хугацаанд дээрх нөхцөл байдал үүссэн боловч шүүхэд мэдэгдээгүйн улмаас шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас илт үндэслэл муутай болсон” гэж дүгнэн өөрийн гаргасан 16791 дүгээр захирамж болон 1574 тоот гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгожээ.
Дээрх өргөдлийн үндэслэлтэй холбогдуулан холбогдох шүүгч Э “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1, 171 дүгээр зүйлийн 171.1, 171.2 дахь хэсэгт зааснаар “тогтоол эцсийн шийдвэр болно” гэх зохицуулалт нь тухайн гомдол гаргаж хянан шийдвэрлэсэн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэврийн хувьд эцсийн шийдвэр юм. ...Хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэрийг баталгаажуулах хүсэлт түүнд гүйцэтгэх хуудас олгохтой холбоотой ажиллагаа “хүсэлт” хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар явагдаг ба тус “хүсэлт”-ийг шийдвэрлэхэд шүүх талуудын оролцоог хангах, түүнчлэн нотлох ажиллагааг талуудын эсхүл оффициалны зарчмаар явуулах процессгүй тул хүсэлтийн үндэслэл, хүсэлт гаргагчийн нотолгоонд үндэслэн шийдвэр гаргадаг. ...Өөрөөр хэлбэл “хүсэлт” хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлтийн үндэслэл болон хүсэлтийг нотолсон баримтыг үндэслэн шийдвэр гаргах ажиллагаа юм” гэх тайлбарыг гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасан.
Дээрх хуульд заасны дагуу шүүгч өөрийн гаргасан захирамжийг илт үндэслэл муутай гэж үзэн хүчингүй болгох нь түүний бүрэн эрхэд хамаарахаас гадна энэ үндэслэлээр шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй гэж бүрэлдэхүүн үзлээ.
2. Өргөдөл гаргагчаас шүүгч Ц болон шүүгч С, Э нарт холбогдуулан “...урьд нь өөрөө шийдвэрлэн дахин гомдол гаргах эрхгүйгээр эцсийн шийдвэр тогтоол мөн хэмээн хуулийн хүчин төгөлдөр эцэслэн шийдэгдсэн шүүхийн тогтоолын талаар дахин дүгнэлт хийж эргэлзээ төрүүлэхүйц шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж тогтоол гаргаж, бидний гомдолд дурдаагүй, мөн шүүгчийн захирамжид дурдаагүй үндэслэлээр ... дэргэдэх Арбитрын шийдвэрийг хүчин төгөлдөр эсэх нь тодорхойгүй гэх үндэслэл гаргаж шийдвэрлэсэн нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй гадаадын олон улсын арбитрын шийдвэрийг хүчинтэй хүчингүй эсэх талаар дүгнэлт өгч эрх хэмжээ албан тушаалаа хэтрүүлэн хуулиас давсан шийдвэр гаргасан” гэх өргөдлийг гаргасан.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.И, Ж.А нараас шүүгч Э-ын албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгосон 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 000/ШЗ2023/24153 дугаар захирамжид гомдол гаргасныг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүгч Ц, С, Э нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж, 000/ШТ2024/00016 дугаар тогтоолоор “... шүүгчийн захирамжийн агуулга нь арбитрын шийдвэр хүчин төгөлдөр болоогүй, арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэхээс татгалзах үндэслэл бий болсон гэх агуулгатай байна. ...талууд арбитрын үндсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон эсэхэд маргаантай. Тус шүүх арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэхээр гүйцэтгэх хуудас бичигдэх үед “Б” ХХК-ийн арбитрын шийдвэрт гомдол гаргасантай холбоотой баримтуудыг шүүх мэдэх боломжгүй буюу “Г” ХХК-ийн хүсэлт болон хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтыг үндэслэн гүйцэтгэх хуудас бичигджээ. ... тухайн арбитрын эцсийн шийдвэр нь зөвхөн мөнгө гаргуулах асуудлыг шийдвэрлээгүй ба Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэхээр байгаа тул Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх биелүүлэх тухай Нью Йоркийн конвенц, Монгол Улсын Арбитрын тухайн хуулийн зохицуулалтын хүрээнд Арбитрын шийдвэрийн хүлээн зөвшөөрч, биелүүлэх улсын эрх бүхий байгууллага болох шүүх Монгол Улсын нийтлэг ашиг сонирхлыг зөрчсөн байвал биелүүлэхээс татгалзах захирамж гаргах үндэслэлтэй” гэж дүгнэн гомдлыг хангахгүй орхиж, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 000/ШЗ2023/24153 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.
