МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-06-19
Дугаар 71
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Намуундарийг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүlний 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ГС/2024/0073 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон саналдаа: “... Иргэн Ч.С-аас ... дүүргийн Засаг даргад холбогдуулан “... миний бие ... дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт ... 1451 м.кв газар эзэмшдэг. ... ... дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ... А/441 тоот захирамжаар Б.С-д “... 19-р хороо, Шарга морьт ...”-д 613 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгосон ... газар нь манай газартай хил залгаа байрлалтай, Ч.С миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна ...” гэсэн нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. Хариуцагч “... Б.С-д эзэмшүүлсэн газар нь нэхэмжлэгч Ч.С-д эзэмшүүлсэн газартай ямар нэг байдлаар давхцалгүй ...” гэж, гуравдагч этгээд “... миний хадам эх болох Ч.С-ийн эзэмшил бүхий газартай огт хамааралгүй, нийтийн эзэмшлийн газар бөгөөд ... иргэн, аж ахуй нэгж байгууллагад хохирол төвөг учруулж, зам хаах болон гарч орцгүй болгох зэрэг асуудал огт байхгүй ...” гэсэн тайлбарыг шүүхэд гаргажээ. Шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн .../ШЗ2023/4491 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, Ерөнхий шүүгчийн захирамжаар даргалагч шүүгчээр Б.М-ийг томилсон шийдвэрийг албажуулжээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр товлож, товыг талуудад мэдэгдсэн байх ба тус хэлэлцүүлэгт нэхэмжлэгч талаас захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргаагүй байна. Шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн .../ШЗ2024/1714 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулжээ. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч “... маргаж буй захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж өгнө үү ...” гэх хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гаргажээ. Хэргийн оролцогч нь хүсэлт гаргаснаас хойш,
а/ нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “ ... гэрч оролцуулж, ... нотлох баримт гаргуулах тухай ... ” хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн .../ШЗ2024/1853 дугаар захирамжаар хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан,
б/ өмгөөлөгч Д.Г-ээс 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн .../ШЗ2024/2137 дугаар захирамжаар хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан,
в/ өмгөөлөгч Д.Г-ээс 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг шүүгчийн мөн өдрийн .../ШЗ2024/2538 дугаар захирамжаар хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан,
г/ Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд “ ... захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасан. ... шийдвэрлэхгүй 41 хоног өнгөрсөн байна. Нэхэмжлэгч талын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байгаа эс үйлдэхүй байгаа учраас Б.М-ийг ... татгалзаж ... байна” гэх хүсэлт гаргаж, шүүгчийн .../ШЗ2024/2934 дүгээр захирамжаар татгалзлыг шийдвэрлэх хүртэл шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн .../ЕШЗ2024/0453 дугаар захирамжаар “ ... захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээгүй гэх асуудал нь хуульд заасан шүүгчийг татгалзах үндэслэлд хамаарахгүй ...” гэж дүгнэн, хангахаас татгалзжээ. Дээрхээс үзвэл, шүүгч нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2024 оны 02 дугаар сарын 23, 2024 оны 3 дугаар сарын 05, 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрүүдэд гаргасан хүсэлтийг шүүх хуралдаанаар хэлэлцэлгүй захирамж гарган шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан хэдий ч удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, мөн шүүгчийг хүсэлт шийдвэрлэхгүй байна гэх шалтгаанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлт гаргаж, түүнийг шийдвэрлэсэн зэрэг ажиллагаа нь нэг талаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэх хуралдаан хийх боломж гараагүй мэт харагдана. Тиймээс ч шүүгч “ ... 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлосон боловч хүсэлт гаргагч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г-ээс ... хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1853 дугаар захирамжаар хангаж, ... 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г-ээс ... шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг ... шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2137 дугаар захирамжаар хангаж, ... 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г-ээс дахин ... шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг мөн өдрийн 2538 дугаар захирамжаар хангаж, ... 