МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-01-19
Дугаар 3
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны нарийн бичгийн дарга Э.Марал нарыг оролцуулан хийж, Сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд хаалттай хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Х.Н Шүүхийн ёс зүйн хороонд /хуучнаар/ гаргасан өргөдөлдөө:“...Тамгын газрын дарга Д.М хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлага, мэдээлэлдээ "... аймагт 14 настай охиныг гэртээ 4 цагийн турш хорьж байгаад хүчирхийлсэн хэргийг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.О нь 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1000 нэгж буюу 1 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн. Ингэхдээ шүүгч хууль тогтоогчоос баталсан хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн хүрээнд л шийдвэрлэсэн" талаар мэдээлжээ. Хохирогч болон Олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслийн агентлаг ... мэдээлэл өгөхдөө "Хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд хүсэж, тохиролцож бэлгийн харьцаанд орсон буюу буруу зүйл ангиар зүйлчилсэн" талаар мэдээлсэн байна. .... аймгийн шүүхийн Тамгын газар нь хууль тогтоогчийн батлан гаргасан хуулийн хүрээнд шийдвэрлэсэн мэтээр олон нийтэд ташаа ойлголт төрүүлэхээр мэдэгдэл хийснийг туйлын хариуцлагагүй үйлдэл гэж үзэж байна. Иймд ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.От нь тус хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан "хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэсэн зөрчлийг гаргасан байж болзошгүй гэж үзэн сахилгын хэрэг үүсгэн шалгуулах өргөдлийг гаргаж байна. Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу хянан шийдвэрлэж хариу өгнө үү” гэжээ.
Шүүгч Ц.О сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа: “...Тамгын даргын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн мэдээллийг үндэслэн хэрэг шийдвэрлэсэн шүүгч Ц.О надад сахилгын хэрэг үүсгүүлэхээр Монгол улсын хууль зүй дотоод хэргийн сайд Х.Н өргөдөл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хянагдаж байгаа хэрэгт шүүх, шүүгчид нөлөөлж байгаа нь дараагийн шатны шүүх буюу давж заалдах шатны шүүхэд нөлөөлөх гэсэн оролдлого гэж шүүгч миний бие үздэг. Энэ нь Шүүхийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т "Ерөнхийлөгч, УИХ-ийн дарга, Ерөнхий сайд, УИХ-ийн гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүн, аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно, мөн хуулийн 44.3-т "хуульд өөрөөр заагаагүй бол шүүгчээс хэрэг хянан шийдвэрлэж байгаа болон хянан шийдвэрлэсэн хэргийнх нь талаар өөрийг нь холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа байгууллага, албан тушаалтан, тайлбар мэдүүлэг авахаар шаардахыг хориглоно" гэж тус тус заасныг зөрчсөн. Тус шүүхийн 2021 оны 7 сарын 28-ны өдрийн 280 дугаартай шийтгэх тогтоолд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.А нь ... шүүхэд гомдол гаргасныг хянан хэлэлцээд ... дугаартай магадлал гарч шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн бөгөөд магадлалд хэргийн оролцогчид хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаагүй, анхан шатны шүүхийн ... дугаартай шийтгэх тогтоол, ... дугаартай магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Эрүүгийн хэрэгт "насанд хүрээгүй хохирогчийг 4 цагийн турш хорьж байгаад хүчирхийлсэн" гэх хэвлэл мэдээллийн хэрэгслээр явагдсан үйл баримт хэрэгт авагдаагүй, насанд хүрээгүй хохирогчийг хүчирхийлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй болно. ...Шүүгч Ц.О миний бие дээрх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчөөгүй, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, нотлох баримтыг тал бүрээс нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хуулийн дагуу хэргийг шийдвэрлэсэн болно...” гэжээ.
Сахилгын хорооны гишүүн Б.Сугарын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж заасан байх бөгөөд шүүгч шүүгдэгч Р.Р хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1-д заасан төрөл, хэмжээний дотор Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болох нь ...яллах дүгнэлт болон ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож байна. ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.О шүүгдэгч Р.Р-т хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль хэрэглээний, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар нэгэн илэрхий тодорхой алдаа, ёс зүйн болон сахилгын зөрчил гаргаагүй, хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргах нь зүйтэй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасан бөгөөд Шүүхийн сахилгын хороо нь энэ хуулиар тодорхойлсон шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага болно.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгч Ц.О нь ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Р.Р-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчилд тооцогдохгүй байна.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан тул шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан хэрхэн үнэлж, хууль хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаардаг болно.
Харин Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг хэнд ч илэрхий тодорхой, ойлгомжтой, маргаангүй хуулийн заалтыг зөрчсөн байхыг ойлгох бөгөөд хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор шийтгэл хүлээлгэсэн шүүгчийн үйл ажиллагааг сахилгын болон ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Иймд Сахилгын хорооны гишүүн Б.Сугарын ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.О-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авч, уг сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүн Б.Сугарын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.О-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8-д зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮД Д.АРИУНТУЯА
Д.ЭРДЭНЭЧУЛУУН