info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-06-19

Дугаар 72

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, өргөдөл гаргагч Б.М /ажиглагчаар/, нарийн бичгийн дарга А.Намуундарь нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч Б.Ц, Б.А, Б.Б, Ч.Х, Д.Э нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүний хэрэгсэхгүй болгох саналд: 1.Өргөдлийн: “...уг хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа нь надад холбогдох Эрүүгийн хуулийн зүйл заалтыг хууль зүйн үндэслэлгүйгээр хүндрүүлсэн” гэх үндэслэлийн тухайд:

... Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн хэргийг ... анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 66 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.М-ыг бага насны хүүхдийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 16 (арван зургаа) жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээрх шийтгэх тогтоолыг шүүгдэгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасныг ...шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 42 дугаар магадлалаар  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасныг ...шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны 627 дугаар тогтоолоор “...Прокуророос шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 болгож хөнгөрүүлэн зүйлчилж, ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Б.М-д 9 жил хорих ял шийтгэсүгэй гэсэн нэмэлт өөрчлөлтийг оруулж” шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрээс үзвэл ...шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны 627 дугаар тогтоолоор шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн байх тул өргөдөл гаргагчийн “...хяналтын шатны шүүх Эрүүгийн хуулийн зүйл заалтыг хууль зүйн үндэслэлгүйгээр хүндрүүлсэн” гэсэн нь үндэслэлгүй болно.

2.Өргөдөл гаргагчаас: “...хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолд залруулга хийхдээ хууль үйлчлэх цаг хугацааг анзааралгүй шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан” гэх үндэслэлийн тухайд:

Монгол ...шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Тогтоолд залруулга хийх тухай” 74 дүгээр тогтоолоор ...шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 627 дугаар шүүх хуралдааны тогтоолд гарсан алдааг техникийн шинжтэй алдаа гэж үзэж  тус тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан хэсгийг: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3 болгож хөнгөрүүлэн зүйлчилсүгэй” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй” гэж, “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар...” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан.

Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “...таван жилээс арван хоёр жилийн хорих ял” оногдуулах хуулийн зохицуулалттай байсныг 2020 оны 01 сарын 10-нд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар дээрх хуулийн санкцийг “...найман жилээс арван таван жил хорих ял” оногдуулахаар өөрчилсөн байна.

Иймд хяналтын шатны шүүхээс шүүгдэгч Б.М-д дээрх хуулийн зүйл, хэсэгт зааснаар түүнд 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

3. Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн СХТ/2023/0048 дугаар тогтоолд дурдсан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх ойлголт нь шүүгчийн ёс зүйн болон сахилгын зөрчилд хамаарах эсэхэд илтгэгч гишүүн дүгнэлт өгвөл зохино” гэж дүгнэжээ.

Өргөдөл гаргагч Б.М-ын өргөдөлд дурдсан шүүгч сахилгын зөрчил гаргасан гэх цаг хугацаа 2020 оны 10 дугаар сард хамаарч байх тул 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ...” гэж зааснаар 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэж, харин сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/-ийн 27, 28, 29, 30 дугаар зүйлүүдэд шүүгч хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг тодорхойлсон бол хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дугаар зүйлд “Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэнэ” гэж тодорхойлсон.

...шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 627 дугаар хяналтын шатны шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд шүүх шийдвэрээ танилцуулахдаа: “...хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 гэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 9 жилийн хорих ялыг хаалттай дэглэмд гэсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж...” гэж уншиж сонсгожээ.

Гэтэл ...шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 627 дугаар хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг бичгээр гаргахдаа тогтоох хэсэгт “...Прокуророос шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 болгож хөнгөрүүлэн зүйлчилсүгэй, ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Б.М-д 9 жил хорих ял шийтгэсүгэй” гэж албажуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ”, тус зүйлийн 1.8-т “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” гэж заасан.

Нэр бүхий шүүгч нар нь уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй албажуулсан нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн, шүүгчийн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзнэ.