Тус шүүх хуралдааны үед “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.И “... “Б” ХХК сүүлд гаргасан гомдолдоо хоёр өөр баримт гаргасан байна. Нэг нь ... руу явуулсан Монгол шуудангийн баримтыг өгсөн байгаа. Монгол шуудангийн баримтыг харахаар энэ нь Г-д илгээмж очсон гэж байгаа ч тухайн шүүхэд очоод, шүүх хүүлээж авсан талаар ямар нэгэн баримт байхгүй. ..зүгээр л ... улсын иргэний шүүхэд гээд хаягаар нь Монгол шуудангаар явуулсан гэсэн. Энэ баримтыг шүүх үндэслэсэн байна” гэх тайлбарыг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А “...гомдол ... гаргадаг процессын журам нь бол ... улсад бүртгэлтэй өмгөөлөгчөөр дамжуулж гарах ёстой гээд хуульдаа заачихсан” гэх тайлбарыг, өмгөөлөгч Д.Т “...Монгол шуудангийн баримт өгч байгаа ч тэр баримтаас юу харагдах вэ гэхээр Г-ын шүүх нь хүлээж аваад шийдчихсэн үү, үгүй юү гэдэг зүйл харагдахгүй. Зүгээр л шууданг нь ... улс руу явуулсан гэдэг баримт байна” гэх тайлбарыг, “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э “..өмнө нь яасан бэ гэхээр шүүгч татгалзахдаа ... улс руу тухайн шүүхэд тухайн цаг тухайд нь гомдол гаргах эрхийн хүрээнд гаргасан юм уу, гаргасан бол тэр баримт байхгүй байгаа учраас татгалзаад байна л гэдэг юмыг хэлж байсан. Түүнээс биш тэр баримтууд өмнө нь хэрэгт авагдсан баримтуудаар бол байхгүй. ...”Б” ХХК нь тухайн цаг хугацаанд нь гомдлоо гаргасан үйл баримтууд, нотлох баримтуудыг шүүхэд авчирч өгөөд, шүүгч өөрийнхөө итгэл үнэмшлээр шийдсэн” гэх тайлбарыг гаргасан нь шүүхийн тогтоолд авагджээ.
Дээрхээс үзвэл шүүх бүрэлдэхүүн шүүгчийн захирамж болон “Г” ХХК-ийн гомдол, хуралдаанд гаргасан оролцогч нарын тайлбар зэргийг үндэслэн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байх ба өргөдөлд дурдсан захирамжид тусгагдаагүй болон гомдолд дурдагдаагүй асуудлыг шийдвэрлэсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул шүүгч Ц, Э, С нарыг дээрх үндэслэлээр сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт “Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт энэ хуулийн 170.1-д заасны дагуу гаргасан гомдлыг 14 хоногийн дотор тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр дараахь байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана”, 171.1.1-т “тогтоол, захирамж, шийтгэврийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих”, 171.1.2-т “тогтоол, захирамж, шийтгэвэрт өөрчлөлт оруулах”, 171.1.3-т “тогтоол, захирамж, шийтгэврийг хүчингүй болгох” гэж заажээ.
Мөн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 000/ШТ2023/00181 дүгээр тогтоолоор “Б” ХХК-ийн арбитрын шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтийг шүүгч Ц, Д.Г, Т.Г нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэж хангахгүй орхиж шийдвэрлэсэн, харин 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 000/ШТ2024/00016 дугаар тогтоолоор “Г” ХХК-аас шүүгч Э-ын арбитрын шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж болон гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгосон захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг шүүгч Ц, С, Э нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж шийдвэрлэжээ.
Ийнхүү гомдол шийдвэрлэсэнтэй холбогдуулан өргөдөл гаргагч шүүгч нарыг “хуулийн хүчин төгөлдөр эцэслэн шийдэгдсэн шүүхийн тогтоолын талаар дахин дүгнэлт хийж эргэлзээ төрүүлэхүйц шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж тогтоол гаргасан” гэх үндэслэлээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.
Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.38-д “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг бусдад өгөх, нийтэд мэдээлэх” гэсэн нь шүүхийн шийдвэрийн агуулга, үндэслэл, шийдлийн талаар салаа утга бүхий ойлголтыг өгөх, мэдээлэхийг ойлгох тул уг өргөдлийн үндэслэл нь дээрх хуульд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй байна.