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цаг 00 минутад шүүх хуралдааныг товлосон, мөн өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г-ээс “актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт”-ийг шийдвэрлээгүй гэх үндэслэлээр шүүгчээс татгалзан гарах тухай хүсэлт гаргасан тул шүүх хуралдаан хойшилж, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн .../ЕШ2024/0453 дугаар захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Ингээд 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар түүний гаргасан маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэсэн ...” гэж тайлбарлажээ. Шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн .../ШЗ2024/3611 дүгээр захирамжаар буюу захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргаснаас хойш 62 хоногийн дараа түдгэлзүүлжээ. Хуульд зааснаар хүсэлтийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэх ба уг хугацааг шаардлагатай бол нэг удаа 10 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд 62 хоногийн дараа хүсэлтийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзнэ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэх заалт нь удаа дараа, ноцтой байх гэсэн урьдчилсан нөхцөл хангасан байхыг шаарддаг. Шүүхийн сахилгын хорооны Мэдээлэл дүн шинжилгээний хэлтсээс ирүүлсэн “Сахилгын хэргийн бүртгэл хяналтын системээр дамжуулан шалгасан талаарх мэдээлэл, лавлагаа”-аас харахад шүүгч Б.М нь сахилгын зөрчил гаргаж, шийтгэл хүлээж байгаагүй байх тул түүнийг удаа дараа зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч “... маргаж буй газар дээр гуравдагч этгээдийн хувьд ... үйл ажиллагаа явуулах магадлал гарч байгаа. ... Хариуцагчийн зүгээс ... эзэмшигч нэмэх, хасах, өөр этгээдэд шилжүүлэх эрсдэл байж магадгүй гэж харж байна ...” гэж хүсэлтийн үндэслэлээ тайлбарласан, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... дүүргийн Засаг даргаас газар эзэмших эрх шинээр олгох, нэмэх эрх зүйн орчин хаалттай болсон. ... манай зүгээс хуулиараа хориотой учраас энэ зүйлийг хийх боломжгүй ...”, гуравдагч этгээдийн өмгөөлөгч “... С гэдэг хүнд олгогдсон газар болохоос ямар нэгэн байдлаар хүний газартай давхацсан тийм маргаан байхгүй. ... нэхэмжлэгчийн ямар эрх ашиг зөрчигдөөд байгаа нь өнөөдөр эргэлзээтэй ... байна ... ”, гуравдагч этгээд “... тухайн газар би юу ч хийгээгүй байгаа ... манай байгууллагаас нэг гэр өгнө гэсэн, би гэр бариад тэр газар дээрээ амьдарна. Надад тэр газарт үйл ажиллагаа явуулах мөнгө байхгүй ... тэнд хууль зөрчсөн нэг ч үйлдэл байхгүй ... ” гэсэн тайлбарыг гаргажээ. Захиргааны акт нь хэн нэгэнд үүрэг хүлээлгэсэн, эсхүл хэн нэгний эрхийг хязгаарласан байх, маргаан бүхий захиргааны акт байх, хуульд заасан түдгэлзүүлж болохгүй нөхцөл байдалд хамаарахгүй байх, мөн нэхэмжлэгчид залруулах боломжгүй хохирол учрах нөхцөл байдал байгаа эсэхийг харгалзаж захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэдэг. Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэхгүй байснаар нэхэмжлэгчийн болон бусад этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхолд хор хохирол учирсан, мөн учирч болзошгүй нөхцөл байдал байсан талаар холбогдох баримт захиргааны хэрэгт байгаагүй, шүүгч 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн .../ШЗ2024/3611 дүгээр захирамжаар захиргааны актын биелэлтийг 62 хоногийн дараа түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх тул тус зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлгүй. Иймд, холбогдох шүүгч Б.М-ийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Шүүгч Б.М тайлбартаа: “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.М би Монгол Улсын шүүхийн Сахилгын хорооны гишүүний 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 0062 дугаар захирамжтай танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Миний бие Ч.С-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн ... дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г-ээс 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Актын биелэлтийг түдгэлзүүлэх нь эрх зүйн үр дагавартай тул шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, хүсэлт гаргагчаас актын биелэлтийг түдгэлзүүлэх /эрх зүйн түр хамгаалалт авах/ үндэслэл, шаардлага, бусад оролцогч нараас түдгэлзүүлж болохгүй үндэслэл байгаа эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай. Улмаар 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлосон боловч хүсэлт гаргагч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г-ээс 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шүүх хуралдаанд “гэрчээр н.