Гэвч Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй”, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 167 дугаар зарлигийн хавсралтаар баталсан Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.17-д “Шүүгчид холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, зөрчил гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй” гэж тус тус зааснаар шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хяналтын шатны шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар прокурор, оролцогч шүүхэд хүсэлт гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар энэ хуулийн 36.14 дүгээр зүйлд заасан журмаар залруулна”, мөн хуулийн 36.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдааг шүүх “даруй” хянан хэлэлцэж, шийдвэрийг залруулна” гэж тус тус заасан.

Боломжит богино хугацааг “даруй” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.7-д тодорхойлжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг хэнд ч илэрхий ойлгомжтой төдийгүй шүүхийн практикт нэг мөр ойлгож хэрэгжүүлдэг хуулийн зохицуулалтыг санаатайгаар гуйвуулан тайлбарлаж өөрөөр хэрэглэсэн, хуульд захирагдах зарчмыг зөрчсөн ноцтой үйлдлийг, эсхүл олон удаагийн давтамжаас хамаарч сахилгын зөрчилд тооцох эсэхийг тогтоохоор хуульчилсан гэж тус тус ойлгоно.

Нэр бүхий шүүгч нар нь ...шүүхийн 2020 оны 10  дугаар сарын 30-ны өдрийн 627 дугаар хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол гарснаас хойш 7 сар 28 хоногийн дараа, шүүгдэгч Б.М 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүсэлт гаргаснаас 2 сар 4 хоногийн дараа 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдаанаар залруулга хийсэн нь хуулиар тогтоосон “даруй” гэх хугацааг хэтрүүлсэн зөрчил үйлдсэн нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх боловч дээрх үйлдлийг шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан, шүүхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн ноцтой зөрчилд тооцохгүй бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “ноцтой”, “удаа дараа” байх урьдач нөхцөл хангагдаагүй гэж үзлээ.

Тодруулбал, “удаа дараа” гэдэг нь хоёр ба түүнээс дээш удаа гэж ойлгогдох бөгөөд сахилгын хэрэгт баримтаас үзвэл нэр бүхий шүүгч нар нь хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Харин холбогдох шүүгч нар нь шүүгчид хориглосон хуулийн илт тодорхой заалтыг дахин зөрчсөн үйлдэл гаргасан тохиолдолд “удаа дараа” гэх ойлголтод хамаарах тул цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж ажиллахыг анхааруулах нь зүйтэй байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаар зарлигаар ...шүүхийн шүүгч Д.Э нь өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд, дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнээд,... шүүхийн шүүгч Б.Ц, Б.А, Б.Б, Ч.Х, Д.Э нарт үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

...шүүхийн шүүгч Б.А, Б.Б, Ч.Х, Б.Ц, Д.Э нар тайлбартаа: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 433 дугаар хаалттай хорин ангид ял эдэлж буй Б.М нь Шүүхийн сахилгын хороонд “...шүүхийн шүүгч Б.Ц, Б.А, Б.Б, Ч.Х, Д.Э, Ерөнхий шүүгчийн ажлын албаны дарга Т.У нар нь Шүүгчийн ёс зүйн зөрчлийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг болон Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд тус тус заасныг зөрчиж, миний эрх зүйн байдлыг дордуулсан. Надад холбогдох хэрэг нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Эрүүгийн хуулиар шийдэгдэх атал нэр бүхий шүүгч нар нь 2020 оны хүндэрсэн хуулиар тооцож, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 627 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар 9 жилийн хорих ял оногдуулсан. Үүнийг ...шүүхийн Тамгын газраас 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №6/685 дугаар албан бичгээр хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол алдаа гаргаагүй гэж тогтоосон тул уг хэргийн талаар цаашид заргалдах боломжгүй болсон. Улмаар ...шүүхийн Тамгын газарт хууль үйлчлэх цаг хугацааны талаар тайлбар гаргуулах тухай хүсэлт гаргахад үүнийг үндэслэж, ...шүүх дахин хуралдаж, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 74 дугаар шүүхийн тогтоолоор надад холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүндрүүлсэн. Хуульд нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолд дахин нэмэлт өөрчлөлт оруулахдаа шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж хуульчилсан. Иймд дээрх нэр бүхий шүүгч нар нь санамсар болгоомжгүйгээр өөрсдийн ажилдаа хайнга хандсан улмаас хууль үйлчлэх цаг хугацааг анзааралгүй орхигдуулж, уг хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа нь надад холбогдох хэргийн зүйлчлэлийг хууль зүйн үндэслэлгүйгээр хүндрүүлсэн тул энэхүү нөхцөл байдлыг нэн даруй хуульд зааснаар хуулийн дагуу хянан шалгаж, шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий өргөдөл гаргасан байна.