3.Шүүгч Ц-д холбогдуулан гаргасан өргөдөлд “...Ерөнхий шүүгч Ц даргалсан шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 000/ШТ2024/00016 дугаар тогтоолтой гомдлын хуралдааны тэмдэглэлийг хуулбарлах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийнхээ дагуу гомдол гаргагч фото зураг авч, хуулбарлах хүсэлт гаргасан боловч Ерөнхий шүүгчийн туслах нь “Ерөнхий шүүгч мэднэ, юунд ашиглах гэж байгаагаа тодорхой бич” гэх мэтээр бидний эрх ашиг зөрчигдөж, Ерөнхий шүүгч Ц нь шүүхийн Тамгын газрын даргаас давсан эрх мэдэлтэй бөгөөд хурлын тэмдэглэлийг хуулбарлахад шүүхийн Тамгын газрын даргаас зөвшөөрөл аван хуулбарлах гэсэн боловч Ерөнхий шүүгч Ц өөрийн даргалсан хурлын тэмдэглэлийг хуулбарлах үгүйг шийддэг этгээд мэтээр албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн, хуулийг дээдлэх, хуульд захирагддаг үндсэн зарчмыг алдагдуулсан илтэд бусармаг хууль бус үйлдэл гаргаж байгаад маш их гомдолтой байна” гэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүгч Ц, С, Э нар гомдол шийдвэрлэх хуралдаанаар шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байх ба тус хуралдааны тэмдэглэлийг хуулбарлах хүсэлтийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А-аас шүүхийн Тамгын газарт хандан гаргасан.
...шүүхийн Тамгын газрын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 44 дүгээр албан бичгээр “Уг шүүх хуралдааны тэмдэглэлийг ямар зорилгоор хуулбарлан авах гэж байгаа нь тодорхойгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн оролцогч нь хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй, иймд шүүх хуралдааны тэмдэглэлийг хуулбарлан өгөх боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжтой” болохыг мэдэгджээ.
Улмаар “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А-аас “... 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгоно гэж заасан хугацаанаас хойш 8 хоног өнгөрсөн ч тэмдэглэлийг өнөөдрийг хүртэл танилцуулаагүй” гэх хүсэлт гаргасан байх ба ...шүүхийн Тамгын газрын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 47 дугаар албан бичгээр “шүүгчийн туслах Б.Бийн тайлбараас үзэхэд 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүх хуралдааны тэмдэглэл албажсан, шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах талаар танд мэдэгдэж, танилцах боломжоор хангасан байна” гэж хариуг хүргүүлсэн байна.
Үүний дараа 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А-аас дахин хурлын тэмдэглэлийг яаралтай хуулбарлан өгөх хүсэлт гаргасны дагуу ...шүүхийн Тамгын газрын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 81 дугаар албан бичгээр гомдлын шүүх хуралдааны тэмдэглэлийг хуулбарлан “Г” ХХК-д хүргүүлсэн байна.
Гэрч Б.Б /шүүгчийн туслах/ “...2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн гомдол шийдвэрлэх шүүх хуралдааны тэмдэглэлийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн үдээс өмнө нарийн бичгийн дарга надад өгөхөд нь материалд үдээд дугаарлаад бэлдсэн. Цайны цагийн дараа “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А орж ирээд тэмдэглэлтэй танилцахаар ирэхээр нь би материалыг танилцуулахаар өгсөн. Тэрээр гар утсаа гаргаж ирээд зураг авах гэхээр нь би “тэмдэглэлтэй уншиж танилцах эрх нь нээлттэй байгаа. Харин та хуулбарлаж авах бол зохих журмын дагуу Тамгын газарт хүсэлтээ гаргаарай” гэхэд “аан, тийм үү” гээд гараад явсан. Дараа нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн өглөө ажил цуглах үеэр “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, П.И нар тэмдэглэлтэй танилцахаар дахин ирэхэд материалыг нь өгөөд танилцуулсан. Тэд тэмдэглэлийг нэг бүрчлэн уншиж танилцаад, баримтад гарын үсэг зураад өгсөн. Харин “Б” ХХК-ийн зүгээс гомдол шийдвэрлэх шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаагүй, зөвхөн тогтоолоо гардаж авсан”, “би “Ерөнхий шүүгч мэднэ, юунд ашиглах гэж байгаагаа тодорхой бич” гэж огт хэлээгүй”, “Ер нь шүүх хуралдааны тэмдэглэлийг хуулбарлаж өгөх талаар хууль, журамд нарийвчилсан зохицуулалт байхгүй боловч тэмдэглэлд “хуулбарлав” тэмдэг дарж хуулбарлаж өгөх нь Тамгын газрын ажил учраас Ж.Ад тухайн үед хүсэлтээ гаргаарай гэж хэлсэн. Миний хувьд шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах эрхээр нь хангасан, уг эрхийг нь олгосноос хязгаарласан зүйл байхгүй” гэх мэдүүлэг өгсөн байна.
Иймд өргөдөлд дурдсан “Ерөнхий шүүгч Ц өөрийн даргалсан хурлын тэмдэглэлийг хуулбарлах үгүйг шийддэг этгээд мэтээр албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн” гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүгч нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.38-т заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байх тул ...шүүхийн шүүгч Ц, Э, Э, С нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүний 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ГС/2024/0076 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ...шүүхийн шүүгч Ц, Э, Э, С нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН О.НОМУУЛИН
Х.ХАШБААТАР