Т-ыг асуулгах” хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1853 дугаар захирамжаар хангаж, шүүх хуралдааныг хойшилж, 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 30 минутад шүүх хуралдааныг товлосон, мөн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г-ээс “шүүх хуралдаан давхацсан” гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2137 дугаар захирамжаар хангаж, шүүх хуралдааныг хойшилж, 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 00 минутад шүүх хуралдааныг товлосон, 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г-ээс дахин “шүүх хуралдаан давхацсан” гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг мөн өдрийн 2538 дугаар захирамжаар хангаж, шүүх хуралдаан хойшилж, 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цаг 00 минутад шүүх хуралдааныг товлосон, мөн өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г-ээс “актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт”-ийг шийдвэрлээгүй гэх үндэслэлээр шүүгчээс татгалзан гарах тухай хүсэлт гаргасан тул шүүх хуралдаан хойшилж, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн .../ЕШ2024/0453 дугаар захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Ингээд 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар түүний гаргасан маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэсэн. Хэдийгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г-ээс 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр маргаан бүх захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч товлогдсон шүүх хуралдаан бүрд хүсэлт гаргаж, уг хүсэлтүүдтэй холбоотой шүүх хуралдаан удаа дараа хойшилсон болно. Шүүхээс, шүүгчээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г-ээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл, эс үйлдэхгүй гаргаагүй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өмгөөлөгч Ц.Г-ээс “...нэхэмжлэгчийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гаргасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.
Улмаар 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийн оролцогч нараас хүсэлт гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг товложээ. /сахилгын хэргийн 24,25/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г-ээс 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн .../ШЗ2024/3611 дүгээр шүүгчийн захирамжаар хангаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан маргаан бүхий актын биелэлтийг уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байна. /сахилгын хэргийн 52-55/
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.2-т “Шүүгч захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэнэ”, 70.8 дахь хэсэгт “Шаардлагатай бол энэ хуулийн 70.1-д заасан хугацааг нэг удаа 10 хүртэл хоногоор шүүгч сунгаж болно.” гэж заасан.
Шүүгч Б.М нь нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг 62 хоногийн дараа шийдвэрлэсэн нь дээрх хуульд заасан хугацааг 45 хоногоор хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
Гэвч дээрх захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргаснаас шийдвэрлэх хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаан 4 удаа хойшилсон байх ба шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулж байжээ.
Тодруулбал, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн .../ШЗ2024/1853, 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн .../ШЗ2024/2137, 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн .../ШЗ2024/2538 дугаар шүүгчийн захирамжуудаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтүүдийг хангаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр хойшлуулсан байна.
Мөн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон хариуцагч тал аль аль нь ирсэн боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй гэх үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаж, .../ШЗ2024/2934 дүгээр шүүгчийн захирамжаар татгалзлыг шийдвэрлэх хүртэл шүүх хуралдааныг хойшлуулжээ.
Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн .../ЕШЗ2024/0453 дугаар захирамжаар “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээгүй гэх асуудал нь хуульд заасан шүүгчийг татгалзах үндэслэлд хамаарахгүй” гэж дүгнэн, татгалзан гарах хүсэлтийг хангахаас татгалзжээ.
Дээрхээс үзвэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшилсны улмаас 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гаргасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
Учир нь захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шүүхээс шийдвэрлэхдээ талуудын байлцуулан тайлбарыг сонсож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй нөхцөл байгаа эсэхийг тодруулах зайлшгүй шаардлагатай байдаг.
Мөн дээрх хүсэлтийг хугацаа алдаж шийдвэрлэснээс шалтгаалан нэхэмжлэгчийн болон бусад этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн, хохирол учирсан, учирч болзошгүй нөхцөл байдал үүссэн гэх үйл баримт шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй байна.
Иймд шүүгч Б.М хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ хуульд заасан хугацааг 45 хоногоор хэтрүүлсэн болох нь тогтоогдож байх боловч энэ нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарахгүй талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий болжээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ГС/2024/0073 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, өмгөөлөгч Ц.Г-ийн өргөдлөөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.М-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Д.АРИУНТУЯА
Д.ЭРДЭНЭЧУЛУУН