Б.М-аас гаргасан дээрх өргөдлийн дагуу Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 94 дугаар захирамжаар ...шүүхийн шүүгч Б.А, Б.Б, Ч.Х, Б.Ц, Д.Э нарт сахилгын хэрэг үүсгэжээ. ... анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-ыг бага насны хүүхдийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 16 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд ...шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна. Б.М-д холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч М.Чулуун нарын гаргасан гомдлыг үндэслэн ...шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 627 дугаар хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Б.М-ын 2016 оны 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр сард, 2017 оны 10 дугаар сард, 2018 оны 04 дүгээр сарын үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож, прокуророос шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэж дүгнэн хөнгөрүүлэн зүйлчилж, 9 (ес) жил хорих ял оногдуулсан шийдвэрийн агуулгыг шүүх хуралдаан даргалагч уншиж сонсгосон.

Гэтэл ...шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 627 дугаар хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг бичгээр гаргахдаа тогтоох хэсэгт “Прокуророос шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 болгож хөнгөрүүлэн зүйлчилсүгэй”,... “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Б.М-д 9 (ес) жил хорих ял шийтгэсүгэй” гэж, шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрээс зөрүүтэй албажуулсан билээ. Улмаар 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 74 дугаар шүүхийн тогтоолоор 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 627 дугаар хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолд гарсан техникийн шинжтэй алдааг залруулж, ...шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 627 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан хэсгийг: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3 болгож хөнгөрүүлэн зүйлчилсүгэй” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй” гэж, “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1,2.3-т зааснаар...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар...” гэж тус тус зөвтгөн өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Гомдлын “хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолд залруулга хийхдээ хууль үйлчлэх цаг хугацааг анзааралгүй шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан” гэх хэсгийн тухайд, хяналтын шатны шүүх хуралдаанаас шүүгдэгч Б.М-д оногдуулсан Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь таван жилээс арван хоёр жилийн хорих ял оногдуулах зохицуулалттай байсныг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “...мөн зүйлийн 3 дахь хэсгийн "таван жилээс арван хоёр" гэснийг "найман жилээс арван таван" гэж, ...өөрчилсүгэй.” гэж хуульчилсан бөгөөд хяналтын шатны шүүхээс тус зүйл, хэсэгт зааснаар түүнд 9 (ес) жилийн хорих ял оногдуулсныг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт процессын арван ноцтой зөрчлийг нэрлэсэн бөгөөд хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг бичгээр гаргахдаа гаргасан дээрх алдаа нь тус зүйлийн 1.8 дахь хэсэгт заасан “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” гэсэн үндэслэлд хамаарахыг үгүйсгэхгүй боловч Шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53, 55 дугаар зүйлүүдэд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зөрчлүүдийн алинд ч үл хамаарах тул мөн хуулийн 57 дугаар зүйлд заасан шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлгүй болно. Шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсгийн 104.1.1-104.1.3-т заасан үндэслэлийн аль нэг тогтоогдсон тохиолдолд илтгэгч гишүүнд сахилгын 3 хэрэг үүсгэхээс татгалзахыг үүрэг болгон хуульчилсан бөгөөд тус зүйлийн 104.1.1 дэх хэсэгт “энэ хуулийн 55 дугаар зүйлд заасан зөрчилд хамаарахгүй бол” гэж заасныг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах тухай захирамжийг гаргах нь хуульд нийцэх байсан. Нөгөөтэйгүүр, Шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1.5-д зааснаас бусад шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг жил, зөрчил гаргаснаас хойш хоёр жил өнгөрсөн бол шүүгчид сахилгын шийтгэл оногдуулж болохгүй” гэж сахилгын шийтгэл оногдуулахад баримтлах хөөн хэлэлцэх хугацааг заасан бөгөөд хэрэв сахилгын хорооноос шүүгч нарыг сахилгын зөрчил гаргасан гэж үзвэл тус зүйл, хэсэгт заасан хугацааг өнгөрсөн гэж үзнэ. Тодруулбал, хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг зөрүүтэй албажуулсан нь сахилгын зөрчил гэж хэрэв үзвэл, хяналтын шатны шүүх хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, түүнд залруулга хийх тухай шүүхийн хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тус тус хийгдсэн тул дээр дурдсан зөрчлийг илрүүлснээс хойш нэг жил, зөрчил гаргаснаас хойш хоёр жил өнгөрсөн болно. Эцэст нь хяналтын шатны шүүх хуралдааны техникийн шинжтэй алдааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг зөрчсөн нь сахилгын зөрчил хэмээн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулсан тохиолдолд урьд гарсан хүчин төгөлдөр ...шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 627 дугаар тогтоол болон Залруулга хийх тухай 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 74 дугаар шүүхийн тогтоолыг тус тус хүчингүй болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дөчин нэгдүгээр бүлэгт заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах зохицуулалтын дагуу хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчсөн, эсхүл оногдуулснаас хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн зэрэг үндэслэлээр хэргийг сэргээн шалгаж, шийдвэрлэх нь зүйтэй....” гэжээ.

Шүүгч Ч.Х нэмэлт тайлбартаа: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 433 дугаар хаалттай хорин ангид ял эдэлж буй Б.М-аас Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдолд дараах тайлбарыг Ч.Х миний бие Б.М-ад холбогдох хэргийг илтгэсэн шүүгчийн хувьд хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүнээс тусдаа гаргав. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-ыг бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 16 жил хорих ял шийтгэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байсан. ...шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүгдэгч Б.М, өмгөөлөгч М.Чулуун нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хэлэлцээд 2016 оны 4 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сард хамаарах үйлдлүүдийг тогтоогдоогүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосноор зөвхөн 2018 оны 9 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд буюу хохирогчийг 14 насанд хүрсний дараа хүчиндсэн үйлдлүүдэд Б.М гэм буруутай болж өөрчлөгдсөн. Үүнтэй холбоотойгоор шүүгдэгч Б.М нь дагавар охиноо буюу гэр бүлийн хамаарал бүхий бага насны хүнийг хүчиндсэн гэсэн дүгнэлтээр Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дүгээрт зааснаар зүйлчлэгдэж байсан хэрэг гэр бүлийн хамаарал бүхий 14-16 насны хүнийг хүчиндсэн болж өөрчлөгдсөний улмаас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 3 дугаарт зааснаар хөнгөрөн зүйлчлэгдсэн бөгөөд давтамж бүхий үйлдсэнийг харгалзан ялыг хөнгөрүүлэлгүй хэвээр үлдээсэн шийдвэрийг хяналтын шатны шүүх хуралдаанаас гаргасан юм. Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолд зүйлчлэлийг өөрчилсөн хэсгийг илэрхийлэхдээ гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэсэн Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 3 дугаарт заасан диспозицийг үүнтэй төстэй гэр бүлийн хамаарал бүхий арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэсэн диспозицтэй андуурч Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 /арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг/, 2.3 /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж/ дахь хэсгүүдэд зааснаар задлан бичсэн алдаа шүүхийн тогтоолыг боловсруулах явцад гарчээ. Энэ нь цэвэр үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн алдаа бөгөөд бодит байдал дээрээ хяналтын шатны шүүх шүүдэгчийг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 3 дугаарт заасан хэрэгт буруутгасан байсан нь нэгдүгээрт, энэ хоёр гэмт хэргийн диспозици бараг адил бөгөөд зөвхөн нэг тоогоор ялгаатай /гэр бүлийн хамаарал бүхий 14-16 насны хүнийг хүчиндэх, гэр бүлийн хамаарал бүхий 14-18 насны хүнийг хүчиндэх/, хоёрдугаарт шүүгдэгчид оногдуулсан 9 жилийн хорих ял зөвхөн Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 3 дугаарт заасан хэрэгт тусгагдсан, гуравдугаарт, шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 3 дугаарт зааснаар 9 жилийн хорих ял болгож хөнгөрүүлэн өөрчлөв гэж даргалагч зарлан сонсгож буй нь үлдсэн байгаагаас харагдаж буй юм. Шүүгдэгч Б.М нь хоёрдугаарт дурдсан үндэслэлээр буюу хуульд байхгүй ял оногдуулсан гэж гомдол гаргасан ба хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн хуралдаад техникийн алдаа гарсан байна гэсэн дүгнэлтийг албан ёсоор хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.9 дүгээр зүйлд заасан “Шүүхийн шийдвэрийг залруулах” зохицуулалтыг баримтлан шүүгдэгчийн хүсэлтийг үндэслэн мөн хуулийн 36.14 дүгээр зүйлд заасан журмаар залруулсан болно. Гомдол гаргагчийн гомдолдоо заасан “......шүүхийн шүүгч Б.Ц, Б.А, Б.Б, Ч.Х, Д.Э, Ерөнхий шүүгчийн ажлын албаны дарга Т.У нар нь Шүүгчийн ёс зүйн зөрчлийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг болон Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд тус тус заасныг зөрчиж, миний эрхзүйн байдлыг дордуулсан” үндэслэл ямар нэгэн ул суурьгүй, учир нь шүүх бүрэлдэхүүн Б.М-д оногдуулсан 16 жилийн хорих ялыг 9 жил болгож хөнгөрүүлснээр эрх зүйн байдлыг нь дордуулсан гэж дүгнэх боломжгүй, үүнээс гадна техникийн аливаа алдаа нь сахилгын зөрчилд хамаардаггүй бөгөөд залруулах зохицуулалт нь хуульд тусгагдсан байдаг билээ. Дээрх нөхцөл байдлыг Б.М-д тайлбарлан Б.Ц, Б.А, Б.Б, Ч.Х, Д.Э нарт үүсгэсэн сахилгын зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                 ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хорооны гишүүний 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ГЗҮ/2023/0094 дугаар захирамжаар... шүүхийн шүүгч Б.Ц, Б.А, Б.Б, Ч.Х, Д.Э нарт холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, илтгэгч гишүүнээс 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ГС/2024/0045 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан байна.

Тус саналыг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцэж СХТ/2024/0048 дугаар тогтоолоор ...шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 627 дугаар тогтоол, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг 74 дүгээр тогтоолтой холбогдсон үйл баримтууд нь шүүгчийн ёс зүйн дүрэм болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн алинд хамаарч байгаа талаар илтгэгч гишүүн саналдаа дүгнээгүй, ..хуулийн заалт зөрүүтэй бичигдсэн нь хууль хэрэглээний алдаа эсхүл техникийн шинжтэй алдааны аль нь болохыг тодруулсан дүгнэлт өгөх шаардлагатай, ...шүүгч Д.Э нь... шүүхийн шүүгчээс чөлөөлөгдсөн эсэх талаар холбогдох баримтыг сахилгын хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж дүгнэн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ГС/2024/0045 дугаар саналыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаан шийдвэрлэжээ.

Б.М өргөдөлдөө “...надад холбогдох хэрэг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Эрүүгийн хуулиар шийдэгдэх атал шүүгч Б.Ц, Б.А, Б.Б, Ч.Х, Д.Э нар 2020 оны хүндэрсэн хуулиар тооцож 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 627 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 9 жил хорих ял оногдуулсан. ... 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 74 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэж хүндрүүлэн зүйлчилсэн. Харин хуулиар бол нэгэнт бүрэн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолд дахин нэмэлт өөрчлөлт оруулахдаа шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж хуульчилсан байдаг. Иймд, дээрх нэр бүхий шүүгч нар санамсар болгоомжгүйгээр өөрсдийн ажилдаа хайнга хандаж улмаас хууль үйлчлэх цаг хугацааг анзааралгүй орхигдуулснаас Эрүүгийн хуулийн зүйл заалтыг хууль зүйн үндэслэлгүйгээр хүндрүүлсэн” гэх агуулга дурджээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл ... анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.М-ыг бага насны хүүхдийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 16 жилийн хорих ялаар шийтгэж шийдвэрлэснийг  шүүгдэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ...шүүх хянан хэлэлцээд 2020/ДШМ/42 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисон байна.

Шүүгдэгч Б.М, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Чулуун хяналтын журмаар гомдол гаргасныг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр... шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгч Б.Ц, Б.А, Б.Б, Ч.Х, Д.Э нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Мыг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг гэж заасныг 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ. 

Шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 627 дугаар тогтоолыг албажуулан гаргахдаа “...Прокуророос шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 болгож хөнгөрүүлэн зүйлчилж, ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Б.М-д 9 жил хорих ял шийтгэсүгэй” гэж бичигдсэн нь уншиж сонсгосон тогтоолын тогтоох хэсгээс зөрүүтэй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ”, тус зүйлийн 1.8-т “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” гэж заасанд хамаарах бөгөөд илтгэгч гишүүн холбогдох шүүгч нарыг Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-т “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болж, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27, 28, 29, 30 дугаар зүйлд шүүгчийн хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр зааснаас үзвэл өргөдөлд дурдсан... шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 627 дугаар тогтоолтой холбоотой үйл баримт нь Шүүгчийн ёс зүйн дүрэмд хамаарч байна.

Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан ба дээрх зөрчилд шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Мөн... шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 627 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3 болгож хөнгөрүүлэн зүйлчилсүгэй” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй” гэж, “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар...” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн шийдвэрлэж, тухайн хяналтын тогтоолд залруулга хийжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хяналтын шатны шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар прокурор, оролцогч шүүхэд хүсэлт гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар энэ хуулийн 36.14 дүгээр зүйлд заасан журмаар залруулна”, мөн хуулийн 36.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдааг шүүх даруй хянан хэлэлцэж, шийдвэрийг залруулна” гэж зааснаас үзвэл шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрт гарсан техникийн шинжтэй алдааг даруй залруулахаар зохицуулсан байна.

Илтгэгч гишүүн саналдаа “...Нэр бүхий шүүгч нар нь ...шүүхийн 2020 оны 10  дугаар сарын 30-ны өдрийн 627 дугаар хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол гарснаас хойш 7 сар 28 хоногийн дараа, шүүгдэгч Б.М 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүсэлт гаргаснаас 2 сар 4 хоногийн дараа 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдаанаар залруулга хийсэн нь хуулиар тогтоосон “даруй” гэх хугацааг хэтрүүлсэн зөрчил үйлдсэн нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх боловч дээрх үйлдлийг шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан, шүүхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн ноцтой зөрчилд тооцохгүй бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “ноцтой”, “удаа дараа” байх урьдач нөхцөл хангагдаагүй гэж үзлээ” гэж дүгнэснийг хүлээн авах боломжгүй байна.

Тодруулбал, Б.М нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ...шүүхийн Ерөнхий шүүгчид хандан... шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 627 дугаар тогтоол болон 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181 дугаар мэдэгдэх хуудсыг эс зөвшөөрч гомдол,  2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр... шүүхийн Тамгын газарт хандан хууль зүйн бодит тайлбар гаргуулах хүсэлт гаргасныг хяналтын шатны шүүхийн шийдвэрийг залруулахаар гаргасан хүсэлт гэж үзэхгүй.

Дээрхээс үзвэл хяналтын тогтоолыг залруулах талаар оролцогч нараас ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй, мөн хуульд заасан даруй гэх ойлголт нь шүүх бүрэлдэхүүн тухайн тогтоолд техникийн шинжтэй алдаа гарсан гэдгийг мэдсэн даруй боломжит хугацаанд залруулахыг ойлгох тул шүүгч нарыг энэ үндэслэлээр буруутгах боломжгүй.

Монгол Улсын ерөнхийлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаар зарлигаар шүүгч Д.Э ...шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.

Иймд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч,... шүүхийн шүүгч Б.Ц, Б.А, Б.Б, Ч.Х, Д.Э /...шүүхийн шүүгч асан/ нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ГС/2024/0068 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч,... шүүхийн шүүгч Б.Ц, Б.А, Б.Б, Ч.Х, Д.Э /...шүүхийн шүүгч асан/ нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

            4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                     ДАРГАЛАГЧ                                   Д.АРИУНТУЯА

                        ГИШҮҮН                                         Ц.ДАВХАРБАЯР

                                                                                           Г.ЦАГААНЦООЖ